2009/03/06

Гарц үгүй

Өнөөдөр Монголын сэтгүүлзүйн түүхэнд онцгой тэмдэглэгдэх өдөр. Харамсалтай нь манай хэвлэл мэдээллийнхэн тавдугаар сарын 5-нд тохиодог Олон улсын сэтгүүлчдийн өдрийг нижгэр тэмдэглэдэг мөртлөө дотооддоо тогтмол хэвлэл үүссэн өдрөө тоодоггүй. Тавдугаар сард тохиодог тэр өдрийг давхцуулаад Монголын хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгоод зарлачихсан.

1913 оны гуравдугаар сарын 6-нд Монголын анхны тогтмол хэвлэл “Шинэ толь хэмээх бичиг” нэрээр Их хүрээнд гарч байжээ. Тус сонины эхний дөрвөн дугаар 30-40 хуудастай ном хэлбэрээр, дараагийн дугаарууд 6-10 хуудастай сэтгүүл хэлбэрээр 1914 оны 8 дугаар сарын 21-ныг хүртэл 500 хувь хэвлэгдэн гадаад, дотоодын төрийн байгууллагуудаар үнэгүй тарж байжээ.

Одоо шар бор, өдөр тутмын болон долоо, арав хоног тутмын нийлээд 3000 гаруй тогтмол хэвлэл байна гэсэн тойм тооцоо байдаг. Өнгө зүс, хуудасны олон, формат хэмжээ гээд тоо хэлбэр талаасаа үнэхээр дээшилж, сайжирсан ч хэвлэл мэдээллийн нэр хүнд өнөөдөр шалдаа бууж, шавхайтай хутгалдаж байгаа гэвэл дэгсдэхгүй байх. Үүнд нийгмийн өөрчлөлт, хүмүүсийн сэтгэлзүйгээс гадна сэтгүүлчид бид өөрсдөө буруутай. Хүлээн зөвшөөрөхөд хэцүү ч бултах гарц үгүй.

Гурван жилийн өмнө билүү дээ, Олон улсын сэтгүүлчдийн өдөр, Монголд сэтгүүлчдийн байгууллага үүсч хөгжсөний 55 жилийн ойгоор “UB palace”-т “Сэтгүүлчдийг хорихоо зогсоо” сүржин уриатай нэг мундаг шоу зохиогдож билээ. Монголын чөлөөт сонины холбооноос зохиосон тэр шоунд дуулсан рок попынхон бүгдээрээ сэтгүүлчид л энэ нийгмийг авч явж байна гэх мэт манж үг харамгүй урсгаж байв. Харин аянд нь үс гэзгээ сэгсэлзүүлэн бүжиглэж, “Бид ган үзэгтэн” хэмээн орилолдох халамцуу хүүхнүүдийг хараад миний ажиллаж яваа салбар, дөрөв дэх засаглалын маань үнэн нүүр царай ийм гэж үү гэж бодогдож байсан.

Харин нөгөө зааланд нь Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хүндэтгэлийн концерт болж байлаа. Чухамдаа сэтгүүлчид энэ хоёр байгууллагын үзэл бодлын зөрчил, турхиралтын бай болж хуваагдан хөлчүүрхэж, коридорт нь тааралдаад бие биедээ үг хаян шөргөөлцөлдсөн шигээ нэгэн үдшийг өнгөрөөж билээ. Монголын сэтгүүлчдийг зангидсан мэргэжлийн байгууллага болох Сэтгүүлчдийн эвлэлээ нөгөөдүүл нь “Эрх баригчдын эвлэл” хэмээн цоллосон бол Чөлөөт сонины холбоог “Чөдөртэй сонины холбоо” гэж наадуул баалахаа бас мартаагүй.

Бид ийм л цаг үед, ингэж л ашиг сонирхлын золиос болж, хоорондоо эвдрэлцэж, ясаа булаалдах нохой мэт хэмлэлдэж явах тавилантай төрсөн азгүй улс. Нөгөө талаар, хаа явсан газраа хүндлүүлж, зочид буудлын аль л люкс өрөөнд залардаг байсан соц үеийн сэтгүүлчдээ бодвол нийгмээ эрүүлжүүлэхэд жинхэнэ утгаар нь бага ч гэсэн хувь нэмэр оруулж яваа азтай хүмүүс. Ямар боловч бид Монголын тогтмол хэвлэлийн түүхийг шинээр бичилцэж, энэ салбарт амь бөхтэй оршсон час улаан өнгийг хар, бор, шар, ногоон, цэнхэрээр сүлж, бас зурж яваа.

