Хавч, цурхай, галуу 3-ын үлгэр буюу далан нөхөөс, түмэн чихээстэй төсөв  

Posted by Idea in

Эрхэм түшээд ойрын үед тунчиг додигор байна. Арга ч үгүй биз, хуулийн хугацаандаа амжаад хуудуутай ч гэсэн төсвөө баталчихсан, түүндээ тойрогоо тойглох тэрбумаа шингээчихсэн, “Зоос”-оо зохицуулчихсан, ноосоо тушаачихсан...

Гэвч зарлага нь анх орж ирснээсээ хэд дахин томорч, алдагдал нь хагас их наяд шүргэсэн түмэн чихээс, далан нөхөөтэй ирэх оны төсвийг харахаар Оросын нэрт зохиолч И.Крыловын ёгт үлгэр өөрийн эрхгүй санаанд ороод байх юм. Хавч, цурхай, галуу гурав боодолтой ачааг дамжлах болдог доо. Цурхай цүнхээл рүү, хавч ойн цоорхой руу, галуу тэнгэр рүү зүтгэсээр, ачааг гурван тал руу хүч гарган татаж чангаасаар байдаг ч газраас огтхон ч хөндийрүүлж дөнгөдөггүй тухай. Зорьсон зорилго нэг ч гар сэтгэл нийлээгүй, зорилгодоо хүрэх арга замаа нэгтгэж, нэгэн үзүүр сэтгэлээр хандаж чадахгүй бол яаж ч хичээгээд явдаггүйн жишээ эндээс харагддаг.

Сүүлийн хэдэн жилд хууль тогтоох байгууллагын төсөв батлах үйл явц нэг иймэрхүү л дүр зургаар явж ирлээ. Санхүүгийн жилийн эхнээс л Сангийн яам төсөв зохионо, халуун зунаар тооцоолж ногоон номонд өрсөн хэдэн тоо яван явсаар хөхөө өвлийн хүйтэнд хэлэлцэгдэж батлагдана. Тэр хооронд цаасан дээрх тоо, бодит амьдралд хэрэгжихдээ хэр их зөрчилдөж, хэд дахин хэлбэлзэх нь сонин биш. “Даргын хэлснийг дундуур нь хуваахад яг таарна” гэдэг бол манай төрийн түшээд Засгийн газраас оруулж ирсэн зарлагыг хэд дахин давуулан баталж, төсвийн орлого хуваарилахдаа ард түмнээ гэсэн “асар өгөөмөр” сэтгэлээр ханддаг болов. Харамсалтай нь тэр өгөөмөр сэтгэлийг гүйцэлдүүлэх хөрөнгө мөнгө нь ард түмний халааснаас гарах аанай нэг л ундаргатай. Өөрсдийнх нь мөнгийг буцааж өгөхдөө дундаас нь “унагах” гэж улайран, нийтийн биш нэг хэсгийн эрх ашигт зориулан “угааж” байгааг юу гэж ойлгох вэ?

Улсын төсөв гэдэг өнгөц харахад хурааж цуглуулаад буцааж тараах хэдэн тоо юм шиг боловч өргөн утгаараа ирээдүй рүү чиглэсэн, буух эзэн, буцах хариуцлага, тооцох үр ашигтай байх ёстой. Улс орны хөгжлөөс хойш чангаасан төсөв батлъя гэж зориуд хүсдэггүй л байх, тэгээд ч орон нутгийн хөгжил хуваарилсан хөрөнгөө дагаад өсч дэвждэг бол түүн шиг сайн юм байхгүй. Гэвч зорьсон зорилго нь зөв юм шиг атлаа, өөр хоорондоо уялдаа холбоогүй түм буман хөрөнгө оруулалт чихэж, баахан салангид хөрөнгө хуваарилсан төсөвтэй улс орны эдийн засаг явж явж байрнаасаа ч хөдлөхгүй, галуу, цурхай, хавч гурвын ачаа шиг бахь байдлаараа үлдэх дүр зураг төсөөлөгдөж байна.

НАМАЙГ УНТАЖ БАЙХАД...
“Намайг унтаж байхад...” гээд Америкийн алдартай сэтгүүлч, судлаач Томас Фрийдман улам бүр хавтгайран буй хорвоо ертөнцийн тухай “Дэлхий бөөрөнхий биш” номондоо авч өгдөг шиг намайг унтаж байхад мэргэн түшээдийн шөнө дөлөөр тойрогтоо хуваарилсан тэрбум төгрөг нийгэмд нэлээд бухимдал, эгдүүцэл төрүүлсээр буй нь илт байна. Нэгэнт батлагдаж, “бандан тас” болчихсон асуудлын араас нэхэл дагал болоод нэмэргүй ч тойрогт хуваарилсан 76 тэрбум төгрөг нэг хэсэгтээ л олны анхаарлаас гарахгүй болов уу.

Засгийн газраас оруулж ирсэн төсвийн төслийг тал талаас нь зулгааж “миалсаар” хугацаа нь тулгаж орхиод, гүйцэтгэх засаглалдаа шахалт үзүүлж байгаад хүссэн тоогоо тавиад баталж мэргэшсэн түшээдийн оройхон гарсан ширүүхэн дайралт сүүлийн жилүүдэд хэрээс хэтрээд байгаа болохоор тэр биз.

Сангийн яамнаас оруулж ирсэн Монгол Улсын ирэх оны нэгдсэн төсвийн нийт орлого 2.306 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 32.2 хувьтай тэнцэж буй. Харин зарлага нь 2.664.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 37.2 хувьтай тэнцүүхэн цохиж явна. Тэгэхээр ирэх оны нэгдсэн төсвийн нийт орлого энэ оны тодотгосон төсвийн орлогоос 251.5 тэрбум төгрөгөөр буюу 12.2 хувиар нэмэгдэх бол зарлага нь 245,8 тэрбум буюу 10.1 хувь нэмэгдэхээр төсөлд тусгажээ. Үүнээс харахад, орлогоосоо зарлага нь давж, 359 тэрбум төгрөгийн алдагдалтай хэвээрээ батлагдаад байгаа. Харин энэхүү сох дутаад байгаа 359 тэрбум төгрөгөө хандивлагч орнуудаас тусламж гуйж, дэлхийн зах зээл дээр алт, зэсийн үнэ өсөхөд Хүний хөгжил санд орж ирэх хөрөнгөнөөс нөхнө гэж тооцсон байгаа.

