2007/11/22

Эрдэнэтэд элгэмссэн нь

Саяхан хоёр хоногийн хугацаатай Эрдэнэт яваад ирлээ. Салбарын бүсийн зөвлөлгөөнд оролцсон юм. Эрдэнэт энүүхэн ойрхон ч би анх удаа ийн тухтай зочилж, томоохон үйлдвэрүүдээр нь орж нэлээд бүтээлч аялав. Зарим нэгэнд нь сонирхолгүй байж болох ч явсан газрын богцноос цухас хуваалцмаар санагдлаа.
Эрдэнэт ба аян зам
Өглөө эрт 8-д цуглараад Эрдэнэтийн зүг хөдөллөө. Таван машинд хүмүүсээ хуваахад би зохиолч, сэтгүүлч Ү.Хүрэлбаатар гуайн машинд хуваарилагдав. Ширвээ сахалтай, ширүүндүү харцтай энэ хүнийг Уламжлалын нэгдсэн намын дарга, “Түгээмэл” ДС-ийн захирал гэдгээр нь илүү мэдэх хүмүүс ч байх. Анх удаа нүүр тулж, аян замын турш үг сольж явах завшаан олдсонд нь олзуурхаж л явлаа. 300 гаруй дууны шүлэг бичсэнээс ихэнх нь хит болсон, хэд хэдэн удаа бие даасан тоглолт хийсэн, олон кино, жүжгийн зохиол туурвисан гээд хүн хийж бүтээсэн юмтай байх сайхан. Жолоочоор нь эхнэр нь явах ба тэр бүсгүй энэ хүний амьдралын хань төдийгүй уран бүтээлийнх нь түшиг тулгуур, хувь хувьсгалын олон ажлынх нь ноён нуруу болдог нь ойлгомжтой.
Насаараа ханилсан хүмүүсийн хоёр биенээ гэх хайр халамж, энхрий дотно харьцаа юм бүхэн дээр илт. Биднийг хүртэл халамжилж, “хүүхдүүд үүнийг ид, уу, даарч байна уу, ядарч байна уу” гээд хоёул хоёулаа сүйд майд болно. Саар хэлэхийн аргагүй сайхан гэр бүл юм даа гэж эрхгүй бодогдож байлаа. Төсөөлж байснаас илүү алиа хошин хүн юм Хүрэлбаатар гуай, үе үе хөгжилтэй хууч хүүрнэж элэг авчих шахна. Замдаа шүлэг хүртэл зохиов. Манай машинд өөр эр хүн яваагүй болохоор түүнтэй ханьсаж хаа нэг хатуу юм татчих хүн байхгүй байлаа. Тэгээд ч хажууд нь жолооч, халамжлан хүмүүжүүлэгч, хамгаалагч, хяналтын албаны даргын ажлыг давхар хашиж яваа нэг хүн байхад.
Байсгээл зогсох болгонд Хүрлээ гуай нөгөө машин руу орно, гараад ирэхээрээ жоохон татчихсан байна, мэдээж Эрдэнээ эгч дургүйлхэнэ. Гол нь нөгөө машинуудад Радиогийн дарга Пүрэвдаш, Дарханы “Ай-жи-Би” телевизийн Ө.Рагчаасүрэн, ахмад сэтгүүлч Г.Бямбажал, зохиолч Дугар гээд дандаа нэгэн үеийн акулууд яваа болохоор тийш гүйх нь арга ч үгүй байх.
Мань эр эрүүний шөл уухаараа хүд хүд хөхрөөд л, эхнэрээ цаашлуулаад л.
…Гэр холдов
Гэдэс өлсөв
Гэнэт зогсов
Ам цангав
Апу аврав
Авгай хялалзав
гээд л шүлэглэсээр, бид хөгжилдсөөр яваад хүрэх газраа ирлээ.
Эрдэнэт ба өнгө төрх
Буунгуут яг Иркутскт ирчихсэн юм шиг санагдав. Ямар ч гэсэн нүдэнд бүртийх хог хаягдал харагдсангүй. Охид хүүхнүүд нь царайлаг, орсон дэлгүүрүүд нь бараалаг л санагдлаа. Усан оргилуур, бассейн, өргөн зам, секундээр ажиллах гэрэл дохио гээд нийслэлд маань өгүүлэгдэх юм нэжгээд байх . Албан ёсоор 86 мянган хүнтэй гэж байгаа ч энд шилжин суурьшигчид нэмэгдээд албан бусаар 100 мянга хол давжээ.

