2008/02/27

Цухас

Хамгийн сүүлд нэг бөөлжис ярьж орж ирснээс хойш сураггүй болчихлоо, арай оготны огиудастаа хахчихаад наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацчихсан юм биш биз хэмээн журмын блогчдоос хатуухан зэмлэл хүртсэн Idea саяын хэдэн өдөр хаагуур, хэнтэй, хэрхэн, юу хийгээд, бүтээгээд, нураагаад сөнөөгөөд явснаа хэдэн үг хэлхэж оруулью гэж бодлоо.
Уул нь тус бүрээр нь салгаж бичлэг хийе гэж бодсон чинь амжуулж чадалгүй хий дэмий том мөрөөдөж, хоосон харайлгасаар аль ч үгүй болж магадгүй тул нийлүүлж базаад, нэгтгэж дүгнэхэд нэг иймэрхүү зураг гарав.

Хулангийн үдэш
Түрүү долоо хоногийн баасанд яруу найргийн мөнгөн үеийнхэн буюу “90-ээд оныхон”-ы манлайд цахилах нэгэн найрагч хатагтайн уран бүтээлийн цэнгүүнийг үзэж сонирхлоо. Ойрд тиймэрхүү оюунлаг, гэгээлэг орчинд ороогүй явсан тул омогшиж оргилсноо нуух юун. Цэнгүүний үйл явц хийгээд өрнөл тайллыг сонин хэвлэлээр бишгүй бичсэн болохоор би энд нурших илүү биз. Зүгээр л өөрт төрсөн мэдрэмжээс цухас хуваалцъя,
Чөлөөтэй омголон дураараа байх би дуртай
Чөдрөө тасдаж гүйдэг моринд адуу адуунаас хайртай… хэмээн эрх чөлөөг магтан дуулж гарч ирсэн тэрбээр хэн ч хүлээн зөвшөөрөхөөс аргагүй билэг танхай найрагч гэдгээ тонгорог шиг хурц хэрнээ торго мэт зөөлөн, уянгалаг мөртлөө ухаарал хайрласан ялдам, бардамнал хийгээд бахарлын ялгуун агшинг үнэртүүлсэн шүлгүүдээрээ улсын циркэд ирсэн үзэгчдийг уйлуулж, дуулуулж, уухайн хашгиралтан дунд дахин баталж байсан.
Олон л зүйлийг хэлмээр байна гэвч, орчлон гэдэг юутай баян, онгод гэдэг яасан агуу, омголон залуу нас яахин давтагдах, оргилуун хүсэл тэмүүллийг юугаар орлуулах вэ хэмээн уулга алдахаас өөрийг өгүүлж үл чаднам би.
Түүний тухай сайн муу үг, сайхан муухай алдар бишгүй л дуулддаг. Гэвч тэр энэ бүхэнд дарагдалгүй, зүрх зүсэм үгсийг зүгээр залгиж орхиод, зүлгэх тусам улам өнгө орон жавхаажиж, онгод найрагтаа улам хурцлагдаж, хутга шиг ирлэгдэж явааг нь харахаар бахдахаас өөр яалтай.
Сайхан бүсгүй энгэр султай л гэдэг
Сарны дор санаашран суухдаа худлаа гэдгийг нь мэдлээ…хэмээн өөрийгөө яаж үнэлдгээ өрөөлөөс ичилгүй хэлдэг болохоор,
Чийр болсон алдар хүнд чиний ээмгээ тайлаад
Чиний л хайртай бүсгүй байхдаа жаргалтай хэмээн хэн нэгний нууц амраг гэдгээ хэнээс ч нуудаггүй, хэт өөрийнхөөрөө болохоор тэр бусдаар муучлуулж, гоочлуулдаг байх. Хулан Ху намын гишүүн мөн үү биш үү, хүний нөхөр салгаж суусан уу үгүй юу, гахай шиг таргалж, галзуу юм шиг агсамнадаг уу үгүй юу, аль эсвэл алдар нэрнээс амиа өгөхөөр, амьдралыг зоосоор хэмждэг үгүй ер хэн ч байсан юуны хамаа. Гагцхүү түүнд гандан бууршгүй авьяас, гал цогтой цэцэрхэл байна. Өөр түүнд юу ч хэрэггүй мэт.

