2011/04/19

Баба Самбуу & Баярлалаа Глоб!

Ажлаа хийж яваад л асуудалд орчихсон сэтгүүлч бүсгүйг өрөвдөв. Анхнаасаа ингэхээ мэдсэн бол эрхэм гишүүнээс ярилцлага авахгүй л байсан байх. Ажлыг нь сурталчилж, үзэл бодол, байр суурийг нь олон түмэнд хүргэе гэсэн биш хандах хүн, хамгаалах газаргүй болж хамраараа газар хатгажээ. Нэмж хачирлаж, зохиож гувуйлсан бол бас яахав, гэтэл харин ч хасч танаж, найруулж додомсоныхоо төлөө шүү. Бэлээхэн хальс бичлэг нь байсаар байтал баримт гэж үзэхгүй байгаа нь сонин.

Өдрөөс өдөрт өргөжиж тэлэхийн хэрээр буруу бусармаг юм үүрлэж, мэргэжлийн ёс зүй, үнэ цэнээ гээж яваа салбар бол яах аргагүй хэвлэл мэдээлэл. Гэхдээ хэсэг бүлгийн увайгүй үйлдлээс болж нийтээр нь хавтгайруулан гутаах хаашаа юм. Ямар ч байсан гал тогоонд нь харьяалагддаг хүний хувьд, Монголын сэтгүүлзүй шилжилтийн энэ үеэ давчихвал цэгцэрч, эв зүйдээ орно итгэж л явдаг юм.

Сэтгүүлч мэргэжлийн алдаа гаргах тохиолдол зөндөө бий. Цаг хугацаанд хавчигдана, бусдын үзэмж, чөлөө завыг царайлчилна, бүгдийг мэдэгч биш болохоор мэдлэг, ур чадвар дутна. Ялангуяа манайх шиг процедурын хуульгүй, яг юуг алдаа гэж үзэх нь тодорхойгүй оронд эрүүгийн хуулиараа далайлгаад сэтгүүлчийг шоронд илгээх тун амархан. Ингэснээрээ бусдынх нь зүрхийг үхүүлж, нэг бол худалдагдах, үгүй бол жийгдэхээс аргагүй байдалд хүргэнэ. Өнөөдүүл нь ч яаж зүгээр байхав, баахан баримт цуглуулж шантааж хийнэ. Ийм л бохир эргүүлгэнээс мөддөө гарах янзгүй, хамгийн гол нь золиосонд нь жирийн сэтгүүлч явчих гээд байхын.

“Бизнес хийхийн тулд тэртэй тэргүй улс төрийнхөнд авлига өгдөг. Авлига өгч байсан хүмүүстэйгээ одоо УИХ-д зэрэгцээд л сууж байна” гэж ярьсан Ш.Сайхансамбуу гишүүнээс “Та тэр хүмүүсээ нэрлэ гэвэл нэрлэж чадах уу” гэж асуух нь зүйн хэрэг биз дээ. Нөгөөх нь ч ам бардам “Чадалгүй яадаг юм гэж”... Ингээд л маргаашийнх нь нэг өдөр тутмын сонин дээр ярилцлага дурайж, хууль хяналтынхны анхаарлыг татав. Хуулиараа авлига өгсөн авсан аль аль нь бурууддаг бөгөөд авлига авсан хүнийг мэдэж байгаа бол мэдээлэх үүрэгтэй. АТГ-ыг одоо л ажлаа хийгээсэй гэсэн хүлээлт ч бий болов.

“Урт хэл хүзүү орооно” гэгчээр мань гишүүн байдал бишдэнгүүт “УИХ-ын гишүүн хэлсэн ярьсандаа хариуцлага хүлээхгүй” гэсэн дархан заалтаар бамбай хийх гэж оролдов. Харамсалтай нь тэнд “чуулганы танхимд” гээд заачихаж. Ингээд хэдий халдашгүй эрх эдэлж байгаа ч бусад хууль тогтоомж адил үйлчлэх ёстой нь тодорхой болов. Дараа нь “Угаасаа л Оюутолгойн гэрээг алдаатай хийсэн С.Баярцогт, Л.Гансүх, Д.Зоригт гурвыг нийтээрээ авлигач гээд байгаа биз дээ. Би тэрийг л хэлсэн” гэж мэлзэж үзээд ч нэмэр болсонгүй.