Алдагдлаа ингэж нөхсөн ч цаана нь 82.1 тэрбум төгрөг эх үүсвэр хэрэгтэй. Гэхдээ арга ядахад энэ мөнгийг Засгийн газрын урт хугацааны бонд гарган санхүүжүүлнэ гэж "үлгэртээ" тусгаад амжиж. Нэг үгээр хэлбэл, ирэх онд манай улс хойд хормойгоороо урдахаа нөхөх зарчмаар ажиллана гэсэн үг юм болов уу даа. “Муу, муухай дээрээ улцан” гэдэг шиг алдагдалтайг нь мэдсээр байж, санхүүгийн хямрал даамжирч буй энэ үед гишүүдийн төсөвлөсөн өнөөх 76 тэрбум төгрөг алдагдлын хэмжээг, ард түмний сэтгэлзүйтэй цуг нэрвэж, дарин дээр давс цацаж байх шиг.

Чухамдаа “намайг унтаж байхад” буюу өнгөрөгч сарын сүүлчээр шөнө хагасалж баталсан 76 тэрбум төгрөгийн зарцуулалтынх нь задаргаа бүр инээдтэй. Ихэнх нь нөгөө л сургууль, цэцэрлэгийн дээвэр засах, сумын клубт хөгжим, Засаг даргын Тамгын газарт "хонда" мотор авч өгөх гэх мэт аар саархан зүйл. Алдагдалгүй төсөв батлах учиртай гишүүд маань ийн сонгогдсон тойрогтоо “хундаамаа цутгах” үүднээс нэг шөнийн дотор төсвийн орлогыг тэрбум тэрбумаар дутааснаа их л овжин тайлбарлаж байгаа юм. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Зарим овсгоотой гишүүд орон нутгийн хөрөнгө оруулалтад хэдэн тэрбумыг тусгуулаад авчихдаг бол зарим нь тэгж чаддаггүй. Тиймээс ийн тэгш хуваарилах нь харин ч шударга зүйл” хэмээсэн байх юм.

Гэвч тэдний гаргаж өгсөн жагсаалтыг нарийвчлан шүүвэл их л олон хуудуутай юм гарч ирнэ. Тойрог томсохын хэрээр жалга дов, баг суурины асуудал хүрээгээ харьцангуй тэлсэн ч нэг тойргоос сонгогдсон хоёр гишүүн нэг суманд 100 сая төгрөгөөр худаг барихаар хоёр талд тусгуулжээ. Зарим нь тойргийнхоо төдөн өрхийг гэртэй болгохоо бичсэн бол хагас нь тийм ч аялал жуулчлалын бааз байгуулж, ийм ч малын үүлдэр угсааг сайжруулна гэх мэтээр ямар ч стандарт чиглэл, стратеги төлөвлөлт байтугай зураг төсөлгүй ажилд мөнгө хуваарилж, бийлэгжүү загнажээ. Засгийн газраас тэртэй тэргүй хийж байгаа ажилтай давхцуулан ингэж 76 тэрбум төгрөгийг салхинд хийсгэж байхаар ганц сайхан боловсруулах үйлдвэр, эсвэл нэг сайн эмнэлэг барьчихмаар гэж амтай болгон л шогширч байна. Гэвч анх арван саяас эхлэлтэй гишүүдийн “ханш” ийнхүү жил ирэх тусам өсч, үүний цаана баялагийн шударга бус хуваарилалт явж байгаа жишиг амь бөхтэй оршсоор л байна.

ШААЛ ШОГ ХУВААРИЛАЛТАД ЕРӨНХИЙЛӨГЧ
ХОРИГ ТАВИХ УУ?
Түшээдийн түрэмгий үйлдлийг тасалж чадах ганц субъект нь Төрийн тэргүүн болохыг сонин хэвлэлээр бишгүй л бичиж байна. Чухам Ерөнхийлөгч л 2010 Төсвийн тухай хуульд хэсэгчлэн хориг тавьчихвал УИХ санал нэгтэй хүлээж авдаггүй юм гэхэд ядаж л ярилцаж хэлэлцэн ичих булчирхайгаа хэсэгтээ ажиллуулах нь тодорхой. Гэвч хууль батлагдсанаас хойш ажлын тав хоногт багтаан яригдах ёстой хориг өнөө хэр тавигдаагүй байгаа нь ямар учиртай юм бол.

Энэ асуултад хариулт авчих санаатай Ерөнхийлөгчийн хэд хэдэн зөвлөхийн хаалга тогшив. Төсөв, мөнгө, татварын болон хуулийн асуудал хариуцсан зөвлөхүүд эзгүй байлаа. Харин Хөгжлийн эдийн засаг, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан зөвлөх П.Отгочулуугаас цөөн зүйл тодруулах боломж олдлоо. Тэрбээр “Хориг тавих эсэх нь Ерөнхийлөгчийн өөрийнх нь бүрэн эрхийн асуудал” хэмээсэн бөгөөд Төрийн тэргүүн анхнаасаа төлөвлөгдөөгүй хөрөнгийг хэлэлцүүлгийн явцад зүй бусаар тусгаж баталсны эсрэг байр суурьтай байгаа гэсэн юм. Гэхдээ шууд хориг тавих гэхээр хууль, эрхзүйн хувьд ойлгомжгүй нөхцөл үүсээд байгаа учир УИХ-ын Тамгын газарт тайлбар хүссэн албан бичиг илгээгээд байгаа аж.

Учир нь “үндсэн ажил”-даа гаршсан гишүүд Ерөнхийлөгчийн хоригоос зугтаалгаж, хуульд нийцүүлж байгаа нь энэ гээд 76 тэрбум төгрөгийг төсвийн захирагч нарын багцад тараан байршуулсан аж. Шууд утгаараа гишүүдийн ч юм уу тойргийн гэж хаяглаагүй, төсөв захиран зарцуулах эрхтэй субъектүүдийн багцад тусгуулснаас гадна уг хуулийг эцсийн байдлаар ёсчилж Ерөнхийлөгчийн Тамгын газар өнөө хэр ирүүлээгүй байгаа тул ийн ойлгомжгүй нөхцөл үүсээд байгаа аж. Өчигдрийн байдлаар албан бичгийг хариу ирээгүй байсан тул үүнээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүйгээ ч зөвлөх мэдэгдлээ.

