2008/03/31

Блог бид хоёр

/Хагас жилийн ойд зориулсан дурдатгал/

Блог бид хөл толгой хэлхэлдэж, хүзүү сээрээрээ холбогдоод хагас жил болжээ.
Энэ хугацаанд хавтгай дэлгэц ширтэж, хавь ойрыг шиншлэхгүй бол нойр хүрэхгүй, бусдын гэрээр тэнүүлчилж буруу зөв бурахгүй бол идэж уух юм хоолойгоор давахгүй болтлоо ижилдэн нөхөрлөсөн байх юм.

Блог минь намайг оройтлоо гэж загнахгүй, овилгогүй аашиллаа гэж шийтгэхгүй, халамж хайр хүсэхгүй, хардаж сэрдэхгүй, тоосонгүй гэж тунирхахгүй, тордсонгүй гэж үнэрхэхгүй болохоор хэчнээн амар гээч.

Амьтан хүн харвал айж сэрдэхээр, арай л Idea блог хоёрын эрлийзийг төрүүлчээгүй болтлоо нөхцөж янагласан зугаатай зургаан сар ард хоцорч.

Энэ өндөрлөгөөс харахад /сандал дээр гараад зогсчихсон байгаа шүү/ өөрийн гэх бяцхан булан маань цахим орон зайд өргөжин тэлсээр, царайг нь хараагүй ч санаа нийлэх нөхдийн хүрээ нэмэгдсээр, би гэдэг хүн битүүрч бухимдахаараа бодолдоо биш блогтоо хага үсэрдэг болчихсон байгаа нь яалт ч үгүй дэвшил биш гэж үү.

Зарим мэргэжил нэгт маань блогыг сонирхогчдын талбар гээд тоодоггүй юм байна лээ. Мэргэжлийн боксын рингэн дээр бусдыг үгээрээ нам цохидог босоо гарууд тийм л байна биз, би бол тэгж боддоггүй ээ. Харин ч энд бусдад таалагдах гэж том сэтгэхгүй, бурууг засах гэж асуудал хөндөхгүй, бөөн гүн ухаанлаг амьтан болох гэж бүлт үсрэхгүй, бүгдийг чаддаг царайлж хоосон цэцэрхэхгүй гэгээлэг бодол тээн гэтэж мярааж биш гишгэж цовхорч явахдаа би хязгааргүй дуртай.

Би мэргэжлийн хүрээнд сэтгэх гэж толгойгоо гашилгаж, болоод өнгөрсөнд үнэлэлт дүгнэлт өгөх гэж үсээ зулгаан, айсуй явдлыг ажиглаж тандан, улс төрчдийн улыг шагайж, үйл явдлыг өөрийн өнцгөөр хараад эвлүүлээд найруулаад ихэсгээд багасгаад бичээд яваад байж чадна л даа. Гэхдээ мэдээлэл гэгч мэдрэлд нөлөөлтлөө үржиж, үнэн худлыг ялгаж салгах нь үүлгүй тэнгэрээс хур буулгахаас ч хэцүү болчихсон өнөө үед ядаж би таны болоод өөрийнхөө тархийг зовоохгүй, тайван амгалан байлгамаар байна. Тэртэй тэргүй хийж байгаа ажил болохоор, бичсэн болгоноо чихээд явбал блог минь утгаа алдаж, би өөрөө ч орохоос зүрхшээнэ гэж бодогддог.

Idea-гийн “Өргөн чөлөө”-нд саатан тухалбаас санаашрал хийгээд гуниг нэвт үнэртэхийн сацуу сайхан муухай гэсэн болгоноо өөрийн хэмжүүрээр жигнээд сав баглаа боодолгүй шалдан чигээр нь санаандгүй оруулсан сараачмалууд ихэнх зайг нь эзэлнэ. Бусдад хэрэг болох, ач холбогдолтой юмаар гавихгүй ч зүгээр л миний бодол дундах бодрол, ухаарал бас уйтгар гуниг шингэсэн “хадны сүг зураг” хаа сайгүй таарна.

Надад санаа тавьж “Idea минь иймэрхүү дэмий зүйлээр оролдож цагаа үрж байхаар манай сайтад булан хөтлөөд улс төр, нийгмийн амьдралаар тойм бич” энэ тэр гэж нөхөрсөг зөвлөсөн нэгэн сэтгүүлч найздаа баярлалаа. Гэхдээ блог намайг хөөгөөгүй цагт би блогоос явахгүй ээ, уучлаарай. Тойм бичтэлээ томроогүй л байна, топ модель бол гэвэл харин хийчихнэ шүү кккк.

