2008/09/12

Үзэг нэгтийн үгэн паян

Сэтгүүлчид ээ гэж, сэтгэлийн хөдлөл ихтэй, заримдаа сэтгэл мэдрэлийн өвчтэй ч юм шиг сэжигтэй, согогтой, сонирхолтой нөхдүүд шүү. Үйл явдлын араас үхэн хатан хөөцөлдөх нь өлсөж ундаассан өлөн араатан мэт. Улс төрийн хаяа хатавчаар үнэр аван шиншлэх нь угаадас горьдох золбин халтартай тун төстэй. Хаана л болж бүтэхгүй юм байна, тэнд “бэлэн” командтай, хаягдаж хоцорчих вий гэхээс хар дарж, сэрүүн зүүдлээстэй. Хууль дүрэм зөрчигдвөл хуйхалж хаях ширүүн төрхтэй атлаа хуудуутай нэгний хуумгай үгэнд хурдан автаж хэлмэгдчих гэмтэй. Тэгсэн хэрнээ өөрсөддөө арчаа муутай, тэнхэл алдаж өвдөж зовлоо гэхэд тэр чигтээ гүрийж мэдэх баахан хэнэггүй зантай. Нэртэй төртэй улсыг нэг л их таньдгаараа сайрхана, гэвч амин хувьд нь ажил гарвал амаа жимийж хоосон нэрэлхэнэ. Өвөр дүүрэн эрдэнэсийн түлхүүр атгадаг хэрнээ өөртөө ганц оймс авчих эрхгүй мэдэл муутай няравтай зүйрлэм.

Цаг наргүй зүтгэдгийг нь бодохоор өрөвдмөөр, цаас үзэгнээс салдаггүйг нь бодохоор хайрламаар, зарим нэг нь хэтрүүлдгийг нь бодохоор залхмаар, зарга хэрэгт өртөмтгийг нь бодохоор загнамаар.

Энд тэнд явахад инээдтэй юмс их л тохиолдоно. Нэгнээ цаашлуулж нэмж чимэх энүүхэнд. Хөгжилтэй, гунигтай явдлууд хөөрхийсийг бас л тойрохгүй. Мэргэжил нэгтийн хөгийн паянгаас мэдэж санаж байгаагаасаа хальт сийрүүлье.

* * *
Манайхны нэг сэтгүүлч утсаар мэдээ авч сууна. Төгсгөлд нь мэдээ өгсөн хүний овгийн эхний үсгийг асууж байгаа бололтой “Б гэснүү?, өө биш ташаагаа тулсан Ф юмуу?” тэгснээ “Аан П, пизда гэхэд ордог уу?”

* * *
Байнга суутны сургааль үгсээс сонины буланд түүвэрлэж шивдэг оперотар эгч “Алд бие минь алжаавал алжаасугай. Ахуй төр минь бүү алдартугай. Е.Чингис” гээд биччихжээ. Редакцийн хурал дээр яагаад Е.Чингис гэж бичсэнийг нь асуутал “Бүх суут хүмүүс овогтой байхад Чингис хаан нэг л шалдан санагдаад. Есүхэйн Чингис гэхээр юу нь болохгүй байгаан. Ер нь ч тэгээд бэлгийн чадавх сайтай хүн байсан гээ биз дээ, Е битмийнээр овоглочихсон байхад болохгүй юм байх ч үгүй” гэж хэнэг ч үгүй тайлбарлав. Хэлэх үггүй болсон дарга “Хн, тийм сүрхий юм бол ээж нь өхөөрдөж дуудахдаа юу гэдэг байсныг нь хэлчих” гэсэн чинь “Тэмка” гэж түгдрэхгүй туужээ.

* * *
Эрэн сурвалжлах албаны сурвалжлагч залуу гал түймэртэй тэмцэх алба рүү утасдав. “Байна уу урд шөнө гал гараагүй биз” гэснээ “Өө тайван хоноо юу” гэж урамгүй дуугарав. Дараа нь Онцгой байдлын ерөнхий газар руу залгаад “Бас л тахал, осол гарсангүй юу” гэж байна. Тэгснээ Цагдаагийн ерөнхий газар руу залган - “Танайхаар юу байна?” – “За даа юмгүй дээ, ганц нэг хүчингийн хэрэг л байна” – “Өө ашгүй. Гоё хэрэг байна. Алив яриад байгаарай”