Хулангийн үдэш тансаг болсоон. Хувирашгүй бардамнал, хуучраагүй мөртүүд, хуйлраагүй хуудас, унтраагүй лаа, урваагүй нөхөд, уйдаагүй үзэгч цөм түүнийх байсан. Олон л зүйлийг хэлмээр байна гэвч Оройтжээ… Онгод найргийн өмнө өчүүхэн гэдгээ мэдрээд би Гудайжээ…

Хүн бүхний найз хэний ч найз биш
Энэ үгийн үнэ цэнг айхтар ойлгов. Хүн хүнтэй саймширч, бүгдээс нь үг дуулж, хольж хутгаж хор найруулж явах хоёрын хооронд зантай нэг хүүхнийг харахаас дургүй хүрээд байхын, яая даа байз. Гэхдээ тэрээр хүнийг айхтар сайн сонсож чаддаг авууштай ганц зантай. Бүхэл бүтэн гурван цаг буу халж суусан мөртлөө өөрөө юу ч ярихгүй нөгөө хүнийхээ сонирхолгүй яриаг огт залхахгүй, таслалгүй сонсоно гэдэг онцгой авьяас шүү.
Тиймдээ ч хүн болгон түүний өнхрүүш шиг бөмбөрч явдагийг мэдсээр байж асуудлаа ярих гэж тэмүүлдэг байх. Би хүртэл өмчилчихсөн итгэж явах. Өөрийн гэх үзэл бодол, үнэлэмж юу ч байхгүй, зүгээр л бүх хүнтэй гайгүй байх гэсэн, хүн хүний асуудлыг мэддэг байх гэсэн өчүүхэн бодолтой, өр өвдөм араншинтай хүн байх юмаа гэж.
Үүнийгээ гол нь өөрөө их аятайхан, голч, хэнд ч байгууштай зан гэж боддог юм шиг байна лээ. Үнэн хэрэгтээ үзэл бодолдоо үнэнч байна гээд өөртөө өштөн хурааж, хүн бүхэнтэй уралцаж муудалцах шаардлагагүй ч өөрийгөө хүндэлдэг, дотроо бодолтой дороо суурьтай, дотно хэдэн найзынхаа төлөө өөрийгөө зольж чадах, өөдрөг чанга хүн бол ингэж явдаггүй л байхгүй юу.
Дахиж түүнтэй нэг их харьцахгүй, мэдээж муудалцахгүй, өөр шиг нь бөмбөрч хүн хүнд тал засаад яваад байж бүр чадахгүй. Хүн болгон надад таалагдах албатай ч биш, би ч хүн болгонд таалагдах ёстой биш. Хүнээ олж итгэж, дотносоогүй нь миний л буруу. Мэдээлэгч, саймшрагч, шальчгар гүзээ шиг шарвалзсан юмыг найзын тооноос хэдийнэ хассан, тэртэй тэргүй тэр хүн бүхний найз.

Эргэлзэл-Тээнэгзэл
Зурхайд нэг их итгээд байдаггүй ч төрсөн өдрийн төөрөг дэх ганц өгүүлбэрийг ямар үнэн болохыг өдөр өдөр ирэх тусам мэдрээд, өөртөө уур хүрээд байх юм. “Шийдвэр гаргахдаа муу” гэж.
Мөнхийн эргэлзээтэй, үүрдийн тээнэгэлзээтэй явах өөдгүй заяанд төржээ би. Ямар азаар би эрэгтэй байгаагүй юм бэ. Тэгсэн бол энэ хүүхэнтэй суух уу болих уу, энэ миний хүүхэд мөн үү, биш үү, эрлэгт очих уу эсвэл диваажин нь ч арай гоё юмуу гээд л эргэлзсээр, эргүү төлөг шиг эргэлдсээр олигтойхон шиг үхэж ч чадахгүй амьдаараа арандаг болж насыг барах байсан даа би. Бодож бодож нэг юм хийхээрээ дараа нь дандаа эргэж хургана. Новширч ноолорч, зууралдаж зунгаарч явдагаа бодохоор түүхий гурилаар жанхуу зуураад түгжирч үхтлээ залгилмаар өөртөө аймаар уур хүрч байна.
Айвал бүү хий, хийвэл бүү айгэдгийг арай өөрөөр ойлгоод амны уншлага болгочихсон юм шиг.Айсан ч гэсэн хий, хийсэн хойноо ай, буцаад залруулах гэж оролд, бусдын үгэнд авт, эцсийн шийдвэрээ няцаа, эргэж хургаж буцаагээд ой тойндоо оруулчихсан юм шиг л явахын би гэдэг хүн.
Яг энэ нөхцөл байдлаас хойш өөрөө өөрийгөө аль нэг сонгосон хувилбараа дуртай ч дургүй ч дагаж явахаас өөр гарцаагүй байдалд оруулж, бусад сонголтыг ор тас орхигдуулж сурмаар байна. Цаашид баримтлах гурван уриа:
- Цаг нь болоогүй сорилд түрүүлж очиж түүртэхгүй байх
- Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцроно
- Сонголт арвин тусмаа сохор шийдвэр гаргадаг тул хамгийн илүү гэж үзсэнээ сонгосон л бол бусдыг нь булшлаад буруу ч зөв ч эргэж харалгүй эцсээ хүртэл зүтгэх


