2009/11/11

Спирал үгс

Аяа... Тавдугаар сарын бороо шиг үнэр анхилам биш хэрнээ таваргаж явахад жиндүүлэм зэвэргэн жавар тасхийж, хацар нүүрийг хайр гамгүй хайрахуй дор малгайлан униартах хотын утаан дунд маск зүүсэн хүмүүс тодрон бүдгэрэх нь... нөгөө юу му... лугаа ажгуу...

. Засссс бүтэхгүйм байна. Жоохон уянгалчий гэсэн явдаггүй гэжийншд. Хальж халтирах гэж зутарч сууснаас зүгээр түс тас түмпэн шанага, ок док олвэйс тампакс зангаараа хэдэн үг хэлхчээд, замура тор шиг загвартай цүнхээ хондлой дээр шидлэнхэн, завсрын өнгөтэй гэзэг юүгээ хавиар нэг сэгсэлзүүлсээр гарч хэлэн дээрээ юм олж тавих минь.

. Хэлэн дээрээ юм тавина гэснээс ойрын үед иднэ гээчийн ид хавыг харин ч нэг гайхуулж, Идеа хэмээх төрөлх сайхан алдраа Идшинноров хэмээх өвлийн үүцтэй төстэй нэрээр солих тухай тогтоолын төсөл боловсруулж, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамаар дамжуулан байнгын хороонд өргөн барихаар сүүлийн хэд хоног сүрхий шамдан ажиллаж, буурин дээрээ бухайж, суурин дээрээ зузаарч байгааг минь байгууллагын дарга цэрэг хийгээд харуул хамгаалалтын ажилтнууд даанчиг мэдрэхгүйн дээр яавчиг ойлгохгүйг яалтай.

. Гэж гонгинонгоо харахаас хайр хүрэх болсон нэгэн күүл баагийг барьж аваад базаж чимхээд баруун зүүнгүй тонгорчмоор адын хүслээ арайхийж дарж яваа нь над мэтийн түрэмгий, түрдэг трактор шиг эрэмгий хүнээс гарамгүй тэвчээр болохыг намуухан дуутай, ялдамхан төрхтэй тэр нөхөр ер нь гадарлаж байна уу, үгүй юу гэдэг асуудлыг асар хүчтэйгээр дэвшүүлж, ойрын хугацаанд шийдвэрлэх талаар туйлын мэргэн санаа тунчиг хурдтайгаар харван орж ирвээ.

. Хамаа намаагүй харван ирсэн санааг А хүрээний гахайн томуугаар үүсгэгдсэн түр зуурын сэтгэл хөдлөлийн вирус байж магадгүй хэмээн хардаж, ихэд сэжиглэсэн нүдээр хяламхийх зуураа зузаан гээчийн хаалт зүрхэн тушаагаа нааж, халуурал, бялуурлаас хамгаалах бэлдмэл хамар амандаа дусааж, гурван хувийн хлормины уусмалаар гараа угааж хоолойгоо зайлаад санаа амрав. Урьдчилсан сэргийлэх тарилга ирэнгүүт улс амьтдын урдуур дайрч хийлгэх талаар холбогдох мэргэжилтнүүдтэй албаны шугамаар ярьж, амины журмаар найрах асар бүтээлч төлөвлөгөө бас босч ирээдэхлээ.

. Бодол дундаас босч ирсэн тэрхүү төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулан дахин уулзахгүйн ерөөл талбиж компьютерээсээ үүрд устгасан покерийн программаа эхний ээлжинд сэргээн суулгуулах нь ажлын байрандаа тогтон сууж, анхаарал юугаа төвлөрүүлэх аюулын зөв хөшүүрэг юм гэдгийг бодож олохыг бодоход ухаан гэдэг уужим саруулаараа, улам цааш ундарсаар байх авай.

. Ундраад байгаа тэр ухааныг улс орны хөгжил дэвшилд ашигладагаа энэ удаа азнаад алд биенийхээ хий шар бадганыг тэнцвэржүүлж, ууц нуруугаа бөөцийлж, уур уцаараа дундлах чиглэлд эн түрүүн зарцуулахаар салбарын хүмүүстэй санал солилцоод гар барилцан гарын үсэг зурах санаа төрөв. “Малгай өмсөөд маск зүүчихээр хэтэрхий жоохон хүүхэд шиг болчихын” хэмээсэн сайн таньдаггүй нэгний үгийг анхааралдаа авснаар сүүлийн үед “та” хэмээн гүн хүндэтгэлтэй дуудуулах болсон учир шалтгааныг малгайнд дарагдах хэдэн сөөсгөр үс, атираашиж буй дух, мэдэхгүй хүнд ухаалаг, бодлогоширонгуй байрын харагдуулах хөмсөгний голын хөндлөн бүдэг зураас, амны хаалтад далдлагдах алга дарам газар сэлт рүү чихээд кайф авч ташаалтай нь аргагүй мушийв.