Болохоо байхаар нь сонины эрхлэгчтэй уулзжээ. Тэгээд л ханцуйн дотор найраа хийж, сэтгүүлчийг гөрдсөн болохоор тохиролцож... Редакц маань намайг хамгаална гэж бодож явсан сэтгүүлчид том цохилт болох нь мэдээж. Эрхлэгч, хуулийн зөвлөх /урьд нь огт үзэгдэж харагдаагүй нэгэн гэжуга/ хоёр нь дуудаад “За чи ярицлагынхаа сүүл хэсгийг нь зохиосон гэж мэдүүл. Манай хамтарч ажилладаг гишүүн учир бид хамаагүй юм ярьж болохгүй байна. Хальс байгаа гээд бардам байх шиг байна, наадах чинь цагаа тулахаар баримт болохгүй. Ер нь ч тэгээд бидэнд өгчих...” гэсэн аж.

Ёстой дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болсон сэтгүүлч ажлаасаа гаръя гэтэл асуудлаа цэгцэлчээд яв гэх. Асуудал нь цэгцрэх байтугай улам ноцтой болж, АТГ байцаалтад үе үе дуудна. Утас нь амрахгүй хангинаж, таних танихгүй хүмүүс элдвийн юм хэлэх болов. Ингээд л арга буюу хэд хоног хөдөө явж бүгэх хэрэг гарчээ. Цалин хөлс, замын зардал ч бүр дүүрч.

Энэ зуур хамт их сургууль төгссөн хэдэн сэтгүүлч найздаа учир байдлаа хэлж, өнөөдүүл нь “Нэгэнт материалыг нийтэлсэн бол редакц хариуцлага хүлээх” олон улсын сэтгүүлзүйн хэм хэмжээг сануулсан нийтлэл, мэдээ бичицгээж, чадах нь тэр болохоор. Бас “Сэтгүүлчийн эрх ашгийг хамгаална” гэсэн сүржин уриа хийсгэдэг МСНЭ, Сонины холбоо гэх мэтэд хандахыг зөвлөж. Нэмэр байсангүй. Урт хэлтэй гишүүний гар бас урт болтой.

Харин “Глоб интернэйшл” ТББ хуулийн зөвлөгөө өгч хамгаалтандаа авчээ. Хальсыг нь дижитал руу буулгаж, хэд хэдэн хувь дискэнд хуулж баталгаажуулсан гэнэ. Тэгээд ямар ч тохиолдолд үнэнээ мэдүүл гээд өмгөөлөгч гаргаж өгч. Одоогоор байдал иймэрхүү байгааг танил бүсгүй өөрөө ярьсан юм.

Хүн сэтгэлийн хөөрлөөр юм ярьсан байж болно. Гэхдээ хэлсэн үгэндээ эзэн болох л хэрэгтэй. Ялангуяа төрийн түшээ хүн. Парламентад суугаад хууль тогтоох нь наймаа хийгээд нарантуулыг удирдахаас арай л өөр гэдгийг “муухай” Самбуу гуай эрхбиш энэ гурван жилд ойлгосон л баймаар. Сонин телевизээр гарч, олны анхаарлыг татаж л байвал юу ч гэсэн яахав гэж асуудалд ханддаг гишүүд олширсон. Их хурлаа “их тайз” болгосон ийм удирдагчидтай цааш явна гэхээр ирээдүй нэг л итгэлгүй санагдаад байхын.

