Мэдээж аливаа юмыг албаны хүнээс, эх сурвалжаас нь сонсох илүү үнэмшилтэй агаад ашигтай байдаг. Гэвч хүн болгонд ийм боломж ховор. Ажлын шаардлагаар уулзсан, ярилцсан, бичил тодруулга авсан зүйлүүдээ оруулах "Би асууя-Та хариул" ангилал нээлээ. Эхний удаа Дэлхий нийтээр ДОХ-той тэмцэх өдрөөр ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ кабинетийн Тандалт судалгааны албаны дарга Ч.Уртнасангаас “ХДХВ/ДОХ ба хэвлэл мэдээлэл” үндэсний семинарт оролцох үеэр нь цөөн асуултад хариулт авснаа энд сийрүүлэв.
Idea: -ХДХВ/ДОХ-ын вирусээр халдварласан хүмүүсийн талаар сүүлийн үеийн бодит мэдээллийг өгнө үү?
Ч.У:- Хамгийн сүүлд илрээд байгаа хоёр тохиолдлыг оролцуулаад манай улсад нийт 37 тохиолдол илэрчихээд байна. Сүүлийн хоёр тохиолдлыг давтан шинжилгээнд хамруулах, хавьтагчийг тогтоох гээд тодруулах зүйл байгаа учраас одоохондоо дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Өмнөх 35 тохиолдлын тухайд 26 нь ХДХВ-ын халдвар тээж байна. Таван хүн ДОХ-ын шатандаа шилжээд байгаа ба дөрвөн хүн ДОХ-оор нас барчихаад байна. Дашрамд онцлоход ХДХВ, ДОХ-ын ялгааг манайхан сайн ойлгож ялгаж салгаж сурмаар байна.
Idea:- Сүүлийн үед ойр ойрхон ХДХВ-ын халдвар бүртгэгдэх боллоо. Энэ нь тархалт ихсээд байна уу, эсвэл иргэд сайн дураараа шинжилгээ өгөх нь нэмэгдсэн гэсэн үг үү?
Ч.У:- Аль алиныг нь хэлмээр байна. Манайхан нэг үеэ бодоход тохиолдлын бэлгийн харьцаанд хамгаалалтгүй орсон, халдвар авсан байж болзошгүй гэсэн эргэлзээ төрвөл эмнэлэг зүглэдэг болж байна. Мөн шинээр гэрлэгсэд, жирэмсэн эхчүүд, гадаадад удаан хугацаагаар амьдрах хүмүүсээс заавал шинжилгээнд хамрагдахыг шаардаж байгаатай холбоотой. Нөгөө талаар халдвар тархах эрсдэл үнэхээр ихэсч байна. Монголд 19 мянган биеэ үнэлэгч байдаг, тэд өдөрт 2-6 удаа бэлгийн хавьталд ордог гэвэл өдөрт 36-114 мянган хүн бэлгийн хавьталд орж байна гэсэн үг. Үүнийг сар, жилээр үржүүлбэл хэчнээн өндөр тоо гарах билээ.
Idea:- Биеэ үнэлэгчдийг албан ёсоор үзлэг шинжилгээнд хамруулсан уу? Ер нь тэдэнд халдвар авахгүй, бусдад тархаахгүй гэх баталгаа хэр байдаг вэ?
Ч.У:- Энэ чиглэлээр ажилладаг байгууллагууд тэднийг нэг бус удаа шинжилгээнд хамруулсан. Мэдээж бүгдийг нь хамарч чаддаггүй. Гэхдээ ихэнх нь бэлгэвч хэрэглэх ёстой гэдгээ мэддэг, авч явдаг юм байна лээ. Гэвч цаг дээрээ яаж байгааг нь хэлэхэд хэцүү юм. Тэдний ярьснаар үйлчлүүлж байгаа хүмүүссийн олонх нь бэлгэвч хэрэглэхээс татгалздаг, ихэвчлэн согтуу байдаг гэсэн. Судалгаанаас үзэхэд залуучуудын 25, биеэ үнэлэгчдийн 50, ижил хүйстнүүдийн 40 хувь нь л байнга бэлгэвч хэрэглэж байна. Цаана нь архидан согтуурагчид болон шоронд хоригдож байгаа хүмүүс огт бэлгэвч хэрэглэдэггүй. Тэднээс өдөрт хэчнээн хүн бэлгийн хавьталд орж байгааг хэлэхийн аргагүй. Ер нь ХДХВ/ДОХ бол зөвхөн биеэ үнэлэгчдийн юмуу эсвэл ижил хүйстнүүдийн өвчин биш гэдгийг хүн бүр ойлгох хэрэгтэй байна.
Idea:- Халдвартай 35 хүний дийлэнх нь ижил хүйстэн болохоор хүмүүс тэгж ойлгодог байх?