. Мушийх зуураа олж мэдсэн зүйлсээ онол практикт хослуулж хэрэгжүүлэх үүднээс зүс царайгаа тольдож, зүүсгэл гоёлоо тордож, ном тэвэрч хэвтдэг цагаа нойр хоолоор нөхөж, дэмий чалчдаг заваа дасгал фитнесээр солих хэрэгтэйм санж хэмээсэн асар ажил хэрэгч бодлоор ажлын нэгэн өдрийг эхэлснээ энд ингээд испиралдаж үлдээв. Хэрэгжүүлэхгүй ч харжээ суухад хааяа өлссөн үед өл залгаж, цангасан үед цай болоод байжийг. Өглөөний шуурхайгаас амжиж тоншсон сараачлагыг энэ хүргээд өрөөний усны савыг шүүрч коридорт гарахад нарны бүүдгэр туяа хэсэгхэн газрыг гийж, нааш цааш зөрөх хүмүүсийн дүрсийг бүдгэрүүлнэ. Тиймээ, би ч бас хэн нэгний бийрийн үзүүрээр амилах "Нарны охин"...
/ёоох, ингэж нэг уянгалж авах гэж/

2009/11/04

Эмзэгүүдийн эгнээ рүү алхаад марш!!!

Би эмзэг бүлгийнх биш. Хүн амын цөөхөн хувийг эзэлдэг хөрөнгө мөнгөтэй, хувьдаа хур баялагтай нийгмийн чинээлэг давхаргынх бүр ч биш. Халаасны хэмжээ, олдог орлого, амьжиргааны түвшнээрээ хүссэн хүсээгүй ялгарах болсон өнөөгийн нийгэмд манайх гэж айл хоёр идэхгүй, хоосон хонохгүй, буяны өглөг тараахгүй ч бусдаас гуйхгүй, ажлаа хийгээд амьдралаа залгуулаад явж байгаа монголын мянга мянган дундаж гэр бүлийн л нэг. Гэвч нэг л хальтирвал доошоо орж мэдэх дундаж иргэдээ дэмжихийн оронд орлогогүй, ажилгүй ядуу хүмүүсийг өөгшүүлж “урамшуулдаг” харалган бодлогын харгайгаар сүүлийн үед эмзэг бүлгийнхний тоо эрс өсөх болов, энэ бүлэгт харьяалагдахыг ч илүүд үзэх болов.

Уул уурхайгаас олсон ашгаа нийгмийн халамж руу хайр гамгүй урсгаж, нүдээ олоогүй тусламжийг эзнээ онолгүй тараасан улс орнууд хэрхэн байгалийн баялгийн “хараал” хүрч, дампуурлын замаар замнасныг бид хангалттай харж байгаа. Гэтэл манайд цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг хүртэл төрөөс дааж, хүүхдийнхээ төлөө аав ээжийнх нь сард төлөх 5000 төгрөгийг хэмнэж, амьдралд нь асар “тус” хүргэж байна. Үр дүнд нь цэцэрлэгийн ачаалал хэрээс хэтэрч, дүүргийн багачууд харьяа цэцэрлэгтээ ч орох эрхгүй болж, хивсний захад унтсан хүүхдүүд бөөрнөөсөө жиндэж, хоолондоо цадаагүй жаалууд доголон нулимстай аягаа долоож буй дүр зураг хэсэгтээ хэвлэл мэдээллээс салаагүй. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг төрөөс даасан нь хүүхдэдээ сургуулийн өмнөх боловсрол олгож чадахгүй байгаа эмзэг бүлгийхэнд зориулагдсан арга хэмжээ байв. Үнэгүйд нугасгүй тэд хүүхдээ цэцэрлэгт өгөх болсон ч тоотой хязгаартай цэцэрлэгүүдийн чадлыг хэлбэлзүүлж, даацыг хэтрүүлэх болсон. Зүй нь бүх хүүхдийн хоолны мөнгийг даах тэр мөнгөөр тусд нь цэцэрлэг байгуулдаггүй юм гэхэд цэцэрлэг бүрт тусгай халамжийн бүлэг байгуулж, тэндээ харьяаллынх нь дагуу үнэ төлбөргүйгээр эмзэг бүлэгт хамаарах өрхийн хүүхдүүдийг авах ёстой байсан. Энэ бол хавтгай халамжийн хал балагтай ганцхан жишээ.

