2007/10/09

Өөрчлөлт


Жижиг ч хамаагүй нэг өөрчлөлт хиймээр санагдаад сүүлийн үед байж сууж чадахаа болив. Тогтож чадахгүй болтол дэгэлзсэний нэг шалтгаан “Дэлхий бөөрөнхий биш” ном. Найзын минь орчуулалцсан энэ ном нүдний минь өмнүүр бүрэлзээд байсан зузаан линзийг минь авчих шиг болж билээ. Хараа хэвийн боловч харалган байсныгаа би линзтэй зүйрлэж байна.
Дэлхий ертөнц хавтгайраад л, харин би байран дээрээ лав гэгч нь шигдээд, ойр орчмын юмнаас тас зуураастай. Нүдээ хагас аниад, амттай мөрөөдөлд умбаж байх зуур техник технологийн хөгжил хоёр хажуугаар минь урсаад л. Тэр бүгдийг мэдээж гүйцэх албагүй л дээ, гэхдээ ядаж суусан газраа үе үе сэлгэж, зөөлөн буйдангаа хатуу дамараар сольж байх ч хэрэгтэй юм шиг. Гэвч одоохондоо энэ гээд хэлчихээр тоймтой өөрчлөлт гараагүй л байна. Хүлээгээд суух биш эхлэх ёстой гэдгээ мэдэж байна, бас өнгөн талаас нь биш өнгөр дотроос нь өөрчлөх хэрэгтэй гэдгийг ч ойлгож байна.

Өнөөдрөөс эхлээд өчүүхэн жижиг гэлтгүй өөрчилж болох юмаа тэмдэглэж байхаар шийдлээ, өөр бусдад сонирхолгүй байж мэдэх ч би шүүмжлэлд эмзэглэдэггүй цор ганц сайн талтай хүн билээ. Блог нээж байгаа маань миний хувьд бичил шинэ ертөнц нээгдэж байна гэсэн үг. Бичнэ гэдэг амьдралын минь нэг хэсэг ч яг цагаа тулахаар юуг яаж бичихээ мэдэхгүй паникт орох шинжтэй.

Ямар боловч өөртөө зориулж таталдаг хэдэн үгс өрөөлийн хараанд өртөх магадлал ихэсч байгаад талархалтай хандаж байна. Миний уриа: “Цахим ертөнцөд цахиур хагалах хэн нэгний хэт хутга нь байя”

0 Сэтгэгдэл: