2009/06/29

168 цагийн өнгө

За юу юу ч болоод өнгөрчивдөө, саяын долоо хоногт. Ажилдаа орсон, амьтан хүнд загнуулсан, уур жаахан хүрсэн, урам баахан хугарсан, Майкл Жексон нас барсан, Дамчаа гуай зайлуул бас бурхан болсон, Гүндалай гишүүн сайд Цолмонтой хэрүүлийн романс үүсгэсэн гээд аягүй үйл явдаллаг 168 цаг өнгөрсөн байна шд.

Нүүрний тухайд, түлэгдсэний сорви гэхээсээ төрсний сэвх гэж харагдахаар хавтгай хүрэн толбо хацар дээр үлдсэнийг эс тооцвол харьцангуй дээрдсэн. Ямар сайндаа оны өмнө гадаад яваад саяхан ирсэн нэг танил тааралдаад:
- За ойрд яагаад харагдахгүй байваа, арай маамуулаад ирсийм биш биз наад царай зүс чинь?
- Тэгсэн шд. Ихэр бандитай болсоон хө.
- Хөөх тиймүү, баяр хүргэе. Хэн гэж нэр өгөв?
- Энхбаяр, Элбэгдорж... жэхшиг хахаха
Аймаар цаг үеээ мэдэрч нэр өгдөг наасссн. Өөр нэг нь асуувал Оюутолгой, Тавантолгой гэж хариулнаа. Их гуцуул Эрдэнийн хувь, Эх орны хишиг ч гэсэн яады.

Өвгөн загас барьж голын эрэг сахисаар, эмгэн утас ээрч гэрийн мухар сахисаар... гэдэг шиг хоёр сар хорвоогийн явдлаас тасарч гэрийн мухар сахисны эцэст стресс дүүрэн хотын амьдрал, цагт хавчигдсан өдөр тутмын ажилдаа шуударсан чинь сайхан ч юм алга, муухай ч юм алга, сатаарч сонирхох юм бүр ч алга, нэг л их блогтоо томдоод бодолдоо жижигдсэн хүн л байна. Надаар гайхуулчих өөр сонингүй болохоор нам засгийн ганц нэг сониноос дурды л, зүгээр суухаар зүүлэгтэж суу гэж.

Шинэ Ерөнхийлөгч маань ажилдаа ороод, ширээ сандлын томилгоо хийж пэжигнүүлж өгч байнаа. Өөрийг нь сонгуульд ялуулахын төлөө уух ус, унтах хүүхнээ умартан ажилласан Дорлигоогоо Тамгын газрын даргаараа авчихсан, Эрдэнэтийн захирлаас хойш олигтойхон сэнтийд тухлаагүй мань хүн улсын их хуралд дэвшээд уруудаж шороодож явдгаа ч мартчихсан, их л хөөр баяртай яваа сурагтай. Зөвлөхүүд нь харин П.Цагаан гэгч цагтаа сангийн ч, боловсролын ч сайд хийж явсан нэрнийхээ эсрэг зүсмийн нөхрөөс бусад нь тэр болгон сайн муу юманд нэр холбогдож эл доль цохиогүй хүмүүс байна лээ. За тэгээд хэвлэлийн төлөөлөгчөөр НТВ-ийн “Болзоо”-чин Заяа томилогдсон. Хэвлэлийн албандаа Элбэгээг дагаж сонгуулиар цэв цэнхэр болтлоо зүтгэсэн “Болёо, болоошдээ” нэвтрүүлэг хөтөлдөг Санги, “Лийдр” мэдээний Наранбаатар хоёрыг авах янзтай байна.

Сэтгэлийн хөөрлөөр асуудал шийдэх дуртай мань Ерөнхийлөгч анхны захирамжуудаа үзэглэсний нэг нь ардчиллын 20 жилийн ойг тохиолдуулан Өршөөлийн хууль гаргах байлаа. Үймээн самуунд оролцогчдоос гадна, 45-аас дээш насны, эсвэл анх удаа гэмт хэрэг үйлдсэн ялтнууд энэ хуульд хамрагдах сургаар нүдээ бүлтийтэл чих тавьж байгаа сурагтай.
Ямартаа ч “шоронг суллана” хэмээн мэдэгдсэн түүнийг ял завшигчдад боломж олгохгүй, хэнийг өршөөж, хэнийг үлдээхээ ялгаж салгах байх гэж найдаад шийдэл түргэн, шийдвэр мэргэн байгаасай гээд ерөөчихье.

