2008/01/07

Ниргэхээс нь өмнө хашгирдаг баймаар

Хүн болгон нэг л зүйлийн тухай ярьж бичиж байна. Аргагүй ч биз. Сархад савнаасаа бусдыг дийлдэг гэдэг ч арай ч арван хэдэн хүнийг нэг дор аваад явах юм гэж санаагүй биз ээ.

Ер нь архины хор хөнөөл, хуурамч баталгаагүй бүтээгдэхүүний тухай байнга л яригддаг байсан. Өмнө нь нэг бус хүн архинаас хордож хорвоогийн мөнх бусыг үзүүлж байсан ч саяхныг хүртэл элдэв хаадын хөрөгтэй архиа “брэнд” хэмээн омогшиж, сурталчилж, ууж, онцгой албан татварт өгдөг хэдэн төгрөгт нь болж архи үйлдвэрчлэгчдийг аргадсаар, тойглосоор, толгойг нь илсээр ирсэн юм. “Архины гүн хордлогоор” гэсэн талийгаачдын онош өмнө нь эгээ л “Өөрийнхөө муугаас үхлээ” гэдэгтэй адил сонсогддог байв. Шүүх эмнэлэг, цагдаагийхан ядаж нэг удаа ч болов хаанахын ямар архи уучихав гэдгийг нягталж, ар гэрийнхнээс нь асууж сураглаж болзошгүй аюулаас сэрэмж өгч болох л байсан.

Чанаргүй, хятад спиртээр, зөвшөөрөгдсөн хатуулгаас хэтрүүлэн хор үйлдвэрлэсээр байгааг хуулийнхан, мэргэжлийн хяналтынхан, орон нутгийн захиргааныхан бүгд мэддэг ч техникийн спиртээр найруулах хүртэл нь өөгшүүлж байжээ. Будаг шингэлж, сэлбэг ариутгадаг бодисоор идээний дээж гэгддэг сархад үйлдвэрлэх дээрээ тулна гэдэг хүний санаанд багтамгүй л асуудал баймаар. “Мэдээгүй” гэх ганц үгээр бусдын амыг таглаж болох ч мэдэх ёстой хүмүүс нь юу хийж байсныг гайхмаар. Талх 500 төгрөгийн үнэтэй байхад архи 1000 төгрөг байгааг ард түмэн байнга ярьж, хэвлэлийнхэн мянга улиглаад ч үүний араас хөөцөлдөж, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож байсан удаагүй. Хааяа нэг явуулдаг үзлэг шалгалт төдийхнөөр л аргацааж явсны гор гарч байна.

Ер нь ямар нэг юмыг дуулиан шуугиан болгож, эсвэл эрдэнэт хүний амь насаар золиослон байж ойлгодог, хариу арга хэмжээ авдаг “ёс” монголчуудад тогтоод байх шиг. Мөнгөн ус, цианат натрийн хор хөнөөлийг амтай болгон цэцэрхэж тоочдог ч ачир дээрээ юу хийж байна вэ? Хонгор сумын 200 хүн хордсоны дараа л гэнэт ухаарч байгаа юм шиг баахан шуугилдсан. Үүнээс ч олон хүнийг үхэлд хүргэх аюултай химийн бодисын хор хөнөөл ингэсгээд дарагдаж дараагийн сенсацид зайгаа тавьж байх шиг байна. Уул нь нэг хэсэг нь архины хордлого тайлж байх хооронд нөгөө хэсэг нь химийн хортой тэмцэж, хот хөдөөгүй илрүүлэх, сэргийлэх ажлыг хийж л баймаар. Хил гаалийнхан үзлэг шалгалтаа сайжруулсан юм дуулдахгүй л байх юм.

Гамшиг осол олонтаа тохиолддог, тохиох бүрд сөхөрчих шахдаг манайх шиг орон онцгой байдлаас урьдчилан сэргийлэх албаа хамгийн түрүүнд чадавхижуулах ёстой. Гэтэл аанай л арван хэдэн хүний амиар тоглож байж хариуцлага, сахилга, холбоо хэрэгсэл, хангамжийн тухай ярьж эхэлсэн. Залгаад ямар аюул хүлээж байгааг тооцож байгаа хүн байна уу яг одоо. Өвлийн зуд, хаврын түймэр биднийг хүлээхгүй, нэг дуулианд нэрвэгдэж, нөгөөг нь замхруулж байх хооронд нүүрлээд л ирнэ.

