2009/09/02

Алтчин

Элэг зүрхэндээ нүхтэй
Энхрий Монгол нутаг минь
Эцэг эхээс заяасан
Эрдэнийн алттай өлгий минь...
/Нинжа хүний дуунаас/

Би алтчин... Газрын гаваар орж, гялтан судал шүтэж, шаргал ялтасны төлөө шар махтайгаа хатаж яваа нүхэн гэртэй, нүүдлийн амьдралтай, нүүрсэн царайтай шинэ цагийн монгол. Албан ёсны бичиг баримтан дээр биднийг гар аргаар алт олборлогчид гэж тэмдэглэдэг юм байна лээ. Ард олноос хайрласан алдар гэвэл НИНЖА. Эргэх дөрвөн улирлыг ч эс тоон эгээ л мэрэгч шиг газар сэндийлж, мэлхий шиг намганд шигдэж, хөөгдөж туугдсан ч, хөлдөж бэртсэн ч, шороонд дарагдсан ч, бороонд цохиулсан ч энэ л ажлаа хийсээр дуусах учир биднийг ийн нэрийдсэн. Нэгэнт энэ замыг сонгосон бол зовж зүдрэх, зодуулж нүдүүлэх юу ч биш.

Шөнө хагасалж дуг хийгээд үүр цүүрээр сэрэхэд өнөө л ухсан нүх, овоолсон шороо, бүсэлхий хүртлээ орж зогсох урсгалыг нь боосон тогтонги ус, бохир шалбааг л угтана. Хувин, хүрз, олс, хуванцар ногоон түмпэн мэтхэн миний хөдөлмөрийн багаж зэвсэг. Харин хатуу хөтүү ажлын минь аяыг усны гутал, резинэн бээлий удаан даадаггүй. Эрүүл мэнд, гоо сайхан, мэдлэг боловсрол гээд яривал бүр хүний хөх инээд хүрнэ.

Алт дагасан хүн өөдөлдөггүй гэдэг. Магад энэ үнэн ч байж болох. Гэр бүл, үр хүүхдээ тэжээхийн тулд том уурхайнуудын ухаад орхисон нүх рүү зээтүү барин дайрсан тэр нэг өдрөөс хойш би гэдэг хүн гэрэл гэгээ, урам зориг, хүсэл тэмүүлэл бүхнээ газрын хөрсөнд булшилж орхисон.. Харин оронд нь цэн пүнгээр биш ч чимх чимхээр хэмжигдэх алтны ялтас олзолж, тэр л гялалзсан метальд амь нас, ар гэрээ даатгасан шуналт хар харх болж хувирсан. Миний үр хүүхдүүдийг ч гэсэн ийм тавилан хүлээж байгаа гэдэгт итгэхэд хэцүү ч эргэлзэх аргагүй.

Наймаанд найзгүй гэдэг бол нинжад нинжин сэтгэл, хүн чанар, андын нөхөрлөл мэт нь огт байхгүй. Овоолсон шороо, олзолсон нүхний төлөө олон аавын хүү яс булаалдах ноход шиг хэмлэлддэгийг би мэднэ. Би ч мөн ингэж л яваа. Алтнаас болж ах нь дүүгийнхээ, аав нь хүүгийнхээ амийг хөнөөснийг ч хоёр цэхэрдээ нүгэл хурааж харсан. Нүхлээд орхисон цооногийн шороон багана нурж нүдэн дээр минь олон хүн дарагдаж амьсгал хураасан. Чигчий хурууны хумсны толионд ч хүрэхгүй алтаар чин үнэнч хайр сэтгэл, бүсгүй хүний ёс жудаг нуруулдсан шороо мэт нуран унахыг ч үзсэн. Үйрмэг алтыг амархан бөөгнөрүүлдэг тэр мөнгөн ус гэгч мөнгөлөг бөмбөлөг удмын санг минь, үр хойчийг маань үгүй хийж байгааг ч гадарлана. Энэ бодис хэний гараар орж ирж, хэний гараар дуусдагийг ч мэднэ. Гэвч мэдлээ гээд яалтай билээ.
Газрын шимтэйг, өвсний сортойг даган нүүдэллэдэг байсан малч удмын үр сад би өнөө цагт сэндийлсэн шороо, ухсан цооног бараадан нутгаас нутаг, нүхнээс нүх дамжин сохор номин шиг амь тэмцэн алт тэмтрээстэй явах юм чинээ даанч санаагүй. Нутагтаа байгаа хэрнээ харийнханд хөөгдөж, мөнгөтэй, мэдэлтэй нэг нь газар шороог минь өөрийн юм шиг өмчирхөж байгаад дургүй минь хүрдэг. Гэлээ гээд хэзээд муу нэртэй, хэрээ шиг хар савартай алтчин миний буруу болж адлагдана уу гэхээс аврагдана гэсэн түүх үгүй.