Эмнэлэг- Эрлэг
Ээжийгээ аваад эмнэлгээр жаал харайлаа. Энэ өдрүүдэд хийсэн арай буянтай ажил гэвэл энэ л байх. Гэвч алхам тутамдаа ангайсан царай, гар дагуулж харсан өлөн нүд, эсвэл уртаас урт дараалал, уурандаа шатсан хүмүүстэй учирч явлаа. Амарсан биш өглөө босдоггүйгээрээ эрт босч, цагт баригддаггүйгээрээ хавчигдаж юм юм л үзлээ.
Яршиг, манай бүх эмнэлэгийг хувьд гаргачихмаар юм. Тэгвэл улсын гэсэн тодотголтой эмнэлэгт зүгээр л харьяалалтай байх гэж, гавьяа шагнал горилох гэж, хувийн эмнэлэгтээ үйлчлүүлэгч олж авах гэж хагас цагаар ажилдаг халтуурчид, цагаан халаадтай хүйтэн царайтнууд цаг нөхцөөж суухгүй амар байхгүй юу.
Үйлчилгээнд нэвтрэх нь бүү хэл барааг нь хараагүй шахам цахим систем хэн нэгэн даргын гарын үсэг хүлээж ширээний нүдэнд тоос даралгүй биелэлээ олж, тэртэй тэргүй эмчид нууж атгуулж байгаа хэдэн цаас арай өөр ашигтай юманд зарцуулагдахгүй юу.
Бас оочер дараалал ч танагтай, хүмүүс өөрсдөө эмнэлэгээ сонгож үйлчлүүлнэ, эрүүл мэндийн даатгал, 36-р маягт гэх мэт цагаа тулахаар ямар ч ач холбогдолгүй, хоосон цааснуудыг бүрдүүлэх гэж цагаа үрэхгүй байхсан гэх бодол зогсоо зайгүй хөвөрнө. Хөдөөнөөс ирчихээд хүүхэд шуухдаа дагуулан хөлсөө цувуулан зогсох хөгшдийг харахаар энэ бодол минь бүр ч лавширч, намайг тамлана.

За тэр үйлчилгээ, эмч нарын зан харьцаа, эмчилгээний чанар хүртээмж, өвчтөний сэтгэлзүйтэй ажиллах, өөр хоорондын ажлын уялдаа энэ тэрийн талаар яриад ч хэрэггүй. Чухам л "Чагнуур зүүсэн эрлэгийн элч нар Цагаан халаадаар биеэ далдалж, Өчүүхэн өвчинд дарлуулсан биеийг минь Өчиггүйгээр авч явахаар иржээ" гэж дуулмаар. Эмнэлэгийнхний баяр хэзээ билээ, ийм үгтэй дуу зохиогоод FM-ээр мэндчилгээ явуулбал яах бол гээлүү :). Эмч сувилагч хүн байвал битгий уурлаарай, би нийтлэг төрхийг нь хэлж байгаа юм, тэрнээс хүн болгон арай ийм биш, бас дээр дурдсанаас өөрөөр байх орчин нөхцөл дутмаг гээд яриад байвал их л юм байгаа байх. Гэвч сэтгэл, үүрэг, хариуцлага гэдэг гурвалсан холбоо манай аль ч салбарт аргагүй үгүйлэгдэх юм даа.
Ингэснээд зогсоё, бухимдаж бачуурч үхээгүй дээрээ цэглэх нь зөв юм байна. Муу ч гэсэн өвчин зовлонгоос салгадаг хүнээ газар доор ортол муучлаад ямар орчлонг орвонгоор нь эргүүлж, олиггүй болгоныг ор тас арилгаж чадах биш. Тэгээд ч сэжгээр өвдөж, сүжгээр эдгэдэг ч гэж яридаг. Эцсийн эцэст эрүүл мэнд юунаас ч чухал, урьдчилан сэргийлэх бүр ч чухал болохыг үргэлж санууштай юм байна лээ шүү найзуудаа.


Зиак, өнөө орой нэг блогчинтой уулзана. Гол нь ажил хэргийн шугамаар л даа. Гэхдээ үг яриа, үзэл бодол нийлвэл дотно найзууд болохоос огт татгалзахгүй. Блог хэмээх бодлын тэнгист орж ирсэнээсээ хойш олон найзуудтай болсон. Анх удаа нэгтэй нь ийн нүүр тулах гэж байна, амжилт хүсээрэй, ............ бид хоёрт.

13 Сэтгэгдэл:

Арсун said...

Eejiigee asrahaar holoos irsen negen blogchin busgui chamaig asuulaa. Taniltsah huseltei gene. Chi ch sain medne l dee.

Idea said...