Ч.У:- Хэдийгээр тэдний 21 нь ижил хүйстэн, зургаа нь биеэ үнэлэгч боловч найман хүн албан ёсны гэр бүлтэй, 20-45 насны, ихэнх нь дээд боловсролтой хүмүүс байсан шүү дээ. Бүгд л хамгаалалтгүй бэлгийн хавьтлаар халдвар авсан. Тэгэхээр энэ өвчин надад ч, танд ч халдаж болно. Гол нь өвчнөөс сэргийлэх хангалттай мэдлэгтэй, халаасандаа үргэлж бэлгэвчтэй явах нь өвчнөөс сэргийлэх хоёр “вакцин” юм шүү.
Idea:- Манай улс цөөхөн хүн амтай болохоор нэг удаагийн бүрэн үзлэг шинжилгээнд бүх иргэнээ хамруулж тархалтыг зогсоож болно гэж зарим хүн ярьдаг. Энэ хэр боломжтой вэ?
Ч.У:- Тоног төхөөрөмжийн хувьд болох л байх. Манай төв гэхэд л ХДХВ-ын CD4 вирус тоолдог маш үнэтэй төхөөрөмжтэй болсон. Орон нутагт ч гэсэн халдвар илрүүлж байна. ЭМЯ-наас хэрэгжүүлж байгаа “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр цаагуураа ХДХВ-г илрүүлэх гэсэн давхар зорилго агуулж байгаа. Гэвч ХДХВ гэдэг чинь өөрөө тодорхой нэг өвчин биш, хүний дархлалын системийг устгадаг вирус болохоор хүний биед харилцан адилгүй илэрдэг. Эхний шинжилгээгээр халдваргүй гарсан хүн дараагийнхаар халдвартай гарч болно. Зарим хүнийнх 3-4 жил цонх үедээ явж болно. Тэмбүү, заг хүйтэн шиг нэг удаагийн шинжилгээгээр бүрэн илрүүлж, эмчилж болохгүйд гол учир байгаа юм. Тэгээд ч нэг удаа бүх хүнээ хамруулаад илрүүллээ гэхэд халдвар тээгчийн нэр төрийг хамгаалах, ялгаварлан гадуурхалтаас ангид байлгах, байнгын эрчимт эмчилгээ хийх гээд дагалдах нөхцөл байдал манайд хараахан бүрэлдээгүй байна. Бас хоёр хөршид маань халдвар тээгчид яаж өсч байгааг хүн болгон мэдэхэд илүүдэхгүй болов уу.
Idea:- Халдвар ердөө гуравхан замаар тархдаг. Гэвч хүмүүсийн дунд шүдний чигчлүүр, хаалганы бариул зэргээр тархах юм шиг айдас байсаар байдаг?
Ч.У:- Миний өгүүлсэн 1-р "вакцин" бол мэдлэг. ХДХВ-ын халдвар ердөө бэлгийн замаар, цусаар, эхээс урагт хөхний сүүгээр л дамжина. Өөр зүйлээр халдах боломжгүй, гадаад орчинд тэсвэргүй, бусад халдвартай харьцуулахад хамгийн “арчаагүй” вирус. Одоохондоо манайд цус, ариутгаагүй зүү тариураар халдварласан тохиолдол гараагүй. Гэхдээ хүн болгон үүнийг анхаарч сэрэмжлэх хэрэгтэй. Халдах зам нь ийм тодорхой байхад хоосон айдас тээх шаардлагагүй. Халдвартай хүнтэй нэг насаараа хамт амьдарсан ч халдвар авахгүй байж болно гэдгийг би мөн ч их ярих юм даа.
Idea:- ХДХВ/ДОХ-оос сэргийлэх хууль эрхзүйн орчин манай улсад хэр хангалттай байдаг вэ?
Ч.У:- Ер нь ганц ХДХВ ч биш бэлгийн замаар тархах өвчинтэй холбоотой хууль эрхзүйн орчин манайд маш хангалтгүй. Байгаа нэгд нь хэрэгжих боломжгүй заалтууд олон байна. Тухайлбал Садар самуунтай тэмцэх тухай хуульд биеэ үнэлэхийг хуулиар хорьдог. Хууль зөрчсөн тохиолдолд торгох, баривчлах арга хэмжээ авах ёстой. Гэтэл манайд биеэ үнэлэгчид байсаар, тэднийг үйлчилгээ явуулахад нь зориулагдсан байр сав баригдсаар байгааг бид бүгд мэдэж байгаа. Зөвхөн нийслэлд л гэхэд 20 орчим мянган хүн биеэ үнэлдэг, 5000 гаруй жижиг зочид буудал, баар, саун массаж байдаг гээд бодохоор энэ хууль хэрэгжих ямар ч үндэс алга. Бас Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд БЗДХ-ийг эрүүл мэндийн даатгалаар эмчилдэггүй. Иргэн өөрөө төлбөрөө төлж эмчлүүлэх ёстой. Энэ нь энэ өвчнийг газар авах бас нэг шалтгаан болж байна. Бэлгийн замын өвчин туслаа гэхэд хүн бүр шинжилгээ өгөх, эм эмчилгээний төлбөр төлөх чадвартай биш шүү дээ. Бас Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтын тухайд хуульд хүнийг өвчлөхөөс нь урьдчилан сэргийлэх биш, өвчилсөн хойно нь эмчлэх зардал тусгадаг гээд олон зүйл дурдаж болно.
