2008/01/24

Үгэн доторх үг


"Нар сарыг гэртээ мандуулж

Навч цэцгийг хотондоо ургуул"
Хэрэв надад л хүн ингэж хэлбэл учрыг нь тунгааж ухаж ойлголгүй нэг их мундаг амьтан болж “Тэр ерөөл бат оршиг ээ” гээд нүдний булайгаа чирж нүүрний буянгаа нялсан cуухгүй юу.
Гэтэл энэ нь аймшигтай муухай, хахир хатуу хараалын үг гэнэ.
“Нар сарыг гэртээ мандуул“ гэдэг нь үгээгүй хоосорч ядууран, үйлээ үзэж үсээ үгтээн, нар сар нэвт гэрэлтсэн навсархай хар овоохойд насыг бар гэсэн үг аж.
“Навч цэцгийг хотондоо ургуул” гэдэг нь хонь малаа барж, хоосорч үгүйрэн хогийн ургамлаар хот нь дүүр гэсэн утгатай юм байна.

Монголчууд бичгийн агуу соёлтой, хэлний өндөр боловсролтой улс байсан нь хамгийн доорд найруулга болох хараалын үгнээс хүртэл харагдаж байна.
Гэхдээ ийм хараалыг тэр болгон хэрэглээд байдаггүй байсан байх.
Тэр ч бүү хэл:
“Мөнхийн хутгыг амьддаа олж
Мөргөлийн дээдийг буяндаа үлдээг”

гэдэг нь ч бас өөрт таагүй санагдсан хүндээ хэлдэг гэж байгаа юм. Амьддаа мөнх наслах хутаг олсон хүн жам ёсоороо хорвоогоос хальж чадахгүй, үр хүүхэд, ач гучдаа адлагдаж амьдрах, зөнөглөж жилцэхийн ёс гэж үздэг байна.
“Мөргөлийн дээдийг буяндаа үлдээг” гэхээр духаа цоортол мөргөвч ач гавьяа нь амьдралд нь биш зөвхөн буян болж хойд насанд нь үлдэг гэсэн санаа байх аж.

Арай орчин үеийн зүс хувиргасан, мэдүүштэй үгсээс дурдвал:
“Дөрөв нь дээшээ
Дөрвөлжин нь доошоо” гэсэн битүү утгатай ерөөл ч юм шиг хараал байна. Учрыг ухаж үзвэл унаатай хүн уурлахаар аж. Дөрвөн дугуй нь дээшээ харж, дөрвөлжин кабин нь доошоо харах буюу бүтэн эргэж онхолдож унахыг хараасан байх шиг байгаа юм.

“Уудагтаа ус хийж
Унадагтаа чулуу тохмор” гэсэн шилжсэн утгатай хараалын үгийг бас дурдмаар санагдлаа. Цай, цагаа, сархад ууж байх ёстой аягандаа ус уух нь мөн л үгүйрч ядуурахын шинж аж. Харин эмээл тохом тохохын оронд чулуу тохох нь буянт малаа шүтэж амьдардаг монголчуудад тэвчишгүй хараал болох юм.
Үс чинь үргэлж хар
Шүд чинь дандаа цагаан
Нуруу чинь байнга тэнэгэр байг
гэдэг үг өнгөц сонсоод "Баярлалаа" гээд өнгөрмөөр байгаа биз. Гэтэл үнэндээ "нас залуу, цус шингэн, зүс идэр үедээ хорвоог орхи" гэсэн уур хүрч уушиг сагсаймаар үзэмжтэй ганган хараал байх юм.

Зиак, тэгээд үг гээч нь хамар доорхи хагархайнаас хамаа намаагүй урсдаг эд биш бололтой. Өөрөө үгийг хамаагүй урсгадаг, өрөөлийн үгийг ч төдийлөн ухаж ойшоодоггүй мань мэтийн хүмүүс иймэрхүү үгийн өө сэвийг анзаарч, үг хэмээгчийн үнэ цэнийг санаж явахад илүүдэхгүй байх. Үгээр хүнийг алж авсалж ч болно, аварч амьдруулж ч болноо гэж.
Хараал хэлсэн хүнд хамаг муу инерги цугладаг гэсэн. Бусдыг хараахгүй ч бусдад хараалгахгүй, ядаж битүү утгатай үг хэлсэн нэгнийх нь цаад санааг ойлгож, хариуг нь өгдөг байх, хөлдөө хөгөө чирэлгүй, бусдын аманд дураар багталгүй явах хэрэгтэй юм шиг байна. Монгол хэл баялаг, монгол хүн ухаалаг ч үгэн дотор үг багтдагийг үргэлж санаж явууштай буюу.

19 Сэтгэгдэл:

Pearle Deppsu said...

өө за бас...

би эхний хараалыг нь мэдэх юм байна. бусдыг бол мэдэхгүй юм байна шоо.

3apaa said...

Үнэн л юм хэлсэн байна. Заримдаа сүрхий болоод заримдаа гачин болчдог жигтэйхэн хүн шүү. Цаад утга нь орон гаран гэсэн үг гсн... :P

gump said...

