2007/11/27

Өрөөлийг шоолохуйд...

Өөрөө нээх сайхан юм шиг өвөрмонголчуудыг шоолмоор санагдаад болдоггүй. Ярьж хэлж, орчуулж байгаа нь үнэн хөгийн инээдтэй ч зарим талаар утгыг нь зөв гаргасан ч юм шиг.
Ярианд нэлээд түгээмэл хэрэглэгддэг хэдэн үг бичлээ. Ганц нэг нь буруу байж магадгүй. Та нар засч залруулах, нэмэх юм байвал чөлөөтэй шүү.

Волейболын тэмцээн- Арьсан бөмбөгийг араас нь алгадах уралдаан
Авто ралли-Яршиг төвөгтэй замын уралдаан
Уран гулгалт- Галбирын халтиргаа
Мөхөөдөл идэх - Хөлдүүс мөлжих
Хайр дурлал- Бачим учир
Шилэн кабель - Гэрэл чавхдагч
Эмэгтэйчүүдийн эмнэлэг- Салтаа байцаах газар
Хөхний даруулга - Мөрнөөс дэмжигч
Татвар авах өрөө-Сүйтгэл хураах газар
Хүчиндэх -Даран бузарлах
Зурагтны удирдлага - Алсаас эзэмдэгч
Өдрийн зочин- Гарагийн болзоо /нэвтрүүлгийн нэр/
Зочид буудал - Бачим эвцэлдээний газар
Бие засах газар - Эгшин зуур хөнгөрөх газар
Рашаан сувилал - Илж илаарших газар
Ерөнхий менежер - Хамаг бүдүүн дарга
Жишээ татах -Үлгэр ярих
Микрофон - Дуун цацруулагч
Шатахуун түгээх станц-Тос нэмэх газар
Төрсөн өдрийн бялуу-Насан баярын боов
Хөлийн шивэр-Бузар сарвууны үнэр
“Маамуу нааш ир” дууг орчуулах нь – “Come on baby!”

… гэх мэт үргэлжилнэ.

2007/11/22

Эрдэнэтэд элгэмссэн нь

Саяхан хоёр хоногийн хугацаатай Эрдэнэт яваад ирлээ. Салбарын бүсийн зөвлөлгөөнд оролцсон юм. Эрдэнэт энүүхэн ойрхон ч би анх удаа ийн тухтай зочилж, томоохон үйлдвэрүүдээр нь орж нэлээд бүтээлч аялав. Зарим нэгэнд нь сонирхолгүй байж болох ч явсан газрын богцноос цухас хуваалцмаар санагдлаа.
Эрдэнэт ба аян зам
Өглөө эрт 8-д цуглараад Эрдэнэтийн зүг хөдөллөө. Таван машинд хүмүүсээ хуваахад би зохиолч, сэтгүүлч Ү.Хүрэлбаатар гуайн машинд хуваарилагдав. Ширвээ сахалтай, ширүүндүү харцтай энэ хүнийг Уламжлалын нэгдсэн намын дарга, “Түгээмэл” ДС-ийн захирал гэдгээр нь илүү мэдэх хүмүүс ч байх. Анх удаа нүүр тулж, аян замын турш үг сольж явах завшаан олдсонд нь олзуурхаж л явлаа. 300 гаруй дууны шүлэг бичсэнээс ихэнх нь хит болсон, хэд хэдэн удаа бие даасан тоглолт хийсэн, олон кино, жүжгийн зохиол туурвисан гээд хүн хийж бүтээсэн юмтай байх сайхан. Жолоочоор нь эхнэр нь явах ба тэр бүсгүй энэ хүний амьдралын хань төдийгүй уран бүтээлийнх нь түшиг тулгуур, хувь хувьсгалын олон ажлынх нь ноён нуруу болдог нь ойлгомжтой.
Насаараа ханилсан хүмүүсийн хоёр биенээ гэх хайр халамж, энхрий дотно харьцаа юм бүхэн дээр илт. Биднийг хүртэл халамжилж, “хүүхдүүд үүнийг ид, уу, даарч байна уу, ядарч байна уу” гээд хоёул хоёулаа сүйд майд болно. Саар хэлэхийн аргагүй сайхан гэр бүл юм даа гэж эрхгүй бодогдож байлаа. Төсөөлж байснаас илүү алиа хошин хүн юм Хүрэлбаатар гуай, үе үе хөгжилтэй хууч хүүрнэж элэг авчих шахна. Замдаа шүлэг хүртэл зохиов. Манай машинд өөр эр хүн яваагүй болохоор түүнтэй ханьсаж хаа нэг хатуу юм татчих хүн байхгүй байлаа. Тэгээд ч хажууд нь жолооч, халамжлан хүмүүжүүлэгч, хамгаалагч, хяналтын албаны даргын ажлыг давхар хашиж яваа нэг хүн байхад.
Байсгээл зогсох болгонд Хүрлээ гуай нөгөө машин руу орно, гараад ирэхээрээ жоохон татчихсан байна, мэдээж Эрдэнээ эгч дургүйлхэнэ. Гол нь нөгөө машинуудад Радиогийн дарга Пүрэвдаш, Дарханы “Ай-жи-Би” телевизийн Ө.Рагчаасүрэн, ахмад сэтгүүлч Г.Бямбажал, зохиолч Дугар гээд дандаа нэгэн үеийн акулууд яваа болохоор тийш гүйх нь арга ч үгүй байх.
Мань эр эрүүний шөл уухаараа хүд хүд хөхрөөд л, эхнэрээ цаашлуулаад л.
…Гэр холдов
Гэдэс өлсөв
Гэнэт зогсов
Ам цангав
Апу аврав
Авгай хялалзав
гээд л шүлэглэсээр, бид хөгжилдсөөр яваад хүрэх газраа ирлээ.
Эрдэнэт ба өнгө төрх
Буунгуут яг Иркутскт ирчихсэн юм шиг санагдав. Ямар ч гэсэн нүдэнд бүртийх хог хаягдал харагдсангүй. Охид хүүхнүүд нь царайлаг, орсон дэлгүүрүүд нь бараалаг л санагдлаа. Усан оргилуур, бассейн, өргөн зам, секундээр ажиллах гэрэл дохио гээд нийслэлд маань өгүүлэгдэх юм нэжгээд байх . Албан ёсоор 86 мянган хүнтэй гэж байгаа ч энд шилжин суурьшигчид нэмэгдээд албан бусаар 100 мянга хол давжээ.

