/фельетон/
Малчин би мах идэлгүй мацаг барьж, хүйтэн намраар халуун шөл ууж чадалгүй долоо хонолоо. Тогоо тослох малгүйдээ биш л дээ, тоо бодож тооцоолуур ашиглаж амжихгүйгээсээ болоод өлсөж байна гэвэл та итгэх үү.
Хөдөө хөхөрч гадаа гандаж яваа надад ямар юмных нь улс төр хэрэг байхав, угаасаа ухаж ойлгоё гэсэн ч толгой хүрэх биш гээд санаа амар явдаг байсан цаг ард улирчихаж. Их хурлын эрхэм гишүүдийн шийдвэр ингэж өдөр тутмын амьдралд минь нөлөөлнө ч гэж яаж мэдэхэв. Энийг нь мэдсэн бол эртхэн дунд хүүгээ сургууль соёлоор явуулж, улс төрд шургуулах минь яав даа ч гэж бодогдох шиг.
Ямартаа ч ямаанд мөнгө өгөх тогтоол батлахаар нь энэ шинэ сонгогдсон түшээдийг овоо ухаантай, бүр малд хайртай сүрхий хүүхдүүд юм гэж нэлээн тоож байлаа. Яваандаа хонин толгойгоор мөнгө батлуулж, хайчилсан ноосныхоо зөрүүг нэхэмжлэх юм хуна ч гэж санаж явлаа. Гэтэл одоо мал болгоныг коодлож, компьютерын цахим сүлжээ гээч юманд оруулахаар ярьж байгаа гэнэ. Бүр хууль гаргах гээд цагаан дээр хараар бичээд хэлэлцүүлээд эхэлчихсэн, маргаж мэтгэлцэж байгаа юм гэсэн. Түүнийг нь манай сумын засаг дарга өлгөж аваад хуулийн бэлтгэл ажлыг эртнээс хангана, аливаа шийдвэрийг гарсан хойно нь биш, гарахаас нь өмнө хэрэгжүүлэх нь хууль гууль болохоос урьдчилан сэргийлэх чухал арга гэх мэтээр ухуулж, манийгаа ганц сайхан чангалж байна.
Засаг даргын маань буруу ч юу байхав, саяхан ямааны хууль батлагдангуут айлуудын борлон арав үржин сандаргаж, нуусан дарсан мялангууд нугаар нэг тарсан болохоор чухам эртнээс бэлтгэл базааж байгаа нь энэ. Хамгийн түвэгтэй нь мал болгонд регистрийн дугаар олгох ажил байна. Бас нэр давхардана гэж нэг айхтар юм байна. Хонинд л гэхэд бор халзан, судаг цагаан, судалт халтар, ухаа ягаан, хажиг хар, бор толгойт, борлог хялман гээд л хэлдэг хэдэн нэр үндсэндээ дуусчихаж байгаа юм. Төдийгөөс өдий хүртэл бүх малаа нэрлэж явсан биш, сүргээсээ сондгой хэдийг нь энэ мэтээр нэрлээд л ирсэн, болоод л явсан. Тэглээ гээд буурлын буян харьж, буянт мал хорогдсон удаагүй.
Будилж мунгинаж байж нэрээ нэг юм болголоо гэхэд толгой мал болгоныхоо төрсөн он сар өдрийг цээжилнэ гэдэг чухам насаараа мал дагаж, нар салхинд гандсан над шиг хүний бардаг ажил биш бололтой. Нэг их шуурганаар төллөсөн юм даг, чухам хэдэн байлаа даа гээд л хэлэхээр сумын дарга, тоо бүртгэгч хоёр жигтэйхэн уурлана. “Та ямар өнгөрсөн зуунд амьдарч байгаа биш” гэж ирээд л аашилна. Данс тооцоо будилуулж, давхардал үүсгэлээ гээд л хангинана. Зөвхөн мянгын тал малтай манайд долоо хоног саатаж байж нэг юм коодлосон гэж бодоход саахалтын баян Болдынд сар гаруй өнжихөөр болж таарч байна. Манай сум гэрэл цахилгаангүйг хэлэх үү, асаасан мотор нь ердөө таван цаг болоод унтарна, тэр хооронд өнөө нэр ус нь тохирч өгөхгүй, он сар нь зөрнө үгүй мөн явдалтай ажил болж байна даа харин ч нэг.