Гал алдсан ч түлээ нүүрсээ төр засгаас нэхэж, гараа хумхин суух хэсэг бүлэг хүмүүст гэр орон, мөнгө төгрөг хүртээхийн оронд өрхийн жижиг үйлдвэрлэл, бизнес эрхэлж орлогоо дээшлүүлэх гэж чардайж байгаа, эсвэл аль нэг байгууллагад мөрөөрөө ажлаа хийн цалингаараа амьдарч яваа иргэдээ чадах хэмжээгээр дэмжих нь өглөг дагасан ядууралтай дайн зарлах хамгийн зөв бодлого баймаар. Ихээхэн хэл ам болж байж энэ жилийн төсөвт суулгасан 30 тэрбумын жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн нөхцөл л гэхэд заавал аж ахуйн нэгж, нөхөрлөл компанид нээлттэй байгаа нь бас л эргэж харах асуудал. Тааруухан амьдралтай, тарчигхан амь зууж яваа нэгэндээ туслалгүй л яахав, гэхдээ эвгүйтвэл эмзэг бүлэг рүү ухарч мэдэх дундчуудаа хэдий чинээ анхаарч үзнэ, ядуурал, ажилгүйдлээс гарах сонирхолтой, амьдралаа сайжруулах бодол эрмэлзэлтэй хүний тоо төдий чинээ нэмэгдэх л баймаар.

ЭМЗЭГ БИШ Ч ЭРҮҮЛ БАЙМААР БАЙНА
Би эрүүл баймаар байна. Улс орныг төдийгүй дэлхий нийтийг цочроож байгаа A хvрээний H1N1 вирусийн халдвар авмааргүй байна. Хувь хүнийхээ хувьд хэрэндээ л урьдчилан сэргийлж, амны хаалт зүүж, адууны махаар хооллож, аарц чанаж ууж, дархлаа сайжруулах бэлдмэл хэрэглэж, сайн гэсэн болгоныг нь хэд нугалсан үнээр худалдан авч байна. Гэвч өвчний тархалт надаас шалтгаалахгүй нэмэгдэж, өдрөөс өдөрт халдвар авагсдын тоо өсч үржих болов. Агаар дусал, ахуйн замаар дамжиж, хүрээгээ тэлэн довтолгох энэхүү аюулт өвчнийг зогсооход аарц, чацаргана мэтхэн хүчин мөхөсдөх нь нотлогдов. Анагаах ухааны нарийн мэдлэггүй би байтугай ажлаа хийж яваа эмч, эмнэлгийн байгууллагынхан өөрсдөө халдвар авч, өвдөж эхэллээ.

Чухам ийм л үед би бусад орны иргэдийн адилаар вакцин хийлгэмээр байна. Мэргэжлийн хүмүүсийн мэдээлж буйгаар энэ өвчний аюултай давалгаа арай эхлээгүй байгаа гэсэн. Эхний үе шат нь 7-8 долоо хоног үргэлжилдэг байтал Монголд 4-5 дахь долоо хоног дээрээ хэдийнэ таван хүний амь насыг авч одсон. Ирэх сарын эхээр эхлэх илүү хүнд дэгдэлтээс нь өмнө вакцин хийлгэчих юмсан гэж хүн болгон хүсч байгаа. Гэтэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тусламжаар энэ сарын 9-нд орж ирэх байсан вакцин хойшилж, сарын сүүлээр ирэхээр болов. АНУ, Япон мэтийн баян орон үнэ цохиж, ихээр захиалсан тул үйлдвэрлэгчийн зүгээс хэсэг хугацаанд хүлээхийг хүссэн тухай учир мэдэх хүн тайлбарлаж байна. Тусламжаар орж ирэх вакцинаас гадна ЭМЯ 150 мянган тунг нэмж худалдах авахаар төлөвлөж байгаа нь энэ онд багтаан шийдэгдэх эсэх нь эргэлзээтэй аж.