Хамгийн сонин нь бидний нэрлэж заншсан Эрдэнэт хотын албан ёсны нэр нь Орхон аймгийн Баян-Өндөр сум. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн шинэ хуулиар тэр л дээ. Нэг суурин газар гурван нэртэй, тэрнийхээ хэрээр статус нь ялгаатай, тус бүрдээ удирдлага аппараттай. Хуучин Улаантолгойн САА-тай хэсгийг Жаргалант сум гэдэг. Хоёрхон сумтай аймаг Монголд Орхон л байдаг гэнэ. Утгагүй байгаа биз. Харин иргэд нь Эрдэнэт хот нэрэндээ их дуртай юм билээ. Арга ч үгүй биз.
Баян-Өндөр 83 мянган хүнтэй байхад Жаргалант сум 3000 хүнтэй. Улсын дунджаар багууд 2000 хүнтэй байхад Баян-Өндөр сумын багууд 10 гаруй мянган хүн амтай. За тэгээд хотын зэрэглэлтэй хот сумын хэмжээнд засаг захиргаатай гээд яриад байвал их юм байдаг аж.
Томоохон суурин газар л болсон хойно орон сууц хүрэлцээ муутай гэнэ. Нийт хүн амын 67 хувь нь 37 насны залуус байдаг. Одоо Эрдэнэт зургаан хороололтой. Энэ нь хүн амын орон сууцны хэрэгцээний 50 хүрэхгүй хувийг л хангадаг. Одоо 7-р хороолол барих ажил эхлээд байна. Гол нь хотын цэвэрлэх байгууламжийг өргөтгөхгүй бол нэмж хороолол бүү хэл нэг ч барилга барих боломжгүй юм байна. Он улирсан энэ асуудлыг одоогийн Засаг дарга Г.Шархүү нь шийдүүлсэн тухайгаа бидэнд бахархалтай ярив. Дүгнэлт хийх гэж яарсангүй, зүгээр л хөндлөнгийн нүдээр харж явах сонирхолтой байв. Ямартаа ч цэвэрхэн сайхан хот санагдлаа. Юмны үнэ ч хотоос харьцангуй хямд байв.

Эрдэнэт ба үйлдвэрлэл
Эрдэнэт үнэхээр аж үйлдвэрийн хот юм. Монголын ганц “саалийн үнээ”, заримдаа “хэрүүлийн алим” болдог Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрээр оров. 6000 гаруй ажиллагсадтай энэ үйлдвэрийнхний нь дундаж цалин 350 мянга. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ өндөр байгаагаас өнгөрсөн жил түүхэндээ байгаагүй ашигтай ажиллажээ.

Энэ жил ч мөн адил тийм байхаар байгаа аж. Ажилчдын үдийн цайг уув. Яг л орос ресторанд байгаа юм шиг санагдлаа. Орчин тойрон нь цэвэр цэмцгэр, ажлын хувцас нь өнгөлөг, аргагүй л ах нар олонтой газар арай өөр юмаа гэхээр. Ерөнхий захирал Х.Наранхүүгийн ярианаас дараах нэг өгүүлбэр сайхан санагдав. “Эрдэнэт үйлдвэр дахиад 45 жил хэвийн ажиллах боломжтой, зэсийн үнэ уналаа ч гэсэн ойрын таван жилдээ айлтгүй. Оросууд үйлдвэрийг авна барина гэсэн яриа ор үндэсгүй, улсын төсвийн 70 орчим хувийг дангаараа бүрдүүлсээр, орон нутгаа тэтгэсээр байх болно”
Дараагийн зочилсон үйлдвэр бол АНУ-тай хамтарч байгуулсан "Эрдмин" зэсийн үйлдвэр. Тус үйлдвэр нь одоогоор цэвэр зэс үйлдвэрлэж байна. Удахгүй кабель хийж монголчуудын хүсэн хүлээдэг эцсийн бүтээгдэхүүн экспортлоно гэж танилцууллаа.
Энэ уг үйлдвэрээс гаргадаг 99 хувийн сорьцтой цэвэр зэс. /Хайлуулаад бугуйвч хийнээ гсн ккк/
Монгол-Израилийн хамтарсан “Шим технолоджи”. Энэ үйлдвэр нь Эрдэнэт үйлдвэрээс гарсан молибденийг баяжуулж эцсийн бүтээгдэхүүн болгон экспортлодог аж. Сард 140-180 тонн молибдений техникийн исэл үйлдвэрлэж БНХАУ, Солонгос, Япон, Энэтхэг, АНУ зэрэг дэлхийн олон оронд экспортлодог. Мөн молибдений баяжмалд агуулагдаж байгаа рени хэмээгч элэментийг ялгаж рений давс үйлдвэрлэх систем ашиглалтанд оруулж, ферромолибден үйлдвэрлэх зуух угсарч байгаа юм байна. Нэг ёсондоо дэлхийд хэмжээнд хамгийн сүүлд хэрэглэгдэж байгаа технологи ашиглаж буй, хими металлург хосолсон Монголын анхны химийн үйлдвэр аж.

За тэгээд Хятадтай хамтарсан цаасны үйлдвэр модны хаягдлаар цаас хийн урд хөрш рүү гаргаж байна. Швейцари-Монголын ган бөмбөлгийн, Герман-Монголын махны үйлдвэр гээд орон нутгийн төсвийн ихэнхийг бүрдүүлж байгаа томоохон үйлдвэрүүдийн үйл ажиллагааг нүдээр хараад сэтгэл өндөр байлаа.
Энд хамтарсан 10 гаруй үйлдвэр, бие даасан 1000 гаруй үйлдвэр аж ахуйн нэгж байдаг. Эдгээрт Эрдэнэтчүүдийн 90 гаруй хувь нь ажилладаг болохоор ерөнхийдөө амьжиргаа сайтай, ажилгүйдлийн зовлон бусад аймгуудтай харьцуулахад бага байх юм.

Эрдэнэт ба эмнэлэг
Ямар ч суурин газрыг эмнэлэггүйгээр төсөөлөх аргагүй. Хүн амынхаа эрүүл мэндэд хэр санаа тавьж, эмчилж эдгээж сэргийлж байгаагаар нь тухайн газрыг шинжиж болох юм. Бид хүсэлт тавьсны дагуу аймгийн Эрүүл мэндийн төвөөр оров. Биднийг ирнэ бэлдээгүй ч хотын эмнэлэгт ховордсон санаа авууштай юм олон байв. Ганц нэгээс нь дурдъя.