Хамгийн сонин нь бидний нэрлэж заншсан Эрдэнэт хотын албан ёсны нэр нь Орхон аймгийн Баян-Өндөр сум. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн шинэ хуулиар тэр л дээ. Нэг суурин газар гурван нэртэй, тэрнийхээ хэрээр статус нь ялгаатай, тус бүрдээ удирдлага аппараттай. Хуучин Улаантолгойн САА-тай хэсгийг Жаргалант сум гэдэг. Хоёрхон сумтай аймаг Монголд Орхон л байдаг гэнэ. Утгагүй байгаа биз. Харин иргэд нь Эрдэнэт хот нэрэндээ их дуртай юм билээ. Арга ч үгүй биз.
Баян-Өндөр 83 мянган хүнтэй байхад Жаргалант сум 3000 хүнтэй. Улсын дунджаар багууд 2000 хүнтэй байхад Баян-Өндөр сумын багууд 10 гаруй мянган хүн амтай. За тэгээд хотын зэрэглэлтэй хот сумын хэмжээнд засаг захиргаатай гээд яриад байвал их юм байдаг аж.
Томоохон суурин газар л болсон хойно орон сууц хүрэлцээ муутай гэнэ. Нийт хүн амын 67 хувь нь 37 насны залуус байдаг. Одоо Эрдэнэт зургаан хороололтой. Энэ нь хүн амын орон сууцны хэрэгцээний 50 хүрэхгүй хувийг л хангадаг. Одоо 7-р хороолол барих ажил эхлээд байна. Гол нь хотын цэвэрлэх байгууламжийг өргөтгөхгүй бол нэмж хороолол бүү хэл нэг ч барилга барих боломжгүй юм байна. Он улирсан энэ асуудлыг одоогийн Засаг дарга Г.Шархүү нь шийдүүлсэн тухайгаа бидэнд бахархалтай ярив. Дүгнэлт хийх гэж яарсангүй, зүгээр л хөндлөнгийн нүдээр харж явах сонирхолтой байв. Ямартаа ч цэвэрхэн сайхан хот санагдлаа. Юмны үнэ ч хотоос харьцангуй хямд байв.

Эрдэнэт ба үйлдвэрлэл
Эрдэнэт үнэхээр аж үйлдвэрийн хот юм. Монголын ганц “саалийн үнээ”, заримдаа “хэрүүлийн алим” болдог Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрээр оров. 6000 гаруй ажиллагсадтай энэ үйлдвэрийнхний нь дундаж цалин 350 мянга. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ өндөр байгаагаас өнгөрсөн жил түүхэндээ байгаагүй ашигтай ажиллажээ.

