2008/01/14

Сэтгэлд хоногшсон сайхан мөртүүд

* * *
Салхиар ганхах өвсөнд ч амь нас минь буй
Сайхан эх орон минь…
Сэтгэлээ ариусгаж, нэгэн биеэ өвс ногооны чинь ширхэг бүхэнд өгье
Санаагаар жаргаж, гол усны чинь ариун тунгалагт уусъя.
О.Дашбалбар

Орон дэлхий уудам ч төрөлх нутаг ганцхан
Охид хүүхнүүд олон ч төгөлдөр чи минь ганцхан
Мөнх цастай ууланд хавар ирлээ ч адилхан
Мөнхөд орших нутагтаа жаргаж гуньсан ч адилхан
Ж.Болд-Эрдэнэ

Санаа алдахад эхийн сүү тагнайд амтагдаж
Салхины үзүүр залгихад агь хоолойд аргасан
Боржигоны бор тал минь
Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог
Тэнгэрийн хэвтэр буурал тал минь
Б.Лхагвасүрэн

Буурал намарт би зун цагаас илүү дуртай ч
Бундан навч ногоорох хавар цагт дэндүү дурладаг
Мөнгөлөг горхи жирэлзэн урсаж, мэлхий вааглахад
Мөнгөн сарны дор амьдарч яваадаа баярладаг.
Ц.Буянзаяа

Гэрэлт орчлонд төрсөн минь учиртай
Гэмгүй шувуудын үүрийг эвдэж өндгийг няцлаад
Хэрсүү сууж ухаан орсныхоо эцэст
Гэнэн насаа өрөвдөж явах гэсэн юм би
Гэрэлт орчлонд төрсөн минь учиртай
Б.Явуухулан

Аргалын цэнхэр утаа талын дундаас хөврөх нь
Амар мэндийн аялгуу эгшиглээд байх шиг санагдах юм
Арилжаа морины мөр айлын гаднаас зулрах нь
Алагхан талдаа үлдээсэн алганы хээ шиг бодогдох юм.
Х.Чилаажав

Үе үехэн бороо орох сайхан
Өлгөсөн цувнаас ус дуслах сайхан
Үүлэн чөлөөгөөр нар гарах сайхан
Үүдээр болжморууд нисч өнгөрөх сайхан
Д.Нямсүрэн

Эртний домог шиг буурал тал
Эргэн тойрон чимээ алдарна
Оддын дунд ижлээ үзсэн шиг
Шөнийн талд адуу янцгаана
Д.Нямаа

Суурингийн дэргэдэх өвгөн ганц мод цасанд дарагдаж
Хөв хөх хөдөөд бүсгүй хүн дуу мэтгэх мэт утасны мод алсарна
Эх нутагт минь он цагийн хөх тавилан сүүмэлзэж
Эцэг шиг уртаар санаа алдана, цас бударна.
Л.Моломжамц

Өглөө босоход минь цас орсон байгаасай
Өнгө тунгалаг наран гийж үүр цэлмэсэн байгаасай
Тэнгэрт тасарсан ганц шувууны өдөөр ээждээ захидал бичих юмсан
Тэрлэг дээлийг минь явуул гэж хүнээр хэлүүлэх юмсан
Д.Баттогтох

Сорт уулын будан цээжний буйдад намаршаад
Сайн яваагаа хэлэх мэндийн минь үг оройтжээ
Өнчин хөх нулимс зэрэглээнд үйж гэмтэхүйд
Өнгөт энэ орчлонгийн элгийг дэвттэл уйлахсан.
Idea

11 Сэтгэгдэл:

3apaa said...

Энэ хамгийн доод талын нөхөр мундаг бичхиймаа тэ?

ZAYA said...

Шүлгийн ном чинь байдаг болов уу гэж саналаа. /Нэрийг нь хэлж өгнө үү/
Уран бүтээлийн амжилт хүсье.

ganga said...

Saihan shulegs tuuj oruuljee.Bayarlalaa. Arhini esreg urialga gargaad, yoltloo yolkdood duugiin maani erch huch byalhaj bainaa. Amjilt. Olon saihan shuleg niitlel bicheerei.

Arsun said...

Ene taaruuhan geh shuleg algaa, saihan baina. Amjilt huseye.

Anonymous said...