Эмнэлэгтээ улсад ховор байдаг орчин үеийн тоног төхөөрөмжүүд суурилуулж, тасаг бүрээ шинэчлэн, нэмэлт зохион байгуулалтад оруулжээ. Мөн эмнэлгийн төлбөрт өрөө, зочид буудал, спорт амралтын өрөөнүүдийг байгуулж, төрөх, мэс засал, халдварт өвчин, хүүхдийн тасагуудаа голлон иж бүрэн тоноглож тохижуулсан нь анхаарал татаж байв. Тэд өөрсдийн боломжоо дайчлахаас гадна “Эрдэнэт” үйлдвэр, олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрөөр улсын төсвөөс гар харалгүй эдгээрийг хийж гүйцэтгэсэн тухайгаа тус эмнэлгийн дарга, ерөнхий эмч М.Баттүвшин танилцуулж байв.
Эмнэлгийн жирийн өрөөнүүд нь жигтэйхэн цэвэрхэн, эд нараас гадна төлбөртэй өрөө нь гурван зэрэглэлтэй. Дундаж 1 өрөөг нь харууллаа.

Эрдэнэт ба чөлөөт цаг
Idea л болсон хойно амралтын цагаа ашигтай өнгөрөөхөөр өөртэйгээ таарсан хэдэн нөхдийн фракц байгуулаад амьтан хүний нүд хариулж аятайхан диско бар сураглав.
Хүмүүсийн хэлснээр “Allegro” хэмээх газар нь хамгийн том, бас овоо удаан ажилладаг гэнэ. Удаан гэснээс энд ёстой хууль бол хууль байгаа нь содон санагдав. Ороход залуус ихтэй газар гэсэндээ пиг байлаа, баасан гуайн мэлмий гийсэн өдөр байсныг ч хэлэх үү, нүргээ доргио нь ч дутах юм алга. Гэтэл оройн 11.40-ийн үед захиалга өгөх гэтэл архины төрлийн юмны захиалга авахгүй, 12.00-т хаана гэдэг байгаа.

12-той зэрэгцээд дижи сүүлийн гурван ая тавиад, хааснаа мэдэгдэхэд харсаар байтал нүдэн дээр хамаг хүн тарж одов. Хотын баар бол яадаг билээ, дотроосоо түгжиж байгаад ч хамаагүй үүр цайтал үздэг дээ.
Сар болгоны 15-нд архи зарна гэж гонж, худалдагч руу нь ирмээд ч, дээгүүр доогуур дохилцоод ч нэмэргүй, “ёстой ёрын газар байна лээ” гэж урд нь ирж байсан нэг ах ярина лээ.

Энэ хоосон талбайн зураг, Idea овсгоотой хүн болохоор пиг байхад нь зураг дарах самбаачлага гаргаж амжсангүй.

За тэгээд нүдэнд туссан болгоноо бичье гэвэл барагдахгүй нэг үгээр хэлэхэд Эрдэнэт сайхан газар юм. Элгэмсмээр, хорогдмоор хот юм. Зун тухтай ирвэл ГОК-ын амралт, Олимп цогцолбор, Бурхан багшийн сэрэг дүр гээд үзээгүй юмаа гүйцээнэ дээ. Дутуу юм бас байнаа, алдарт хивсний үйлдвэрээр орсонгүй, аймгийн залуустай ч учир ургуулж амжсангүй гсн ккк.
Нээрээ очсон орой аймгийн удирдлагуудын хүлээн авалтанд орсон юм байна. Алга ташилтаар угтуулж, архи дарсаар үдүүлдэг ёсон нээх сэтгэл хөдөлгөхөө больжээ. Харин Засаг дарга нь сүрхий сайхан уртын дуу дуулдаг хүн байна лээ.

Бас энэ шүлгийг уг арга хэмжээн дээр уншиж, дуу дуулж, хөөмийн үзүүлбэр үзүүлсэн, дараа нь надад зориулж цааснаа тэрлэж дурсгасан “Нийтийн мэдээллийн төв” телевизийн ажилтан нэгэн залууд уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Юм баримттай нь дээр гээд энд оригналиар нь оруулаад доор нь сийрүүлэв. Бас блог унших бүсгүйчүүддээ давхар зориулав.

Бүсгүй танд…
Гэрэлт гудамжаар нь дүүрэн цэцэгс алагласан газар зүрхэнд тань байдаг
Гэгээн хүслийн тансаг үнэр сэтгэлд тань байдаг
Гүн хөх тэнгэрийн ихэмсэг харц мэлмийд тань байдаг
Ганц олдох амьдралд итгэл өгөх ялдам инээмсэглэл
зөвхөн бүсгүй танд л байдаг аа...

2007/11/15

Орцны жижүүр

Саяын хэдэн өдөр байнга л бараан юм дуулж баргар царайллаа. Хөмсгөө атируулж, хөнгөн гунигт идүүлж явахаар энгийн гэгээлэг юм бодож олоод, блогтоо оруулъя хэмээн сэтгэл шулуудав. Дэнгийн эрвээхэй гэрэл лүү тэмүүлдэг шиг дэмий юманд дурлахуй дор шууд л орцны жижүүр эгч мэлсхийтэл санаанд буув.
Манай орц тэр хавьдаа хамгийн цэвэрхэн, бас давхар бүрдээ гэрэлтэй, дулаахан. Муухан айлаас дээр байгаагийн шалтгаан мэдээж миний сайных биш. Өглөөд гэрээс гарахад чийгтэй алчуураар арчсан шал, анхилуун үнэр угтана. Шөнийн нэг, хоёроос хойш хүний хөл татарсан хойно ирж таарвал жижүүр эгчийг шалаа сойздож угааж байхыг харна. Idea үүнийг мөн ч олон харсан даа.
Манай байр сүүлийн үеийн шинэ байр биш, зүгээр л социализмын үед оросууд барьсан Сансрын жирийн нэг таван давхар. Тэгсэн мөртлөө хана, шалных нь будаг ховхроогүй, хаалга нь аяархан мөртлөө сайн хаагддаг, хамгийн гол нь хэзээ ч хоггүй бараг Ideaгийн гэрээс цэмцгэр.
Хүн тэгж цэвэрлээд байхад бид ч хогоо уутанд хийгээд нэг давхартаа эвтэйхэн тавьдаг. Тэнд тавьсан хог удна гэж үгүй, нэг л мэдэхэд алга болчихдог. Сурсан зангаараа өглөөд орноосоо босоол цонх руу зүглэхэд нөгөө эгч цагаан уут барьчихсан ойр орчмыг цэвэрлэж тонголзож явах. Аль нэг айлд нь ус алдвал хэзээний гүйгээд орчихсон гар утсаараа ч хамаагүй дуудлага өгч зогсох. Хэзээ ус тасрах, цахилгаан хязгаарлахыг байнга бичиж самбарт хадна. Хөдөө гадаа яваад ирэхэд найдвартай, жоохон танил биш царай харагдвал асууж шалгаана, гэхдээ эвтэйхнээр.