* * *

Сав л хийвэл сархад хүртчих гээд байдаг телевизийн операторын тухай ажлынхан нь даргадаа байнга гомдоллоод байх болов. Ажил цалгардуулдаг, хэрэг болохоор алга болчихдог гээд л. Дарга аргаа ядаад хамт олны хурал хийж:
- Одоо энэ хүнийг яах вэ? Удаа дараа хэлээд үг авахгүй байна гээ биз дээ. Хамтран ажиллагсдаас нь гомдол санал хэлэх хүн байна уу?
Улаан нүүрэн дээр хэлэх хэнд ч хэцүү байдаг болохоор бүгд таг дуугүй л байлаа. Мань эр өөрөө гараа өргөөд өндөлзөж байна. Засръя, хичээе гэх утгатай юм хэлэх нь гэж бодоод дарга за гэтэл:
- Гурван сар харъя. Болохгүй бол халъя гэж огт хэнэггүй, өөрийнх нь тухай биш өөр хүний тухай ярьж байгаам шиг жишимгүй авах нь тэр.

* * *
Мэдээллийн редакцийн Баян-Өлгий дэх сурвалжлагчаас ердөө ганц өгүүлбэр мэдээ иржээ. “Өлгий сумын төрөх тасагт К.Төлөгөний гэр бүлд гурван ихэр хүү мэндэллээ” гээд л болоо. Нэмж баяжуулах аргаа олж ядсан жижүүрийн редактор “Эхийн бие тэнхлүүн, ихрүүд торниун байна” гэж дэлгэрүүлжээ.

* * *
Ерөнхийлөгчийн овоо тахих ёслолыг сурвалжлахаар явсан сэтгүүлчид нэгийгээ сайхан даапаалжээ. Замдаа хатуу юм нэлээд татаж явсан нэг залуу яг ёслол болонгуут унтаад сэрэхгүй байж гэнэ. Буцах замд гэнэт сэрээд юу болсныг бусдаасаа асуун тэмдэглэж гарав.
- “Ерөнхийлөгч нар зөв эргэж явтал хаанаас ч юм халтар нохой гэнэт гарч ирээд мань хүнийг хөөгөөд. Тэгсэн өнөөх чинь сандрахдаа нар буруу тойрч зугатаад. Хамгаалагчид нь дэмий л самгардаад яаж ч чадаагүй. Хөлөө хазуулдагийн даваан дээр амьд хүн аргатай гэгчээр нөгөө тахих гэж байсан овоон дээр үсрээд гарчихсан. Нутгийн олон хурай хурай гэлдээд л” гээд тал талаас нь шуугилдав.
Харин буухдаа тоглосон гэдгээ хэлнэ гэж байгаад мартсан байв. Маргаашийн сонин дээр “Зуудаг нохой ба Гүйдэг ерөнхийлөгч” нэртэй нийтлэл гарахаар уншилтанд орж, эргэлзэж гайхсан нарийн бичиг нь ийш тийш утасдаж байж үнэн худлыг тогтоожээ. Сониныхон заримдаа яаралтай үед сигнал уншилгүйгээр хэвлэлтэд шилжүүлдэг бөгөөд тэр үед мань залуугийн аз таарч редактор нь уншин, хатуухан донго хүртээснээр хал балгүй өнгөрчээ.

* * *
Өдөр тутмын хэвлэлд насаараа ажилласан ахмад сэтгүүлч Товуудорж гуай бид хоёр талбайн голд тааралдав.
- “За сайн уу дүү охин, сонин сайхан юутай? Ажил албан данги уу? Үгүй ажил төрөл ч яахав, бие тэнхээ нь сайн уу? За даа залуу хүнээс бие лагшин асуулт ч юу байхав. Ингэхэд хаа хүрч яваа юм? За улайм цайм зөрж яваа улс зам нийлэх биш зүг асуугаад ч яахав. За за ах нь нэлээд яаруу явна. Баяртай” гэчихээд яваад өгөв. Хөндлөнгөөс харахад бид хоёр ярилцаад байсан юм шиг боловч надад нэг ч үг хэлж, хүрд эргүүлэх боломж олдоогүй байх юм.

