2008/01/28

Хүн амьтдын хүрээлэн

Ааштай өөнтөгч боловч цагаахан сэтгэлтэй бяцхан туулай өглөө ойн цоорхойдоо орж ирэв. Өглөө ч гэж үд хэвийж, үүлэн чөлөөгөөр нар дээшилж байх үед дуртай дургүй сажилж байгаа нь энэ. Мөрөөрөө байгаад нь огт балгүй мөртлөө мөргөж ёворсон нэгнийг нь хазаж орхидог хоёр дорсгой нь өнөөдөр бүр ч орсойж харагдана. Сүүлийн үед тэр ойн цоорхойдоо цаг өнгөрөөхөөс улам ч зайлсхийж, сав л хийвэл үүгээр түүгээр доншуулчлан, эсвэл хэлгүй дүлий мэт хэнэггүй царайлдаг болчихоод байгаа юм.

Нэгэн үе ойн цоорхой тэрний аз жаргал нь байсан цаг бий. Тэр болгон ил гараад, бусад амьтдын анхаарал татаад байдаггүй ч тэрхүү он удаан жил оршсон ойн цоорхойд бяцхан туулайхны чаддаг, сонирхдог ажил өрнөдөг. Гэвч тэрээр идэр насныхаа ихэнхийг өнгөрөөж байгаа энэ цоорхойгоос явах тухай боддог болоод удаж байна. Яг явах гэхээр чөдөртэй морь шиг хоргодогоо мэддэг болоод бас удаж байна.

Дэлдгэрийн зан хувирч, урам хугарахад мэдээж ойр тойрны хэдэн амьтан нөлөөлсөн байж таарна. Өөнтөгч бяцхан амьтныг хамгийн их өрвийлгөдөг нь ууртай, догшин хярс. Юм бүхэн өөрийнх нь, амьтан болгон өөртэй нь адил байх ёстой гэж боддог тэр хярс байнга нь л араа шүдээ арсалзуулж, алаг нүдээ эргэлдүүлнэ. Цуглуулах ёстой хоол тэжээл, өвчих ёстой ангаа олигтойхон мөлжиж чадахгүй байж үргэлж илүү юманд хошуу дүрэн, өөрт хамааралгүй болгонд үг хачирлаж явна. Ялангуяа бусдын бөгсийг ухаж, гарч ирснээр нь гараа угаах буюу эсвэл хэнд юу тохиолдсон, хэн ямар асуудалтай байгаа талаар үргэлж бүтээлч таамаг дэвшүүлэн, бүрэн хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлэн, өөрөө удирдан АХА зохиож оюун дүгнэлт гаргадагт нь туулай үхтэл бухимдавч яаж ч үл чадан үе үе өөрийн мэдэлгүй оролцчихсон байна.

Бас нэг сонин амьтан бий. Урдуур хойгуур өнгөрсөн амьтныг үзэгчдийн суудлаас загварын шоу үзэж байгаа мэт сонжиж харж, өө сэв эрэлхийлэх ажилд мэргэшсэн тарган дорго. Түүний үүрэг нь ялихгүй мөртлөө үг хэл нь их, үер ус мэт сул задгай. Амьтдын хооронд яс хаяж, аль нь дийлэхийг дээрээс харж байгаад давуу талд нь ордог даанч явуургүй зантай. Тоглоомдоо хүч нэмж тойрон хүрээлэгчдээр багаа бүрдүүлсэн нь сүртэй. Тэрний багт унжгар нугжгар, гэхдээ бусдын юманд ухаангүй дуртай, гэмгүйхэн байж байгаад гэдийтэл авдаг нугас, гаднаа гоёмсог ч дотроо үзэл бодол, өөрийн гэх үнэлэмж юу ч байхгүй, үүгээр түүгээр шарвалзан шар сүүлээ шарвадаг үнэг, гай ч үгүй гавьяа ч үгүй ганхаж явдаг гайхал яст мэлхий гээд зүсэн бүрийн амьтас бий. Тэдэнд хийх ажил бага, хийрхэх зав их. Үргэлж л бүхнийг голж чамлаж, өөлж муучлах, илүүг шаардах, аливаад сэтгэл дундуур байж амаараа баахан өөрчлөх гээд амин чухал ажлуудыг амжуулдаг. Туулайн нүүрэн дээр бүгд л сайхан зан гаргадаг мөртлөө далдуур үргэлж хэл амаа билүүдэж, хээрээс олсноо булаалдана. Гэхдээ тэд өвс үндсээр бус хов живээр хооллодог болохоор идэх юм олдохгүйн зовлонд унана гэж бараг л байхгүй. Ойн цоорхойг чимэглэж, бас гутааж явдаг энэ амьтас сав л хийвэл бөөгнөрөн тойрч, хурал хийнэ. Хачирхалтай нь хурал ямар ч үн дүнгүй, үлдэх протоколгүй болдог.