Саяхан өглөө эрт эсрэг байрны найзындаа юм авахаар очоод жижүүр эгчдээ бүр хайртай болов. Найм өнгөрөөд ороход тэдний жижүүр орцондоо ус цацаж байлаа. Найзындаа хальт орчоод гараад иртэл, ёооё, бөөн шороо тоос, тортог товруу. Шалаа шүүрдэж байгаа нь тэр юм байх. Яг хүмүүс ажил хичээлдээ гардаг ид үеэр шүү. Тоосоор амьсгалсан уушиг хотын утаагаар утуулахаар юу болох бол.
Найздаа хэлтэл харин ч шаардлага тавьдаг болсноор цэвэрлэдэг болчоод байгаан. Эртээр манай тоолуур алга болоод, мэдэхгүй гэж гүрийгээд, иймэрхүү ядруу хүнээр юуг нь төлүүлэх вэ гээд өөрсдөө худалдаж авсан гэж жишим ч үгүй ярилаа. Уул нь жижүүрүүд адилхан л цалин авдаг баймаар.

Өөртэй хамаатай бүхнээ тэнгэрт тултал магтах гэсэнгүй би. Хамгийн гол нь ямар ч ажлыг их бага гэж ялгалгүй хийсэн шиг хийж, хариуцсан шиг хариуцах сайхан гэдэг л энэ эгчээс харагддаг. Амьдрал хүнддээ тэр эгч жижүүр хийгээгүй, ач зээгээ харангаа завсраар нь амжуулдаг. Ажилсаг, сайхан сэтгэлтэй ийм л хүмүүсийг харж баясах сайхан, хааяа ч гэсэн урмын үг хэлчих юмсан гэж боддог. Тэр эгчтэй би бараг юм ярьдаггүй, зүгээр л хог тарихгүйг хичээдэг. Тэр эгч бас миний бичсэнийг хэзээ ч олж уншихгүй.

Ер нь бид энгийн боловч өөрсөддөө хамгийн хэрэгтэй юмыг тэр болгон анзаарч үнэлдэггүй. Өдөр тутам байх л ёстой юм шиг үздэг, гэтэл байхгүй болчихвол төсөөлж байснаас ч илүү орон зай гарна гэдгийг мэдэрдэггүй юм шиг.
Өчүүхэн гэлтгүй өөрт тустай юмсыг олж харж, хүний сэтгэл шингэсэн гэгээлэг болгоныг хүндэлж явахсан гэж бодогдох юм. Манай гэрийнхэн ч энэ эгчид ам сайтай, харагдахгүй удвал хаачив ийчив гээд сүйд болно. Гэтэл Idea-г бол гэр нь заваарч гэдэс нь өлсөхгүй л бол санах хүн бараг байхгүй дээ гсн ккк.

2007/11/13

Зул

... Сэтгэл хөндүүрлэв. Дагаад зүрх бас хөндүүрлэв.
Үхэж төрөх нь амьдралын жам ч үхлийн тухай сонсох аймаар юм. Тэр тусмаа эргэн тойронд минь өрнөх, огтын санаандгүй тохиох үхэл аймшигтай, зүрх зүсэм...

Дундговьд болсон залуучуудын чуулга уулзалтад оролцоод буцаж явсан Барилга хот байгуулалтын сайд Ж.Наранцацралт өчигдөр орой машины осолд орж жолоочийн хамт газар дээрээ нас баржээ. Энэ үйл ажиллагаанд оролцоод Өмнөговийг зорьж явсан өөр нэг машин бас осолдож хэд хэдэн хүн гэмтэж нэг хүн өнгөрчээ.
Яг энэ өгүүлбэрийг бичих ямар хүнд байна гээч. Гар салгалж, өмнөх товчоо үл ононо. Гашуун нулимс нүд бүрхэж, дотор харанхуйлна. Гэвч би бичих л ёстой, өөр юухан чадах билээ. Бид ийм л юм чинь. Хоёрдахь машинд нас барсан хүн нь үзэг нэгт анд “Өнөөдрийн монгол” сонины эрхлэгч С.Цэмбэлдорж...
Ямар үйл тохиохоороо нэг дороос хоёр өөр зүгт салж явсан машин хоёулаа осолддог байна. Хоёуланд нь хүн нас барж, тэдний нэг нь зүгээр л ажлаа хийж явсан, идэр залуухан сэтгүүлч залуу байх юм гэж хэн санах билээ.
.
... Саяхан л, сарын өмнө түүнтэй уулзсанаа бодов. Зохиосон арга хэмжээнд нь олуулаа оролцож билээ. Хэлж байсан үг, зорьж байсан зорилго нь даанч тодхон. Хундага дарс тулгаж, хэтийн төлөвлөгөө ярьж байсан нь саяхан. Хамтарч зүтгэх ажлын эхлэл тэнд тавигдсан байлаа. Ажлаа цагт нь, сайн зохион байгуулсангүй гэж түүнд үг хаяж, дургүйлхэж байсан санагдана.

Үхэл гэгч ийм ойрхон байдагт итгэж ядна. Үнэмшихэд ч хэцүү үнэн гэж байх юм. Үзгээр бичиж, үгээр илэрхийлж болдоггүй гуниг гэж бас байдаг аж.
Даанч намуухан, даруухан, бас итгэл даахуйц найз байв. Далай мэт уужимхан сэтгэлтэй, хүлээцтэй хүн байв. Хэнд ч тал алддаггүй, тэгсэн мөртлөө өөрийнхөөрөө, үзэл бодолдоо үнэнч, үзэг, үг, үйлс гурав нь цагаахан нэгэн байлаа. Хэзээ ч юм түүнийг хүлээх их үйл хэрэг нь хоосон үлдлээ. Хэдэн нөхдийнх нь дунд орон зай нь ханхайж хоцорлоо.