Архины тухай асуудалдаа эргээд орье. Үнэндээ нийслэлийн алслагдсан гурван дүүргийн хамгийн том нь болох Багануурт бүхэл бүтэн мэргэжлийн хяналтын, цагдаагийн байгууллагууд орон тооны олон ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулдаг. Гэвч “Гүн галуутай” үйлдвэрт аль есдүгээр сард тавьсан тоолуураа нэг ч удаа эргээгүй байгаа нь эдгээр байгууллагынхан хаагуур юу хийж явсныг хүмүүс "таахад" хүргээд байна. Тоолуурыг зөвхөн ашиг тооцож, татвар хураахад зориулж тавьдаггүй, зөвшөөрөгдсөн найрлагаас дээш спирт агуулсан, спиртийн агууламжид өөр төрлийн бодис холилдсон тохиолдолд тоолуур нь өөрөө эвдэрдэг "ид шидтэй". Гэтэл мэргэжлийн хяналтын төв удирдлага нь уг тоолуур ажилладаггүй болохыг, түүнээс гадуур холболт хийн хууль зөрчиж байсныг илрүүллээ гэж ирээд л хөөрцөглөж яриад байх юм. Бас татварынхан энэ үйлдвэрээс яаж, юугаар тооцож онцгой татвар авдаг байсан нь нэн сонирхолтой. Зөвхөн нэг үйлдвэрийн нэг удаагийн үйлдлийн цаана төрийн бүхэл бүтэн гурван том байгууллагын үйл ажиллагаа хөндөгдөж, үйлдэл хариуцлага сөхөгдөж байна. Энэ мэтээр хөөвөл хил гааль, хяналтын байгууллагынхан ч хариуцлагаас үүрэлцэх ёстой.

Хүмүүс архитай холбоотой гэмт хэргийн золиос болж, хордож амиа алдсаар л байна. Ар гэрийнхэнд нь олгож байгаа хэдэн төгрөг үүний эсрэг авч байгаа арга хэмжээ даанч биш. Манайд байгаа хариуцлага ногдуулах хэлбэр аль нэг дээд, дунд тушаалтныг албан ажлаас нь чөлөөлсөн төдийхнөөр хязгаарлагдаж байна. Дараагийн хүн ирээд юуг яаж илрүүлж, өөрчилж байгааг эргээд хянадаг, тайлагнадаг, тооцдог тогтолцоо алга.
Энэ харамсалтай хэрэг илрээгүй байсан бол Багануурын мөнөөх үйлдвэр ашиг орлогоороо дүүрэгтээ төдийгүй улсдаа толгой цохиж, эзэн нь УИХ-д нэр дэвших байсан ч байж магадгүй. Угаасаа иймэрхүү жишиг эхнээсээ тогтчихсон байна. Дүүргийн, аймгийн, улсын хэмжээний олон шагнал, урамшлаар энэ үйлдвэрийг булж, хэрэглэгчдийн талд байж эрх ашгийг нь хамгаалах ёстой байгууллагууд хүртэл шилдэг хэмээн тодорхойлж, хүмүүсийн итгэлээр тоглож байсан аж. “Азийн чоно”, “Аньст”, “Нүнжиг”, “Улаанбаатарын сархад” гээд өөр өөр шилэнд цутгасан адилхан хорнуудын төрөл арван хэдээр тоологдохгүй. Бүр олонд танигдсан сархадыг хүртэл хуурамчаар савлаж байсан нь мөнгөний төлөө юу ч хийж чадах эрхмүүдийн жишиг нүүр царайг харуулж байна.

Бие биенээ хянаж, шаардлага тавих ёстой төр, бизнесийн байгууллагууд үй зайгүй үерхэж цус ойртож байгаагаас дээрх эмгэнэлт явдал гарсныг өнөөдөр хэн ч үгүйсгэхгүй байна. Хэзээ ч жинхэнэ утгаараа хэрэгжиж байгаагүй хэд хэдэн хуулийг шинэчлэх тухай одоо л ярьж эхэлж байна. Зар сурталчилгааны тухай хуулиар архины далд сурталчилгаа ил болтлоо газар авч “брэнд” гэдэг үгний цаана нүүрээ халхалж, өөрсдийгөө рекламдсаар. Хэзээ ч хэрэгжихгүй хуулийг төрийн түшээд нь баталж, бүхнийг тас хорьсноор нөгөө хаалгаар хууль бус бизнес цэцэглэх арга замыг нээж байна. Ер нь “брэнд” гэдэг нэр томьёотой болгоомжтой харьцахгүй бол олонд танигдсан нэр хүндээр ард иргэдийн тархийг угааж, итгэл дээр нь тоглосоор байна.