Гэхдээ ирлээ ч гэсэн ДЭМБ-ын вакцин нь хүссэн болгонд олдохгүй юм билээ. Аюулт өвчний халуун цэг дээр ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад эхлээд хийх нь зүйн хэрэг. Дараа нь хил гаалийнхан, тэгээд эмзэг бүлгийнхэн тэрхүү 100 мянган тун вакцинаас хүртэнэ. Цаагуураа дарга нар хийлгэнэ ч гэсэн далд хардлага гарсаар буй. Гэвч улсын хүн амын дийлэнхийг эзэлдэг дундаж иргэд бид тэрхүү вакцинаас мөнгөөр нь ч болохноо худалдаж авч, гэр бүлээрээ хийлгэхийг хүсч байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санал болгосон вакцин нь хүрэлцээ муутай бол хоёр хөршийн үйлдвэрлэсэн, туршигдаад найдвартай нь батлагдсан вакцин хувийн хэвшлээр дамжаад ороод ирвэл сарын цалингаараа ч хамаагүй авмаар байна. Он удаан жилийн турш орос, хятадын эм тариа хэрэглэж ирсэн монголчуудад хоёр хөршийн хэрэглээнд нэвтэрсэн вакцин тэгтлээ гаж нөлөө үзүүлээд сүйд болохгүй л байх.

ЭМЗЭГ БИШ Ч ЭХ ОРНЫ ХУВИАС ХҮРТМЭЭР БАЙНА
Би эх орныхоо байгалийн баялагаас хувь хүртмээр байна. Дэлхийд данстай ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж буй энэ цаг мөчид төрсөн, амны хишигтэй иргэн хүнийхээ хувьд уул уурхайн салбарын ашиг орлогоос бусдын л адил хишиг хүртэх эрхтэй гэж өөрийгөө боддог. Гэхдээ сонгуулийн амлалтад дөрөөлсөн энэ хувь, хишиг хүртээх тухай асуудал аанай л иргэдийг баян хоосноор нь ялгаварлаж, ядуугаасаа ичих биш харин ч ид хав болгох боломж бүрдүүлж өгч байна.

УИХ дахь намын бүлгүүд эх орон, эрдэнийн хувийг ямар хэлбэрээр хүртээх талаар ид ярьж байна. Бүлгийн шийдэл нь байнгын хороодоор дамжин парламентаас гарах шийдвэрийн гол хана нь болдог. Даваа гарагийн намын бүлгүүдийн хуралдаанаас Оюутолгой төслийн урьдчилгаа болох 140 гаруй тэрбум төгрөгөөс амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэд болон ахмад настнууддаа түрүүлж өгөх хувилбар яригдав. Үүнийг байнгын хорооны гишүүд нь ч дуун дээрээ дэмжихээр байна.

Мөн иргэний бүртгэлийг сайжруулах зорилгоор олгох 50 мянган төгрөгийг бүх хүнд тараавал аманд ч үгүй, хамарт ч үгүй болох учир хэмжээг нь тодорхой хувиар нэмэгдүүлэн эмзэг бүлгийн иргэддээ түгээхээр ярьж байна. “Ингээд л миний нэр байдаггүй” гэж “Анхны алхам” кинон дээр ахмад хадланч гомдоллодог шиг дундуур орлоготой дундаж иргэн би ингээд л өглөг, халамжаас хасагдах нь. Эсвэл нэн ядуугийн тоонд багтахаар хороон даргаа лоббидох ажилд ханцуй шамлаж халаасаа тэмтрэх хэрэгтэй болох нь.

Улстөрчид үнэхээр л ард түмэндээ хишиг хүртээе гэж байгаа бол цөөхөн хэдэн төгрөгөөр нүүр тахалж өгсөн нэр зүүж үлдсэнээс сонгуулийн амлалтаасаа татгалзан, үйлдвэр байгуулж ажлын байр нэмэгдүүлэх буюу нийгмийн үйлчилгээг сайжруулах бүтээн байгуулалтад ашигламаар байна. Ачааллаа даахгүй байгаа нийслэлийн төрөх эмнэлэгүүдийн нурууг хөнгөлж, удтал яригдсан дөрөвдүгээр төрөх барихад тэрхүү бэлнээр тараах гээд байгаа хөрөнгөө зарцуулж болох юм. Үгүйдээ л олон жил мөрөөдсөн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий эмчилгээ оношлогооны иж бүрэн төв байгуулбал хөгшин залуу, эмзэг, дундаж, баян гэлтгүй бүгдэд маань л ашиг тусаа өгөхсөн.

Нэн ядуугийн зэрэглэлээс арай дөнгүүр амьдралтай гэдгээрээ эрүүл мэндээ эрсдэлд оруулж, элдэв хувь хишгээс “жийгдэх” магадлалтай яваа илүүрхэх чинээгүй, дундуурхах сэтгэлгүй дундаж иргэн би энэ бүх эрмэлзлийнхээ төлөө 1,5 саяаас татгалзахад бэлэн байна. Эс бөгөөс эмзэг бүлэгт сайн дураараа элсэхээс өөр ирээдүйтэй арга толгойд үнэндээ орж ирэхгүй нь.