Уяач ихтэй, уралдаанч барилдаанч гишүүдтэй УИХ наадмын өмнө завсарлахаар тун шаргуу шахуу хөтөлбөрөөр хуралдаж байна. Гэхдээ Оюутолгой, эдийн засгийн хямрал, банкны дампуурал, үймээн самуунд өртөгсдийг өршөөх, хохирол барагдуулах гээд амин чухал асуудлуудаас урьтаад пиво, виног хэрхэн хэвлэл мэдээллээр сурталчлах тухай улс оронд “асар тулгамдсан” хууль амжуулж батлахтайгаа л байна. Хэд хэдэн хүний даралт ихэссэн, Бат-Үүл гишүүн ордон дотор ухаан алдсан зэргээс харахад ачаалал нь аргагүй хэвийн хэмжээнээс хэтэрсэн бололтой. Гишүүн гэснээс, Занданшатар гишүүн, Мэргэжлийн хяналтын дэд дарга Янгүгийн Содбаатар нарын хэдэн хүн Монголын Ардчилсан социалист залуучуудын холбооны уулзалтад оролцох гэж яваад онхолдсон гэсэн, азаар мэнд гарцгаасан байна лээ. Хадгаламж банкны 14 тэрбумаас хойш нар үзэхээ больсон МАХН-ын энэ залуучуудын холбоо ном уншуулж сор залахгүй бол хэчнээн ч аавын хүүг шоронд илгээж, шороонд булаа билээ гэх бор шувуу хаа сайгүй нисэлдэж байгааг дурдахгүй өнгөрөх нь ч хаашаа юм, дуу хуур болоод байх нь ч хаашаа юм.

За тэгээд дээр өгүүлсэнчлэн Гүндалай гишүүн ээлжит шоугаа дэглэж, Эрүүл мэндийн дэд сайд Цолмонгийн бөгсний жин, бэлхүүсний тойргийг олон нийтэд хэвлэлийн бага хурал хийлгэн зарлалаа. Цолмон сайдыг нөхрөө хуурч байхад нь гай болж Гүнзгийбалай гишүүн харж таараад, баахан баримт цуглуулж авсан бололтой юм ярина лээ. Яджаахад сайд хатагтайн бөгс хэвийн хэмжээнээс хөнгөхөн байсан тул “Хүнд сурталтай, хөнгөн бөгстэй” хэмээн толгой холбон нэрлэснээ бахархалтайяа тайлбарлаж суугаа харагдсан. Ямар ч бэлэн жин хэмжүүртэй явдагийн, яахаараа ч айлын эхнэрийг мөрдөж мөшгөөд байдгын, бүү мэд. Цаанаа ямар ч учир шалтгаан, өш хонзонтой байсан төрийн түшээ хүмүүс ингэж бүсэлхийнээс доогуур юм ярьж, ор хөнжлийн явдлаа дэлгэлцэх юу нь сайхан байхав, ямар мань мэт биш.

Гэснээс дэлхийн зах зээл дээр зэс алтны үнэ овоо өсөөд, Баярцогт сайд баярын нулимс унагах нь холгүй явна лээ. Монгол Улсыг хөгжүүлэх санд 72 тэрбум төгрөг орж ирсэн, тэрүүгээр хүүхдийн мөнгөө өгнө дөө хэмээн хөлсөө шудрах нь урьд кармаагаараа хойд хормойгоо нөхдөг айлын авгай шиг санагдсан. Уул нь улсын төсөв гэдэг гадны хүчин зүйлээс тэр болгон хамаараад байдаггүй, эрсдлээ тооцож зардлаа хэмнэсэн дархлаа сайтай байх ёстой гэж боддог. Гэхдээ миний мэддэг эдийн засаг ч гэж юу байхав. Таван цаас илүү орж ирж байгаа бол сайн л биз. Элбэгээ Ерөнхийлөгч болсон тул Чингэлтэйн 24-р тойрогт нөхөн сонгууль болох ёстой, тэр нь найр наадмын наймдугаар сард биш, ерөөл хэрүүлийн есөн сар хүртэл хойшилж байгаа гээд ялих шалихгүй явдал суудал бишгүй л байна.

Гол гонсойлгож, сэтгэл хөндүүрлэсэн явдал бол Ардын жүжигчин Дамчаа гуай өнгөрсөн долоо хоногт таалал төгссөн мэдээ байлаа. Ирж буцах нь амьдралын жам ч ийм л сайхан хүмүүсээ чимээгүй үдэх нь дэндүү харамсам, бас уйтай. Цул авьяасыг атгаж төрсөн тэрбээр “Эсрэг дүрийн эцэг” хэмээн олон түмэндээ хүндлэгдсэн, жүжигчнээс гадна дуучин, бүжигчин, орчуулагч, кино зохиолч хүн байсан. Тайз дэлгэцийн олон дүр, танил болтлоо хоногшсон дуу хоолой нь та бидний дунд үүрд амьдрах биз ээ.