Энэ жил ч мөн адил тийм байхаар байгаа аж. Ажилчдын үдийн цайг уув. Яг л орос ресторанд байгаа юм шиг санагдлаа. Орчин тойрон нь цэвэр цэмцгэр, ажлын хувцас нь өнгөлөг, аргагүй л ах нар олонтой газар арай өөр юмаа гэхээр. Ерөнхий захирал Х.Наранхүүгийн ярианаас дараах нэг өгүүлбэр сайхан санагдав. “Эрдэнэт үйлдвэр дахиад 45 жил хэвийн ажиллах боломжтой, зэсийн үнэ уналаа ч гэсэн ойрын таван жилдээ айлтгүй. Оросууд үйлдвэрийг авна барина гэсэн яриа ор үндэсгүй, улсын төсвийн 70 орчим хувийг дангаараа бүрдүүлсээр, орон нутгаа тэтгэсээр байх болно”
Дараагийн зочилсон үйлдвэр бол АНУ-тай хамтарч байгуулсан "Эрдмин" зэсийн үйлдвэр. Тус үйлдвэр нь одоогоор цэвэр зэс үйлдвэрлэж байна. Удахгүй кабель хийж монголчуудын хүсэн хүлээдэг эцсийн бүтээгдэхүүн экспортлоно гэж танилцууллаа.
Энэ уг үйлдвэрээс гаргадаг 99 хувийн сорьцтой цэвэр зэс. /Хайлуулаад бугуйвч хийнээ гсн ккк/
Монгол-Израилийн хамтарсан “Шим технолоджи”. Энэ үйлдвэр нь Эрдэнэт үйлдвэрээс гарсан молибденийг баяжуулж эцсийн бүтээгдэхүүн болгон экспортлодог аж. Сард 140-180 тонн молибдений техникийн исэл үйлдвэрлэж БНХАУ, Солонгос, Япон, Энэтхэг, АНУ зэрэг дэлхийн олон оронд экспортлодог. Мөн молибдений баяжмалд агуулагдаж байгаа рени хэмээгч элэментийг ялгаж рений давс үйлдвэрлэх систем ашиглалтанд оруулж, ферромолибден үйлдвэрлэх зуух угсарч байгаа юм байна. Нэг ёсондоо дэлхийд хэмжээнд хамгийн сүүлд хэрэглэгдэж байгаа технологи ашиглаж буй, хими металлург хосолсон Монголын анхны химийн үйлдвэр аж.

За тэгээд Хятадтай хамтарсан цаасны үйлдвэр модны хаягдлаар цаас хийн урд хөрш рүү гаргаж байна. Швейцари-Монголын ган бөмбөлгийн, Герман-Монголын махны үйлдвэр гээд орон нутгийн төсвийн ихэнхийг бүрдүүлж байгаа томоохон үйлдвэрүүдийн үйл ажиллагааг нүдээр хараад сэтгэл өндөр байлаа.
Энд хамтарсан 10 гаруй үйлдвэр, бие даасан 1000 гаруй үйлдвэр аж ахуйн нэгж байдаг. Эдгээрт Эрдэнэтчүүдийн 90 гаруй хувь нь ажилладаг болохоор ерөнхийдөө амьжиргаа сайтай, ажилгүйдлийн зовлон бусад аймгуудтай харьцуулахад бага байх юм.

Эрдэнэт ба эмнэлэг
Ямар ч суурин газрыг эмнэлэггүйгээр төсөөлөх аргагүй. Хүн амынхаа эрүүл мэндэд хэр санаа тавьж, эмчилж эдгээж сэргийлж байгаагаар нь тухайн газрыг шинжиж болох юм. Бид хүсэлт тавьсны дагуу аймгийн Эрүүл мэндийн төвөөр оров. Биднийг ирнэ бэлдээгүй ч хотын эмнэлэгт ховордсон санаа авууштай юм олон байв. Ганц нэгээс нь дурдъя.

Эмнэлэгтээ улсад ховор байдаг орчин үеийн тоног төхөөрөмжүүд суурилуулж, тасаг бүрээ шинэчлэн, нэмэлт зохион байгуулалтад оруулжээ. Мөн эмнэлгийн төлбөрт өрөө, зочид буудал, спорт амралтын өрөөнүүдийг байгуулж, төрөх, мэс засал, халдварт өвчин, хүүхдийн тасагуудаа голлон иж бүрэн тоноглож тохижуулсан нь анхаарал татаж байв. Тэд өөрсдийн боломжоо дайчлахаас гадна “Эрдэнэт” үйлдвэр, олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрөөр улсын төсвөөс гар харалгүй эдгээрийг хийж гүйцэтгэсэн тухайгаа тус эмнэлгийн дарга, ерөнхий эмч М.Баттүвшин танилцуулж байв.
Эмнэлгийн жирийн өрөөнүүд нь жигтэйхэн цэвэрхэн, эд нараас гадна төлбөртэй өрөө нь гурван зэрэглэлтэй. Дундаж 1 өрөөг нь харууллаа.