Уг нь энэ “гишүүдийн мөнгө” гэх ойлголт анх сонсогчдод байнга учирдаг тулга тойрсон, жижиг сажиг асуудлыг Сангийн яам руу хандаж явдал чирэгдэл учруулалгүйгээр шийдэхийн тулд гарч ирсэн. Гэхдээ бага хэмжээний нөөцөөр бүрдэж, зорилт задаргаа нь тодорхой байх шаардлагатай. Гэвч жилээс жилд шаардлага нь жижгэрч, мөнгөн дүн нь томроод байгаа төдийгүй энэ удаад төсвийн
алдагдлын гуравны нэгээс тавны нэг нь энэ мөнгөнд оногдож байна. 2010 онд санхүүгийн хямрал улам даамжрах судалгаа байгаа. Гэтэл ДНБ-ийн таван хувьтай тэнцэх алдагдалтай төсөв баталчихаад, тэрбумаар нь тал тал тийш нь зөөж, болоогүй ээ, хоригоос зугтаалгаж хуулиар далайлган зорилгоо халхавчилж байгаа түшээдийнхээ овсгоог бишрэхээс биш яалтай. Улсын төсөв гэдэг ард түмний амьжиргааг сайжруулж, төрийн ажлыг төвөггүй явуулах санхүүгийн нөөц хөрөнгө болохоос эрх мэдэлтнүүдийн улстөрийн оноо цуглуулах мөрийтэй тоглоомын хясаа биш болохоор ичих булчирхайтай нэгэнд гарах гарц олдох л байх, гэвч ирэх жил дахин битгий давтагдаасай гэж залбирч л сууя.

Жич: Шог зургийг С.Цогтбаяр

"Шар тэнгисийн тарчлаан"  

Posted by Idea in


Аяга усгүй хатахын цагт
Авдар авдар алтаар яана...

Халтайж нооройсон хувцасны тантаг эгэлдэрлэж, хатаж омголтсон уруулаа шилэмдэж туйлдсан нэгэн омог үүлэнд цойлдон манарах үнсэн хөх цөлийг туучин хаа нэг тийш гэлдэрч явна. Даанч тэдэнд очих газар, урсах горхи битгий хэл уйлах нулимс, нулимах шүлс ч үлдээгүй. Амьд явах цорын ганц утга учир нь аяга ус олж уух.

Өнгө мөнгөний хойноос шунасан өнөө цагийн нүгэлт монголчуудын үр удмыг залгасныхаа төлөө тэд байгальдаа харалган хандсан өвөг дээдсийнхээ баялагт хараалгасан үйлийг биеэр эдлэх гэсгээл хүртжээ. Усны төлөөх тэмцэл 100 жилийн дараа яг л өнөөдрийн алтны төлөөх улангасал шиг увайгүй агаад хэрцгий.

Аль л залуу, өнгөтэй өөдтэй охидоо суугуул омгийнхонтой ундны усаар сольсоор тэнд зөвхөн хоёрхон охин үлдэнэ. Нэг нь омгийн ахлагчийн охин, нөгөөх нь Сарнай нэрт залуухан бүсгүй. Зах хязгаар нь үл харагдах элсэн манхан дунд бэдрэн яваа омгийн эрчүүд тэднийг эцсийн мөчид эргэлзэх юмгүй худалдах л болно. Ундаасаж туйлдсаны улмаас урагшаа гишгэж чадахаа больсон Сарнайд балга ус олж өгөхөөр сэтгэлт залуу Мөнхөө омгийн ахлагчтай дайн зарлана. Гэвч дашмагтай усыг нүдний цөцгий мэт хямгадах бусад нь түүнийг ойртуулах ч үгүй.

Мөнхөөгийн ээж омог дотроо хамгийн настай нь. Ус гол халгиж, ургамал амьтан багширч байх тэр сайхан цагийг нүдээр үзсэн азтай эмэгтэй. Нүдэн дээр нь туйлдах охиныг эвийлэн хайрлахдаа ам цагаан хулганы үлгэр хүүрнэж суух тэр авгай аанай л ахлагчийн бүсэн дэх аягатай усыг авахаар гэтэж байгаад баригдаж, эзгүй элсэн цөлд хүүгийн хамтаар хаягдана. Харин цэвэр усны амьд нөөц болох Сарнайг омгийнхон хүчээр цааш авч явна. Уур амьсгалын өөрчлөлт суугуулхныг ч тойроогүй, генийн өөрчлөлтийн улмаас охин хүүхэд төрөхөө болиод уджээ.

Үйл явдал энэ мэтээр үргэлжилж, ус тойрсон ширүүн хурц тэмцэл өрнөсөөр. Эцсийн эцэст амьдрах нутаггүй, балгах усгүй болсон хүн төрөлхтөнд алт эрдэнэс ямар ч үнэгүйг харуулна.

Монголчууд байгаль дэлхий, газар шороогоо одоо л хайрлаж хамгаалахгүй бол нэлэнхүйдээ цөлжиж, хатаж ширгэсэн цөл, хагаширч сайртсан хөрснөөс өөр юм үр хойчид маань үлдэхгүйг, ямх ямхаар биш алд дэлмээр тэлж байгаа цөлжилт ямархан зовлон авчрахыг зохиолч, сэтгүүлч Б.Галаарид “Шар тэнгисийн тарчлаан” дуулалт жүжигтээ өвөрмөц содон зохиомжтойгоор дүрсэлжээ.

Зохиолын гол зангилаа нь өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт өрнөдөг ба домгийн баатрууд, энэ цагийнхан, ирээдүй үеийнхэн гэсэн гурван үеийн төлөөллөөр монголчуудын байгаль дэлхийгээ хайрладаг байсан уламжлал, өнөөдрийн хонжоо хайсан зүй бус харьцаа, ирээдүйд угтах гунигт дүр зургийг харуулдаг. Мэдээж энэ цагийнхний үйлдэл Туулын хөвөөнөө архидах залуус, хонжоо авааны төлөө хоёр нүдээ өгөхөөс наахнуур хор найруулах төрийн түшээ, нанхиад найзын нялуун авир гээд юу эсээр хязгаарлагдах билээ.