Соёлтой, зохистой хэрэглээний талаар бүгд л ярьдаг. Гэвч өндөр хатуулагтай архи спиртний үйлдвэрийн үүд хаалга улам нээгдсээр, ашиг орлого нь арвижсаар байгааг юутай холбож тайлбарлах вэ? Манай хойд хөрш Эрхүү мужид ганц л том спиртний үйлдвэр байдаг гэж байхад манай улсад хичнээн байгааг хэлэхээс ч халширмаар. Яг одоо албан ёсны зөвшөөрөлтэй спиртийн 15, архины 114, дарсны 15 үйлдвэр ажиллаж байна. Хууль бусаар бүртгэлтэй хичнээн ч байгаа юм бүү мэд. Нийгэм бухимдалтай, хүмүүс ядуу байгааг далимдуулж хууль бус үйлдэл газар авч, хуурамч хоол хүнс хүмүүсийн хариуцлагагүй үйлдэлтэй хамт хоолой давсаар байна. Нэг удаа ч гэсэн ниргэхээс нь өмнө хашгирч, айсуй аюулаас сэргийлж байвал ард иргэдийн амьд явах баталгаа бага ч гэсэн нэмэгдэх байх.

7 Сэтгэгдэл:

3apaa said...

Зуузай холбоод байдаг хэргээ гсн :P Дээд доодгүй бүр авилгалд өртчихсөн, ажлаа хийдэггүй залхуу хойрго арррай л дэндээд байна шүү цаана чинь. Ганц нэг хүн буудаадахвал овоо л цэгцэрнэдээ уул нь...

Unknown said...

Тэр ч үнэнэ шүү. Лалын шашинтай орныхон амиа золиослон хүн алж байхад манай монголоос өөрийгөө золислоод ганц нэг хүн буудаж хашраагаад чад хийдэг буянтай хүн гарч ирэхгүй юм. Түүхд шилийн сайн эрс гээл байдаг байсан. Одоо л тэр шилийн сайн эрс чинь хэрэгтэй болж байх шиг байна.

Cаарал said...

Zuragtaar ene tuhai garsan yum baih. Bi ch uzsengui l dee. Hamt ajilladag neg yapon uzsen bololtoi. Mongoliin arhinii buh uildveruud tehnikiin spirt ih baga heregledeg gene geed zutgeed boldoggui. Bi gantchan uildvert tiim yavdal garsaan, bugd tiim bish gej notloh geed diilsengui. Mongoliin ner gadaadad saihan unalaa daa.

Arsun said...

Архи тамхи vйлдвэрлэн хvнийг хордуулагсад болиосой. Архи спиртээр баяжсан, улс төрд орохоор зэхэгсдэд ёс зvйн хариуцлага тооцох цаг болсоон.

Anonymous said...

Төрийн төлөө оготно боож үхнэ гэж. Мань мэтийн сайбер ертөнцийнхөн хичнээн жихүүцээд, жигшээд юу өөрчлөхийн?
Яг одоо бидний хий чадах ганц зүйл бол архи хэрэглэхээ болих! Бусдыгаа уриалах, урамшуулах, архийг моодноос гаргах! Үүнийг бүр амьдралыг үзэх үзэл болгох хэрэгтэй. Монгол хүн тэгж л байж соёлтой хэрэглээ гэдэгийг сурах нь бололтой. Архинаас сул хөнгөхөн зүйлс зөндөө л байдаг.
Өнөөдрөөс эхлээд архийг тэвчинэ ээ, дэмжээрэй!
Idea нэг сайхан уриа бичээд тавиарай. Тэр олон болох болохгүй архины үйлдвэрүүдийн дампууруулаад өгье!

ganga said...

Arhinaas bolj hichneen ger bul salj baina, arhinaas bol hichneen medrel muu huuhed to'rj baina, arhinaas buh muu muuhai uudeltei baihad ideenii deed ch geh shig, ajil torol, uerhel nohorlol arhigui bol boldoggui aimaar boljee. Ter ch baitugai shildeg aj ahuin negj ni arhi uildverlegch shalgarch baidag. Bugd hereglehee bolichihvol gej moroodvol...

Pearle Deppsu said...

Арсун, 3араа болон таны бичлэгийг уншлаа. Айхтар сүрхий бичицгээжээ.