2009/07/29

Цуутай хүүхэн хуримгүй...

Дуутай тэнгэр хургүй, цуутай хүүхэн хуримгүй гэдэг. Монголчууд Оюутолгой гэдэг цуутай хүүхнээ хадамд гаргах санаатай сүүлийн хэдэн жил сүрхий дуулиан шуугиан дэгдээлээ. Гэвч “бэр гуйгчид” хадмуудаа хатуу гэж халширсан уу, эсвэл хүүхнийг нь хэрэглээ өндөртэй хэмээн эмээсэн үү, юутай ч өнөөг хүртэл худ бололцож хурим найр хийх нь битгий хэл хадаг өгч, сүй тавьсан юмгүй л явна.

Өмнийн говьд нэг ийм сайхан хүүхэн “амьдардаг” болохыг нэлээд хэдэн жилийн өмнө олж мэдээд, хэрэв үүнийг боломжийн хүргэнд өгчих юм бол хаялга сайтай, хаяа өлзийтэй айл болох төдийгүй үр хүүхэд нь суу билэгтэй, улс оронд үр өгөөжтэй байх юм гэж ярилцсаар, талцсаар нэг мэдэхэд зургаан жил өнгөрчээ. Ард түмэн дундаас нь хувь хишиг хүртэх гэж горьдсоор, араас нь хадамд гарахаар Тавантолгой, Асгат, Мардай нарын “бүсгүйчүүд” ээлжээ хүлээсээр.

Уул нь хэдэн жилийн өмнөөс хүргэнд нэр дэвшээд байгаа “Айвенхоу Майнз” гэдэг компани “Рио Тинто” нэртэй “хойд” аавынхаа хамтаар Оюутолгойн эцэг эх болох Монгол Улсын Засгийн газартай ураг барилдахаар хэд хэдэн удаа хэлэлцээрийн ширээний ард суусан. Гэвч хүргэний талаас хэрэв та нар Оюутолгойгоос 34 хувийг эзэмших гэж байгаа бол бидэнд дөрвөн төрлийн татварын хөнгөлөлт үзүүл хэмээн “инж” нэхэв. Засгийн газрын дээр УИХ гэдэг өвөг эцэг нь байдаг, өнөөдрийг хүртэл эцсийн шийдийг өвөг эцэг гаргаж ирсэн юм. Харин сүүлийн үед мань өвөг эцэг ерөөсөө хүүхдийнх нь толгойг эцэг эхэд нь мэдүүлье гэж бодох бодсон нь өтөлж хөгширснийх үү, үгсэж хуйвалдсаных уу гэдгийг үүнийг бичигч үнэндээ мэдэхгүй.

Инжийг нь их гэж үзсэн өвөг эцэг үл зөвшөөрөн гэдийж, олонд алдартай царайлаг хүүхнээ ямар ч инжгүйгээр, тэр дундаа гэнэтийн ашгийн 68 хувийн татвар гэдэг “сүйн бэлэг” өгчих хоншоортой хархүүд өгөх хэрэгтэй гэж шийдэн, товч хэрнээ товхийсэн тогтоол баталж, энэ тогтоол ёсоор 34 хувийг яваандаа тавин хувь болгон нэмэгдүүлэх нөхцлөөр гэрээ хийхийг Засгийн газартаа үүрэг болгож орхилоо. Гэтэл канад хүргэний хойд эцэг Монголын талаас нэхэж буй “сүйн бэлэг”-ийг өгөх боломжгүй, Оюутолгой арвин баялагтай ч арчилгаа ихтэй, тордож халамжлахад тоймгүй их мөнгө гарна хэмээн гүрийж, хэрэв сүйн бэлгээ заавал авна гэж байгаа бол найр хуриманд ч оролцохгүй, дагавар хүүхдээ ч орхино хэмээн “туньж” байгаа сурагтай. Эцэг хүү хоёрын хооронд энэ талаар тодорхой болзолтой, цаг хугацаа товлосон яриа тохироо байгаа эсэх нь юмны эзэн, сумны занги монголчуудад шууд утгаараа нэг их хамаатай бус.

Ингэснээр цуутай хүүхний дуутай хурим тодорхойгүй хугацаагаар хойшлон, Оюутолгой бүсгүйг олж харсан цагаасаа анхны харцаар дурлаж, өөрийн болгохоор өдөр шөнөгүй санаархан байгаа “Айвенхоу Майнз” хаданд хавчуулагдсан халиуны зулзага болов. Хатуухан гартай хойд эцгийнх нь орыг хамар хашааны “Ли ах” залгамжлах сураг ажиг ч чих дэлсэх болов. Оюутолгойн нөөцийг хайгуул хийж тогтоосноороо давуу эрх олж авснаас биш шууд хөрөнгө оруулаад бүтээн байгуулаад зэс үйлдвэрлээд эхлэх бядгүй учир тэрээр наашаа гэсэн бэлтэй нэгний царайг харахаас ч өөр аргагүй. Харин монголчуудын дийлэнх нь тэрхүү цуутай хүүхнээ “Ли ах”-д өгөх дуртай биш байгаа. Хөрш айлдаа байдгаа барьчихаар яван явсаар эдийн засгийн эрхшээлд нь бүрэн орчихвол яана гэсэн болгоомжлол нутгийн олонд төрсөөр байгаа юм.