Бас сэтгүүлч байж худалчийн тэмцээнд оролцох нь сонирхогчийн түвшинд доошоо орж байгаа хэрэг гэж үзэх нэгэн байхад миний хувьд нөхдийн санаачлагыг дэмжих, зүгээр л өөрийгөө болон өрөөлийг баясгаж, хөгжиж хөөрөх гэсэн хөнгөн хүсэлтэй оролцож байна. Яаруу сандруу сараачсан, ялихгүй тэр бичлэгээсээ ичэвч олон хүнд уншуулах боломж гэж ойлгож, баярлаж байгаа. Өршөөгөөрэй, өөр шиг чинь ухаантай биш байгаад минь.

За за хөгжилтэй юм ярья. Анх яаж блог бичих болсон бэ гэвэл, Iga найз маань элдвээр сэнхрүүлж уруу татсан хэрэг л дээ. Жилийн өмнөөс хэлээд байхад нь би залхуураад яваад байсийн. Дараа нь Iga-гаар дамжуулж Зараатай эчнээ танил болоод загвар дизайн энэ тэр юмаа хийлгэж заалгахын сацуу зав зайгаар нь амжуулж хэрэлдэнэ. Одоо хүртэл нэгнийхээ царайг хараагүй ч хорвоогийн аль л хорон муу үгийг харамгүй шидэлцээд авсан гэжуга. Хэрүүлийн сэдэв гэвэл дэмий юмаар маргах, нэгнээсээ давах гэж өөрийгөө дэвийлгөх, чам шиг юмнууд захаас аваад замаар нэг байна гэх мэтээр дайралцах гээд өргөн дэлгэр агуулгыг хамарч өрсөлдөн тэмцэлддэг бөлгөө.

Нэг удаа нэлээд ширүүн үзэлцээд, элдвээр хэлээд байхаар нь би уурлаад хэдэн өдрөөр дуугаа хураачихсан. Зараа эхэндээ тоохгүй байснаа сүүлдээ сандраад миний блогын баруун талд байгаа бүх жагсаалтыг хийж өгч байж уур гаргаж билээ. Хамгийн сүүлд гэхэд л хаа хамаагүй нэг кафений ширээнд дээрх цагаан савнаас болж тангараг тасарчихсан яваа. Сахар, давс гэж салж унаталаа маргаад, сүүлдээ Зараа блогтоо бичлэг оруулж хүмүүсээс дэмжлэг горьдож, намайг нийлж муулъя гэсэн боловч тэр нь бүтэлтэй юм болоогүй учир тэгсгээд авч хаясан байна билээ. Хоорондоо хорин пивоны өр дамжуулж нэхээд л үлдсэн дээ хөөрхий. Сониноос энэ удаа мань эрийн ээлж ирсэн бололтой, мессенжерээр юм асуухаар хариу байхгүй, шинэ бичлэг нэмснээ мэдэгддэг байсан таг чиг, сэрүү оргитол ширэв татаж шилбэлзээд л аймар байгаа. Эрэгтэй хүн ингээд байхаар эвгүймаа кккк.

Тэгсэн тэр цагаан саванд давс, сахар хольчихсон байсийн байна лээ, дээхнэ хэсэгт нь давс, талаас нь доош сахар байсийм шиг байна. Хоёулаа хорин пивоо арав арваар нь өөртөө үлдээе. Ингээд амархан шийдчих юмыг чинь асар улстөржүүлээд уурлаад явахын, уучлаарай л даа хө, инээдмийн баяр болох гэж байна, эвлэрье л дээ энэ чинь.

За дараа нь блог нээсэн дороо Микагийн сонирхолтой бичлэгийн шалгаруулалтад санаандгүй явж байгаад “Бөн бөн” бичлэгээрээ багтаад бөөн баяр болж Нобелд дэвшсэн юм шиг нойр хүрэхгүй хэсэг харайлгав. Дараа нь шинэ жилийн үеэр блогчин Гамбаа шилдэг блогчид шалгаруулахад нэлээд хэдэн хүн намайг “Цахиур хагалагч”, “Дебют” номинацид дэвшүүлж, би гэдэг хүн хөөрсөндөө хөлөө хугалах шахсан гэжуга.

