2009/01/05

Өнөө жилийн өнгийг өөдрөгөөр шинжихүйд

/хэнхэглэл/
Хуанлин хуудас шинээр эргэж хуучин шинэ он халаагаа солилцлоо. Түрүү оны бухимдал, бахдал, баяр хөөр, уй гуниг бүхэн түүх болон ард хоцорч, угтан золгох хүсэл тэмүүлэл, зорилго зорилт урдах харгуйг тосон өмнө маань зурайж байна.

Улиран одсон 2008 он монголчууд бидний хувьд их сорилтын, их ухаарлын он жил байлаа. Сургамж үлдээсэн үйл явдлууд нулимс дагуулан залгаж, зуун дамжин өртөөлөх баяр хөөрөөр ч дутаагүй. Туулж өнгөрөөсөн мөчүүдийн алдаа оноог цэгнэе гэвэл туухайн жин тэнцэж, “тэг” зааж ч магадгүй юм.

Цаг хугацааг бүтэн жилээр ухраагаад үзвэл 2008 оныг эхнээсээ л бид таагүй мэдээтэй угтаж байлаа. Зөрж өнгөрөх хоёр оны заагт “Азийн чоно” компанийн техникийн спирттэй архинд олон хүн хордож амиа алдан, хувь хувьсгалын байгууллагуудын ажлын хариуцлагагүйг нотоллоо. Засгийн газраас өнгөрөгч оныг “Хүнсний аюулгүй байдлын жил” болгон зарласантай зэрэгцээд хүнсний аюулын харанга хүчтэйхэн дэлдсэнийг бид мартах учиргүй. Хонгорын цианаттай ногооны дуулиан, мөнгөн устай хөрсний шуугиан намжаагүй байхад этилийн спирттэй архи, хачигтай алим, меламинтэй сүү, өттэй гурилын “хөгцтэй” мэдээллүүд сэтгэл түгшээх болсон. Айлын хурим, албан байгууллагын ойн арга хэмжээний үеэр хүмүүс бөөн бөөнөөрөө хордож, Хордлогын төв ачааллаа дийлэхгүйд хүрч байлаа. Хүнсний бүтээгдэхүүнийхээ 70 гаруй хувийг гаднаас, урьд хөршөөс авсаар байгаа бидэнд хүнсээ 100 хувь өөрсдөө үйлдвэрлэх хэрэгтэйг, үндэснийхээ үйлдвэрлэлийг дорвитойхон дэмжих цаг ирснийг, импортын бараандаа чанарын шалгуур олигтойхон тавих шаардлага буй болсныг 2008 хатуухан сануулсан гэдэгтэй хэн бүхэн санал нийлэх биз ээ.

Харин энэ жил он солигдох мөчид хордлогын дуудлага бараг ирээгүй нь олзуурхууштай. Бас хоёр оны заагт гарсан гэмт хэргийн тоо болон эрүүлжигдсэн хүний тоо өмнөх жилийнхээс илт буурсан нь ирж буй жилийн өнгийг илтгэх өөдрөг нэгэн үзүүлэлт болж байна.

Нэг үеэ бодвол бид ууж идэхээ тохируулж, хугацаа баталгааг нь шалгадаг болжээ. Нөгөөтэйгүүр бүтэн жил үргэлжилсэн түгшүүртэй мэдээнүүд ч “ач тус”-аа өгөө биз. Хамтарсан Засгийн газар энэ оныг “Үйлдвэржилтийн жил” болгон зарлаад байгаа. Хүнсний аюулгүй байдлын жил зарлагдсан цагаасаа эсрэгээрээ эргэсэн шиг явдал дахин бүү давтагдаасай хэмээн ерөөх үлдэж байна.

Халаагаа өгсөн оны халгамаар үйл явдлууд үүгээр дуусаагүй. Өвлийн бэлтгэл тааруу байсны балагаар ч гэх үү, өмнөх жилүүдэд тайван байсны уршгаар ч гэх үү зүүн аймгууд хаврын шуурганд хүчтэй нэрвэгдсэн. Цаг агаарын гэнэтийн энэ үзэгдлээр 52 хүний эрдэнэт амь үрэгдэж, сая гаруй толгой мал хорогдсон. Гамшигт үзэгдэл давтагдахгүй гэх баталгаа байхгүй болохоор гарсан хохирлоос бид том сургамж авч үлдсэн байгаасай. Харин 2009 оны заагт монголын мал урьд хожид байгаагүйгээрээ өсч 42 саяд хүрсэн тосон мэдээ чих мялаасан. Амны билэгээс ашдын билэг улбаалж, малчдын маань амьдрал шинэ онд улам өөдлөн дэгжиг ээ.