Нөгөөтэйгүүр, авсан өгснөө хэлээд тавьчий гэхээр мань гишүүн бөөн дарамт шахалтанд орох гээд байсан байх. Түүнээс биш авлигаас болж Монгол Улс хөгжихгүй байгаа гэж ярьсан уг агуулга нь бол зөв шүү дээ. Энэ үйл явдал нь хэдэн жилийн өмнө АПУ-гийн хувьчлал ид болж бужигнаж байх үеэр Ерөнхий сайд байсан Н.Энхбаяр “Зууны мэдээ” сонины сэтгүүлчид ярилцлага өгөхдөө “Миний өрөөнд 500 сая төгрөгийн авлига өгөхөөр хүмүүс орж ирсэн. Би хөөгөөд л гаргасан” гэж мэдэгдээд, дараа нь сэтгүүлч гуйвуулсан болж өнгөрөөсөнтэй адил замаар замхрах гээд байх шиг.

Хамгийн гол нь мөрөөрөө ажиллаж явсан ажилтнаа мөнгөний сургаар золионд чихдэг редакц... Арай ч дээ. “Арван ембүү хараад алгаа тосдог аав уу даа, Хорин ембүү хараад хормойгоо тосдог ээж үү дээ” гэдэг дууг л зориулъя даа, өөр хэлэх үг алга. Ингээд бодохоор сэтгүүлчээс сэжигтэн, ярилцагчаас ялтан болж хувирах дэнс нэг л алхмын наана цаана байх.

Энэ бол өнөөдрийн “бохир” гэж тодотгогдсон сэтгүүлзүйн нэгхэн хэсгийн тусгал... Хэзээ хэн цэвэршүүлж, эрүүлжүүлэх тогтолцоо юм бүү мэд. Гэхдээ сэтгүүлзүйгүйгээр нийгмийг төсөөлнө гэвэл бүтэшгүй. Ямар боловч зарга хатуу, редакц хол цагт авралын гараа сунгасан “Глоб интернэйшл”-д талархъя.


PS: Нэг зүйл мартжээ. Төлөвлөөд байгаа ял нь Эрүүгийн хуулийн 111-д хамаарч байгаа бөгөөд 2-5 жил хорих, эсвэл Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 250 дахин нэмэгдүүлж төлөх. Энэ нь одоо нэмэгдсэн 140 мянгаар биш өмнөх 108 мянгаар тооцоход 27 сая төгрөг бөгөөд сэтгүүлч сарын цалингаараа төлнө гэвэл зургаан жил дөрвөн сар тасралтгүй ажиллаж байж ард нь гарах мөнгө.


15 Сэтгэгдэл:

Ulemj said...

Хийсэн хэлсэндээ эзэн болох шиг сайхан юм хаа байна.

puuj said...

Захын наймаачин засагладаг болсон цөвүүн цаг юм даа.Төрсөн хүүгийнхээ толгойг мэддэггүй хүн төр түшинэ гэж байх уу.Сонины эзэд тийм зэвүүн ш дээ.Луйварчдын өмнө дандаа гөлөлзөнө.Хоол өгсөн хүний гарыг долоодог гөлөг шиг ийм сэтгүүл зүй
байх ч гэж.

Arsun said...

Захын наймаачид биш Наранжаргал гуай шиг шударга шулуун улс л юм хийнэ дээ.

Huhtolbot said...

Хайн л гэхээс өөр үг амнаас гарахгүй байна даа, улс төрийн тухайд...

Идяа минь чи гатуу тоглоомоор тоглож яваа хүн шүү...найзууд нь дэмжиж явхым шүү.

melkadies said...

blogspot facebook iin like gedeg applicationiig hiih hergetei yumaa. end tend yum unshihaar bichleg setgegdel deer ni like darchihmaar sanagdaad haigaaad biadag bolj.

huhuu d like darlaa shuu

Төгөлдөр said...

Том хэрэг юм чинь тэр хальс баримт болвол харин гайхмаараа. :D

sukhbat's blog world said...
This comment has been removed by the author.
sukhbat's blog world said...