Эрдэнэт ба чөлөөт цаг
Idea л болсон хойно амралтын цагаа ашигтай өнгөрөөхөөр өөртэйгээ таарсан хэдэн нөхдийн фракц байгуулаад амьтан хүний нүд хариулж аятайхан диско бар сураглав.
Хүмүүсийн хэлснээр “Allegro” хэмээх газар нь хамгийн том, бас овоо удаан ажилладаг гэнэ. Удаан гэснээс энд ёстой хууль бол хууль байгаа нь содон санагдав. Ороход залуус ихтэй газар гэсэндээ пиг байлаа, баасан гуайн мэлмий гийсэн өдөр байсныг ч хэлэх үү, нүргээ доргио нь ч дутах юм алга. Гэтэл оройн 11.40-ийн үед захиалга өгөх гэтэл архины төрлийн юмны захиалга авахгүй, 12.00-т хаана гэдэг байгаа.

12-той зэрэгцээд дижи сүүлийн гурван ая тавиад, хааснаа мэдэгдэхэд харсаар байтал нүдэн дээр хамаг хүн тарж одов. Хотын баар бол яадаг билээ, дотроосоо түгжиж байгаад ч хамаагүй үүр цайтал үздэг дээ.
Сар болгоны 15-нд архи зарна гэж гонж, худалдагч руу нь ирмээд ч, дээгүүр доогуур дохилцоод ч нэмэргүй, “ёстой ёрын газар байна лээ” гэж урд нь ирж байсан нэг ах ярина лээ.

Энэ хоосон талбайн зураг, Idea овсгоотой хүн болохоор пиг байхад нь зураг дарах самбаачлага гаргаж амжсангүй.

За тэгээд нүдэнд туссан болгоноо бичье гэвэл барагдахгүй нэг үгээр хэлэхэд Эрдэнэт сайхан газар юм. Элгэмсмээр, хорогдмоор хот юм. Зун тухтай ирвэл ГОК-ын амралт, Олимп цогцолбор, Бурхан багшийн сэрэг дүр гээд үзээгүй юмаа гүйцээнэ дээ. Дутуу юм бас байнаа, алдарт хивсний үйлдвэрээр орсонгүй, аймгийн залуустай ч учир ургуулж амжсангүй гсн ккк.
Нээрээ очсон орой аймгийн удирдлагуудын хүлээн авалтанд орсон юм байна. Алга ташилтаар угтуулж, архи дарсаар үдүүлдэг ёсон нээх сэтгэл хөдөлгөхөө больжээ. Харин Засаг дарга нь сүрхий сайхан уртын дуу дуулдаг хүн байна лээ.

Бас энэ шүлгийг уг арга хэмжээн дээр уншиж, дуу дуулж, хөөмийн үзүүлбэр үзүүлсэн, дараа нь надад зориулж цааснаа тэрлэж дурсгасан “Нийтийн мэдээллийн төв” телевизийн ажилтан нэгэн залууд уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Юм баримттай нь дээр гээд энд оригналиар нь оруулаад доор нь сийрүүлэв. Бас блог унших бүсгүйчүүддээ давхар зориулав.

Бүсгүй танд…
Гэрэлт гудамжаар нь дүүрэн цэцэгс алагласан газар зүрхэнд тань байдаг
Гэгээн хүслийн тансаг үнэр сэтгэлд тань байдаг
Гүн хөх тэнгэрийн ихэмсэг харц мэлмийд тань байдаг
Ганц олдох амьдралд итгэл өгөх ялдам инээмсэглэл
зөвхөн бүсгүй танд л байдаг аа...

12 Сэтгэгдэл:

3apaa said...

Эрдэнэт явхааргүй л болчлоо. Бас их юм амжуулжээ Идеа гуай. Шүлэгчийн сэтгэлийн галыг ноцоогоод бас амжаа шивдээ? Бааранд хамт суугаа хүүхнүүдийнхээ нэрийг баруун гар талаас тэр тэр... гээд нэрлээдхээч гсн :P

Ганаа_бж said...

Erdenet saihan gazar aa. Tsomhon, tseverhen.

2onki said...

Erdenet yavj amidrana aa eruusuu, zyg yavah yy?

yuki said...

Онки би зуг явий.