Урьдны танил Амарсайхан, ЭА нарыг блог бичдэг гэж мэдээд учиргүй баяссан бас.
Дараа нь блогоор дамжуулж Оогий гэдэг охинтой болзож, Арсун, Гангаа эгч хоёртой танилцсан. Амраа ах бас энэ уулзалтанд ирсэн л дээ. Гэснээс Гангаа эгчээр үнэхээр бахархснаа нуугаад өнгөрч чадахгүй нь. Өдий насны хүн маниас залуу сэтгэж, өрнүүн эрмэлзлээр дүүрэн блог хөтөлж богц дүүргэж явна гэдэг гайхмаар.

Хүний газар амьдардаг ч Монголоо гэсэн сэтгэл үргэлж хадаастай, эх орондоо элгэмсэж, элэг нэгтэн залуустайгаа хөл нийлүүлэн алхаж явааг нь хараад өөрөөсөө хэчнээн ичсэн гээч. Би л Гангаа эгчийн насан дээр очвол хэдэн хүүхдээ компьютер шагайлаа гэж шанаадаж унагаад л, ач нараа амбаардаж хөөгөөд л, өөрөө өнөө маргаашдаа дийлэгдэж, тулга тойрсон сэтгэлгээндээ хавчигдаад үглээ яншаа нь дэндүү, үс нь сэгсийж хормой нь унжсан авгай байх байсан биз.

Арсун ах ч ялгаагүй даруу төлөв, дааж дийлэмгүй их мэдлэгээ дотроо хадгалсан сайхан хүн байна лээ. Уулзсан зургаа тавъя гэсэн чинь бүгд зөвшөөрөөгүй л дээ харамсалтай нь. Гангаа эгч их хөөрхөн болохоор эрчүүд эргүүлээд амар заяа үзүүлэхгүй гээд, Арсун ах халзан толгой дээрх хар соёмботой шивээснээсээ ичээд байна гэхээр нь арга буюу болилоо. /ккккк сахилгүйтэв/

Өө тийм, блогчидтой уулзана гэдгийг эсрэг хүйснийхээ хүнтэй уулзаж, учир ургуулах гэж байна хэмээн ойлгож хардсан нэгэн блогчин охинд нээх гомдож тэнэгтсэн гэжуга. Даанч би тиймэрхүү илүү дутуу юм боддоггүй болохоор тэгж эмзэглэсэн хэрэг л дээ. Гэхдээ дараахан нь тоглоом хийснийг нь ойлгож, анааштсанаа мэдээд уужирсан. Одоо кибер найз хэвээрээ л байгаа, тийм үү Дээпсүү.

Хөөх гол юмаа мартах гэж байна. Одоогоос бараг 4 жилийн өмнө аймаар усан борооноор нэг залуу насаар дүү найз охин бид хоёрыг үүрч зам гаргаж өгсөн юм. Тэр машин зам өвдөг давсан усаар үерлээд, хэрэв туучиж гатлавал бид хоёрын ганган цагаан өмдний шуумаг халтайж, гадсан туфльний ул салах гээд байсан тул эргэлзэж гайхаад тээнэгзэлж тэнэгтээд зогсож байсан юм. Тэгсэн чинь улаан подвальк, жинсэн өмд сандаалтай нэг залуу өмдөө өвдөг хүртлээ шуугаад бид хоёрыг ээлжлэн үүрч зам гаргаж тусласан нь блогчин Мелкадиес байсан байгаам даа.

Саяхан чаатлаж байгаад зургийг нь харсан чинь жигтэйхэн танил царай, яриад байсан чинь яалт ч гүй мөн болоод, газар ус нь тохироод, бүр улаан подвалькнийх нь цагаан бичиг хүртэл таараад балрав шд. “Монгол нээрээ жижигхэн юмаа” гэж дуу алдахаас өөр яахав дээ. Үүнээс хойш л бодолтой амьдрахаас гээлүү ккк.