хамгийн доод талд часхийлгэдэг нь сайн тактик байна шөө. юун явуухулан, бавуугийн хүүхэд. ард чинь асааллттай танк байгаа шүү гэж айлгасан бна шдээ.

oyunaa said...

Saihan buteeluud shuu... neeree hamgiin dood tald ni uneheer chas hiisen buteel bna aa chamd amjilt hucie!!

A.Амарсайхан said...

Нуурын эргээр зугаалж явлаа
Нугас дуугарах шиг боллоо
Нугас дуугарч байна уу гэтэл
Нугас л дуугарч байлаа
/Ардын аман зохиолоос/

meesh said...

Сайхан зохиолчид.Бага байхад манайхан Болор цомыг сайн үздэг байж билээ хөгшин хөвөөгүй.Ер нь манайхан гэлтгүй нийт Монголчууд үздэг байсан шт.

Болорхон said...

санамсаргүй явж байгаад сайхан блог оллоо. Бодол чинь алс, үг чинь хурц байг ээ. /ганцхан мөр холбосон шүлгэнд хэлж байгаа юм биш шүү бүгдэд ок?/ Санаа бодол нэг сайхан хүмүүстэй таарах ч сайхан шүү.

Idea said...

Зараа: Хэхэ наад нөхөр чинь залхуу завхай хоёр нь дэндсэн болохоос биш уул нь гайгүй юм байгаан, гээлүү хэхэ
Заяа: Яг одоохондоо ном зов байхгүй ээ. Цаашид ч байх болов уу даа, гүй болов уу. Уул нь Idea-аас өөр амьтан байсан бол ядаж бие даасан тохимол хэвлүүлчих боломж байсан л юм. Найз нөхдийн номон дотор л ганц нэг юм цохиж явж магадгүй. Гэхдээ өөртөө зориулж тэрлэсэн хэдэн бор юмнаасаа хэвлүүлдэггүй юм гэхэд блогтоо оруулж байхыг бодноо. Баярлалаа.
Ганга:Баярлалаа. Одоо цайртлаа цагаан сардана гэж бас нэг ажил байна хэхэ.
Арсун: Баярлалаа. Сүүлийнхээс бусад нь бараг домог болсон мөртүүд шүү, монгол нутгийн тухай тансаг өгүүлсэн болохоор нь түүж оруулсийн.
Эртний анд: Юу гээл муу найзыгаа асаалттай танк мань гээд байдым дээ. Их хүмүүсийн доод талд ичгүүргүй өөрийнхийгөө тавьж үзсийн. Болмоор л юм байна гсн хэхэ.
Оюунаа: Баярлалаа. Цаашид аль болох час тас хийлгэхийг хичээнээ.
Амраа ах:
Голын хажуугаар явж байтал
Галуу дуугарч байлаа
Галуу дуугарвуу гэтэл
Галуу л дуугарч байлаа
/Үргэлжлэл бий/
Мийш: Тийм шүү. "Болор цом" гарна гэж хөөрцөглөөд л, өөрсдөө шүлэг уншиж байгаа юм шиг хөл хөгжжөн болдог байж билээ. Одоо ч шүлгийн номнууд дэлгүүрийн лангуу дарах болж дээ.
Болорхон: Чиний блогоор бас дайраад гарсан. Оюуны сувд болсон олон сайхан бүтээлүүдийг оруулаад л байгаарай, өөрөө ч бас үйлдвэрлээд л байгаарай.

Бүгдэд нь амжилт хүсье.

цасны чимээ said...

Өглөө босоход минь цас орсон байгаасай
Өнгө тунгалаг наран гийж үүр цэлмэсэн байгаасай
Тэнгэрт тасарсан ганц шувууны өдөөр ээждээ захидал бичих юмсан
Тэрлэг дээлийг минь явуул гэж хүнээр хэлүүлэх юмсан
Д.Баттогтох
гэжээ сайхан л мөрт юм Тэнгэрт тасарсан ганц шувууны өдөөр ээждээ захидал бичих юмсан энэ мөрөнд нэг но байгаад байх шиг ээждээ их архичин шувууны өдөөр юмуу эсвэл шувууны буугаар тэнгэртээ тас буудалсан шувууны өдөөр захиа бичих гээд юм шиг санагдаад байна