“Арай ч дээ, охиноо би ингэнэ чинээ санасангүй, юугаар дутсан гэж таньж мэдэхгүй хүнтэй гэрлэх тухай санаанд нь багтсан юм бол” гэж шогшрох танил эгчтэй таарав. Баахан ярьж суув, лимонтой цай гурвыг ч гүзээлчихэж, бие арзайгаад, сэтгэл хямраад нэг л биш. Угаасаа өчигдөр ууртай байлаа, хүний санааг өөрийн юм шиг зулгуйдаж, дарга нарт тал олох гэж зусардах хүүхнийг хараад дургүй хүрчихсэн байсийн. Хүн яахаараа ийм өчүүхэн жижиг юмаар хөөцөлдөж, өөрийнхөө үнэлэмжийг өмдний цахилгаан шигээ үл тоодог байнаа. Ажлаар нь биш амаар нь дүгнэдэг, амбиц хөөсөн адилхан юмнууд энэ хорвоо дээр яасан ч олон байдгийм бэ? /үүнийг илгасъя/
Нэг салбарт хэдэн жил зүтгэж, гал алдсан үедээ бие биедээ хэл үг дамжуулж явдагийн хувьд энэ эгчийг хараад өрөвдөв, тэнэг охиныг нь зүхэв. Хоёр долоо хоногийн өмнө билүү дээ, гадаад хүнтэй гэрлэхэд зуучилдаг нэг компанийн үйлчлүүлэгчдийн зургийг оллоо сайт дээр тавьсныг чихтэй болгон сонсож, нүдтэй бүхэн харсан байх. Хэдэн халтар төгрөгний төлөө хэний ч өвөрт ороход бэлэн байгаагаа нотолж, интернэтээр өөрийгөө зарах гэсэн хүүхнүүдийн зураг энд тэндгүй тэнүүчилж элэг нэгтнүүдээ түлсэн болохоор энд линкийг нь оруулах илүүц биз.
“Тоон дотор үсэг” гэдэг шиг тэдгээр амьд “барааны” дотор мань эгчийн том охины зураг цохиж явсийм байх. Ажлынх нь хүн аминчилж хэлэхэд нь арай ч үгүй байлгүй гэтэл яах аргагүй охин нь дүрээрээ, төрсөн он сар өдөр нь янзаараа байсан гэх. Өөрөөс нь асуухаар эхлээд гүрийж байснаа сүүлдээ найз охиндоо уруу татагдсан юм ярих. Тэр найз нь аль хэдийн зуучлуулаад Солонгос явсан гэх. Охин минь өнгө, мөнгөнөөс нүдээ ухаад өгөхөд бэлэн байгааг бодоход эгч нь хүүхдүүдээ хүмүүжүүлж чадаагүй бололтой гэж тэр эгч өөртөө буруу өгөх. Ая яа яа.
… Салж явахдаа би яагаад ч юм сэтгэл гундуу байлаа. Эсэн бусын бодол толгой дотор эргэлдэнэ. Яасан гэж, яана гэж гурван хүүхэдтэй жирийн айлын том охин ямар хүний гарт орохоо мэдэхгүй бүрхэг ирээдүй рүү харанхуй тэмүүлж хувь заяагаараа дэнчин тавьдаг байна. Хоёр балчир дүүдээ ямар үлгэр үзүүлнэ гэж холын сайхныг мөрөөсч, хоосон мөрөөдөлд дөрлүүлдэг байна.
Ер нь охид эмэгтэйчүүд яасан ч өчүүхэн бодолтой болчихсон юм, бэлэн мөнгө, хөнгөн зугаанд ямар ч их дурладаг юм. Залуу насны өнгө золбоо, хүсэл тэмүүлэл ердөө энүүхнээр хязгаарлагддаг гэж үү. Ядруухан ч гэсэн өөрийн эрхэнд сэтгэл амар амьдрах тийм ичгүүртэй гэжүү .