За тэгээд эхэндээ жалга довны үзэл гаргаж зөвхөн блогспотын хүрээнд сэтгэдэг байснаа сүүлдээ банжиг, блогмн, гоүгоү-гийн олон кибер найзтай болсон. Бүр заримд нь “Бичлэгнээс илүү коммент орууллаа” гэж шалны модоор цохиулаад хөөгдөж байсан удаатай. Тийм дүрэм гарсныг нь мэдээгүй явсан л даа. Гэхдээ Нанагийн хэлдгээр “Комментноос илүү бичлэг хийх чадваргүй” хүн чинь одоо яалтай билээ.

Анх Idea гэх төрөлх нэртэй минь ойролцоо дуудлагатай, утга агуулга сайтай англи үгийг нэр болгон зээлдсэн нь яван явсаар Айдаа болчихсон байгаам. Эхэндээ учиргүй дургүйлхэж, эсэргүүцсэн ч чих зөөлөнтэй Арсун ахаас бусад нь өөрчлөхгүй байсаар одоо дасч байх шиг байна. Оогийнх дээр бүүр Айдөө гэж харагдана лээ. Хүн болгон дуу алдахдаа хэрэглэдэг хэлцээр нэрлэгдэх ямар сайн байхав дээ. Idea болгоод засчихвал ихэд баярлана шүү.

Нээрээ Банжигын банхар хочит гажиг Гаамп “Орчин цагийн Бэлэн Сэнгэ хүүхэн” алдар хайрласнаас хойш нэлээд хэдэн хүн энэ нэрээр жагсаалтдаа оруулжээ. Зарим нь бүр “юу байна Бэлэн Сэнгээ” гэж ирээд л мэндлэх жишээтэй. Биед минь хэтэрхий ахадсан ч битүүхэндээ магтаалд дуртай болохоор дотроо бэлэгшээсхийн хэл ам хийхгүй л явна. Ичихгүй ээ.

За энэ мэтээр блогтой холбоотой дурдатгал, дурсамжаа бичээд байвал барагдахгүй шинжтэй. Ямар ч гэсэн блог, блогчид, блогоор минь зочилогсод та наргүйгээр би наргүй ертөнц, навчгүй цэцэг, бэхгүй үзэг, бинзенгүй машин гэдгээ мэдэрч байгаа тул мэхийн мэндчилье. Хагас жилийнхээ ойгоор халуунтай бичлэг, хадуурсан дурсамж зориулсанд уучлаарай. Үүдээ дэлгэн угтая, Өргөн чөлөөнд морилоорой, үгийн сайхнаар дайлъя, үзэл бодлоо үлдээгээрэй.

... Бусдын алжаалыг тайлъя гэсэндээ, бухимдал гомдлоо хуваалцъя гэсэндээ, буруу зөвөө ярилцъя гэсэндээ, бууж мордоод танилцъя гэсэндээ сайртай хэдэн хуруугаа салж унатал кийборд нүддэг, саваагүй хэрнээ сониучхан, сахилгагүй мөртлөө даруухан, зуу зуун монгол эмэгтэйн нэг зүгээр л нэгэн блогчин бүсгүй кийборд нэгт ахан дүүсдээ Инээдмийн баярын мэндийг давхар уламжилж буйг минь хүлээн авна уу.

24 Сэтгэгдэл:

melkadies said...

mergejiliin setguulch shig l bichij shuu. he he. bayariin mend

Anonymous said...

Сэтгүүлч хүн эгэл бичигтэнээс цэрвүү явах ёстой мэт бодоо нь үгүйд тань, сэргэлэн аашаараа "өргөн чөлөө" гийгүүлэн товолзтол алхсанд тань, аа бас "худалч" нэртэй хэдий ч эрх чөлөө зарласан бидний анхны тэмцээнд оролцож буйд тань, инээдмийн баярын өмнөхөн ийм сайхан хууч хөөрсөнд тань тус тус даган баясаж, талархал дэвшүүлэв.
Таныг хүндэтгэсэн Хөхтолбот

Anonymous said...

энэ нэг дээр бичигдсэн залуу бас тэгээл дөрвөн жилийн өмнө өндөр өсгийттэй бүсгүй эргүүлээл гүйж явсан байгаам даа, хахаха...гэхдээ хөөрхий минь сайхан сэтгэлтэй гэж юүхэв гүзээтэй тос шиг амьтан байгаам доо, хүний сэтгэлд хоногшихоор залуу шүү

melkadies said...

hohtolbot huu muu andiigaa yasan ih magtaj baihiin

Anonymous said...