Үнэний төлөө явж байгаа зоригтой бүсгүй таныг хүндэлж байна. Болгоомжтой байгаарай, цаадуул чинь улсын шүүхийг ч гэсэн луйвардаж чадна шүү.

ENZO and FREEDOM said...

ªìíº íü ÿìàð áàéãààä ººäºëñºí ýñâýë èðýýä¿éäýý ÿìàð àìüòàí áîëîõîî áîäîîä áîëü÷èõâîë áîëäîãã¿éí áàéõäàà. Õèéñýí á¿õýí íü ººðèéõ íü ºìíºõ àìüäàðëûí ýñðýã áàéãààã îéëãîìîîð ñàíæ. Ýýäýý ýíý õ¿ì¿¿ñ ýãýëã¿é ìàðòàìõàé õ¿ì¿¿ñ, óõàìñðàà óëàíäàà ãèøãýñýí çàðèì óëñ òºð÷, óõààíàà øàëàíäàà äýâññýí óðàãøã¿é òîìðîãñîä ÷ áàéíà.

peakfinder said...

Энэ тогтолцоо нэг л бишээ. Хэвлэл аль нэг намаас эсвэл засгаас хамааралгүй байх ёстой. Нөгөө талаас хэвлэл бас хариуцлагатай байх хэрэгтэй. Энэ тэнцвэр алдагдаад доголдоод байх шиг. Энхбаяр ч бай, Сайхансамбуу ч бай хэлсэн ярьсан нь баримттай тул хуулийн өмнө үүргээ биелүүлж эхийг нь тавьсан хэргийг илчлэх хэрэгтэй. Үүнийг хуулийн байгууллага нягталж хойноос нь хөөцөлдөх хэрэгтэй болов уу.

Mendee said...

Энэ редакц нь сэтгүүлчээ хамгаалаагүй нь хамгийн муухай юм даа.

Idea said...

Үлэмж: Хэлээд юүхвээ. Арьсаа хамгаалж дүү шигээ хүний амьдралаар тоглох гээд.

Пүүж: Захын наймаачин засаг барьж болохгүй гэсэн юм байхгүй л дээ, чадаж л байвал. Гол нь хүн чанар, мөн чанар хоёр нь зөв байх ёстой байх.

Арсун: Глобын Наранжаргал гуай яг зорьсондоо байж чаддаг хүн юм шиг байгаан.

Хөхтолбот: Ард хэдэн асаалттай блогчин байгаа гэж бодоо..оол явжээдгийншд.

Мэлка: Гүүгл агаад хэл ээ, наад текникийн чанартай юмаа.

Төгөлдөр: Фото видеог бодвол хальс хамгийн найдвартай шд уул нь, зохиох боломжгүй.

Сүхбат: Тэр бүсгүйд үгийг чинь дамжуулнаа. Tnx

Энзо: Үзэл бодлынхоо эсрэг үйлдэл хийж амьдрах стресстэй л байдаг байхдаа хөөрхийс.

Пийки: Харин тиймээ... Одоо ярьж байгаа мэдээллийн эрх чөлөөний хуульд хэвлэлийг улс төрөөс салгах бодитой юм байхгүй л байна лээ.

Мэндээ: Өмнөх заргуудад хаа очиж редакц нь сэтгүүлчийнхээ талд байсан. Энэ удаа арай л биш юм аа.

Segsger said...

Амаа мэдэхгүй бурсныхаа төлөө авилга өгөх гэх сонины үүд сахиж суухаар нарантуул дээрээ наймаа хийж суувал цэвэрхэн юм сан даа муухай Самбуу гуай

www.1000zahia.com said...

Urgun chuluu er n ih dajgui bichdeg shuu. Mongold ingej bichdeg humuus ih hovor baih.

Anonymous said...

Ingeed l tag boloh ym daa ene busgui.