Эхлүүлсэн бүхнийг чинь үргэлжлүүлэх нөхөд чамд бий, эргэж ирнээ гэж хүлээх гэр бүл чамд бий. Энэ орчлонг харлуулж одно чинээ санаагүй ижий чамд бий, эзгүйрч үлдээсэн бүхнийг чинь дурсаж явах хамт олон бас бий, эзнээ мөнхөлж үлдэх уран бүтээлүүд чинь бий ...


Талаар тархах цэцэгсийн таана нь чи байлаа
Танилаас цаашгүй олны зангилаа нь чи байлаа
Дуусгаж амжаагүй мөрүүдийн бэх нь чи байлаа
Дундрах ёсгүй бичээсийн бийр нь чи байлаа

Буйд ертөнцийн аниргүйд тайван нойрсоорой анд минь
Бурханы орондоо очоод буцаад ирээрэй найз минь
Буян хурааж чамайгаа дахин төрнө гэдэгт итгэе
Биелүүлж амжаагүй болгоныг чинь Зул мэт өргөнө гэж амлъя.

Ум маани бадми хум.

2007/11/07

Сайхан монгол эр хүнд...

... Салхи амтагдтал санаа алдмаар сайхан монгол эр хүнд би хайртай.

Эрээн бодол, хөнгөн гуниг хургах тоолонд энгэрт нь наалдаад мэгшмээр болдог. Хангайн уулс шиг ханхар цээжийг нь түшээд, хангинатал шүүрс алдах нь жаргал мэт санагддаг…
Гаднаа гоё үг, ялдам ааль гаргахгүй ч гүдэсхэн зан, уучхан сэтгэлийг нь мэдэрдэг. Үг сүггүй магтаж, үргэлж соёлтой загнахгүй ч уужим холч ухаанаар харийн эрчүүдээс ялгардаг. Хаанахын хэн нь ч үл мэдэх холын шалиг эрээс хатуу боловч үнэн үгтэй монгол эрчүүд зөөлөн...
Бор дарсанд дурлаж болчимгүй авир гаргадаг л биз, богино ухаанаар хэмжиж болохгүй юманд татагддаг л биз. Алдаагаа залруулж амьдралаа аваад явчих алсын хараа ноён нуруу аль ч муухан монгол эрд бий…
Зорьсон бүхнээ эзэмшиж, зоорь хөрөнгө хураагаагүй ч зовох цагт тэд зоосны нүхээр шагайхгүй. Түрийвчээ тэмтэрч, янчаанаар даллах нанхиадаас төө илүү сэтгэж, сөөм хол гишгэдэг.
Нийгэмд огших бухимдлаас түр ч атугай ангижрах гэж нийлж дарвиж ууж идэж явдаг л биз. Үүр цүүрээр гэрээ зориод ирэхэд нь үглэж дуулаад үргэлж гоморхох хэрэг юун. Үүрэх ачаандаа түүртээд хөнгөн зугаа хайгаа л биз, үзэмжний сайханд хууртаад өөр бүсгүй рүү сэвээ л биз. Буруугаа мэдэж дотроо гэмшдэг болохоор буян бодож тэдэнд дандаа битгий хатуурх.
Наанаа хэнэггүй царайлж чихгүй толгойлж суух ч цаанаа тэд чинь ихийг бодож яваа. Хатуухан үгийнх нь суудэрт хааяахан жиндэн байвч хаа ч явсан монгол эрчүүдээ хайрла. Хүний гэсэн болгонд хүзүүгээ дөрлүүлэх бүрийд хөөрхий тэдний минь сэтгэл хөвөрч сэмэрч л яваа. Дугараа эргэх бүрийд гуниг үргээж одох дуу шиг сайхан эрсийг өөр хаанаас эрэх вэ.

Нүд алдам сайхан монгол залууг би харах дуртай, нүгэл хурааж цээжээ хөндүүрлэтэл шүүрс алдмаар болдог...

2007/11/06

Чоно үүрэндээ өлзийтэй

“Арай ч дээ, охиноо би ингэнэ чинээ санасангүй, юугаар дутсан гэж таньж мэдэхгүй хүнтэй гэрлэх тухай санаанд нь багтсан юм бол” гэж шогшрох танил эгчтэй таарав. Баахан ярьж суув, лимонтой цай гурвыг ч гүзээлчихэж, бие арзайгаад, сэтгэл хямраад нэг л биш. Угаасаа өчигдөр ууртай байлаа, хүний санааг өөрийн юм шиг зулгуйдаж, дарга нарт тал олох гэж зусардах хүүхнийг хараад дургүй хүрчихсэн байсийн. Хүн яахаараа ийм өчүүхэн жижиг юмаар хөөцөлдөж, өөрийнхөө үнэлэмжийг өмдний цахилгаан шигээ үл тоодог байнаа. Ажлаар нь биш амаар нь дүгнэдэг, амбиц хөөсөн адилхан юмнууд энэ хорвоо дээр яасан ч олон байдгийм бэ? /үүнийг илгасъя/

Нэг салбарт хэдэн жил зүтгэж, гал алдсан үедээ бие биедээ хэл үг дамжуулж явдагийн хувьд энэ эгчийг хараад өрөвдөв, тэнэг охиныг нь зүхэв. Хоёр долоо хоногийн өмнө билүү дээ, гадаад хүнтэй гэрлэхэд зуучилдаг нэг компанийн үйлчлүүлэгчдийн зургийг оллоо сайт дээр тавьсныг чихтэй болгон сонсож, нүдтэй бүхэн харсан байх. Хэдэн халтар төгрөгний төлөө хэний ч өвөрт ороход бэлэн байгаагаа нотолж, интернэтээр өөрийгөө зарах гэсэн хүүхнүүдийн зураг энд тэндгүй тэнүүчилж элэг нэгтнүүдээ түлсэн болохоор энд линкийг нь оруулах илүүц биз.
“Тоон дотор үсэг” гэдэг шиг тэдгээр амьд “барааны” дотор мань эгчийн том охины зураг цохиж явсийм байх. Ажлынх нь хүн аминчилж хэлэхэд нь арай ч үгүй байлгүй гэтэл яах аргагүй охин нь дүрээрээ, төрсөн он сар өдөр нь янзаараа байсан гэх. Өөрөөс нь асуухаар эхлээд гүрийж байснаа сүүлдээ найз охиндоо уруу татагдсан юм ярих. Тэр найз нь аль хэдийн зуучлуулаад Солонгос явсан гэх. Охин минь өнгө, мөнгөнөөс нүдээ ухаад өгөхөд бэлэн байгааг бодоход эгч нь хүүхдүүдээ хүмүүжүүлж чадаагүй бололтой гэж тэр эгч өөртөө буруу өгөх. Ая яа яа.