Гол мөрөн сүйдэж, горхи ус ширгэж, амьд байгаль хувхайрч байгаагийн шалтгааныг зөвхөн нинжад тохдог. Яг үнэндээ нуурын элгийг нуугитал самрах аварга том драг, талыг там болгох нүсэр техникүүд, газрын хэвлийг бахим савраараа сэндийлээд хаячихсан тракторуудын мөрөөр л бид ордог. Гадаад дотоодын тэр олон уурхай хэн гээч даргын хэзээ гаргасан шийдвэрийн дагуу, хэний зөвшөөрлөөр ингэж дур зоргоороо авирлан, алтыг нь аваад авдрыг нь хаяад явж болоод байгааг би мэдэхгүй. Урсгал усны гольдрилыг ч тэд өөрийн дураар өөрчилж, хааж боодог. Нутгийн иргэдийн амин зуулганы мал нүхэнд унах, ундны ус булингартах зэрэг тэдэнд юу ч биш.

Эхээс төрөхдөө би нинжа байгаагүй ээ. Энэ л орон нутгийн уурхайдаа илгээлт өвөрлөн ирж байсан үе залгамжилсан уурхайчин аавын хүү явлаа. Харин хувьчлах нэрийдлээр хувааж идсэн тэр уурхайгаас олон ажилчин гахай нүцгэн, гар хоосон халагдсан. Уугуул нутгийн минь газар шороо сэтгэлгүй хүмүүсийн гарт хэрхэн утгаа алдаж, унаган төрлөө гээж байгааг хараад шогшрох сэтгэл надад байсан, халдаад зодуулах зориг ч цагтаа байсан. Хаяад явсных нь дараа арга буюу бусдыг дагаж үйлс буруутны үлдэгдэл дээр найрласан. Зуданд хотоо харлуулж үлдсэн малчид, үйлдвэр цех нь хаагдаад ажилгүй болсон иргэдээр хүсээгүй, сонгоогүй энэ амьдрал хүрээгээ тэлсээр. Дуусдаггүй баялаг, шавхагддаггүй нөөц гэж үгүй тул хаана л алт гарна тэнд хэрэн хэсч, уугуул иргэдэд нь хөөгдөж туугдан, уурхайн эздэд нь зодуулж нүдүүлэн явсаар хүн чанараа хөлийн уландаа гишгэж, алтнаас өөрийг үл хүсэгч араатан болж хувирч байна. Цагдаагийн машины бараанаар үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж, бутран тарчихаад буцаад баасны батгана мэт шавах энэ олныг харахаар хэнийг ч юм зүхэх сэтгэл төрдөг. Ухаж гаргасан алтаа арай ахиу үнэ хэлдгээр нь урд хөршийн панзчингууд руу бариад гүйх бусдыгаа харин буруутгаад ч яах билээ дээ.

