2008/01/04

Мөс…

Гулгаад л, гулгаад л баймаар…
Гунигаа сарнитал гулгаад л баймаар…
Гутрахыг мартаж, инээд эгштэл гулгаад л баймаар…
Гурван настай хүүхэд шиг шургаж унаад, босч ирээд, хувцсаа гөвөөд л…

Эрдүү өвлийн аагинд хага ташсан мөс улан доор минь бутарч, эндүү жаврын жихүүн элч дур муутайхан ээнэ. Эргэн тойронд минь балчир хүүхдүүд хөөцөлдөн бүчиж, “Эгчээ, эгчээ холдоорой…” гэж хашгиралдана.

Хорь гарсан бүсгүй мөсөн талбайд гулгана, хойгуур урдуур өнгөрөх хүмүүс доогтой харц чулуудна. Хөлдөө угласан тэшүүр нь залуур жолоогүй халтирч, хөөцөлдөн тоглох жаалуудын хурууны аясаар хөндөлсөнө…

Хажуудах эрхэм хааяа мөс мэт тоомжиргүй аашилна, хайрлаж явааг нь үл ойлгон хатуурхана. Найдаж явсны хариуд итгэл эвдэн цамнаж, насандаа баймгүй эгдүүцэл эмзэг сэтгэлийг нь хайрна.
Бүсгүй гулгасаар л…Бүрзгэр мөсийг бүлээстэл гулгасаар л. Тэшүүрт хэрчигдсэн цас тэнд энд ширхэглэж, тэсэх гэж хичээсэн нулимс нь тэнхээ мэдэн асгарна. Цагаан мөр татуулан урсах нулимсан замны цаанаас царайлаг биш ч цаанаа бардам төрх тодорно… Жихүүн өвлийн мөсөн талбайд сэтгэлээ цардтал гулгана. Жаахан бүсгүйн ширүүвтэр харц мөсний талстад нялхарна.

Хорвоо яг л мөс шиг хүйтэн гэхдээ дур булаам. Холдоод явахаар буцаж хоргодом, өвөлд дурлам. Ховорхон угладаг тэшүүр шиг нь хурц, тэгэхдээ зөөлөн. Холуур өнгөрөхийн аргагүй ч саатан өнжихийн эцэсгүй.

Горь тасарч, сэтгэл сэмэртэл санаа алдана, голд нь орсон хүйтэн түүний дэргэд юу ч биш, сэтгэлдээ огшсон бухимдлаа мөсөнд гарган сийчнэ, сиймгэр мөс харин хайхарсан шинжгүй гялтганана.

Санааных юмаа сэтгэл гэдэг энүүхэнд тайвшраад сарнисан бодлынхоо аясаар эргэлдэнхэн гулгамаар. Хайруу жавар сийгэх төдийхөнд инээд алдаж, хага ташим мөсөнд нүүрээ тольдон эрвэлзэнэ. Жижигхэн бүсгүйн сэтгэл гулгаж наадаад уужирчээ. Жиндүү хэрнээ мөс ямар дулаахан гээч…

Тэлж хөлдсөн мөсөн дээр эцтэлээ гулгасан
Тэвдэхдээ чамаас чанга зуурсан
Аз эзийн орчлон дээр тэгэхэд
Анх удаа чи надад түшиг болсон…

5 Сэтгэгдэл:

Pearle Deppsu said...

Үнэндээ бол би их олон шүлэг уншдаг. Гэхдээ ихэнхийг нь тоомжиргүйхэн хараад л өнгөрдөг юм. Сэтгэлд хорогдон наалдаж үлдэх нь ховор. Хэт өндөр босго тавьдаг ч юм шиг.

Гэтэл энэ шүлгийг уншаад нэгийг бодож хоёрыг тунгаав. Нэг ийм үг байдаг даа. Би чамайг 3 жил хайрласныхаа хариуд 3 жилийн шаналал, зовлонг л эдэллээ гэж. Хэцүү л дээ хөө. Өдий багаасаа зовлонг мэдэрсэн. Их таалагдлаа энэ шүлэг. Бас ийм шүлэг блог дээрээ тавьж сэтгэлийг баясгасанд талархав.

Ажил хөдөлмөр, амьдрал, хүссэн бүхэнд чинь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Idea said...

Сайн уу Pearl.
Хурдан орж ирж байна шүү. Миний бодлоор энэ бичсэн зүйл маань яг ч шүлэг гэхэд хэцүү юмаа. Бодрол, шүлэг, бичвэр гурвын дундах гэх үү дээ дээ. Гэхдээ шүлэг шиг бүтэцтэй санагдаж байгаа бол сайн л байна. Баярлалаа. Чамд ч бас их бүтээл, ирмүүн амжилт хүсье.

нэмлэТ said...

mash saihan bichleg baina, bayarlalaa, ulam ihiig buteen bosgooroi. happy new year.

Арсун said...

3 нас 6 сартай охиноо дагуулаад талбайгаар хэсч, каток дээр очив. Гулгаж буй залуус хvvхдvvдийг охин минь сонирхон харж, хальтирч унахад нь vнэн цагаанаар тас тас хөхөрч байна. Би ч дагаад хөхрөлдлөө. Жаргалтай сайхан байлаа. Би ч инээж хөхрөхийг бараг мартаж байжээ.

эртний андаас said...

аягуу аягуу аягуу идеа маань дурлаад явна уу дурлуулаад явна уу.чинийхээн бичсэн шүлгийг умшаагүй би ямар удаа вэ. онгод найраг чинь хурц хэвээр омголон зан чинь оргилсон хэвээр байгаа юм байна. сайхан хүүхэн шөө