Амьд байгаль руугаа улайран дайрсан энэ цагийнхны нүгэлт үйлдэл уул усны эздийг хүртэл зөрчилдөхөд хүргэж, тэрхүү зөрчил тэмцэл нь бодит ба хийсвэр ертөнцөд зэрэг өрнөнө. Улмаар хүмүүсийг өмөөрч хамгаалсан талынхан ялагдаж, уул ус, ургамал, ногооны эзэд өөр өөрийн мэдлийн баялгаа хаман одоход ирээдүйн монголчууд хязгааргүй цэлийх тэнгис мэт элсэн цөлд дуслах ус, дуугарах жигүүртэнгүй бөртийж хоцрох эмгэнэлт төрхийг энэ жүжгээс харж болно.

...Ирээдүйдээ зовнисон сэтгүүлчийн эмзэглэл шаналлаас урган гарсан энэ жүжгийг үзэж байхдаа би даарах мэт дагжин чичирч байв. Үзвэрийн танхим сэрүүн байсных уу, эсвэл жүжгийн утга санаа бүхэлдээ түгшүүрт автуулж жиндүүлснийх үү, юутай ч “энэ янзаараа явбал бид яг ингэнэ дээ” гэсэн аймшигт мэдрэмж салж өгөхгүй шөнөжин зовоов. Өглөө нь босоод шүдээ угаах зуураа усаа хааж байгаагаа ч анзаарлаа.

Алт шүтсэн гашуун тэмцлийн золиосонд амьд байгаль хэрхэн сүйдэж буйг бид одоо ч харж байгаа. Ургамал мод нэг мөр хувхайрч, ус голууд бүрмөсөн татарчихаагүй дээр амжиж ямар нэг зүйл хийхсэн. Хууль баталж, лиценз олгодог эрхтэн дархтан, эвэртэн туурайтнуудад энэ жүжгийг үзүүлэх юмсан.

Сүүлчийн навчис үнс болон хийсэхэд сүүдэрлэх мод, суух зүлэггүй үлдэхийг бид хүсэхгүй байна. “Өвөг дээдэс минь даанч яав даа” хэмээн халаглах үр хойчоо шийтгэх эрх бидэнд бий билүү? 100 жилийн дараа бидний амьдрах найдвар хаана гээгдэж үлдэх бол?

... Торгон цэнхэр холоосоо амсаж нэг тухлахдаа
Тоотой насны жаргалыг үрс нь нэг мэдэрдэг дээ
Толин цэнхэр нуураа ширтэж нэг суухдаа
Тоонот гэрийнхээ заяаг тэгшилж нэг даатгадаг даа.

Ариун галын эзэд минь өршөө
Рашаан булгийн эзэд минь өршөө
Аварга лусын эзэд минь өршөө
Андуу эндүүтэй үрсээ өршөө

/"Шар тэнгисийн тарчлаан" жүжгийн дуунаас/

Жич: Олон олон бодрол, орхиж боломгүй ухаарал авчрах энэ жүжгийг заавал үзээрэй гэж залуустаа уриалмаар байна. Жүжгийн албан ёсны нээлт энэ сарын 9-нд буюу лхагва гарагийн 19 цагаас УДЭТ-т болно.

Эх орон, ирээдүй хойчийнхоо төлөө цохилох зүрх, шаналах сэтгэлтэй Галака ахдаа уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Та шүү, таны дараа... хэхэ би ч бишээ зүгэр, мэджил байна. Энэ Номико, Бумка, Амка гээд ах нар байна дөө байна. Манай блогчид ийм мундаг...

Спирал үгс  

Posted by Idea in

Аяа... Тавдугаар сарын бороо шиг үнэр анхилам биш хэрнээ таваргаж явахад жиндүүлэм зэвэргэн жавар тасхийж, хацар нүүрийг хайр гамгүй хайрахуй дор малгайлан униартах хотын утаан дунд маск зүүсэн хүмүүс тодрон бүдгэрэх нь... нөгөө юу му... лугаа ажгуу...

. Засссс бүтэхгүйм байна. Жоохон уянгалчий гэсэн явдаггүй гэжийншд. Хальж халтирах гэж зутарч сууснаас зүгээр түс тас түмпэн шанага, ок док олвэйс тампакс зангаараа хэдэн үг хэлхчээд, замура тор шиг загвартай цүнхээ хондлой дээр шидлэнхэн, завсрын өнгөтэй гэзэг юүгээ хавиар нэг сэгсэлзүүлсээр гарч хэлэн дээрээ юм олж тавих минь.

. Хэлэн дээрээ юм тавина гэснээс ойрын үед иднэ гээчийн ид хавыг харин ч нэг гайхуулж, Идеа хэмээх төрөлх сайхан алдраа Идшинноров хэмээх өвлийн үүцтэй төстэй нэрээр солих тухай тогтоолын төсөл боловсруулж, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамаар дамжуулан байнгын хороонд өргөн барихаар сүүлийн хэд хоног сүрхий шамдан ажиллаж, буурин дээрээ бухайж, суурин дээрээ зузаарч байгааг минь байгууллагын дарга цэрэг хийгээд харуул хамгаалалтын ажилтнууд даанчиг мэдрэхгүйн дээр яавчиг ойлгохгүйг яалтай.

. Гэж гонгинонгоо харахаас хайр хүрэх болсон нэгэн күүл баагийг барьж аваад базаж чимхээд баруун зүүнгүй тонгорчмоор адын хүслээ арайхийж дарж яваа нь над мэтийн түрэмгий, түрдэг трактор шиг эрэмгий хүнээс гарамгүй тэвчээр болохыг намуухан дуутай, ялдамхан төрхтэй тэр нөхөр ер нь гадарлаж байна уу, үгүй юу гэдэг асуудлыг асар хүчтэйгээр дэвшүүлж, ойрын хугацаанд шийдвэрлэх талаар туйлын мэргэн санаа тунчиг хурдтайгаар харван орж ирвээ.