Үнэг туулай хоёр урьд нь учиргүй найз байгаад үмх шар тос булаалдан үүрд муудалцдаг үлгэр байдаг даа. Энд тэр үлгэр үнэн биелэлээ олсон. Туулай үнэгийг шар шалбааг дотроос суга татан гаргаж, хамаг нууцаа дэлгэн хачин итгэж явсан бөгөөд ар хударгаар нь аргат үнэг тэрийг ойгоор нэг задалж, хөөрхий гэнэн туулайг хэлмэгдүүлэн, олон амьтадтай уралцуулсныг ихээ хожуу мэддэг. Шинжлэх ухаан батлаагүй ч энэ нь туулайн таамаглалаар бараг нотлогдсон зүйл.

Дараагийн нэг амьтан мөнгөн ус шиг энд тэндгүй бөмбөрч явдаг бич. Харсан болгоноо элэглэн, хавьтсан бүхнийхээ талд орж явдаг тэр хаа очиж бусдыг бодвол хал бал багатай. Гэхдээ өөрийн гэсэн үүр овоохой байхгүй, хошуу сунгасантай нь хосолж, хоёр алхахгүй хувирч явдаг гэм бий. Явдаг жим адил, ярьдаг юм ижил болохоор туулай аргагүйн эрхэнд бичтэй найрсан дотносно. Олсон олзоо хувааж, хааяа өлсөхөөрөө хаяа хатавчаар нь эргэлдэнэ.

Цоорхойд бас хэдэн эрэгчин бий. Зөвхөн урдах замаа хараад, орчлон хорвоог олдог хэдэн өвсөөрөө төсөөлж явдаг өрөвдмөөр ч юм шиг, бахархмаар ч юм шиг нэг ажилсаг шоргоолж байх. Гэхдээ заримдаа өөрөөсөө ялгардаг хүчлийг хэтрүүлж уучихаад наль шаль гээд байдаг нь төвөгтэй. Мөрөөрөө юм шиг боловч нэг л үлбэгэр сулбагар, үлээсэн гүзээ шиг шалчгар. Яль шалихгүй юмаар бас хөөцөлдөнө, яг цаг дээрээ тулахаар давсгүй хоол мэт амтгүй.

Цаг үргэлж цагаан хоолой мэт орилж явдаг нэг бодон бий. Онгод нь орохоороо бүр аймаар, ойн баавгайг дуурайж ой гутмаар хүрхэрнэ. Барьсан ан нь хэн ч идэхээргүй, түүсэн өвс нь бүр түй гээд нулимчихмаар. Гэвч цоорхой бөглөөд байгаад байгааг нь бодохоор зайтай бодон шиг байгаам. За тэгээд чаг чаг дуугарч чамбай зан гаргачихаад, цагаа тулахаар эвгүй байж мэдэх чандага, ааш нь хөдлөөд арьс нь үрчийхээрээ ангууч араатан төрх нь тодордог шар шувуу гээд хүн амьтны хүрээлэнд хөл толгойгүй юм их бий.