* * *
Даргыгаа байхгүйд бөөн алдаа гаргаж, сониныхоо дугаарыг оройтуулахаас эхлээд тасалдуулж, ажлын байрандаа архидах мэтээр бужигнуулж өгсөн нэг сэтгүүлч дарга нь ирэхийг дөхүүлээд бусдадаа захиж байна “За нөхдөө ганц л юм хэлье. Эвлэвэл бүтнэ, ховловол гутна гэдэг шүү” гэж гэнэ.

* * *
“Үнэн” сонины сэтгүүлч Бааст гуайн нэрийг нэг нийтлэлийнх нь доор Баасан гээд гаргачихжээ. Мань хүн автор буруу нийтэлсэн байна гээд хэл ам хийтэл дугаар эрхэлсэн сэтгүүлч “За юун сүртэй юм. Одоо цаг дээр байсныг өнгөрсөн цаг дээр л биччихээ биз” гэж гэнэ.

/сайхан зан хөдлөхөөр үргэлжлүүлнэ/

14 Сэтгэгдэл:

iga said...

хахаха. темка хөөрхөн

Anonymous said...

Хихихи
Бааст-одоо цаг
Баасан -өнгөрсөн цаг

Photo said...

Hehe, sain boljee.

gump said...

энд хөөрхөнгүй юм алга тэхдээ хамгийн хөөрхөн нь идяа хүүхэн "цааш нь униших" гэж бичлигэээ тоймлон хуваасан боловч тэрэн дээр нь дараад орхоор юу ч байсангүй

Soronzon said...

Еэ ашгүй чи минь илааршаа юу?
Энэ блог ертөнцөд чиний дуу хоолой үгүйлэгдээд байсан юм.
Алив цонхоо цэлийтэл нь нэг онгойлгооч.

xocoo said...

"Үйл явдлын араас үхэн хатан хөөцөлдөх нь өлсөж ундаассан өлөн араатан мэт. Улс төрийн хаяа хатавчаар үнэр аван шиншлэх нь угаадас горьдох золбин халтартай тун төстэй." хаха

Өнөржаргал said...

Whaahahaa..Янзтай! баахан инээж авлаа..Дахиад хурдан оруулаарай хэхэ

gegeen said...

хэ хэ, яасан хэлэмгий доломгүй юм гээд байсан мэргэжлийн онцлог байшдээ. мэрэгжил нэгтүүд чинь үнэхээрийн таалагджийнаа. сайн ч бичлэг байна, сайхан инээжийнаа. баярлалаа

ganga said...

Setguulchdiin oiroltsoo tseverlegch ch bolson hiigee ene goyo yaria huuruugii ni sonsoj heden nas zaluujihsan, eleg avah ni bugd hugjiltei bailaa.

altargana said...

ha ha ha yamar ineedtei yum be...shine ugluug saihan ineedeer ugtlaa, bayarlalaa

Заяа said...

кэкэ саваалгаа хаячлаа. тэр пизда гэхэд ордог п юу гэдэг бол тасарцан байна дөө

Idea said...

Ига: Тэхх. Хөөрхөн хүү байжүлэ :-)
Үлмэдэх: Зөв ойлгожээ ккк
Фото: Баярлалаа.
Гамп: Тийм лаг юм бол янзлаад өгчөөч. Мэдээлэл технологийн чиглэлд мэдлэг тааруу л хүн байгааз.
Соронзон: Цонхоо хэт нээснээс болж хатгаа туссан шүү дээ ккк.
Хосоо: Энэ хэсгийг би бахархал шингээж бичсэн ухаантай.
Өнөрөө: Тэгнээ, сайхан зан хөдлөхөөр. Гэхдээ би ихэнхдээ л ааштай байдгийн.
Гэгээн: Хэл амаа зэвсэг, харандаа үзгээ бамбай болгочихсон нөхдүүд олон олон. Би хаана нь ч хүркүү.
Ганга: Цэвэрлэгч биш командлагч хийж байж. Тэргүүний заяа гомдоох гээд.
Алтаргана: Хааяа ч гэсэн та хэдийгээ инээлгэж байхыг бодноо.
Заяа: Овгоо тэгж хэлүүлсэн хүн ямар байдалд орёон болдоо гэж.

haja said...

inedtei yuma. bugd l taaraldlaa. zuudag nohoi guideg yerunhiilugch ih taalagdlaa. niiteltsen bol buur sonin yum boloh baisan baih da. ene dund chin onigoo baigaa yu. yaagaad ch yum tegej asuumaar baihiin. zurduguus uur.

agai said...

hehe E.Chingis yanztai boljee