Одоо Засгийн газар УИХ-аас баталж өгсөн тэрхүү хуулиас “том” тогтоолыг тас баримтлан, хөрөнгө оруулалтыг гэрээ хэмээх худ ургын барилдлагааг аль болох түргэн үзэглэх үүрэг хүлээж буй. Тэр үүргийнхээ дагуу саяхан “Айвенхоу Майнз”, “Рио Тинто” нарыг урьж, юу ч гэсэн УИХ-ын шийдвэрийг албан ёсоор танилцуулжээ. Тогтоол батлагдсанаас хойшхи анхны уулзалт болоод тэр үү хоёр тал баахан бишүүрхүү уулзаж, тодорхой юм шийдэлгүйгээр дипломат байдлаар салсан тухай мэдээ байна. Дараагийн уулзалтаар жинхэнэ яриа хэлэлцээ өрнөх бөгөөд айвенхоучууд манай УИХ-д уул уурхай болон хөрөнгө оруулалтын гэрээний талаар биднээс асуух юм байвал асуугаарай, хэзээ ч чөлөөтэй ярилцахад бэлэн гэх агуулгатай захидал илгээсэн тухай ч зарим эх сурвалж мэдээлж байна. Ингэж захиа занаа шидээд байхыг харахад “Рио Тинто” юу юугүй эмээлээ үүрээд эргээд алхчихгүй юм байна гэж горьдох нэгэн байхад “Манай Оюутолгой шиг хүүхэн гуядаж хадамд гарна уу гэхээс гуйж гардаггүй юм байх аа” хэмээн хаахалзах нөгөө нь ч байна. Тэд үүнийгээ Оюутолгойн өвөг эцгийн чихэнд далд шивнэж, ил ширвэсээр ирсэн юм.

Хамгийн гол нь монголчууд энэ алдартай хүүхнээрээ түрий барьж, улстөрчид нь бэлэн амалж, ухаантнууд нь шалдан гуялж, эрх мэдэлтнүүд нь хонжоо хайж, ард түмэн нь хувиа нэхэж, алаагүй баавгайн арьсыг арав хуваан хэмлэлдэх болов. Бүр хэвлэл мэдээлэл хүртэл медиа-бизнес гээчийг хийж, сайхан хүүхний нэрийг гурав худалдаж идсээр, түүнд нь жирийн иргэд тархиа угаалгасаар, сүүлдээ хэн нь зөв ярьж, аль нь үнэн бичиж буйг ч ялгаж салгах төвөгтэй байдалд хүрэв.

Төрийн эзэмшлийн хувийг өндөр байлгахыг хичээх нь үнэндээ эх оронч санаа мөн боловч төр гэдэг үгийн цаана авлигад дуртай, арван таван толгойтой атгаалжин мангас амаа ангайгаад сууж байгаа үлгэрийг цэцэрлэгийн бяцхан жаалууд орой унтахдаа сонсдог болов, орон дотроо чичирдэг болов. Оюутолгойн хуримнаас олз ашиг хүртэж, түрийвч халаасаа түнтийлгэх гэсэндээ хоёрын дунд яс хаях эрхмүүд ч мэр сэр үзэгдэх болов.

Дэлхийг хамраад байгаа санхүүгийн хямрал нэртэй салхи сүүлийн үед Монголын банк санхүү, барилгын салбарыг сүрхий сандчаах болсон. Говийн угалз шиг хүчтэй энэ салхи нэг хэсэгтээ намжихгүйн дээр уул уурхайн салбарыг ч түйвээж, улс орны эдийн засгийн өсөлтөөс хойш чангаах төлөвтэй байгааг “цаг уурчид” хэлж байгаа. Яг л ийм үед Оюутолгойгоо хуримлуулчихвал орж ирэх хэдэн төгрөг нь овоо юм болох нь тодорхой байгаа юм.

Шуурга дэгдээж, шунал өдөөж байгаа тэрхүү Оюутолгой нь 34 сая тн зэсийн нөөцтэй. Зөв технологиор ашиглавал үүнээс ч илүү олох боломжтойг судлаачид хэлдэг. 72 жил ашиглагдах уг ордоос жилд дунджаар 500 мянган тн, 40 жилд 20 сая тн зэс олборлох тооцоо бий. Жилд олборлох 500 мянган тн зэсийг нэлээд хямдаар буюу тонн тутмыг нь 2000 ам.доллараар тооцоод үзвэл 1,4 тэрбум ам.доллар болно. Үүнээс талыг нь зардалдаа зарцуулаад үлдэж буй 700 саяыг хөрөнгө оруулагчидтайгаа хуваахад 360 сая нь бидний мэдэлд ирэх юм. Үүнийг жилийн хоногуудад хуваахад өдөрт нэг сая ам.доллар болж байгаа тул учир мэдэх хүмүүс ашиглалтад оруулалгүй алгуурласанаараа өдөрт ийм их мөнгө зүгээр салхинд хийсгэж, усанд урсгаж байгааг дахин давтан хэлсээр байгаа юм. Ингэж л Оюутолгой олны нүдний хор ортлоо амны бай болж байгаа ч ашиг орлого нь цаасан дээрх тоо, цасан доорх яргуй төдийхнөөр л хэмжигдэж байна.

