2010/12/15

Замчинтай заамдалцаж, маахайтай мэрэлцэв

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийж байгаатай холбогдуулж Риа-Новести агентлагийн товч мэдээг өөрийн чадлын хэмжээнд орчуулан хүргэж байна. Ингэхдээ “болж өгвөл бүгдийг монгол хэл рүү буулга” хэмээсэн орчин үеийн хэлзүйн шаардлага, аль болох гадаад үгнээс татгалзаж аялгуу сайхан монгол хэлээ ашиглах үндсэрхэг арга барилыг баримталсан болно. Ялангуяа нэр томьёог ямар гаргалгаагаар орчуулснаа дор хавсаргав.

Монгол Улсын Ерөнхий сайд Сү(үмгэр) овогтой Батболд О(луулаа) Х(уваагаад) У(уя)-улсад албан ёсоор айлчилж байна.

Өчигдөр тэрбээр тус улсын Засгийн газрын дарга В.В.Замчинтай албан ёсны хэлэлцээр хийж, харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурж, “Ахан дүүсийн дуу”-г хоршин дуулжээ. Багагүй халамцаад заамцалдсан байж болох талтай хэмээн батгүй эх сурвалжийн сурган мэдээ ч байна.

Дараа нь ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга С.М.Дэлхийхэн болон ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга Б.В.Мэрэлцэв нартай уулзаж монголын баялгийг дэлхийн хэмжээнд мэрэлцэх асуудлаар мэтгэлцсэн байна. Мөн хойд хөршийн Тээврийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын хэсгийн дарга И.Е.Буруутантай хоёр улсын харилцааны тулгамдсан асуудлууд, төмөр замын чиглэлийг буруулах талаар санал солилцжээ.

Айлчлалын хүрээнд манай Засгийн газрын тэргүүн төгссөн сургуулиараа орж, сууж байсан сандал ширээндээ хүндэтгэл үзүүлж, “Монгол Улс ба Зүүн хойд Ази” сэдвээр лекц уншиж оюутнуудын сонирхсон асуултад хариулав. Тэгсний хүчинд төгсөхдөө авч чадаагүй “Хүндэт доктор” цолоор нэхэн шагнуулж, сургуулийн бэлгэдэл бүхий малгай нөмрөг олж өмссөн байна. Түүнд ийм цол өгөх өгөөмөр саналыг сургуулийн захирал А.В.Торххон гаргажээ.

Улмаар тэндхийн Гадаад харилцааны сайд С.В.Лаврын навчтай уулзаж, хоёр талын хоолны чанарыг сайжруулах, бүс нутгийн болон олон улсын харилцан сонирхсон асуудлаар буу халж, борцтой шөл уув. Мөн ОХУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр ойрын үед байгуулах, төмөр замын гэрээг шинэчлэх, хамтарсан үйлдвэрүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх тал дээр хоёр талаасаа идэвх санаачлагатай ажиллах хэрэгтэй байгааг уулзалтын үер Монгол Улсын Ерөнхий сайд хөнджээ.

Өнөөдөр тэрбээр дагалдан яваа бараа бологсдынхоо хамтаар хойд хөршийн ерөнхийлөгч Д.А.Баавгайжавтай уулзаж, түүний нэрийг манайхны өхөөрдөн дууддагаар Майга бор ч юм уу, маахай болгох санал дэвшүүлэх юм байна. Нөгөө тал үүнийг хүлээн зөвшөөрвөл ураны салбарыг урагшлуулах (унагах) стратеги төлөвлөгөөгөө танилцуулж, “Дорнод-Уран” хамтарсан компанийг хувааж авах хувиа тохирох аж.

Дандаа Ерөнхий сайд өрөө хэсч, өрөөлтэй уулзана гэж юу байхав, дагалдан явагсдаас мэр сэр хүн уулзалт хийж гар хөлийн үсэг зуралцаж байна. Өчигдөр тухайлбал Монгол Улсын Бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатар (Всегда герой) Оросын Хуульзүйн яамны Улсын бүртгэлийн танхимын дарга Р.А.Адилхан нар Мушгиваа хотноо хэлэлцээр үзэглэж, хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд хуулийн этгээдийн бүртгэлийг усны дусал мэт адилхан болгох талаар ярилцжээ. Гэх мэтээр айлчлал энэ баасан гариг хүртэл үргэлжлэх бөгөөд нөхдүүд нэрсийнхээ хамрах хүрээний асуудлаар нэгдсэн шийдвэр гаргах аж.

Нэрийн орчуулгын задаргаа:
В.В.Путин: путь-зам+ин=Замчин
С.М.Миронов: мир-дэлхий+ов-хэн /хан/=Дэлхийнхэн
Б.В.Грызлов: грызня-мэрэлцэх, зулгаалцах, хэмлэлдэх+ /зарим тохиолдолд ов нь эв болох юу ч биш/=Мэрэлцэв
И.Е.Ливонов: ливый-буруу+ов /хан4 утга илэрхийлдэг ч үг зохицох ёсоор тан авав/=Буруутан
А.В.Торкунов: торк-торх+ов-хэн /хан, хон/=Торххон
С.В.Лавров: Лавр-/хан гэх нь төгс биш учир навч хэмээх нэмэлт тайлбар үг авав/=Лаврын навч
Д.А.Медведев: медведь-баавгай-маахай= Майга бор
Р.А.Адельхан: орчуулах шаардлагагүй. Бараг монгол үг бөгөөд маягтай хүмүүс е мэ оруулж хэлдэг=Адилхан
Москва: Мушгиваа /утга, хэллэг зохицох ёс шүү дээ/

За ингээд одоогоор уулзсан хүмүүсийн нэрээр Ерөнхий сайдынхаа айлчлалыг дүгнэвэл:
“Дэлхийнхэн дэлэгнэж, торххон тонтогнож, лаврын навч лаглайж буй Мушгиваа хотноо манай Сүүмгэр сайд буруутныг хайж очоод адилхан харагдсан замчинтай заамдалцаж, майга бортой мэрэлцэв”

Онч төгөлдөр монгол хэл ба орчуулагчийн ур чадвар аа ... гэж

6 Сэтгэгдэл:

Anonymous said...

kkkkk so funny

S said...

hahaha

Э. Баярсайхан said...

нөхдүүд гэж нэг үгийг нэгээс илүү олон тоонд хувиргахгүй.

uka said...

Хөөрхөн орчуулж... иймэрхүү мэдээ ч эгдүүтэй шүү.

agai said...

orчуулга сайн болжээ

Оогий said...

Happy New Year!!! ▲
☼☼
*•♥•*
*♥♀ ♂♥*
*♥•►◄••♥*
*♥☺▬♥▬☺♥*
*♥•♥▬#♠♥▬♥*♥*
*♥♫♥▬♫♥ ♥♫▬♥♫*
*♥☺♥☺♥♫*♣♥♫♥☺♥♥*
*♥♥♣♫♥♣♥☺♥♫♥☺♥♫♣♥♥*
*♥♥☺♣♥♫♥♫♥☺♥♫♥♫ ♥♣☺♥♥*
▓█
▓█