. Хамаа намаагүй харван ирсэн санааг А хүрээний гахайн томуугаар үүсгэгдсэн түр зуурын сэтгэл хөдлөлийн вирус байж магадгүй хэмээн хардаж, ихэд сэжиглэсэн нүдээр хяламхийх зуураа зузаан гээчийн хаалт зүрхэн тушаагаа нааж, халуурал, бялуурлаас хамгаалах бэлдмэл хамар амандаа дусааж, гурван хувийн хлормины уусмалаар гараа угааж хоолойгоо зайлаад санаа амрав. Урьдчилсан сэргийлэх тарилга ирэнгүүт улс амьтдын урдуур дайрч хийлгэх талаар холбогдох мэргэжилтнүүдтэй албаны шугамаар ярьж, амины журмаар найрах асар бүтээлч төлөвлөгөө бас босч ирээдэхлээ.

. Бодол дундаас босч ирсэн тэрхүү төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулан дахин уулзахгүйн ерөөл талбиж компьютерээсээ үүрд устгасан покерийн программаа эхний ээлжинд сэргээн суулгуулах нь ажлын байрандаа тогтон сууж, анхаарал юугаа төвлөрүүлэх аюулын зөв хөшүүрэг юм гэдгийг бодож олохыг бодоход ухаан гэдэг уужим саруулаараа, улам цааш ундарсаар байх авай.

. Ундраад байгаа тэр ухааныг улс орны хөгжил дэвшилд ашигладагаа энэ удаа азнаад алд биенийхээ хий шар бадганыг тэнцвэржүүлж, ууц нуруугаа бөөцийлж, уур уцаараа дундлах чиглэлд эн түрүүн зарцуулахаар салбарын хүмүүстэй санал солилцоод гар барилцан гарын үсэг зурах санаа төрөв. “Малгай өмсөөд маск зүүчихээр хэтэрхий жоохон хүүхэд шиг болчихын” хэмээсэн сайн таньдаггүй нэгний үгийг анхааралдаа авснаар сүүлийн үед “та” хэмээн гүн хүндэтгэлтэй дуудуулах болсон учир шалтгааныг малгайнд дарагдах хэдэн сөөсгөр үс, атираашиж буй дух, мэдэхгүй хүнд ухаалаг, бодлогоширонгуй байрын харагдуулах хөмсөгний голын хөндлөн бүдэг зураас, амны хаалтад далдлагдах алга дарам газар сэлт рүү чихээд кайф авч ташаалтай нь аргагүй мушийв.

. Мушийх зуураа олж мэдсэн зүйлсээ онол практикт хослуулж хэрэгжүүлэх үүднээс зүс царайгаа тольдож, зүүсгэл гоёлоо тордож, ном тэвэрч хэвтдэг цагаа нойр хоолоор нөхөж, дэмий чалчдаг заваа дасгал фитнесээр солих хэрэгтэйм санж хэмээсэн асар ажил хэрэгч бодлоор ажлын нэгэн өдрийг эхэлснээ энд ингээд испиралдаж үлдээв. Хэрэгжүүлэхгүй ч харжээ суухад хааяа өлссөн үед өл залгаж, цангасан үед цай болоод байжийг. Өглөөний шуурхайгаас амжиж тоншсон сараачлагыг энэ хүргээд өрөөний усны савыг шүүрч коридорт гарахад нарны бүүдгэр туяа хэсэгхэн газрыг гийж, нааш цааш зөрөх хүмүүсийн дүрсийг бүдгэрүүлнэ. Тиймээ, би ч бас хэн нэгний бийрийн үзүүрээр амилах "Нарны охин"...
/ёоох, ингэж нэг уянгалж авах гэж/

Эмзэгүүдийн эгнээ рүү алхаад марш!!!  

Posted by Idea in

Би эмзэг бүлгийнх биш. Хүн амын цөөхөн хувийг эзэлдэг хөрөнгө мөнгөтэй, хувьдаа хур баялагтай нийгмийн чинээлэг давхаргынх бүр ч биш. Халаасны хэмжээ, олдог орлого, амьжиргааны түвшнээрээ хүссэн хүсээгүй ялгарах болсон өнөөгийн нийгэмд манайх гэж айл хоёр идэхгүй, хоосон хонохгүй, буяны өглөг тараахгүй ч бусдаас гуйхгүй, ажлаа хийгээд амьдралаа залгуулаад явж байгаа монголын мянга мянган дундаж гэр бүлийн л нэг. Гэвч нэг л хальтирвал доошоо орж мэдэх дундаж иргэдээ дэмжихийн оронд орлогогүй, ажилгүй ядуу хүмүүсийг өөгшүүлж “урамшуулдаг” харалган бодлогын харгайгаар сүүлийн үед эмзэг бүлгийнхний тоо эрс өсөх болов, энэ бүлэгт харьяалагдахыг ч илүүд үзэх болов.

Уул уурхайгаас олсон ашгаа нийгмийн халамж руу хайр гамгүй урсгаж, нүдээ олоогүй тусламжийг эзнээ онолгүй тараасан улс орнууд хэрхэн байгалийн баялгийн “хараал” хүрч, дампуурлын замаар замнасныг бид хангалттай харж байгаа. Гэтэл манайд цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг хүртэл төрөөс дааж, хүүхдийнхээ төлөө аав ээжийнх нь сард төлөх 5000 төгрөгийг хэмнэж, амьдралд нь асар “тус” хүргэж байна. Үр дүнд нь цэцэрлэгийн ачаалал хэрээс хэтэрч, дүүргийн багачууд харьяа цэцэрлэгтээ ч орох эрхгүй болж, хивсний захад унтсан хүүхдүүд бөөрнөөсөө жиндэж, хоолондоо цадаагүй жаалууд доголон нулимстай аягаа долоож буй дүр зураг хэсэгтээ хэвлэл мэдээллээс салаагүй. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг төрөөс даасан нь хүүхдэдээ сургуулийн өмнөх боловсрол олгож чадахгүй байгаа эмзэг бүлгийхэнд зориулагдсан арга хэмжээ байв. Үнэгүйд нугасгүй тэд хүүхдээ цэцэрлэгт өгөх болсон ч тоотой хязгаартай цэцэрлэгүүдийн чадлыг хэлбэлзүүлж, даацыг хэтрүүлэх болсон. Зүй нь бүх хүүхдийн хоолны мөнгийг даах тэр мөнгөөр тусд нь цэцэрлэг байгуулдаггүй юм гэхэд цэцэрлэг бүрт тусгай халамжийн бүлэг байгуулж, тэндээ харьяаллынх нь дагуу үнэ төлбөргүйгээр эмзэг бүлэгт хамаарах өрхийн хүүхдүүдийг авах ёстой байсан. Энэ бол хавтгай халамжийн хал балагтай ганцхан жишээ.