Маний мунгинах ч яахав дарга нарын яриад байгаа шиг коодлож бүртгэж, тоо компьютерын сүлжээнд орууллаа гээд малын хулгай багасч л байвал болох нь тэр, гэхдээ л цөлх миний тархи хүрэхгүй юм их байна. Харин яг энүүхэндээ гэхэд яршиг түвэг удсан, явдал суудал ихтэй нэг ажил байна. Идшинд мал муулах бүрт сумын төв орж, оочерлож байж бүртгэлийн байцаагчтай уулзан, өргөдөл бичиж бүртгэлээс хасуулна гэдэг хэдэн малын араас борви бохисхийлгүй явж бор хоногийг өнгөрөөдөг над шиг хүнд ярвигтай нь дэндсэн явдал болоод байна. Ямар сайндаа л төв орж, тогоо тослох сувай халзангаа цахим бүртгэлээс хасуулж чадалгүй долоо хонохов дээ. Хэрэв хасуулахгүй гаргачихвал “амьд” гэж алдаа заагаад, аймгийн цахим тооцоог вирустүүлчдэг юм гэсэн. Сувай халзангаа барьж уяад долоо хонолоо, сумын төв тоггүй сурагтай, одоо яахвээ түшээд ээ!
ТЭНГРИ ЛЭНД
3 years ago
23 Сэтгэгдэл:
hehe, huulia bariwal heden ch honog hooson honoj medne. Neeree iimerhuu yumny tsaana ih mungu ergelddeg, heseg hugatsaany daraa heregjsen ch yumgui uldene dee.
belen tsetsen ugtei gej jigteihen. ene neeree yamaagaaraa barag tetgemj avahuulaa l, yamaanii ezed hagartlaa bayajih yum duuldaad baisan bas neg tersluu setgedeg idea-chin garch ireed neeree hamag yum sandaachaad hayachlaa. ulger ch yum shig, unen ch yum shig.
истоо гоё хэллээ шүү
Загатнасан газар маажсан гайгүй фельетон болжээ хө. Хоосон хоносон нь гэж дажгүй гарчиг бодож олсон нь бүр ч ......Илүү шүү
ер нь ямааг дархан цаазтай болгуул яасийн..?
nudend haragdtal bichjee hu, Idea maani saalinn hyvin bariad, bor alchyyr zangidaad, tog yntrangyyt darga nart zagnyylaad mynginaad zogsoj bna geed bod doo...:-)
nudend haragdtal bichjee hu, Idea maani saalinn hyvin bariad, bor alchyyr zangidaad, tog yntrangyyt darga nart zagnyylaad mynginaad zogsoj bna geed bod doo...:-)
Ингэжухаар Идеа минь чи их хурлын гишүүн бол яшиг. Тэгээл тэр гачин гачин юм ярьж нөхдүүдийг шоглоол, чимхээл, улайлгаад сууж бай. Харин гишүүн болсон ч А зангаараа байна шүү, Алтай шиг хоронд орж, амаа хамхиваа!
ээ төрийн минь сүлд гэж, өвлийн идэшний үеэр бага хүүгээ хонон өнжүүлэн оочерлуулж, хэдэн өдөр хэмнэхийн тулд хахууль гээчийг хүртэл өгч үзээд ээ дээ их юм үзэж байнадаа..хүү минь.
29/10 Idea avragiin tursun udur.
Sain saihan buhniig husen eruue.
Идэж уухын дэв идяа хүүхэнд төрсөн өдрийн мэнд. Байнга элдэвээр хэлүүлдэг мань мэтэд бол бараг хар өдөр дөө
Happy Bday Dear! Надаас өндөр болоорой, миний хөөрхөн дүү :D
Яг л хөдөөний амьдрал харагдлаа шүү.
Tөрсөн өдрийн мэнд хүргье. Арсун
УИХ-аар дүүрэн мал ярьсан малнууд холхих болж дээ. Яана даа, Айдаа минь.
hain neeree yamaa bolj toroh mine ch yalaa daa, yadaj l yachiv iichiv geed suraglaad... Torson odriin mend shuu hoo
уулга алдаад ухаан балартаад гарлаа
Hogjiltei gedeg n'. Yag l olood helchihjee.
belen senge huuhen saihan yaridag yum bnaa hajuud ni bval panaalduulchih yum bn
hoorhon yumaa, chi manai shariin goliin surguuliiin dood angiinh yum bilee shuu
Би хувьдаа малын индексжүүлэлтийг дэмждэг. Манай улсад малын тоо үнэн зөв тоологддоггүй, бүртгэл бүрэн дүүрэн хийгддэггүй, даатгалын системд сайн ороогүй зэрэг хүндрэлтэй зүйл байдаг. Мэдээллийн технологийн ололт амжилтыг ашиглан малын бүртгэлийн оновчтой систем бий болгосноор малыг цаашид хөрөнгийн эргэлтэнд оруулах, даатгалд оруулах, татварын зөв тооцоо хийх зэргийг хийх боломжууд гарч болох юм. Харин хэрэгжүүлэх цаг нь одоо мөн үү үгүй юу гэдэг л сонин байна. Хөгжил дэвшил шүү дээ хүмүүс ээ.
neg bodliin zov ch yum shig. nogoo bodliin buruu ch yum shig.
Юм бичээч ээ, улстөржөөд яваад байхаар
Post a Comment