… Салж явахдаа би яагаад ч юм сэтгэл гундуу байлаа. Эсэн бусын бодол толгой дотор эргэлдэнэ. Яасан гэж, яана гэж гурван хүүхэдтэй жирийн айлын том охин ямар хүний гарт орохоо мэдэхгүй бүрхэг ирээдүй рүү харанхуй тэмүүлж хувь заяагаараа дэнчин тавьдаг байна. Хоёр балчир дүүдээ ямар үлгэр үзүүлнэ гэж холын сайхныг мөрөөсч, хоосон мөрөөдөлд дөрлүүлдэг байна.
Ер нь охид эмэгтэйчүүд яасан ч өчүүхэн бодолтой болчихсон юм, бэлэн мөнгө, хөнгөн зугаанд ямар ч их дурладаг юм. Залуу насны өнгө золбоо, хүсэл тэмүүлэл ердөө энүүхнээр хязгаарлагддаг гэж үү. Ядруухан ч гэсэн өөрийн эрхэнд сэтгэл амар амьдрах тийм ичгүүртэй гэжүү .
Хэн гээч төгс төгөлдөр залуу тэднийг газрын мухарт хүлээж, зориод ирэхэд нь тосоод авна гэж найдаа юм бол. Үнэхээр баян чинээлэг, царайлаг сайхан нэгэн байсан бол хань болох хүнээ хаа холоос хайж, зуучлах байгууллагаар дамжуулж мөнгө төлнө гэж үү. Ердөө энэхэнийг эргэцүүлж харах нүдийг нь тансаг амьдралд тэмүүлэх хоосон шунал тачаал таглаж байна гэжүү… /бачуурав/
Бүх хүний мэддэг, ярьдаг л зүйл боловч бүтэхгүй, болохгүйд тэмүүлэгсдэд ойлгуулж хэлж байна уу бид. Бусдын үгэнд хууртаж, харьд одохыг завдагсдад буруу зөвийг ухааруулж, сэтгэл гаргаж чадаж байна уу бид чинь.
Амьдрал хэцүү байгаа нь үнэн, ажлын байр ховор байгаа нь үнэн, дуртай юмаа хийж мөнгө олж амьдрах нь дурын аавын хүүгийн бардаг хоол биш.
Гэхдээ, хүний нутгийн сайхнаас миний Монгол юугаараа дутуу юм бэ? Халтар хэдэн төгрөг өвөртөлсөн харийн эрчүүдээс халуун цустай монгол залуус юугаараа муу юм бэ? Амь нас, ирээдүйгээ хэнд атгуулахаа мэдэхгүй явснаас арчаагүй ч бай, архичин бай монгол залуутайгаа суусан нь дээр биш гэж үү. Сайхан Монгол орондоо саа ороож өсчихөөд шандтай тарианы газар шуудай нөхөх гэж тэмүүлээ юү? /бачимдав/
Хайр сэтгэлээрээ хаанахын хэнтэй ч гэрлэж болох ч халтар хэдэн төгрөгний төлөө хайран биеэ золиослох хэрэг юун. Сайхан үгэнд хууртаж газрын мухарт оччихоод санаж сарвайх хүнгүй боолын амьдралаар амьдарвал яана. Бодооч дээ. /дуугаа өндөрсгөв/
Хүний нутгийн юм бүхэн хүнийх, итгэж найдаж ханилсан эр нөхөр чинь ч гадных, өвдөж зовохын цагт Монголоо л эрэх болохоор, өөр хаана ч биш Монголдоо л идээшиж амьдар. Чоно үүрэндээ өлзийтэй.../дуугаа намсгав/

2007/11/05

Эвдэрснийхээ хэрээр ойлго

Жирийн нэг ажлын өдөр
Ажилдаа ирэнгүүтээ факсын цаас авахаар няравын өрөөнд ортол нэг иймэрхүү яриа өрнөв.
- Юун хурдан дуусчдагийн бэ? Саяхан л хэдийг аваа биз дээ.
- Тэд нарын чинь зарим нь гарахгүй байна. Дээр бүрзийсэн хэдэн дутуу хагас юм хэвтэж л байна, худлаа гэвэл очоод хар.
- Бусад нь зүгээр байхад танайх чинь одоо яачдын. Тэгээд бүгдийг нь задалчихсан уу.
- Угаасаа задалж шургуулж байж л болох болохгүйг нь үзнэ шд.
- Уул нь бүтнээрээ байсан бол актлаад сольж өгөхгүй юу
- Гайтай гайгүй нь гаднаасаа мэдэгддэг бол ухаж түнхээд байх шаардлага байсан ч үгүй.
- Аль эсвэл цаад юундаа байгаам болов уу.
- Мэдэхгүй, үздэг хүмүүст нь хэлэхээс

Дараа нь редакцидаа орж ирэв. Дарга:
- Чи нөгөөхөө дуусгачихсан уу. Би орлоо шүү.
- Арай болоогүй байнаа, жоохон нэмэлт юм хэрэгтэй байна. Түрүүн гацаад байсиймаа.
- Дуусахаараа хэлээрэй, давхар орчуул засагдахгүй улайгаад дэмий юм болчдогийн шүү.
- Мэднээ.

Макетчдын өрөөнд оров:
- Хүүш ээ, минийхийг одоо болтол тавиагүй байгаа юмуу, аль хэдийн болчоод байхад
- Өөрт чинь харуулъя гэж бодоол хүлээгээд байсийн. Байрлал нь ямар байвал зүгээр вэ?
- Босоогоор нь тавьчих аа, хэвтээ нь ч дээр юмуу. За за өөрсдөө хараад хэмжээ дамжааг нь үзэж байгаад хийчихгүй юу?
- Хаагуур тавих уу? Ардуур уу, урдуур уу?
- Дундуур зүгээр биз, доороос нь бага зэрэг өргөөрэй
- Жоохон зай гараад байна даа, яах уу?
- Жижигхэн юм олоод бөглөчих өө. Хурдан хөдлөөд гялс тавиадах л даа, би нүүрээ үзчээд гармаар байна.
- За байз л даа, эхлээд сайн хараадахъя. Яарч байж хагас дутуу юм болчуул дараа нь онцгүй шд.