Гал алдсан ч түлээ нүүрсээ төр засгаас нэхэж, гараа хумхин суух хэсэг бүлэг хүмүүст гэр орон, мөнгө төгрөг хүртээхийн оронд өрхийн жижиг үйлдвэрлэл, бизнес эрхэлж орлогоо дээшлүүлэх гэж чардайж байгаа, эсвэл аль нэг байгууллагад мөрөөрөө ажлаа хийн цалингаараа амьдарч яваа иргэдээ чадах хэмжээгээр дэмжих нь өглөг дагасан ядууралтай дайн зарлах хамгийн зөв бодлого баймаар. Ихээхэн хэл ам болж байж энэ жилийн төсөвт суулгасан 30 тэрбумын жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн нөхцөл л гэхэд заавал аж ахуйн нэгж, нөхөрлөл компанид нээлттэй байгаа нь бас л эргэж харах асуудал. Тааруухан амьдралтай, тарчигхан амь зууж яваа нэгэндээ туслалгүй л яахав, гэхдээ эвгүйтвэл эмзэг бүлэг рүү ухарч мэдэх дундчуудаа хэдий чинээ анхаарч үзнэ, ядуурал, ажилгүйдлээс гарах сонирхолтой, амьдралаа сайжруулах бодол эрмэлзэлтэй хүний тоо төдий чинээ нэмэгдэх л баймаар.

ЭМЗЭГ БИШ Ч ЭРҮҮЛ БАЙМААР БАЙНА
Би эрүүл баймаар байна. Улс орныг төдийгүй дэлхий нийтийг цочроож байгаа A хvрээний H1N1 вирусийн халдвар авмааргүй байна. Хувь хүнийхээ хувьд хэрэндээ л урьдчилан сэргийлж, амны хаалт зүүж, адууны махаар хооллож, аарц чанаж ууж, дархлаа сайжруулах бэлдмэл хэрэглэж, сайн гэсэн болгоныг нь хэд нугалсан үнээр худалдан авч байна. Гэвч өвчний тархалт надаас шалтгаалахгүй нэмэгдэж, өдрөөс өдөрт халдвар авагсдын тоо өсч үржих болов. Агаар дусал, ахуйн замаар дамжиж, хүрээгээ тэлэн довтолгох энэхүү аюулт өвчнийг зогсооход аарц, чацаргана мэтхэн хүчин мөхөсдөх нь нотлогдов. Анагаах ухааны нарийн мэдлэггүй би байтугай ажлаа хийж яваа эмч, эмнэлгийн байгууллагынхан өөрсдөө халдвар авч, өвдөж эхэллээ.

Чухам ийм л үед би бусад орны иргэдийн адилаар вакцин хийлгэмээр байна. Мэргэжлийн хүмүүсийн мэдээлж буйгаар энэ өвчний аюултай давалгаа арай эхлээгүй байгаа гэсэн. Эхний үе шат нь 7-8 долоо хоног үргэлжилдэг байтал Монголд 4-5 дахь долоо хоног дээрээ хэдийнэ таван хүний амь насыг авч одсон. Ирэх сарын эхээр эхлэх илүү хүнд дэгдэлтээс нь өмнө вакцин хийлгэчих юмсан гэж хүн болгон хүсч байгаа. Гэтэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тусламжаар энэ сарын 9-нд орж ирэх байсан вакцин хойшилж, сарын сүүлээр ирэхээр болов. АНУ, Япон мэтийн баян орон үнэ цохиж, ихээр захиалсан тул үйлдвэрлэгчийн зүгээс хэсэг хугацаанд хүлээхийг хүссэн тухай учир мэдэх хүн тайлбарлаж байна. Тусламжаар орж ирэх вакцинаас гадна ЭМЯ 150 мянган тунг нэмж худалдах авахаар төлөвлөж байгаа нь энэ онд багтаан шийдэгдэх эсэх нь эргэлзээтэй аж.

Гэхдээ ирлээ ч гэсэн ДЭМБ-ын вакцин нь хүссэн болгонд олдохгүй юм билээ. Аюулт өвчний халуун цэг дээр ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад эхлээд хийх нь зүйн хэрэг. Дараа нь хил гаалийнхан, тэгээд эмзэг бүлгийнхэн тэрхүү 100 мянган тун вакцинаас хүртэнэ. Цаагуураа дарга нар хийлгэнэ ч гэсэн далд хардлага гарсаар буй. Гэвч улсын хүн амын дийлэнхийг эзэлдэг дундаж иргэд бид тэрхүү вакцинаас мөнгөөр нь ч болохноо худалдаж авч, гэр бүлээрээ хийлгэхийг хүсч байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санал болгосон вакцин нь хүрэлцээ муутай бол хоёр хөршийн үйлдвэрлэсэн, туршигдаад найдвартай нь батлагдсан вакцин хувийн хэвшлээр дамжаад ороод ирвэл сарын цалингаараа ч хамаагүй авмаар байна. Он удаан жилийн турш орос, хятадын эм тариа хэрэглэж ирсэн монголчуудад хоёр хөршийн хэрэглээнд нэвтэрсэн вакцин тэгтлээ гаж нөлөө үзүүлээд сүйд болохгүй л байх.

ЭМЗЭГ БИШ Ч ЭХ ОРНЫ ХУВИАС ХҮРТМЭЭР БАЙНА
Би эх орныхоо байгалийн баялагаас хувь хүртмээр байна. Дэлхийд данстай ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж буй энэ цаг мөчид төрсөн, амны хишигтэй иргэн хүнийхээ хувьд уул уурхайн салбарын ашиг орлогоос бусдын л адил хишиг хүртэх эрхтэй гэж өөрийгөө боддог. Гэхдээ сонгуулийн амлалтад дөрөөлсөн энэ хувь, хишиг хүртээх тухай асуудал аанай л иргэдийг баян хоосноор нь ялгаварлаж, ядуугаасаа ичих биш харин ч ид хав болгох боломж бүрдүүлж өгч байна.