2008 он улстөрийн үйл явдлаар чухам будаатай шөл шиг буцалсан жил байсныг хүмүүс дуу нэгтэй хэлэх байх. Сонгуульдаж, булхайцаж, түүнд нь бялуурч, бүр бачуурсан үйлдлүүд тоймоо алдсан. Яагаад ч юм, монголчууд хэзээ хэзээнээсээ илүү утаа гартал улстөржиж, утгаа алдтал тэмцэлдсэн, үр дүнд нь таван хүн эрсдэж, үй олон хүн нулимстай үлдсэн. Амгалан тайван байсан хот хормын төдий орвонгоороо эргэж, үнс, нулимс, харамсал болж үлдсэн. Бид үүнээсээ цочирдсон, хаширсан, бас жигшсэн. Дараа нь орон нутгийн сонгууль ирцгүйдэж, олон хүний санал үнэгүйдсэн нь энэ л явдлаас улбаатай. Олон хүн урьд хожид байгаагүй ухаарал амсч, огт төсөөлөөгүй гэмшил хүлээж, бас аливаа юм хэр хэмжээнээсээ хэтрэхээр юунд хүрдгийг, амьдралын утга учир, хүн байхын үнэ цэнэ гэж чухам юу болохыг эргэцүүлсэн байх. Би ч мөн адил.

Ирэх хавар Ерөнхийлөгчийн сонгууль болно. Өнгөрсөн жилийнхээ сургамждаа дөрөөлж, өнөө жил бид соёлтой сонгуульдах биз ээ. Бас шинэ оны эхний өдрөөс төрийн албыг нам, улстөрөөс ангид байх хууль хэрэгжиж эхэллээ. Намаараа талцаж, үзэл бодлоороо хуваагддаг төрийн алба эрүүлжих нэг гишгүүр ахилаа хэмээн сайн талаас нь харъя.
Улирах он тэр чигээрээ уйтгар гуниг, хар үйл явдлаар дүүрэн байгаагүй ээ. “Атрын III аян” амжилттай өрнөж, монголчууд бид үр тариа, буудайн хэрэгцээгээ өөрсдөө хангаж чадна гэдгээ мэдэж авсан. Улаанбуудайн “ид шид” улам нэмэгдэж буй одоо үед энэ яах аргагүй сайхан мэдээ. Бид өөрсдийн гараар бүтээсэн баялгаа тээрэмдээд гурил болгоно, исгэж дараад спирт болгочихно, эсвэл этилон болгож шатахуунтай хольсон ч болно. Өөр ийм олон талын ач холбогдолтой стратегийн хүнс байхгүй шүү дээ. Тариалан эрхлэлтийг , тариаланчдыг дэмжих нь Хамтарсан Засгийн газрын гол зорилт хэвээр байгаа болохоор энэ ажил шинэ онд улам бүр үр дүнгээ өгөх буй за.

2008 онд “олимп болоогүй байсан бол яах байсан бол” хэмээн дуу алдах нэгэнтэй таарч байлаа. Нээрээ л улирч одсон саар бүхнийг уухайн түрлэгээр сүүлсэн үйл явдал болсон нь олимпийн анхны алтан медаль байлаа. 44 жилийн дараа хүсэн хүлээсэн олимпийн аваргууд төрөхөд монгол хүн бүрийн цээжинд омогшил амтагдаж, нүдэнд баярын нулимс хурсан. Хоёрын хоёр хос алтан, мөнгөн медалийг бид хотол олноороо хөөр болон хүлээн авч, үүнийг авчирсан хөвгүүд, охиноо үндэсний баатар болгон дээдэлсэн. Бас паралимпийн аваргаа бахархаж угтсан. Үнэндээ бид санаанд оромгүй олон явдлын гэрч болж, үгээр хэлэх аргагүй саар сайн болгоныг нэгэн жилд дэнсэллээ.