Цэвэрхэн, тайванхан газаршүү.
Эрдэнэтийн Сэлэнгэ зочид буудлын хойд талын 4 замын уулзвар дээр миний сууж явсан машин, хажууд зэрэгцээд нэг машин, эсрэг эгнээнд 2 машин явжийсан чинь жолооч маань яаая зам ямар түгжээтэй байнаа гэж наасийшд. зогсоогүйлайсан, давхижилайсан хирнэээ тэгжүүү.

Арсун said...

Миний ажил амьдралын гараагаа эхэлсэн газар даа. Цэвэрхэн цэмцгэрхэн хот шүү. Өвөлдөө дулаахан зундаа, сайхан сэрүүхэн.

Арсун said...

Сонирхолтой зураг байна авсан шүү.

Mika said...

Erdenet ch neeree saihan gazar shu. Ter 6 horoolliin negend ni hadmiih maani bgaa daa. Ochihiiisan. sanaad bna gsn :-P

Yavsan gazriin sonin duulah ch saihan bnaa.. Sain hun yavsnaa gej,,, :-D

ZAYA said...

Баримтаар дүүрэн сайхан бичлэг байнаа. Шүлэгчний гар бичмэл...

melkadies said...

Idea ch dajgui huuhen bna shdee. Durlav.

Idea said...

Зочилсон, таталсан та бүгдэд талархлаа.
- Зараад: Чамд яг хэнийх нь нэр, хаяг хэрэгтэй байна айн? Бүгдийг нь гээд хавтгайруулаад байлгүй, таалагдсаныгаа шударга хэл л дээ гсн ккк.
- Ганаад: Булган, Завханыхан их нүүж ирж байгаа юм байна лээ. Одооноос арга хэмжээ авахгүй бол манай хот шиг шилжин ирэгсдээр хаяагаа замбараагүй тэлж магадгүй л юм шиг байна лээ. Гэхдээ үнэхээр цэвэрхэн, тайван санагдсан.
- Онки, Юуки хоёр очоод амьдарчуул сайн л байна. Бяд үе үе зочилж очоол. Сар болгоны 15-нд очиж л гэнэдэхгүйм шүү. Үр хойчдоо захихад гсн.
- Хөөх Арсун эндээс амьдралаа эхэлсэн юмуу. Эрдэнэтийн царайлаг хүүхнүүдээс нэгэнтэй нь ханилсан гэсэн үг үү? Микагийн хадамтай яаралтай холбоо барьж энэ асуудлыг тодруулнаа. Цаадах чинь ойрд хадмаа санаад нус нулимс болж байгаа сурагтай. Хазгар хүүхэн юу гэдэг билээ? кккк
- Заяад: Энэ Idea сайхан бүлтэрч байна даа гэх вий гэж гар бичмэл оруулсийн. Дараагийн удаа ийш тийш явахаараа бүр ноцтой баримт хавсарганаа. Хэрэглэсэн бэлгэвч ч юмуу /хадуурав/
- Зиак, манай Melkadies тал дүүрэн таван хүүхнээс алийг нь мэдэж Idea гэж таньж байгаан бол? Бодоод зогсохгүй дурлаж байгаан бол? Зүрх сэтгэлийн асуудалд ийм хөнгөн хуумгай хандаж болно гэж үү? Яс юман дээрээ тэр нөхөр яг энэ зураг төрөх мөчид camera бариад зогсож байсан бол яахуу? /чухал царайлав/

Anonymous said...

Erdenet-d ochij amidarmaar boltol bich-hiimaa hehe.
Chinii blog-g ehnees duustal unshij guitseh gee l oroijingoo suuj bnaa. Chi uneheer uhaalag, aviyastai special busgui bn shuu.
Chamd horvoogiin hamgiin sain saihan buhniig husei.
Sanasan buhen chin setgelchlen buteg ee!
usa-s

Anonymous said...

Сайн байна уу? Эрдэнэтийн цаасны үйлдвэрийн тухай хайж яваад таны блог руу ороод ирлээ. Тэр цаасны үйлдвэртэй холбоо барих хаяг байна уу? Сураг олж өгөөч. Яаралтай хэрэгтэй байгаа юм. Миний э-шуудан: seggi_aps@yahoo.com

Хүндэтгэсэн,
Сэргэлэн