Зургаан сартай "Блог"-т энэ өдрийн мэндийг хүргэе...

Сүүлийн үед би өөртөө блог-нд донтогч гэсэн онош тавиад байгаа.Яаж донтож байна уу гэхээр холбоосноос холбоосруу дамжиж сор болсон содон блогуудыг хайж олон түүнийг шимтэн унших...ингэж тэнэж явтал өөрийн тань блогтой таарав...Ихэд олзуурхав...

Үг бүр нь үнэд хүрч
Үйлс бүхэн нь дэлгэрч байг эээээ

Anonymous said...

Хүнийг дандаа инээлгэж, хүнээс дандаа инээд авч яваарай дүү минь

Anonymous said...

За давхар давхар баяр хүргээд байдаг хэрэг,нээрээ яаасан бэлэн цэцэн үгтэй бүсгүй вээ гэснээс чи нээрээ аймаар юмаа тэр саванд чинь элстэй чихэр л байна лээ шд бас
Зараа ахыг минь будилуулах санаатай,заа яахуу давс сахар холисон байсан гэвэл чи бас надад улаан лоолийн шүүс авч өгөөрэй. өө тийн бас чихлаад авна шүү

ganga said...

Инээдмийн баярын мэнд. Дэлхий хамгийн өндөр настай блогчин 82-той,ажаа нь дөнгөж 80-тай. Блогчин хүүхдүүд эмээг нь хараад айчих вий гэснийг чи минь юү гээд биччих вэ.

Anonymous said...

Ugend tsetsen uilend uran duudee
boloogtoi bolsny hagas jiliin oin bayaryn mendiig halzan tolgiotoi nogoon huremtei ahaas ni hundaga o'rgon dewshuulj bainaa.
Bas Hudalch naryn bayaryg Dawhar hurgeye.

Arsun said...

Hagas zuun

Bayasum said...

Харин ч энд бусдад таалагдах гэж том сэтгэхгүй, бурууг засах гэж асуудал хөндөхгүй, бөөн гүн ухаанлаг амьтан болох гэж бүлт үсрэхгүй, бүгдийг чаддаг царайлж хоосон цэцэрхэхгүй гэгээлэг бодол тээн гэтэж мярааж биш гишгэж цовхорч явахдаа би хязгааргүй дуртай...

энэ хэсэгт жаахан бодов...

Оогий said...

bayar xurgiye

Anonymous said...

Naizdaa amjilt husie. Bun bun blog naizuudtai bolj baigaad ni naiz ni bun bun bayrlaad l baigaa. he he he Tom Naraa ni

Bebe said...

tand bayar hurgey. amjilt!

melkadies said...

4 sariin negnii hudach nariin bayart turuulsend chini bayar hurgey. belen senge busgui mini.

Anonymous said...

За бэлэн сэнгээ хүүхэнд худалчынханд түрүүлсэнд баяр хүргэе...үнэхээр ондоо юмаа...
Инээдмийн баярын мэнд шүү бас Болжмор

Idea said...

Мэлка: Баярлалаа. Юу гээл "мэргэжлийн" энэ тэр гээд байдгийм дээ.
Хөхтолбот: Гүй мөн гоё хэлжээ. Товолзтол алхъя гэсэн чинь гутлын өсгий салцоон гээлүү ккк.

Наад залуу чинь эргүүлээгүймаа хөөрхий, зүгээр л зам гаргаж өгчөөд яваад өгсийн. Дашрамд дурдахад үүрүүлэх сайхан байсий шүү гэж хахахаха.

Мэлка: Харин тэхх. Чамд жоохон ахадсан л магтаал байна даа ккк.

Клаус: Күй ээ, чи минь анх удаа орж иржаагаам шиг яагаад л бишүүрхээд байна даа. Урд нь нэг бус удаа нэг шил юм ганзагалаж ирээд ашгүй эзгүй байна гээд ганцаараа уучаад яваад өгч байсан биз дээ. Гэхдээ сайхан үгээр мялаасанд баярлалаа.

Бум: Баярлалаа Бум ахаа.хихихихи Одоо инээгээд салахгүй ээ. ихихихи

Эрхтас: Баярлалаа. Гэхдээ тэнд чинь яах аргагүй дээхнэ хэсэгт нь давс байсан байхгүй юу. Би бүр өндгөнд цацаж идсэн юм чинь. Юун чихлаад, томат вээ, тэр Зараа ахаасаа л ав. Эсвэл сахартай өндөг идэж үзэхиймуу. Би дайлж болжийно кккк.