Үүдний харуул ярьж байна:
- Чамайг доор хүн дуудаж байна
- Ямар хүн байна?
- Нэг залуу байна аа
- Нүүрээ янзалчихаад яваад очье оо, хүлээж бай гэчихгүй юу?

Харуул дамжуулж байна:
- Нүүрээ янзалж байна гэнээ, одоохон дууслаа, хүлээж бай гэнэ.
- Күй, надтай уулзах гэж юундаа тэгтлээ гоёдогийн бол?

2007/11/02

Бухимдал…Тайтгарал…

Саяхан л нэгдэхийн өглөө нойрмог нүдээ нухлаад л дуртай дургүй сэрж байсан чинь өнөөдөр юу вэ баасан гариг. Өдөр хоног гялалзаж өнгөрөөд л, өөрөө би амсхийх зуургүй дагаж жирэлзээд л. Юу билээ энэ чинь гээд сэхээрсэн чинь юу юуны туханд хүрэлгүй бухимдал огшоод явчихав.

Амьдрал сайхан байноо гээд гүйж явтал, атуусны мөнгө аль хэдийн нэмэгдэж, өргөн хэрэглээний бараа түргэн өсөлтийн гольдрилд оржээ. Шатахууны үнэ мөч хормоор өгсөж, шар гэрлээ унтрааж хүчрэхээ болив. Зарлага нэмэхээс цааш машин унахгүй гэхээр замын хажууд өнжөөд ч такси олдохгүй болжээ. Дуудлагаар ирдэгүүд нь амандаа орсноо нэхэж, дураараа явдагууд нь адал явдал хайна.
Яанам бэ…
Авдаг хэд минь яг хэвээрээ, үрдэг хэрэглээ харин өмнөхөөсөө өсөх янзтай. Нүүрний буянтай хэсэг бүлгийнхний цалин нэмэгдэж, нүгэл нь дэндсэн мань мэтийнх нь буурах тийшээгээ.
Хүйтний ам наашлахтай зэрэгцээд хорт утаа цээж хорсгож, уужим амьсгал нэхсэндээ уушиг зүрх ухаан алдана. Харуй бүрийтэй уралдах замын түгжээнд уягдаж, харих гэсээр явтал үүр цайх нь халаг. Зөрж өнгөрөх болгоноос ууртай царай харагдаж, зөөлөн аядуу аашилж гэмээ нь өөрөө дорой мэдрэгдэнэ. Өглөөнөөс эхэлсэн бухимдал үдшийн чөлөөнд үргэлжилж, омогшиж ирсэн уцаар оронд хамт нойрсоно.
Яанам билээ…
Ажил хөөцөлдөөд явахаар авилга нэхэгсэд бүслээстэй, тамга даруулах төдийхэнд танилын нүүр бэдрээстэй. Зурагт асаагаад харахаар зугаа цэнгэл эсвэл гэмт хэрэг. Итгэхэд ч бэрх хэргүүдийн шалтгаан нь “иргэдийн санамсар болгоомжгүйгээс болж…”
Асуудлыг шийдэж, улсаа хөгжүүлнэ гэхээсээ ард түмэнд таалагдахын төлөөх шоучид. Наанаа нэгийг ярьж нирваан дүр эсгэчихээд, цаанаа өөрийг хийж хор найруулах түшээд. Улсын мөнгө, хандив хахуулиар дэгжигчид, улс төрчдөд биеэ худалдах бизнесменүүд. Даргын суудлын төлөө цусгүй тулах нам эвслүүд, далд зорилгын театр өлсгөлөн, жагсаал, хөдөлгөөнүүд.
Яахийм бэ…
Амны салиагаа арилгаагүй байж албан тушаалд санаархагчид, халтар хэдэн төгрөгний төлөө харийханд олзлогдох охид эмс…гарч орох нүх сүвэнд эзэн суусан цагаачид, гадаад дотоодын гологдол өлөн нүдэлсэн хужаа нар.
Мөрөөрөө яваа нэгэнд нь амьдрах баталгаа алга, өөрөөрөө байгаа заримд нь өөдлөх ирээдүй бүрхэг. Нүүрлэх дарамтнаас салья гэж цэнгээний газар орохоор нүцгэлэх нь холгүй охид өгөөш хайн тормолзоно. Миний Монголын нэг өдөр ийм л дүр зурагтай, хүний нүдээр харвал хөх инээд хүрээстэй.


За болъё, заяа тавилангаа голж чамлахаа зогсъё. Өрц цөмлөх шахсан хар бодлоосоо ангижирч, өмнөх харгуйгаа сүүлэх гэгээн бүхнийг эрэлхийлье. Хувь хиртээ бодлоосоо хоромхон зуур сатаарч хуруу дарам дотно найзуудаа үгүйлэв. Ганц хоёроос бусад нь гадаадад яваа гэхээр, гарцаагүй миний Монголын дэвшил. Ядах юмгүй сүндэрлэх гоёмсог барилга олшрох нь яалт ч үгүй бас нэгэн амжилт. Мөчит дөрвөн хөлтний мөр гараагүй алсад миний ард түмэн хэзээ жийп хөлөглөн хүрч байв. Хөдөө хотыг холбосон цардмал өргөн замаар хаанахын хэн тэгж хөнгөн тэргээр жийж байв.
Тавиур дүүрэн алаглах таван тансаг амттанаас, тааваараа хүртэж зооглох нь миний ардын таалал. Мэдээллийн эрин зуунд хөндлөн гулд цахилсаар мэндийн үг дайх нь миний Монголын бахархал.
Хацар гоо охид нь дэлхийн тавцанд алдаршуулж, халхын хүчирхэг хөвгүүд нь арлын орныг шуугиулна. Уянгалаг хоолойтой хөвгүүн нь улаан Москваг доргиож, ухаалаг чадвартай залуус нь өрнө дорнод гайхагдана.
Хэлэх үгээ хэнээс ч айлгүй илэрхийлж, хийж бүтээхээ бусдаар үл заалгах нь хоёр сая иргэдийг хорвоод таниулсан ардчилал.
Түр зуурын шилжилтэд хором хөл алдсан ч түүхийн олон нугачаанд тусгаар оршсон Монгол. Өнгө мөнгөний ороолцолдоонд хуруугаа дүрсэн нэгэнд нь өршөөл энэрэл үзүүлдэггүй төрийн сүлд биднийх. Хоёр хөршийн дарангуйллаас ангид оршиж чадсан хол ойрын ертөнцөд нөлөөгөө эзлэх түмэн. Бусдын харааг булаах арвин баялагтай оронд минь буруу санасан нэгэнд нь гишгэх газар үгүй.
Сурч мэдэхийг эрмэлзэх залуу хойч үед нь суу алдраа дуурсгах бүрэн боломж манайд бий. Амьдралаа сайжруулах гэж харийг зорьсон залуус нь арвин туршлага хуримтлуулсаар нутаг усаа тэмүүлнэ. Саруул ухаанаар удирдаж саармаг бүхнийг гээж чадвал сайхан амьдралд хөлбөрөх гэрэлт ирээдүй бидэнд байна.