Үдийн хоол, үзэг дэвтэр мэтхэнээр даллуулдаг гэж өөчилдөг, үнээн. Үгийн солионы ард өөр сонирхолд дөрлүүлдэг гэдэг, үнээн. Гэхдээ амьдралын аль л болохгүй бүтэхгүй болгоны эсрэг “бэлэн” командтай явдаг энэ хүмүүсийн хувийн амьдрал руу нь хальтхан өнгийгөөд үзээрэй. Лав л зурагтын мэдээ шигээ өнгөлөг, сонины нийтлэл шигээ хурц байж чадахгүй.

Миний бие, саяхныг хүртэл салбараа өнгөн талаас нь харж явсан болохоос өнгөр дотроос өлийж үзсэнгүй явж. Элдэв сайн, саарыг нь эргэцүүлж үзсэн ч удаагүй. Өдөр тутмын сонин гэдэг дөнгөтэй, морины нуруу авдаг халгаатай ачааны булангаас нь дөнгөж үүрэлцэж эхлээд л сэтгүүлчийн хөдөлмөрийг яагаад гүний уурхайн ажилчинтай зүйрлэдэгийг мэдэрсэн. Сүржигнэж байгаа юм биш шүү, зүгээр л нэг юмыг ойлгоод цочирдсон.

Сайн мэдээлэл албаны шугамаар хэзээ ч олддоггүй юм билээ. Ялангуяа улстөрийн тогоон дахь сенсаацтай шинэ мэдээлэл амин хувийн харьцаанд л нээлттэй. Энэ орон зайг алдарт хүрсэн акулууд, эсвэл нэр нөлөө бүхий хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажилладагууд нь, үгүйдээ л царайныхаа сайхнаар цаас цоохорлодог мэргэжил нэгтүүд аль хэдийн эзэлчихсэн байдаг юм байна лээ.

Харин над мэт нь насаараа арын албанд зүтгэж явах заяанд төрсөн ч байж болох. Алдартай, бас хөөрхөн биш болохоор карьяараа өсгөх хамгийн дөт зам нь нөлөө бүхий хэвлэлд хүлээн зөвшөөрөгдтлөө гүрийж ажиллах. Гэвч цаг дээрээ тулахаар зориг, зүрх, бас эрмэлзэл дутаастай. Азаар амар тайван амьдрал, карьяаргүй ч цензури багатай ажилтайгаараа алдрын зэрэгт чардайтлаа тэмүүлэх зарим нөхдөөсөө давуу байж болох. Магад хожим харахад сул тал минь ч байх билүү. Яст мэлхий бат бөх хуягтай учир олон зууны туршид хөгждөггүй, болхи бүдүүлэг хэвээр үлдсэн шиг. Гэхдээ би одоохондоо энэ гал тогоог халуун, бас халтай хэмээн зүрхшээж орхиод, биед амар, бас өгөөж ихтэй өөр салбар руу "урвасан" хэсгийнхээ араас явчихаагүй л байна.

Бас, олонд танигдсан нэгний ард нэртэй улстөрч, бизнесмэн, санхүүжүүлэгч, шантаажлагч нуугдагийг мэдсэн. Хэзээ энэ бүхэн цэвэршихийг би байтугай нь хэлж мэдэхгүй. Гэвч дан ганц сэтгүүлчдэд буруу өгөх аргагүй юм билээ.

Энэ түүхэн өдрөөр далимдуулж идээ бээр болтлоо буглаад байсан эмзэг сэдвээ хөндлөө. Мэдээж бүгдэд нь хамаатай, бас сонирхолтой байх албагүй. Эцэст нь хүндэлж явдаг нэгэн сэтгүүлчийн бичлэгийг оруулъя. Миний хэлэх байсан, хэлмээр байгаа санаа энэ "Сэтгүүлчийн зүрхний хэмнэл" нийтлэлд бий. Хатуу үг хаа ч олдоно, харин жаахан азнаад шагайвал... гарц үгүй.

10 Сэтгэгдэл:

Anonymous said...

Zagaschnii mori usgui gej. Gehdee setguulchdiin tsaling nemlee geed buh zuil saihan boloh u? Minii bodloor chadvartai chadaltai tsuun heden setguulcheer bag burduulj, tsuuhun chanartai hevlel gargadag bolmoor bgaan.