Ганга эгч: Яалаа гэж дээ Гангаа эгч минь. Харин ч бахархана гээд байхад. Зо зо та наятай юм бол би 40 хүрчихэж дээ.

Арсун: Баярлалаа халзан толгойтой ногоон хүрэмтэй ахаа. Хундагыг харшуулан тулгаж, хоолой руугаа нэг амьсгаагаар явууллаа. Гэснээс хагас зуун жилийн, арай биш юмаа хагас зуун сарын өө бас л болохгүй нь, та юу биччих вэ үргэлжлүүлчье гэсэн чинь IQ хүрэхгүй болоод явчлаа.

Баясум: Тэр хэсэгт юу бодоод ямар дүгнэлт хийснээ чихэнд хэлчээрэй гээлүү.

Оогий, Бэбэ: Дүү нартаа баярлалаа.

Том Нар: Орчлонг гийгүүлэгч, дэлхийг гэрэлтүүлэгч Эрхий мэргэнд харвуулаагүй үлдсэн эрэлхэг ганц Нархан минь ээ. Бөн бөн гүйгээд ирэхээр нь бөөрөн дээрээс нь аваад хаячихна. Тэр юу вэ? /хадуурав/
Найздаа баярлалаа, амжилт хүье.

Мэлка: Баярлалаа хэхэ. Би л болсон хойно 1 иймэрхүү л уралдаанд түрүүлнэ дээ. Бүтээлч санаачлага өрнүүлэх, бүрэн хэмжээний үнэн зөв илтгэл хэлэлцүүлэх гэх мэт уралдаан байсан бол шууд баян ходоод.

Болжмор: Баярлалаа, чамд ч бас. Хөөрхөн нэртэй хог вэ? Зочилсонд баярлалаа шүү.
Бондгор хөөрхөн бор шувуудаа хэрүүлч, хэнхэг хэрээ эгчээ нь.

бж said...

Yagaad l hunii nas us zarlaad baina daa, duu ohin?

Idea said...

Ганаа_бж: Хэхэ харин Гангаа эгчийг бараг өөрийнхөө үеээр төсөөлж байгаад уулзсан л даа. Тэгээд насандаа баймгүй жавхаалаг, залуу сэтгэлгээтэй гэдгээр нь бахархаж бичиж байгаа царай нь тэр. Мань хүн өөрөө бол тоохгүй байна лээ.
Гэхдээ танд жаахан эвгүй санагдсан бол уучлаарай. Дахиж иймэрхүү маягаар бичихгүй ээ.

Anonymous said...

aaeyaayaa, alyyllaal daa, haraaguil yavaam bh gsen chin,hehehe, ali hediin harchaad, unshchaad, horhoitoi shudniihee zavsaraar zuuj zuujaagaad hodoodniihoo buland nuutsan baisan beisht,kkke.

Anonymous said...

aa, tii uraldaan temtseend avargalsan aidaadaa chin setgeliin hav haluun bayar hurgiiii

Idea said...

Нана: Юуны өмнө баяр хүргэсэнд баярлалаа. Бас ходоодны мухарт нуугдаж яваагаа мэдсэн явдалд дахин баяр хүргэе хэхэ.
Ходоодонд байгаа юм юугаар дамжиж юугаар гадагшладаг билээ гээлүү ккк.

Nana said...

bichlegnees iluu komment oruuldag hums mer ser bna, blogiin durem juramd zahiragdaj amidraachee, ene idea, nominchimed 2 bolimorainnn gsn,kkke, yer ni kommentoos iluu bichleg oruuldaggui humuusiin too nemegdeh tolovtei bgaa, ter idea-*aas haldvar taraagdaj bgaa suragtai,kkke.
13 Apr 08, 20:58
idea-d zoriulav-: http://greathistory.blogspot.com/ ene blognii comment deer bailee, idea-d heleerei, humuusee.kkke


gejiilei, chamd heljiiinn,kkke, bi l lav bish shuuu bi bish, bi l lav bish gsn.kkke

Anonymous said...

Сэнгэээ гэхээр гоё биш юмуу. Айдооо гэж уулга алдалтаас дээр юм шигээ