Уул нь Оюутолгойн аав ээж болох Засгийн газар нь МАХН, АН гэсэн нутаг усандаа хамгийн нөлөөтэй айлаас нийлж нэг гэрт орсон. Анх нийлэхдээ л Оюутолгойгоо ард олондоо хүртээмжтэй байдлаар “борлуулж”, ашиг орлогоор нь амьдралд хэрэгтэй юм хийхээр амалсан. Уг нь энэ өдөрт салхинд хийсгэж байгаа сая доллараараа сонгуулийн амлалт болох эх орны хишиг, эрдэнийн хувиа өгөөд эхэлсэн бол Оюутолгойтой нэг үед төрсөндөө олзуурхах хүн даанч олон бий. Харин найр наадмын улирал тохиож буйг ч хэлэх үү, арай энэ цуутай хүүхнийхээ өгөөжийг нь хүртсэн ч юмгүй өндөг шиг дарсаар хуримгүй болгох юм биш байгаа гэж түгшиж буй нь түүнээс ч олон байна.

15 Сэтгэгдэл:

Anonymous said...

Iim hetsuu sedviig engiin oilgomjtoi bichjee, ene ordiig bolomjiin nuhtsluur ashiglaasai daa, uul ni Mongoliig hamgiin bagadaa 70 jil ugjih saaliin unee shuu dee.

Оогий said...

Гоё бичсэн байна шүүү. Одоо л нэг толгойн эргээ гарахтайгаа боллоо БАЯРЛАЛАА

chuups said...

tsuutai huuhen maani hurdan hadamd garchaasai.
Tegeed hadamd garaad mani meted ni hurteel ogch chadahiim boluu daa ingesnees...

Anonymous said...

хэцүү хэцүү....
хэрхэн шийдэгдэх юм бгаан.

Anonymous said...

Hadamd garchihaad hurgen ni hadmiinhaa hamag yumiig zoogood duusgaval (hurimiin batlah deeree cholootei zooh zaalt oruulj baigaad) ch hetsuu yum boloh baih daa.

Anonymous said...

Хүүхэн жил ирэх тусам хөгширч хадамд гарах магадлал нь буурах бол алт, зэсийн орд жил ирэх тусам үнэд орж түүн рүү хошуурагсад нэмэгдэх болно.

Anonymous said...

Хуванцарыг алт, зэс болгох ид шидийн технологи л гараад ирдэггүй юм бол Оюу-Толгойд хэзээд "нөхөр" олдоно.

Дeстини said...

Манайхны тулгаж байгаа зүйлс хэцүү болохоос биш биелэхээргүй эд биш байх. Хоёр тал хоёулаа бага зэрэг буулт хийх хэрэгтэй байх.

Барбагш нар нь said...

Гуйж биш гуйлгаж өгөх орд гэж ханхалзхым да. Гуйх хүн нь байгаамуу одоо?

artgaa said...

Идеа ингэж ханхалзаагүй шүү, энэ анонимууд хэхэ, дээрх хүн би байлаа.

Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.
Arsun said...

Пөөх ийм амархан юм байсан юм уу?
Ойлгохгүй болохоороо тоохгүй яваад байсийн.

Anonymous said...

adya ingeed alga boldiishuu. boduul zavguilaigaaz.

iin said...

Бүр хэвлэл мэдээлэл хүртэл медиа-бизнес гээчийг хийж, сайхан хүүхний нэрийг гурав худалдаж идсээр, түүнд нь жирийн иргэд тархиа угаалгасаар, сүүлдээ хэн нь зөв ярьж, аль нь үнэн бичиж буйг ч ялгаж салгах төвөгтэй байдалд хүрэв.

ийм ч болчоод байна өө гэж,

Crystal said...

Нэг зар тавьчихяа, уучлаарай
Дараах мэргэжлийн чиглэлүүдээр найдвартай, улсын бүртгэлтэй гэрчилгээ гаргана.
- Хүнд машин механист
- Үсчин
- Компьютер, график дизайнер
- Зөөгч
- Гоо засалч-массажист
- Худалдагч-нярав-кассчин
- Тогооч болон нарийн боов
- Оёдолчин
- Цахилгаанчин
- Гагнуурчин
- Барилгын засал чимэглэлчин
- Барилгын өрлөгчин
- Бетон армотур
- Мужаан
- Сантехникчин
Утас 88179515, 91871771