Өнгөрсөн бүхнээ нэгтгэж дүгнээд өнөө жилийн өнгийг харахад ямар ч байсан өөдрөг сайхнаар төсөөлөгдөж байна. Аль юм болгон бүгдийг харлуулж, аль муу талаас нь харж бухимдах вэ? Сонгуульд ялсан намууд хамтарч байгуулсан Засгийн газар удтал талцуулсан олон асуудлыг шийдээд эхэлж байна. Мэтгэлцэж маргасаар цаг алдсан Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг энэ оны хоёрдугаар сарын нэгэн гэхэд Засгийн газар боловсруулсан байх ёстой. Хоёр толгойг ашиглах хэлэлцээр хэр амжилттай хийгдэхээс монголчууд бидний халаас түнтийх эсвэл шалчийх нь хамаарна. Дэлхийн магнайг үрчийлгэсэн санхүүгийн хямрал одоо ч үргэлжилж байна. Үүнд багахан шиг нэрвэгдэхийг бид бүгдээрээ хүсч, хичээж байгаа. “Үсрэнгүй хөгжлийн үе ирлээ” хэмээн сайрхаж байсан Ерөнхий сайд үүссэн нөхцөл байдалд "гараа өргөж" бүх нийтээрээ бүсээ чангалахыг уриалсан. Төсөвт байгууллагуудын зардал хумигдаж, түүнийгээ дагаад зарлага цэгцэрсэн. Үрэлгэн явсан цаг хугацаанаасаа суралцаж, үйлдвэрлэж бүтээх үе ирснийг тэмдэглүүштэй.

Юутай ч 2009 онд бид Ерөнхийлөгчөө сонгоно, Халх голын 70 жилийн ойгоо тэмдэглэнэ, төрийн албан хаагчид намаа эсвэл ажлаа сонгох хатуухан сорилтой тулна, бас хоёр том ордоосоо хувь хүртэх хүлээлт маань шийдэгдэнэ. Амьдрал өрнөдгөөрөө өрнөж, айсуй он жилүүд улирдагаараа улирах байх. Гэхдээ их түүхийн нэгэн хуудсыг шинээр нээж буй болохоор энэ жил монголчуудад маань ээлтэй, ивээлтэй байг.

9 Сэтгэгдэл:

Anonymous said...

Шинэ оны мэнд шүү хө.

Anonymous said...

юм юмтай л он гарлаа..
сайхан багцалж хэлжээ, энэ он ивээлтэй байгаасай.
өөрсдөө чадлаараа хичээx юм шүү.
шинэ оны мэнд шүү.

ЗОРИГТ8 said...

Их юм үзэж туршлагажсан он байлаа. БИД БАЛЧИР БАЙНА ДАА. ШИНЭ ОНЫ МЭНД өргөн чөлөө

A.Амарсайхан said...

Ерөнхийлөгчийн сонгууль аа гэж

Anonymous said...

Найзаа чи уул нь задгай сэтгэдэг, сайн бичдэг хүүхэн байж иймэрхүү МАХН-ын сонинд бичдэг "улаан" юмаа блогтоо оруулах хэрэггүй л байсан юм даа.

Anonymous said...

Энэ жилд Халх голын 70 жилийн ой тохионо гэдгийг таны бичлэгээс хараад нэг зүйл бодогдлоо. Аливаа зүйлийн эмзэг цэгийг нь олоод тохироог нь бүрдүүлж чадвал ч ...

tumee 33 said...

Shine onii mend!

Buh yum zuv tiisheegee l yavaasai bilee gej bainga bodogddog yum...

Idea said...

Вита: Мэнд ээ, урьдчилаад цагаан сарын мэнд хүргэчье ээ. Өө наана нь валентийн малентийн гээд зөндөө юм байгаан байна.

Амор: Хэлээд юүхэв, бүгдээрээ хэвтээ байхдаа хүчтэй гэдэг зарчмаар аж төрнө шүү.

Зоригт: Балчир насыг ард орхиж идэр идэр нас руу орох гэж байна. Нээрээ л сургамж ихтэй байлаа. Чамд ч бас шинэ оны мэнд.

Амраа ах: Ер бусын эд шүү гээд үргэлжлүүлээч.

Үлмэдэх: Нэг их "улаан" бичлэг гэж бодохгүй байна. Өөрөө нүдний шилээ ав даа.

Интерэст: /Нэрий чинь товчилж орхилоо, сори шүү/ Нэгийг бодож хоёрыг сэтгэснээсээ хуваалцахгүй юмуу.

Түмээ: Шинэ оны мэнд ээ. Хэлээд юүхэв, зөв тийшээ залаад өгөх хүн олон байгаасай даа. Зочилсонд талархлаа шүү.

Anonymous said...

Ирэх жилээр дахиад түрүүлж зон олон блогчидоо баярлуулаарай...бас л нэг төрлийн сонгууль...