Хэн гээч төгс төгөлдөр залуу тэднийг газрын мухарт хүлээж, зориод ирэхэд нь тосоод авна гэж найдаа юм бол. Үнэхээр баян чинээлэг, царайлаг сайхан нэгэн байсан бол хань болох хүнээ хаа холоос хайж, зуучлах байгууллагаар дамжуулж мөнгө төлнө гэж үү. Ердөө энэхэнийг эргэцүүлж харах нүдийг нь тансаг амьдралд тэмүүлэх хоосон шунал тачаал таглаж байна гэжүү… /бачуурав/
Бүх хүний мэддэг, ярьдаг л зүйл боловч бүтэхгүй, болохгүйд тэмүүлэгсдэд ойлгуулж хэлж байна уу бид. Бусдын үгэнд хууртаж, харьд одохыг завдагсдад буруу зөвийг ухааруулж, сэтгэл гаргаж чадаж байна уу бид чинь.
Амьдрал хэцүү байгаа нь үнэн, ажлын байр ховор байгаа нь үнэн, дуртай юмаа хийж мөнгө олж амьдрах нь дурын аавын хүүгийн бардаг хоол биш.
Гэхдээ, хүний нутгийн сайхнаас миний Монгол юугаараа дутуу юм бэ? Халтар хэдэн төгрөг өвөртөлсөн харийн эрчүүдээс халуун цустай монгол залуус юугаараа муу юм бэ? Амь нас, ирээдүйгээ хэнд атгуулахаа мэдэхгүй явснаас арчаагүй ч бай, архичин бай монгол залуутайгаа суусан нь дээр биш гэж үү. Сайхан Монгол орондоо саа ороож өсчихөөд шандтай тарианы газар шуудай нөхөх гэж тэмүүлээ юү? /бачимдав/
Хайр сэтгэлээрээ хаанахын хэнтэй ч гэрлэж болох ч халтар хэдэн төгрөгний төлөө хайран биеэ золиослох хэрэг юун. Сайхан үгэнд хууртаж газрын мухарт оччихоод санаж сарвайх хүнгүй боолын амьдралаар амьдарвал яана. Бодооч дээ. /дуугаа өндөрсгөв/
Хүний нутгийн юм бүхэн хүнийх, итгэж найдаж ханилсан эр нөхөр чинь ч гадных, өвдөж зовохын цагт Монголоо л эрэх болохоор, өөр хаана ч биш Монголдоо л идээшиж амьдар. Чоно үүрэндээ өлзийтэй.../дуугаа намсгав/
НАМИРАА САЛХИ (Өгүүллэг)
1 year ago
2 Сэтгэгдэл:
ээжийгээ гомдоосон өөдгүй охин юм. өөртөө ч хайргүй, ээжийгээ ч бодоогүй хүүхэн харьд очиж хүн хайрлах уу Wuahaha.
Харийн хүн хайрлах гэж явжаагаам бишээ! Харийн хүний мөнгийг хайрлачих санаатай явжаагаам. Өдөр шөнөгүй увва ажимаатай коно үзэж кимчи будаанд ходоодоо мэдрүүлээд сайхан санагдсан юм байлгүй. Хэдэн мэдрэл муутай юмнуудын зураг гарсан л байлээ. Хөөрхийлэх аргагүй тэнэг амьтад харагдсан шүү. Танай ажлын эгч хөөрхий...
Ухаарч ойлгох оюунтай, уйлж дэвтэх сэтгэлтэй Монгол хүүхнүүд маань тэдэн шиг тэнэгрэхгүй гэдэгт харин ч итгэлтэй байдаг шүү. Монголын минь нэр нүүрийг хэнэггүйхэн хиртүүлж суухдаа хэт алсын хэргийг бодоогүй биз. Тэр хэдэн тэнэгүүд арилаасай тэр чигээрээ. Монгол хүүхнүүдийн минь нэр нүүр цэвэр ариун байг.
Post a Comment