Шар шувуу, чандага, бич гурваас бусад нь хэрэгтэй ч юм шиг үгүй ч юм шиг. За туулай бол мэдээж ойлгомжтой, зайлаад өгөхөд хэн ч үгүйлэхгүй. Санаснаа шууд гаргачдаг саваагүй зангаасаа болж хэчнээн амьтны дургүй хүргэснийг хэлж мэдэхгүй. Өдөр хоногоор өөрчлөгдөж байгаа үзэл бодлоо шүтэж баярлаж амьдарна. Өөрийнх нь дотоод ертөнц өөр хэнд ч хамааралгүй. Дотогшоо чиглэх бодлоо дорд үзэх үе ирэхэд чимээгүй бухимдана. Удалгүй тайвширна. Бусдад аз таарч, амжилт ирэхэд өөрийн юм шиг баярладаг, өчүүхэн жижиг юмыг өөнтөглөж хөөцөлддөггүй өрц рүүгээ шиддэг ганц л сайн талтай. Өөр авах юм даанч байхгүй өөнтөгч, уцаартай амьтан болохыг дээр өгүүлсэн. Бас амьтдын явуулгаар аймшигтай олон алдаа хийснийг нь бүр яриад ч хэрэггүй.

Ийм л хэдэн амьтан их ойн нэг хэсэгт бүгэж амьдарна, бүтээж туурвина. Хийсэн бүтээсэн нь харин хэдхэн л амьтанд хүрнэ. Яг л мартагдсан цөөрөм шиг. Таарсан хэдэн амьтдын тамын цоорхойг зураглавал нэг иймэрхүү.

12 Сэтгэгдэл:

Anonymous said...

Ж.Орвиллын Амьтаны пээрм гэдэг шиг ойн цоорхой юу. Сэнгэээ ч аргагүй авч өгөх юмааа. Дараа даалуу үүлүү тоглох цагаа багасгаад пиво уух мөнгөөө оймсондоо хадгалж байгад ирж шавь орноо

Anonymous said...

Blogchidiin tuhai bichchikhsen yum bish u?

Anonymous said...

Blogchid arai bish bainaa, hamt ajilladag ch yumuu esvel surdag humuusiinhee tuhai bichsen yum shig baina.

Jasmine said...

amitad bish xumuus l shuud nudend haragdaj bna,olon tumnii oliggui zang sain todorxoiljee...

peakfinder said...

Neeree l olon hunii aranshin haragdah yum. Surhii zuirluuljee.

Pearle Deppsu said...

Манай блогчид нэг нэг амьтныг нь аваад дүрд нь тоглож хэсэг хэн хэнийгээ хийцгээх үү?

Anonymous said...

Ene orchuulga bish Idea-giin bichleg baina. Barisan ch aldahgui.

3apaa said...

Инкээл миний нэр байдгүйн...

Болорхон said...

Сайхан хэлсэн байна шүү. Танай ажлыг ч бараг мэдчихлээ шүү. Нилээн хэдэн жилийн өмнө хамт олон ихтэй байгууллагад ажилладаг байхад яг л ингэмээр санагдаад заримдаа ажлаа хийхгүй тэд нарыг амьтадтай зүйрлүүлээд хараад суудаг байж билээ.

бж said...

Ajil deer ch yanz buriin humuus baidag shuu... Manaihnii "olnii jishig" gedeg ug l aihtar sanagddag yum. Massaa dagana gesen ug uu, durtai ch bai, durgui ch bai...

Idea said...

Гамп: Тэгээрэй. Оймсноос гарч ирсэн мөнгөөр юу авахаа одооноос төлөвлөж л байя.
Үлмэдэх 1, 2: Блогчид арай бишээ.
Жасмин: Хэхэ харин хүмүүс нь ч хүмүүс л дээ. Хэнүүс гэдгийг нь хэлэх гэхээр айж чичрээд ам эвлэхгүй юм.
Пийки: Хүн амьтдын араншин зарим талаар төстэй шүү тэ.
Пейрл: Манайханд арай өөр гоё гэгээлэг дүр ногдох байх аа.
Ука: Та мөрийгөө авлаа. Бооцооноосоо хуваалцаарай.
Зараа: Хүсээд байвал оруулж болно шд.
Болорхон: Хэхэ. Би Нарантуул дээр хурганы арьс зардиймо гээлүү.
Ганаа: Харин тийн. Хүсээгүй мөртлөө бусдыг аялдах хэцүү шүү.

Anonymous said...

Idea chi nuguu 76-in talaar bichzen baina shdee. Chandaga-Z.Enhbold. Tuulai-Gundalai. Shar shuvuu-Lundaajanzan. Bich ni harin hen be?