УИХ дахь намын бүлгүүд эх орон, эрдэнийн хувийг ямар хэлбэрээр хүртээх талаар ид ярьж байна. Бүлгийн шийдэл нь байнгын хороодоор дамжин парламентаас гарах шийдвэрийн гол хана нь болдог. Даваа гарагийн намын бүлгүүдийн хуралдаанаас Оюутолгой төслийн урьдчилгаа болох 140 гаруй тэрбум төгрөгөөс амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэд болон ахмад настнууддаа түрүүлж өгөх хувилбар яригдав. Үүнийг байнгын хорооны гишүүд нь ч дуун дээрээ дэмжихээр байна.

Мөн иргэний бүртгэлийг сайжруулах зорилгоор олгох 50 мянган төгрөгийг бүх хүнд тараавал аманд ч үгүй, хамарт ч үгүй болох учир хэмжээг нь тодорхой хувиар нэмэгдүүлэн эмзэг бүлгийн иргэддээ түгээхээр ярьж байна. “Ингээд л миний нэр байдаггүй” гэж “Анхны алхам” кинон дээр ахмад хадланч гомдоллодог шиг дундуур орлоготой дундаж иргэн би ингээд л өглөг, халамжаас хасагдах нь. Эсвэл нэн ядуугийн тоонд багтахаар хороон даргаа лоббидох ажилд ханцуй шамлаж халаасаа тэмтрэх хэрэгтэй болох нь.

Улстөрчид үнэхээр л ард түмэндээ хишиг хүртээе гэж байгаа бол цөөхөн хэдэн төгрөгөөр нүүр тахалж өгсөн нэр зүүж үлдсэнээс сонгуулийн амлалтаасаа татгалзан, үйлдвэр байгуулж ажлын байр нэмэгдүүлэх буюу нийгмийн үйлчилгээг сайжруулах бүтээн байгуулалтад ашигламаар байна. Ачааллаа даахгүй байгаа нийслэлийн төрөх эмнэлэгүүдийн нурууг хөнгөлж, удтал яригдсан дөрөвдүгээр төрөх барихад тэрхүү бэлнээр тараах гээд байгаа хөрөнгөө зарцуулж болох юм. Үгүйдээ л олон жил мөрөөдсөн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий эмчилгээ оношлогооны иж бүрэн төв байгуулбал хөгшин залуу, эмзэг, дундаж, баян гэлтгүй бүгдэд маань л ашиг тусаа өгөхсөн.

Нэн ядуугийн зэрэглэлээс арай дөнгүүр амьдралтай гэдгээрээ эрүүл мэндээ эрсдэлд оруулж, элдэв хувь хишгээс “жийгдэх” магадлалтай яваа илүүрхэх чинээгүй, дундуурхах сэтгэлгүй дундаж иргэн би энэ бүх эрмэлзлийнхээ төлөө 1,5 саяаас татгалзахад бэлэн байна. Эс бөгөөс эмзэг бүлэгт сайн дураараа элсэхээс өөр ирээдүйтэй арга толгойд үнэндээ орж ирэхгүй нь.

Кино зохиол бичих нь  

Posted by Idea in

Ойрд лагшин жаахан чилээрхүү, лазан баахан хөдлүүрхүү байгаа ч төрөлхийн өлөн ховдог царайтай, өлөв долов хийн үүгээр түүгээр шиншилж явдаг хүний зангаар боломжийн орлоготой, бодоожийн ашигтай нэг бизнес санаа олчоод блогтоо оруулахгүй бол уун идэвч санагдаад унтаж сэрэвч зүүдлэгдээд болохын биш.

Ер нь би цаг үргэлж л улс орондоо болоод урд хожидод хэрэг болохуйц юм тоочиглож, хэрэгжүүлдэггүй ч хэлж ярьж суудаг, хэл амаа зүлгүүрдэж хүн амьтныг өдөж хатгаж явдаг үнэнхээрийн бүтээлч, худалхээрийн санаачлагатай нэгэн шүү дээ.

За тэр өөрийгөө дөвийлгөх яахуу, бүгдээрээ сайхан кино зохиол бичиж мөнгө олий. Гадуур юу л байна ханиад байна, ханиадны хажуугаар нян байна, вирус байна, тэгээд шинэ кино байна, аа бас Сү овогтой, сүүмгэр нүдтэй, бэл томтой, бэлчээр жижигтэй нэг шинэ Ерөнхий сайд байна.

Киноны тухайд, ихэнхдээ өмнө нь гараад улиг домог, ижил дасал болцон сүүдэр шийний хоёрдугаар ангиуд ар араасаа сүнгэнэж, ард түмнийг хуйлруулж, ашиг орлого хамаж байна. Камертай болгон кино хийж, заалтай бүхэн театр ажиллуулах болсон өнөө цагт өвөрмөц содон санаа олж, хүний сэтгэлийн учгийг хөндөх, эсвэл нам гайхшруулж бөөн таамагт автуулах гэж биеэ зовоох хэрэг огт алга.

За жишээ нь, Улаанбаатарын ой ч болжийно, “Амар хуур” кино байна л даа. Хот тохижилтын газар ажилладаг Төмөр гэж хэнхэг баагий хадмуудынхаа байшинг түрж хаячихаад охинтой нь суухаар хажуу өрөөг нь эзэгнээд, санасандаа хүрч байгаагаар кино дуусдаг даа ер нь вол. “Амар хуур-2” дээр Төмөрийг Зам тээвэр, барилга хот байгуулалтын яаманд газрын дарга болчихсон, бөөн бөөн төсөл цохиод, цулайж байгаагаар үргэлжлүүлье. За тэгэнгүүт 4000 орон сууц төрийн албан хаагчид олгох шийдвэр гарна. Мань эр нэг барилгын компаниас авлига аваад, тендэрт ялуулаад байжийсан чинь тэр нь баригдаад бөөн юм болно. Тэгэнгүүт хор найруулаад ялаас мултрангуутаа УИХ-д нэр дэвшиж энтэр... гэх мэтээр цааш явах нь байна.