Яг л үүнтэй зэрэгцээд дэлхий нийтийг цочроосон явдал бол Попын хаан, домогт Майкл Жексон таалал төгссөн явдал байлаа. 50 нас гэдэг америкчуудын хувьд 30 настай монгол хүн шиг ид залуу боловч түүний амьдрал тэр чигээрээ скандал, богино мөртлөө сүр дуулиантай урт түүх байв. Таван настайгаасаа л олны анхааралд өртөж, ховорхон хоолой, хосгүй бүжиглэлтээрээ дэлхийг алмайруулсан түүнийг энэ цагийн сүүпер од гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Давтагдашгүй өвөрмөц ертөнцөө өөртэйгөө үүрд авч одсон тэрээр дахин хүн төрөлхтөнд од болон ирэх биз ээ.

Зуны дунд сар улирах дөхөж байгаа хэдий ч хурц нар ээхийн хажуугаар хур бороо, хүйтэн салхитай зэвэргэн өдрүүд үргэлжилж байна. Зарим аймаг суманд үер усны аюул нүүрлэж, мал хуй осгож байгаа мэдээтэй, байгаль дэлхий жил ирэх тусам хатуурхаж буй энэ цаг үед бусдад гавьяа болохгүй ч гай тарихгүй, хийсэн үйлдэлдээ эзэн болж анхаарал сэрэмжтэй амьдрах юмсан даа гэж.

За за, аягүй төрийн төлөө оготнолог бичлэг боллоо, өдөр хоног урсдагаараа урсаж, өнгөт амьдрал гэрэл шиг алагласаар байх нь тодорхой авч энэ зуурт надтай хамт байж элийрсэн бичлэгийг саатан уншсан Танд аз жаргал хүсье. Амьдрал тань амжилт, ялалтаар ямагт бялхаж яваг.

18 Сэтгэгдэл:

Anonymous said...

Saihan bichdeg shuu. Bayarlalaa. Damchaa guain yariltslagiig unshij bsan mini sayhan shig sanagdah yum. Saihan hun bj bilee. Tun haramsaltai yum. Olon tumniihee zurh setgeld urgelj amid bh bolno doo. Engiin buguud aguu hun bsan daa.

khaka said...

Yamar ch shine medeelel olj avsangui. Heregtei medeelel ogt alga. Anyway, thanks.

Amgaa said...

Нүүр чинь гайгүй идгэсэн бол овооо дооо. Зурагаа тавьчихгүй яасийн гэсэн :D

Гамп said...

эцсийцэст чи идэж уух юмнаас болж балрий шүү. нээрээ бясалгалаа бичиж балай авкуу яасын

ариука said...

Мэдээллийг сонирхолтой хэлбэрээр олж авав, ойрд зурагт энэ тэр үзээгүйм,
бичлэгийг хүлээж байлаа, салахаа больсон гэжугаа,

arsun said...

Үүнээс цэлмэг хөх тэнгэр гэж үгүй
Эх орноос минь сайхан нутаг хаа ч үгүй
Үүнээс илүү хайрлах шүтээн үгүй
Эх орноос минь сайхан нутаг хаа ч үгүй

Gantulga said...

Saihan bichij shuu! Taalagdlaa

ЗОРИГТ8 said...

Үнэхээр урт хирнээ сэтгэл татам бичдий шүү та...

Галдан said...

хүмүүс чамайг айхтаар хошгируулсан байна шүү. Тэгжээгаад 168 сонсчих санаатай наадуул чинь.

А би бол хов зөөжээгээал сонсчий

Erhtsas said...

Ай сайхан хүмүүнээр хорвоо дутах болсон нь яасан харамсалтай....

алтаргана said...

за ашгүй ...цалинтай цалингүй бүх ажилдаа ороо шив. Мэдээж мэдээлэлийн харилцаа хөгжсөн энэ үед энэ бүх мэдээг сонссон л доо, гэхдээ чиний амнаас биш ээ гараар бичсэнийг уншихаар шинэ юм шиг сонин содон санагддаг нь юуны вэ...зав зайгаараа блогтоо орж манийгаа баясгаж байгаарай. Энд орж ирэхээрээ сэтгэл сэргэдэг юм даа

chuups said...

4 hon seegii bsaniin tegeed unshaad bicheh gesen chin 11 boltson bn shde

Алагсэндэр said...

http://elbegdorj-fun.blogspot.com

bora said...

Ашгүй шинэ бичлэг оруулчиж, баярлалаа, өдөр болгон шалгадаг болоод байгаашд

arsun said...

Хааяа ч гэсэн оготнолог бичиж байгаарайдаа.

Ганзо нь said...

Bayarlala Adiya egchde, oird medee haraagui, ineej ireel medeeleltei bolootohloo.

peakfinder said...

Helemgii gej... Neeree tanaid orohoor setgel sergeed l yavchihdag yum.

Anonymous said...

daraagiin 168 tsag haana bna. Negent doloo honog bolgon toim bichih gej bga bol taslahgui bicheech