Улстөрчид нь ухаантай сан бол, эрх мэдэлтнүүд нь иргэдээ гэсэн сэтгэлтэй сэн бол энэ олон монгол хүн уул усаа өөрийн гараар сэндийчиж, нөөц баялагаа нэгэн үеэрээ барж цөлмөхийн төлөө улайрах байсан болов уу. Ардчилсан Монгол хэмээн гоё овогтой алттай улсын иргэн би айж эмээн, даарч чичрэн хөндий нүх ангуучилж, хүйтэн шороо малтаж хүний тооноос амьдаараа хасагдаа ч уу. Хүнд хүчир амьдралд бухимдсан алтчин залуус нь хөлчүүрхэж, хүүхнүүд нь алтаар биеэ үнэлж, хүүхдүүд нүхний овгорын шороог зөөж, хужаа нар өөрийн юм шиг үүрлэж, өдрөөс өдөрт бүл нэмж байгаа алтчингууд өөр хоорондоо дайсагналцаж элэг нэгтнээ эгээ л мал шиг хороож... алт тойрсон адгын болгон энд үүрлэх байсан гэж үү?

Одоо Монголд 300 орчим мянган нинжа бий гэдэг албан бус тооцоо байдаг. Үүний цаана хэчнээн хүүхэд сургууль цэцэрлэггүй хоцорч, хэчнээн хүний эрүүл мэнд, амьд явах баталгаа алтны өчүүхэн ялтсаас ч хямд болж буй бол. Нинжануудыг тоодог нийгмийн үйлчилгээ ч гэж үгүй. Өвдлөө гэхэд алт зарж олсон өнөө хэдэн цаасаа бариад л явна. Орон газар хэсч явсаар тогтсон иргэншил, тодорхой харьяалал ч байхгүй. Олдсоноо идэж, олсоноо арилжиж яваа хүмүүс зөвхөн өнөөдрөө л арай ядан аргацаадаг. Сумын хөгжил, нутгийн удирдлага, бүсийн чадавхи гээд л ярьдаг. Үнэндээ юуг өөрчилж, юуг сайжруулж байгааг бид мэдэхгүй. Харин Африкын өлсгөлөн ядуурлын жишээ алтнаас улбаатайг богинохон бодолтой, боловсрол нимгэн алтчин би дуулсаан. Амиа тээхийн төлөө аргагүйн эрхэнд алт дагасан над шиг хүн олон бий. Цаг зуурын хэрэгцээнийхээ төлөө үе үе энэ тамын тогоонд буцалдаг зарим нь ч бий.

Халуун амь эрсдэж бүлээн цус урсахын цагт, хамгийн сүүлийн горхи хатан ширгэж хамгийн эцсийн навч тасран унах мөчид хамгийн үнэтэй гэгддэг энэ металл хэрэг дээрээ хамгийн үнэгүй болно гэдгийг би, чи, та бид бүгдээрээ мэдэж байгаа. Гэвч алтны ангуучлалд амьдаараа хатсан энэ хар дарсан зүүд шиг амьдрал хэзээ дуусгавар болохыг, хэрхэн баялагтай нутгийн иргэд алтаа бусдаас харамласандаа өөрсдөө өрсөж цөлмөхөөр өлөн цөөврүүд мэт улангасахаа болихыг, хэзээ газрын баялагаа тэгш хуваарилж, ирээдүйд хийх хөрөнгө оруулалт болгохыг, хэдийд нь жирийн ард түмэн бид итгэл төгс, сэтгэл түвшин амьдрахыг хэлчих хэн нэгэн байна уу, энэ улсад...

16 Сэтгэгдэл:

Arsun said...

Төр нь төр шиг болсон цагт л цэгцрэнэ дээ.

Arsun said...

хэлэмгий гэдэг нь

Fox said...

Одоо Монголд 300 орчим мянган нинжа бий гэдэг албан бус тооцоо байдаг. Энэ арай худлаа байлгүй дээ

Bayarmaa said...

Uneheer sain bichjee Adiya, alt hotolboriin urshigtai zuiliig bugdiig ni gargaj bichsen baina. Negent tor ni tor baij chadahaa baisan ym chini humuus yuug ch toohoo bolih ni arga ch ugui ym daa. Yaaj ene buhniig heviin goldrild ni oruulah ym buu med, ih ch hugatsaa, ih ch mungu togrog, hicheel zutgel shaardagdah baihdaa. Daanch haramsmaar

Оогий said...

Ааааааая аймааар

ЗОРИГТ8 said...