Аа бас нэг армаанчиг кино байнаа. “Илүү сартай зун” гээд. Хөвсгөл далайн эрэг дээр амрахаар очсон хөлгүй охин нутгийн уугуул Галаа гэгч гэнэн цайлган, хөөрүү хөөсөргөн залууд дурлаад, тэр нь хэрэгт холбогдоод аавынх руу явж байгаагаар кино харамсалтай төгсдөг. Тэгвэл усан онгоцоор ачигдаж явсан Галаа 10 жилийн хорих ял авч, Авдрантад ял эдэлж байгаагаар киноны хоёрдугаар анги эхлэнэ. За тэгээд адал явдал оруулахын тулд шоронгийн жаа энтэр болцон, бас ижил хүйсэрхэх бэлгийн чиг хандлага сууцан эднүүс. Тэгжийснаа өршөөлөөр суллагдаад. Гэвч олон жил буруу замаар будаа тээсэн юм болохоор засарсан ч юмгүй, хүнд гаруудын толгойлогч архаг рекетчин болно. Үйл явдал нь 90-ээд оны дундаас 2000 оны эхэн хүртэл үргэлжилж, мань Галаа хулгай дээрэм, хүний наамай юу эсийг хийхэв. Тэгэнгүүтээ 2001 онд Центрпоинтын гэх хилс хэрэгт холбогдоод “рецедив Галаа” нэр зүүж яг таслуулахын даваан дээр прокурор бүсгүй түүнийг ялаас мултална. Тэр нь мэдээж нөгөө тэргэнцэр дээрээс таварцаглаж унаад уйлж үлдсэн Ариунаа байх жишээтэй.

“Хүргэн хүү” киног ч гэсэн яаж ч эргүүлж болно. Жамц баян нэгдэл нийгэмд хавчигдаад хотод ирээд өвгөнтийн хөндийн архичин болдог ч юм уу. Хүргэн хүү Дэмбэрэлийг мянгат малчин, Засаг дарга болгож томруулаад, хотод нэг ажлаар ирэхдээ хүүхэндэж явтал цагтаа цалгиж явсан хадам нь буудлын урд талын хогийн сав ухаж байгаагаар таардаг ч юм уу. Тэгэнгүүт эр улс аль алдаж онохыг тэр гэхэв гээд бие бие нь рүү асар ойлгосон харцаар харуулна уу, үүрдийн дайсан мэтээр үзэн ядалтаар хөгжөөнө үү зохиогч таны таалал, тачаал мэдэх хэрэг.

За дахиад нэг гарын доорх материал ашиглъя. “Нандин эрдэнэ” киноны нугараач хүүхнээс гарсан хүү хожмын алт мөнгөний дархан аавынхаа охинтой хайр сэтгэлийн холбоотой болж буйгаар үйл явдал өрнөнө. Зохиол чинь тааруу болчуул хүүд нь Номин талстын Дээгийг, охинд нь магнат Мянгаагийн экс амраг Пүүжээг тоглуул. Мэдээж киноны нэгээхэн хэсэг нь ч болов эротик зохиомжтой байх нь хууль. Тэгээл суваг болгоноор тэр хэсгээ гаргаад “Залуусын хайр сэтгэл, нийгмийн ёс суртахуун, баян хоосны ялгааг харуулсан, онц сонирхолтой, адал явдалт кино” гээл хүнгэнэсэн хоолойгоор закадрт Цоодол ахаар уншуулж зад рекламд. Аа тий, “Ховор эрдэнэ” ч юм уу нэг дууны үг Гүрээ ахаар зохиолгоод, Балхаа гуайгаар ая хийлгэн бүх оддоор дуулуулна. Мэдээж гоцлох хэсэгт нь одоо тарчаад байгаа “Номин талст” хоолой салгаж, клипэнд нь загвар өмсөгчийн дамжаанд суралцаж буй охидууд тоглох юм байгаан.

Дээхнэ үеийнхний үзээд үзээд уйддаггүй нэг кино байна. Яагаав нөгөө гажиг Гармаатай. Гол дүрийн жүжигчин Алтан-Өлзий гуай зайлуул жоохон өтөлж ядарсан л болохоос энэ зэргийн кинонд өлхөн тоглочихно. Харин Цэрмаад тоглодог дуучин эгч СУИС-д багшлаад толиотой нь аргагүй тормолзож яваа. Гэхдээ 21 дүгээр зуунд тэр хоёрыг дахин дурлуулаад сексдүүлэх нь юу юм, үр хүүхдийнх нь хооронд адармаатай явдал үүсгэхээс биш яахав. Гол зангилаа нь Цэрмаагийн охин бас уруул дээрээ мэнгэтэй /хар палмастераар зурсан/, хүү нь найз охиноо дагуулаад ороод ирэнгүүт хорт хавдар тусаад өнөө маргаашаа хүлээгээд, амьд дээрээ хүүгээ нутгийн сайн айлд хүргэн болгохоор бат нот шийдэж, өвчтэй эцгийн егзөр нүүр гаргаад хэвтэж байсан Гармаагийн хуучин цагийн сайхан дурсамж сэргэж..., гэх мэтээр үргэлжлүүлбэл өч төчнөөн бэлэн хоол байна.

Заавал иймэрхүү ядмаг сэтгэх албагүй л дээ, гэхдээ энэ бол зүгээр л санаа шүү дээ. Хуучны дууг сэргээж дуулсаны урын сан баяжиж, урьдны киног өлгөж үргэлжлүүлсэний өвөр халаас түнтийж буй өнөөгийн цөвүүн цагт өрсөж хөдлөх л хэрэгтэй. Аягүй бол шал дэмий оюуны бүтээл мүтээл гэсэн хууль гараад, эсвэл хэрэгждэггүй байсан хуулиа гэнэт хэрэгжүүлж, торгож энтэр гай болно. Өөрснөө бодож сэтгэж, тархиа гашилгаж, биеээ зовоож хийснээс илүү бусдын бүтээлийг бага зэрэг тордоод, пүүдэрдэж кремдсэн нь ашиг орлого олж, алдрын зэрэгт хүрээд байгаам чинь аз жаргалын хаалгыг бусдадаа нээж өг, ачийг чинь тэд бас үл мартаг аа.