эрүүгэээ авч
нуруугаа мааж
элгээ авч
сэмжээрээ ороо гэж л мэдхийн байна. Бас нарийн гүн утга эднүүс байхгүй байх тэээ Сэнгээ

hundaga said...

олон юм мэдэж авав. гялайлаа.

xvv said...

за ийм ухаантай болчуул яасан ч яахав . Ёстой аймар аймар хэлсэн байна.

xvv said...
This comment has been removed by the author.
peakfinder said...

Hee bi bol medehgui saihan yorool hellee geed bayarlaad baih n' baina. Manaihan neeree surhii shuu. Eniig chin' bichij avaad hadgalchihya.

Jusmin said...

yahara iim muuhai haraal ch bish yeruul ch bish ug xelleg xeregledeg bnaa..shuud l uur xilengee gargachixgui...te

KiBO. said...

яаа бас ч ширүүн бна шүү одоо Монголчуудын соёлын төвшин нь мөн ийм юмыг ухаад сууж байна даа. Дээдэсээ гэж бид чинь одоо яаана даа хммм :(

melkadies said...

nar sariin gertee manduulaad
navch tsetsegiig hotondoo urguulj
yavgan nuuj
nutsgen jargaarai geed butneeree bol tiim eroolshdee

melkadies said...

blogchdidod eroodog neg erool bna.

designaa solioroi gedeg erool.
ene chini buh html code ustaarai gesen utgatai he he.

Ганаа_бж said...

Bi bol yeruuj baina gej bodood l bayarlaad baih yum baina.
Medej avlaa. Bayarlalaa.

Арсун said...

Тосоор гоож гэдэг ч бас эвгүй шvv.

byambaa said...

ushuu zunduu eruul met haraaliig ih oruulaarai, suuld magtaal gej anduurahgui baiy daa.

e said...

Бид нар ерөөсөө мэддэггүй юм байна ш дээ. Энэ учир утгыг нь. tnxs

Idea said...

Пейрл: Чи бас ч гэж мундаг юм байна. Би урьд нь нэгийг ч мэддэггүй байсан.
Зараа: за заримдаа яаж гачин болсийн? Дандаа л гайгүй гаран гаран байсий шүү гсн, хэхэ
Гамп: Хаха наад чинь бас тасарцан хараал байна шд.
Хундага: Чамд бас гялайлаа.
Хүү: Хэхэ яасан ч яахуу гэдэг чинь яг яана гэж байгаан ай?
Пийки: Хихи харин тийн, гоё ерөөл хэлсэн гээл барьж авч үнсээл балрах байсан байхгүй юу мань мэт нь
Жасмин: Харин тиймээ, хэлэх юмаа түс тас түмпэн шанага хэлчихдэггүй сонин ард түмэн шүү бас
Кибо: харин тиймээ, бид үгийн цаадах үгийг ухаж түнхэж явна гэж бараг л байхгүй, өнгөц хийсвэр болж байна шүү нээрээ. Гэтэл дээр үеийн хүмүүс байнга л бие биедээ ийм л битүү хатуу үг шидэлцэж цэц булаалдаж оюунаа хөгжүүлж байсан болтой юм.
Мэлкад: Бүтнээр нь хэлсэнд баярлалаа. Дизайнаа өөрчлөөрэй гэдэг чинь бас гоё ерөөл байна шүү хэхэ.
Ганаа: Хэхэ харин тиймээ, хэний манаагүй тэгж ойлгоод л хариу хэлэх сайн үгээ олж ядцан, нөгөөх нь дотроо хөх инээд нь хүрцэн энтэр байвал яахуу.
Арсун: Тосоор гоож гэдэг чинь халуун наранд харлаж шатаад, хамаг өөх нь хайлж урс гэсэн үг үү хэхэ.
Бямбаа: Харин тиймээ, хайж олж нэмж оруулахыг бодноо. Та хэд ч бас эрэлхийлж л яваарай. Олж мэдсэнээ бие биетэйгээ хуваалцах шиг сайхан зүйл юу байхав.
Э: Хүнд хэрэг болчих зүйл оруулсан бол боллоо. Баярлалаа.

xvv said...

jusmin-ээ энэ чинь харин ухаантай соёлтой хүмүүс нь ингэдэг байсан байх. Тийм хүмүүс чинь барагтай бол хараал хэлэхгүй. Нэг уур нь хүрээд хэлэхээрээ ийм юм хэлж байгаа юм. Монгол хүн амны билгээр гэж.. гэхдээ ёс мэдэхгүй хүнд ёр халдахгүй гэж ойлгоогүй бол бас хүнд хараал нь хүрэх тусах нь бага гэж үздэг ч байсан байж мэдэх. Үг хүчтэй, дотроо их энерги агуулж байдаг энэ тэр гээл байдаг даа...

idea - ерөнхийлөгч болсон ч яахав дээ :-D гэж байгаа юм. Одоо болчихъё гэхээ арай ухаан дутаад байна ;)

xvv said...

ээ дезайнаа өөрчилмөр гэж...
нээрээ тиймхэн хараал байна шүү :D notepad дээр хадгалж авч баймаар юм байна :p

Хуруу said...

saihan bichleg baina. nadad chinii bichleguud bugdeereei mash ih taalagddag shuu !!!!