Дахиад шийдэх ёстой асуудал гараад ирэхийн. Бас бөөн эргэлзээ тээнгэлзээ. Өмнөхийгөө арай ядан хоолой давуулж, хоосон ходоодоороо гулгуулж хойд сүвээрээ далдруулж байхад. Одоо энийг яах вэ гээд ор дэрээ умартаж, оочих аягаа хугаслаж, оймсоо толгойдоо углаж, оронд нь бээлий өмсөхдөө хүртэл самуурч байна наана чинь.
...шинэ ажлын санал ирэхэд над шиг ингэж бухимдаж хүлээж авдаг гажиг гар байдаг болов уу. Уул нь бол “жа” гээд алгаа хавсраад адис аваад л зөвшөөрдөг газар. Тэгтэл цагаа тулахаар болдоггүй юм гэж байх юмаа. Ер нь юу болоод Idea учиргүй гэнэт эрэлт хэрэгцээтэй амьтан болчихвоо. Урьд нь хэн ч тоодоггүй, өөрөө ч өмдөө чирж, үсээ ширэлдүүлсэн юм байсан чинь он гарав уу үгүй юу овоо хэдэн санал оочерлож дугаарлаад сүйд майд. Ойлгохоо ч байлаа.
Уул нь сонгууль болно гэхээс үс нь өрвийж, яс нь хавтайж байгаа над шиг хүн хийж байгаагаасаа түр хөндийрөөд авахад гэмгүй ч юм шиг. Idea-аас олигтой амьтан байсан бол хэн нэгнийг пиардаж хэдэн цаас салгахаа бодмоор, гэтэл нь нэг л дургүй хүрээд байхын. Мөнгөнд дургүйдээ биш, мөрөөрөө мөөмөө унжуулаад явмаар байгаадаа л тэр. Нэг нэгнийхээ бөгсийг ухаж, бөөрийг нь гаргагсадын малтуур маажуур болно гэдэг хүсэх юм биш юм билээ. Үсэрч наалдаж, үзэж тараад ч үр дүн нь адилхан гэж гэж бодонгуут л өмднийхөө тэлээг хоолойдоо тулгаж, үнсэн зуурмаг нүүрэндээ нялчихмаар байх чинь. Яахвээ байз.
Ингэхэд тэр дээр улс төрчид нанчилдаж, улсын их хурал нь арцалдаж байх нь нам дор газрын навтгар Idea-д юуны хамаа байнаа. Би ямар улстөрч биш, нэр дэвшигч ч биш, боллоо гэхэд сонгогдох магадлал 0 хувь, солгой зөвгүй солиордог блогноос өөр тоох тойрог алга, тойглох сонгогч ч алга.
Шийдвэр гаргахдаа шил нь татчихсан юм шиг хойрго, тодорхой юм тоймлохдоо толгой нь мод болчихсон хүүр юмаа би нээрээ, дотроо жоохон юм бодохоор л юу юугүй урвайж нурмайж, сайн дураараа бөөн стресст орчихийн. Блогоо ч бичих завгүй, бодож шийдсэн ч юмгүй толгойгоо салаавчлаад дээшээ харж хэвтсээр байтал үмхийрч ялзарч, үнэр орох нь.
Яджаахад нүүрэн дээр хүртэл газрын зөвшөөрөлгүй баахан батга ирээд буучихаж. Бүр үер усны аман дээр шүү, хөөж туугаад ч хэрэг алга. Хэзээ нэг барзгар хар царайгаа баллуурдаж хаячихаад шиврээ арилгаж, шийдвэрээ гаргачихаад сэтгэл цэлмээд алхаж байх бол. Ингэсгээд гарч гандан ороод “Шийдвэрийн даллага” авахуулбал асуудал нэг тийш болох болов уу, гсн. Хүмүүстэй зөвлөлдөхөөр бүр толгой 360 эргэж, хойд шилээрээ хоол идэх гээд чичирчих юмаа.
За за, энүүхнийг шийдэж чадахгүй ингэж блогынхоо талбайг бузарлаад ч яахав. Уншиж байгаа хүний уур хүрэх байх, энэ нөхөр ер нь яачихаад байгаа юм гээд. Тэгэхээр ерөөсөө ирэх долоо хоногт асуудлыг нэг тийш болгож, шинэ эрч хүч сэлбэ аваад, шижгэр олон бичлэг оруулна гээд амалчихъя.
Хүнд амалчихсан юм чинь нөгөө нэрэлхүү золиг чинь нэрээ хичээхдээ нэг тийш болгочихож магад. Эсвэл ширэн нүүрлээд тас гүрийгээд таг гөлийчихөж ч ч магад. Хэлж мэдэхгүй байна. Ямар ч гэсэн овоо юм хум оруулаад, дуу шуу аялаад гүйж явбал Idea асуудлаа шийдчихэж гэж бодоорой. Блог нь нүүр шиг нь барзайж, цай ч үгүй, царай ч үгүй халтайгаад байвал энэ нөхөр батга, барзгар, асуудал гурваасаа ангижраагүй л яваа юм байна гэж бодоорой.