/Социализмын үеийн эх орны магтуу шиг солиотой юм бичиж байж тайвширав. Улсын төлөө боож үхсэн оготны дүрд тоглосноос утгагүй юм сараачиж, хоосон мөрөөдөхийг илүүд үзэв ээ гэж. Ерөөл бат оршиг/

2007/11/01

Элэг хөшим эзэнтэй дуунууд

Ард түмний дунд авьяас билэг, алдар цуу, үйл хэрэг, үзэсгэлэн гоогоороо ардын дуу шиг мөнхөрсөн хүмүүс олон бий. Монголчууд бид тийм хүмүүсээ он цагийн улираанд мартахгүйн тулд дуунд мөнхөлж, үеийн үед дурссаар, дуулсаар байдаг. “Эзэнтэй дуу” хэмээх ойлголт нь саяхныг хүртэл энэ л зорилгоор бүтээгдэж, дуу эзэн хоёр нь чухам л дугараа эргэх бүртээ хүндлэл, ухаарал шингээсээр ирсэн. “Манлай явсныг чинь мартахгүй”, “Сүхээ бариач”, “Тоорой банди”, “Оюунанаа бүсгүй” гээд тоочвол барагдамгүй сайхан дуу одоо ч дуулагдсаар, дууны эзэд өнөө ч “амьдарсаар”.

Харин сүүлийн үед бусдаас тал олох гэсэн, эсвэл хишиг хүртэх, олны танил хүмүүст зулгуйдаж амархан од болох эрмэлзлээр зохиогдсон зарим дуу эзэнтэй дууны нэр хүндийг унагаж байх шиг. Дархан аварга Б.Бат-Эрдэнэд зориулж дуу бүтээх нь сайхан хэрэг боловч дууны үгэнд “Бадмаанямбуу аавтай, Бат-Эрдэнэ манлай аваргаа” гэж гардаг. Яг л тэр овогтой тэр гэж байгаа юм шиг эхэлж сонсоход эв хав муутайхан л байв. Гэвч худлыг мянга давтвал үнэн болдогын үлгэрээр удалгүй чихэнд дассан.
Мөн Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын захиалгаар бүтсэн дуунд “Нийгмийн даатгалдаа даатгуулцгаая, Нэрийн дансаа баяжуулцгаая” гэж гардаг. Өнгөц сонсоход дуу биш уриа, лоозон гэмээр. Уул нь даатгал хэрэгтэй, хүн бүхэн хөдөлмөрийн хөлснөөсөө даатгал төлөх нь нэрийн дансанд хуримтлагдаж эргээд ашиг тустай гэсэн санаа дуунаас өөр зүйлд гаргаж өгвөл зохицмоор. Номин талстынхан нэг хэсэг иймэрхүү дуугаар залхтал занималдсан. Шуудан банкны дуу байна бас.

Сүүлийн жишээ дурдахад хөгжмийн зохиолч М.Туяагийн Кёкүшюзан Д.Батбаярт зориулж бүтээсэн “Булган сүүлтэй монгол хүн” дууг нэрлэмээр санагдав. Түүний арлын Японд гаргасан амжилт, олон сайхан аавын хүүг араасаа дагуулж сумогийн ертөнцийг донсолгох гавьяа байгуулсныг нь ард түмэн мэдэж хүндэлж явдаг. Үүнийг нь дуунд аятайхан тусгаж, эвтэйхэн өгүүлж чадвал болохгүй зүйл үгүй. Харин “Булган сүүлтэй Монгол хүн”… арай л биш юмаа. Хэний ч мэдэх хэлц үг боловч дууны гарчигт нэг л тохиромжгүй. Удахгүй “Бугын эвэртэй монгол үндэстэн”, “Бухын доодохтой халх эр” гэхчлэн дуу гараад ирвэл яах билээ. Бусдын уран бүтээл, сэтгэлгээний цар хүрээг гоочлох гэсэнгүй би. Гэхдээ дуу гэдэг өөрөө ая эгшиг, шүлэг, дуучин гурвын зохицол гэж бодож явдаг болохоор нэг л чамлалттай.

Мөнгөтэй нэг нь өөртөө мянган дуу захиалж, түмэн клип хийлгэх нь нээлттэй болсон өнөө үед ийм зүйл бичих илүүц ч байж магад. Гэвч булган сүүлтэй, тэгээд монгол хүн, дуунд дуулагдахаараа яаж сонсогдох, гадаад хэл рүү хэрхэн буух зэргийг хаа нэг бодолцож баймаар юм шиг байгаан. Кёкүшюзан өөрөө үүнийг захиалаагүй байж болно, гэвч уран бүтээлч хүн бусдыг магтах гээд эвгүй байдалд оруулж боломгүй санагдах юм. Хэвшмэл сэтгэлгээнд баригдахгүй шинийг эрэлхийлэх нь уран бүтээлчийн бахдам чанар ч уламжлал, урлагийн зохицлыг анхаарч үзэж, бид ч шүүмжлэлтэй хандаж байхад илүүдэхгүй. Сонгууль дөхөж байдаг, нэр дэвшигч бүрийн тоогоор “Улс орноо хөгжүүлэх Ухаантай чадалтай улс төрчөө” гэх мэт дуу гараад байвал хэцүү юм даа. Ёстой нөгөө түрж ч болдоггүй, дарж ч болдоггүй хаашаа дугараа авдаг нөхөр вэ хөөе! гэдэг шиг.