Idea:- Эцэст нь сонирхоход ХДХВ-тэй хүмүүс халдвараа бусдад халдаахгүй байгаа гэдгийг яаж хянаж байгаа вэ? Ихэнх нь гэр бүлгүй хүмүүс гэж та дээр хэлсэн?
Ч.У: - Халдвартай хүмүүс манай эмнэлгийн хяналтанд байнга үзүүлж харуулдаг. Гэхдээ бид бүгдийг нь хаа явсан газар нь дагах юмуу эсвэл дурандаад сууж байна гэж байхгүй. Харин халдвартайгаа мэдэж байгаа мөртлөө бусдад санаатай халдаасан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ гэдгийг тэдэнд ойлгуулж хэлж өгөх ёстой. Хэн ч гэсэн халдвар аваад шаналж байгаа дээрээ хуулийн хариуцлага хүлээхийг хүсэхгүй шүү дээ. Тэр хүмүүсийг хянаж цагдахаас илүү бусад хүнд өөрсдийгөө хамгаалах хангалттай мэдлэг олгох, зөв зан үйл төлөвшүүлэх, сайн дураар шинжилгээнд хамруулах зэрэг нь бидэнд хамгийн хэцүү ажил болоод байна. ОУБ-ын аргачлалаар бодоход нэг халдвар тээгчийн цаана 50-200 хүн бий гэдэг. Тэгэхээр манай улсад 7000 гаруй халдвартай, түүнийгээ мэдэхгүй, эсвэл халдвар авах өндөр эрсдэлтэй хүн байна гэсэн үг.
Idea:- Баярлалаа.
5 Сэтгэгдэл:
Тоног төхөөрөмжийн хувьд болох л байх. Манай төв гэхэд л ХДХВ-ын CD4 вирус тоолдог маш үнэтэй төхөөрөмжтэй болсон.
Idea uuniig zasaarai buruu bna.
1. Yag yamar tohooromj yum bol doo. virus toolno sh gej yu baihav. vurusiin zarim neg uurgiig l todorhoildog gej zasval
2. CD4 gedeg bol virus bish DOH-iin virustei holbogddog, esiin gadarguu deer heviin uyed ilerdeg moleculiin ner.
3. CD4 gedeg nereer bas CD4 es geh meteer esiig nerledeg.
Pooh 7000 hun DOX-iig deeguuree huvaagaad avchihsan bna shde. Nadad oldoh bolu gsn.
Мелкад: диктафоноо дахин дахин сонслоо, яах аргагүй СD4 вирус гсн байхын. Мань мэтийн мэргэжлийн бус хүмүүст тааруулж энгийн үгээр ярих гэж байгаад эмч гуай алдаж дээ янз нь.
CD4 эс тоологч гээд засчих уу? Чи ингэхэд яг ямар мэргэшлийн эмч вэ? Эмэгтэйчүүдийнх бол сайн байна шүү гсн кккк. /Марзганахгүй ярьж сурахийнсан/
Үлмэдэхт: Сайн хичээвэл нөхдүүдийн хувааж аваад байгаа юмнаас хүртэж болох байлгүй дээ ккк. ДОХ гэдэг чинь “Дэлхийн онцгой хишиг” билүү “Доогуур ордог хорхой” билүү гсн.
Манай төв гэхэд CD4 эс тоолдог маш үнэтэй төхөөрөмжтэй болсон гэвэл илүү утгатай.
Халдвартад CD4 эс тоолдог машин байдагийн жаахан үнэтэй. Гэхдээ энэ нь ДОХ-ыг оношлох арга биш. Дархлааны түвшинг хянахад хэрэглэж болно.
Харин ДОХ-ыг оношлох үндсэн арга нь ДОХ-ын вирусын уургуудыг өвчтөний ийлдсэнд илрүүлэх, ДОХ-ын вирусын РНХ-г тодорхойлох, ДОХ-ын вирусын эсрэг үүссэн өвөрмөц хамгаалалтын уургуудыг тодорхойлох зэрэг юм.
Миний хувьд би Дархлал судлалтай холбоотой ажил эрхэлдэг байсийн. Эмэгтэйчүүдийн эмч бишээ. Хэ хэ.
Post a Comment