Толгой хамуурч, тоймгүй олон бодол эргэлдээд байна. Гарч ганц пиво уучаад гандан орноо, ламын өрөөнд юм үнэртүүлж ирлээ гээд жанчуулдаг юм болов уу. За жанчуулсан чиг л яахав, жанхуу шиг зунгаарч байснаас л дээр байх. Гарлаа…
НАМИРАА САЛХИ (Өгүүллэг)
1 year ago
13 Сэтгэгдэл:
Эгзэгтэй мөчид байгаа юм байна. Чих тавьж л байя, хэрэгт дурлаад орж гараад салахаа болих байх.
kkkkkk uur hurehees ilyy ineeseer baigaad taarlaa. asyydaltai, arzgar tsaraitai bgaa uyed chin ineej ene ter shoolson yum shig bichsend sorry. naadah chin asuudal bishee ho... margaash Idea ineegeed orood ireh wii. yun tuluu "idea" bilee tee kkkk tashuur uguw.
Amjilt huseye.
Iim mochid hun inge teg gej heleh argagui shuu. Gehdee Idea busguig zov shiidver gargana gedegt itgeltei baigaa shuu. Yasan iisnee medegdeerei dee.
Асуудлаа хүртэл уншаад л баймаар гоё бичих юм Арзгар батгатай нүүртэй энэ бүсгүй :p
Амжилт хүсье..
Уббаа нь жанчихдаа сайн шүү... Хар элгийн ламд жанчуулж байснаас айн?
hehe. tataaj uguh yumaa.
ter batga chin gazriin zuvshuurulgui garaad bhdaa yaadag bnaa tee. miniih deer bas haaya tegdgiin.
odoo ch songuuli ehelne. buun l bie bieniigee muulsan doromjilson bichleguud bh bhdaa end tend.
ха ха эмэгтэй бэлэн Сэнгэ.
Тэгээд бас пиав уудаг. Харваас чи бид 2-н лам итгээд явдаг лөөлөө байна доо.Хаанаас нь ч харсан орчин үеийн далан худалч бэлэн сэнгэ.
Idea эгчээ, санаа зоволтгүй дээ, яг юу тулгараад хэцүү байгааг тань сайн мэдэхгүй ч гэсэн тэгж байгаад болчдиймаа. өөрийгөөө стрэссдүүлэлгүй, эерэг талаас нь хараад шийдчих !~~~~ АМЖИЛТ
Za tegeed shiidweree taniltsuulaarai hehe
lam yu gev?:)
Ганга: Хэрэгт дуртай байх чинь зүгээр юм биш үү, блогоор маань орж гараад л хэхэ
Болорхон: Зүгээрээ, заримдаа уурласан хүний хажууд инээхээр дагаад мушийдагтай л адил байна
Арсун: Баярлалаа
Пийки: Харин тийм, хүн хүний ам харахаар бүр эргэлзэж дуусдаг юм байна лээ. Хариугаа хэлнэ ээ
Хүү: Хэхэ баярлалаа
Зараа: Чамд жанчуулснаас цагдаад бороохойдуулсан нь дээр байхаа даа бараг
Бямбаа: Газрын зөвшөөрөлгүй энэ хэдэн батгыг заримдаа яахаа мэдэхээ больчихоороо үндэсгүй цэвэрлэгч, эрх бүхий албан тушаалтан руу өөрийн эрхгүй очих юмаа хэхэ
Гамп: Хаха чи яаж мэдээд байна. Мань чинь ламд өгөх өргөл барьцаараа пиав уучихсоон, өглөө нь толгой сэргэлэн, бүх асуудал жин тан босч ирж байгаам чинь
Жасмин: Сэтгэл санаагаар дэмжсэнд баярлалаа. Уул нь нээх ч сүйдтэй юм биш л дээ, Idea л сүржигнэж байхгүй юу
Онки, Арсун: Хоёр цаг хонгилд оочерлож байж ороход хосгүй увидастай, энгүй идтэй ламтан эрхээрээ мэргэлж, хөзрөө эргүүлж, чулуу татаж, зоос гүйлгэж удтал элдэвлэсний эцэст "Өөрөө мэдтүгэй" хэмээмой.
Яджаахад нүүрэн дээр хүртэл газрын зөвшөөрөлгүй баахан батга ирээд буучихаж. Бүр үер усны аман дээр шүү, хөөж туугаад ч хэрэг алга. Хэзээ нэг барзгар хар царайгаа баллуурдаж хаячихаад шиврээ арилгаж, шийдвэрээ гаргачихаад сэтгэл цэлмээд алхаж байх бол........
Хэхэ ёстой янзтай хэллээ
Post a Comment