Ёоо нээ урсаал явчжээ...сэтгэл хөдөлгөм, зүрх догдлуулам сайхан бичжээ...
Хэлээд өгөх хүн олдкуул байхаа даа

A.Амарсайхан said...

Айдаа, чи шүү! Сайн болжээ. Нээрээ л хэлэмгий охин шүү чи.

uka said...

Үргэлж үзэн яддаг байсан нинжа нарыг өрөвдөх ч шиг.

Anonymous said...

unshihaar l turgen turgen hemneleer unshigdaad, zurh tug tug tsohilmoor ungu aystai bichdeg ym bna ene idea

Pearle Deppsu said...

аймаар юм. чи ер нь их аймаар аймаар бичнэ шүү

Өнөржаргал said...

Яана даа. Тэдний хүүхдүүд л хайран байна.

Amgaa said...

Лайтай бичжээ. Тэр 300 мянга орчим гэдэг тоо арай худлаа байхаа.

amor said...

яанаа, яг үнэн төрх ..
яавал дээр вэ? бүүр сэтгэл хачин болчлоо..
хямартал бичнэ шүү энэ нээрээ...

Idea said...

Арсун: Тэр нь тэгээд хэзээ юм болоо, та мэдэхгүйз? Хэл+эм+гий гэдэг чинь хэл амтай эмэгтэй гийчин гэсэн үг үү?

Fox: Үнэн байх өө, Ерөнхийлөгчийн Эрдэс баялаг, дэд бүтцийн асуудал хариуцсан зөвлөх П.Цагаанаас ярилцлага авч байхад тэгж байсан. Тэр хариуцлагатай хүн мань мэт шиг санаандаа орсноо хэлэхгүй биз, хүсвэл ярилцлагатай линкийг нь оруулий.

Баярмаа: Харин тиймээ, муу эрд халдага дараа гэгчээр тааруухан төр засагтай манайх шиг улсад байгалийн баялаг гай болох гээд байна уу гүй юу

Оогий: Хэн? би юу?

Зоригт: Хэлээд өгчих хоншоортой аавын хүү хэзээ нэгэн цагт гарах л байх.

Амраа ах: Би шүү ккк. Урт хэл хааяа хүзүү ороогоод байхын, яахуу. Өвөл болжооход ороолтны хэрэггүй зүгээр ч юм уу... гсн

Ука: "Үзэн ядалт ба шунан дурлалт" гээд нэг кино байдаг билүү, гүйлүү

Үлмэдэх: "Галзуу хүн чихэн дээр орилоод байгаа юм шиг" гэсэншд намайг нэг удаа нэг хүн.

Дээпсүү: Мань харин аймшгийн киноны зохиол бичдиймлүү, тэгээл өөрөө гол дүр мүрд нь тоглоод.

Өнөржаргал: Харин тийм ээ, үе залгамжлаад л явах байх даа.

Амгаа: Үнээн /Тунгалаг тамирын Долгор байдлаар хэллээ шүү/

Амор: Одоо яриад байгаа тэр хямрал чинь байтлаасаа надаас болоо юу...ккк. Харин тийм ээ, ямар нэг дорвитой юм хийхгүй л бол.

www.MonKey.mn said...

Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэж Монгол улсад Мэдээлэл шуудан харилцааны салбар үүсэж хөгжсөний 88 жилийн ойд зориулан Мэдээллийн технологийн үндэсний парк, Монголын Блогчдын Холбоо, Монки.мн сайт хамтран насанд хүрэгчдийн дунд зохион байгуулж буй блог нийтлэл богино өгүүллэгийн уралдаанд оролцохыг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.monkey.mn/news/208/read эндээс уншина уу.

сайхан санаа said...

хуучин бол хэдхээн агзар алт ухдаг гэдэг байсан бол.. одоо ч алтны дайрлаганд ортоогүй газар монголд ховор болсон байх даа....

хэнтий аймагт л гэхэд онон балжийн саь газраар алт угаагаал... урсах ус ньт ч татраад л нүдэн дээр л эмгэнэл болж хувирч байна даа..