Танилцъя л даа, Арсун ахаа хэн юм бол? Би сайн мэднэ гэдэг чинь эсвэл таньдаг хүн юмуу. Миний gmail хаяг руу бичсэн ч болно. Эсвэл надад утсыг нь өгсөн ч болно шдээ. Танилтай хүн талын чинээ гэдэг.

gump said...

за амжилт. Би анх блогчингуудтай уулзахдаа үнэртэй ус түрхэж үсээ гелдчэээл ичэж зовоол хажуугаар нь яваад байдаг байсан одоо ч нүцгэн шалдан очих нь холгүй болсоон.

Нээрээ ингэж байж байжаагаал 4 бичлэг нэг дор суналзуулчуул амар юм байна доо.

Тэр түүхий гурилаар өөрийгөө алдаг хэсэг их таалагдлаа. Туршиж үзхээс дээ

melkadies said...

gump ooriigoo alah gej baigaam uu. urshilt chini amjilttai bolbol yana.

byambaa said...

Huland bi durtai, tsaanaa l neg ihemseg sanagddag yum. sonin hevleleer muulj l bdgiin, manaihan jaahan gaigui yavaa negendee ataarhdag gem ni bish zan ni geed l toodoggui yum.

ter emnelgiin huvid ch bas l hetsuu shuu. ah duu oluulaa bol negiigee zaaval emch bolgoh ni zuitei yum shig bgaan. ariin haalgadaj bh gej...

tuuhii guril... bi ch turshilt hiihgui ee.

Pearle Deppsu said...

Тэгээл залуустай чатлаж байгааад болзоол. Тэрийгээ бас "Ажил Хэргийн Уулзалт" гээд байгаамаа бас. Анх удаа блогчинтой уулзаж байна гэнэ шүү. Манай Амараа ах блогчин биш юмуу тэгээд. Тэр хүн чинь харин "Архаг Блогчин" шүү тэгж ярьвал. Царай харж блогчин нэр өгөөд байна уу өөрөө?

Idea said...

Гамп: Туршилт хэр болов хөгшөөн, амжилттай болсон гэж найдаж байгаа шүү.
Би ч нээх гоёогүй ээ, мэргэжил нэгттэйгээ ажил ярих гэж очсон болохоор.
Мэлка: Санаа зоволтгүй ээ, Мэлка. Цаадах шиг чинь ходоодтой хүн царван жанхуу байтугай юмыг даагаад л гарна.
Бямбаа: Хулан гоё оо гоё, хүмүүсийн атаархлыг тоодоггүй нь бүр таалагддаг юм.
Хамаатнууд эмч болох ч худлаа байх оо, харин үр хүүхдээ л эмч болгохынсон. Аа тэр туршилтын хийхгүй байсан нь дээрээ.
Пеарль Дэпсү: Уучлаарай, өөрөө яасан ахархан сэтгэнэ вэ, блогоор танилцсан гэхээрээ л эсрэг хүйснийхээ хүнтэй элдэв жиг ургуулна гэж боддог юм байна.
Хүн болгон адилгүй л дээ, өчигдөр би блогчин Оогий гэж сэтгүүлч бүсгүйтэй уулзаж ажил хэрэг ярьсан юм.
Амраа ахын хувьд бол бид 2 жилийн өмнөөс бие биеэ танина. Харин Амраа ах намайг блог бичдэг гэж мэддэггүй байсан юм. Тэрийгээ тэр үдэшлэг дээр мэдэлцсэн хэрэг л дээ.

3apaa said...

Манай Мелка эмчшт хэ хэ...

uka said...

Hehe neeree hun uuriinhuu hemjeend l setgeh yum doo.

Арсун said...

Zulgen deer geree bariad
Zugeer l neg amidrah yumsan.

Chinii gmail ruu maildsan shuu.

Pearle Deppsu said...

Өөө Idea маань намайгаа буруугаар ойлгоод уурлачихсан байна шдээ. Тоглож л байхад чинь дээ.

ХЭХЭХЭХЭХЭХЭ

/огт ирээгүй байснаас хоцорсон нь дээр гэдэг шиг хохохо/

За уурлав даа. Ахар махар сэтгээгүй шүү.

Anonymous said...

ter buhnii naiz hun henii ch naiz bish gedeg chini hen be
Nar

Idea said...

Зараа: Мэлкаг анагаахын хүн гэдгийг мэднэ шд. Төгсч ирээд энэ бүхнийг өөрчлөхөд хувь нэмрээ оруулна гэж итгэж байгаа.
Ука: Нэг тиймэрхүү тал ч байдаг шүү.
Арсун: Гоё мөртөөс нь бичжээ.
Мэйл авсан.
Пейрль: Хожимдсон ч гэсэн инээдийг хүлээж авлаа.
Нархан: Тийм хүмүүс зөндөө, тэглээ гээд нэрийг нь оруулалтай нь биш дээ. хэхэ