Daanch neg turliin busness bolchihson uchir hudlaa biz dee. Ayndaa hugliinhuu zamaar ev zuidee orno l gej naidahaas.

Orchin chini ymar ch bla gsn CHI BITGII BUUJ UGUUREI IDEA!
Togtmol hevleliin udur uussenii bayriin mend!

Demjigchees

Amgaa said...

Тогтмол хэвлэл үүссэн өдрийн мэнд.

Цаашдын ажилд чинь амжилт хүсье.

arsun said...

Tuuht udur yum baina. Bayariin mend!

sanakae said...

ОЛон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе ээ

nbmdrj said...

Deedeh ni suudlaa olohgui bol doodoh ni guidlee olohgui gedeg shig bidnii eh orond maani nom gorim, chig shugamaaraa yavj bui zuil barag baihgui gej helj bolohoor baigaa ni haramsaltai bas emgeneltei... Setguulch busgui tand dayan delhiin alban yosnii EEMEG zuuh erhtei torson hovor huvi tavilantai humuusiin bayariin mend hurgej setguul zuin, gegeerel zuin janjin shugamaa aldalgui erch huchtei, eremgii, zorimog ajillaj yavahiig husye!
Tanii blogoor zochilj oguulemj, niitleluudees chine eh nutgiinhaa tuhai baga ch bolov zegztei, unen zov medeelel avahdaa taalamjtai baidag yum.
Tand dahin ajiliin ondor amjilt husye!

Anonymous said...

manaihan 3 sariin 5-nd tohioh togtmol hevleliin udriig ali hediine shoovdorlood haytsan shde emgeneltei um doo...

Idea said...

Үлмэдэх: Бизнесээс гадна ашиг сонирхлын бай болчихсонд хамаг аюул байгаа юм. Түүнээс биш зах зээлийн горимоороо явбал өөрийн чинь хэлж буйгаар чадалтай хэд нь үлдээд бусад нь зайгаа тавина.
Ямартаа ч, дэм өгсөнд баярлалаа.

Амгаа, Арсун, Санаахай: Баярлалаа

nbmdrj: /Н.Бямбадорж гэж уншлаа шүү нэрийг чинь хэхэ/ Юуны өмнө, урмаар тэтгэсэнд баярлалаа. Манай нийгэм зөв тийш явж байгаа ч тогтолцоо нь буруу, яван явсаар дотроосоо нурж болохыг олон хүн мэддэг, бичдэг. Гэвч ямар ч нэмэргүйд л гол учир байгаа юм. Асуудалд аль ч нийгэмд байдаг ч, хариу үйлдлийг яаж өгч байгаагаас бүх зүйл хамаарах байх. Сэтгүүлзүйн хувьд, эрүүлжихийн тулд их л урт замыг туулах байх даа.

Үлмэдэх: Харин тийм, гэхдээ бяцхан залруурахад з-р сарын 5-нд биш, 6-нд. Уул нь энэ өдрийг ядаж сэтгүүлчид өөрсдөө мэдэж байвал зүгээр дээ. Тэмдэглэлт өдөр нь чухал биш цаад түүхэн үйл явдал нь чухал шүү дээ. Зочилсонд баярлалаа.

Ganchimeg said...

Сэтгүүлзүй үнэхээр дөрөвдэх засаглал болсон нь үнээн. Гэхдээ сайн талаараа биш. Өнөөгийн нийгмийг илааршуулж, зөвхөн үнэнийг өгүүлэх ёстой сэтгүүлзүй аргагүйн эрхэнд хэн нэгэн улстөрчийн нөмөр нөөлөг, сүүдэр дор оршихоос аргагүй болчихсон. Үнэн үг хэлдэг, бичдэг сэтгүүлчийг нүдэнд орсон хог мэт адалдаг болчихсон эрүүл биш нийгмийн аясыг дагаж, амьдрахын эрхэнд л ийм болчихсон болов уу?

nuudelchin said...

Soninii holboo, tv-diin holboo, udur tutmiin soninuudiin holboo bugd ezdiin baiguullaga, setguulch bidnii baiguullaga boloh negdsen evleliig sambar deer zalardag ah ih holoos olon ch jil udirdan zalj baina do.

Anonymous said...

Sie irren sich. Es ich kann beweisen. Schreiben Sie mir in PM. levitra online levitra preis [url=http//t7-isis.org]cialis 5mg[/url]