2008/03/04

Загасны философи буюу ажилдаа дурлах нь

Үүрийн таван жингээр дулаан хөнжлөөсөө сугарч, дутуу нойроо үргээж ядан чийг даасан хүйтэн агуулахт ирнэ. Далайгаас дөнгөж шүүрдсэн сая сая загасыг энд том жижгээр нь ялган савлаад хайрцаглан тэргэнд ачиж зах дээр авчирч зарна. Захын чулуун шал тэр чигээрээ ус, барааны газраас л далайн амьтны өмхий, эхүүн үнэр хамар сэтлэх шахаж, хаалгаар нь оронгуут гэрэл гэгээ муутай, тохь тухгүй орчин угтана. Харин энэ зах дээр тэд өглөөнөөс орой хүртэл ажиллан, шинэхэн цурхай загасаа үнэр орж муудахаас нь өмнө өдөрт нь зарах ёстой.

Энэ ажлыг та хийж байна гээд төсөөлөөд үз дээ, бүр өдөр асгасалгүй шүү. Би бол доороос чийг дааж, дотроос бухимдал буцалж, хажуугаас хайрс хатгаж, харанхуй нүхэнд насыг барна гэж зүгээр л бодонгуут агуулахын хүйтэн шалан дээр ар гэдэргээрээ савж унамаар болж байна.

Тэгвэл энэ амьдын там, аль насны үйлийн үр юм бол гэж хараамаар ажлыг асар сонирхолтой, тэмүүлэлтэй болгож, баяр хөөрөөр бялхаж хийдэг хүмүүс байна цаана чинь.

Сийтл хотын захын бяцхан боомтын эрэг дээрх цурхай загасны төрөлжсөн зах руу оронгуут хар усны гутал, цагаан резинэн бээлийгээр ижилссэн залуус инээд алдацгааж, зарж байгаа загасаа агаараар “нисгэн” жонглёрдож, эсвэл өөрсдөө илбэт цурхай болчихсон элдэвлэж, инээдмийн жүжиг найруулж, элдэв түүх хүүрнэн хүмүүсийг хөгжөөдөг аж. Загас авахаар ирсэн үйлчлүүлэгч үнэгүй шоу үзэн инээж баясаад зогсохгүй өөрсдөө жүжгийн гол дүрд тоглож, хувинтай уснаас нүцгэн гараараа загас барьж авах тулаанд хүчээ сорьж, хүмүүсийн анхаарал татаж хөгжиж баясаад авна.

Ажлаа голж уурлаж уцаарлан, урвайж унжийхын оронд “Таван цурхай Франциско руу нислээ” хэмээн уухайлцгааж, загасаар агаарын теннис тоглох тэдгээр залуусын амьд үзүүлбэрийг үзсэн хүн хоосон гарна гэж үгүй. Зүгээр л толгой дээгүүр нь том жижиг засаг "нисэх"-ийг харах гэж ирдэг ч хүмүүс байх. Засагны захын үнэр танар, хүйтэн нойтонг бүр ор тас мартчихаад дахин ирэхийг тэмүүлнэ.

Энд орчноо мэдэрдэггүй эргүү хүмүүс ажилладаг уу гэвэл үгүй. Бүгд л анх бидэн шиг хийж байгаадаа үе үе дургүй нь хүрч, уурлаж бухимдан цалин хөлс, нөхцлөө голж гонгинодог байж. Хувцсанд нь нэвт шингэх загасны үнэрээс залхахдаа, үргэлж өөлж шилж голдог өөнтөгч үйлчлүүлэгчээс халшрахдаа тэд өглөөд дуртай дургүй сажлан ирж, өмнөх ажлаа арайхийн далдруулаад, ядарч сульдахын туйлд хүрсэн амьтад яаж маргааш ирнэ дээ гэхээс яс нь хавталзаж үс нь өрвийсөөр харьдаг байж. Бүх юманд сэтгэл дундуур тэдэнд өдөр хоног өнгөрч өгөхгүй байгаа мэт, өглөөний наран өөр дээр нь тусахгүй байгаа юм шиг, амьдралд нь өөр сонголт үгүй юм шиг, амралтын өдөр мөдгүй мэт аймаар санагддаг байж.

Харин Лонни гэгч залуу тэрхүү загасны захыг худалдан авснаасаа хойш нэг ч ажилчинг солиогүй хэрнээ байдлыг орвонгоор нь өөрчилж, бусад зах шиг нийтлэг, уйтгартай дүр зургийг үлдэн хөөжээ. Тэр хүмүүст ажлаа солих сонголт байдаг ч хаана ч очсон бэрхшээл учирна, тэр бэрхшээлийг даван туулахад хүн өөрөө л ямар нэг арга сэдэх хэрэгтэй, эс тэгвээс амьдрал асуудлаар дүүрэн гэдгийг ойлгуулжээ. Түүнийхээр өөрийгөө хөгжөөж, өөртөө сэтгэлийн ачаалал үүсгэхгүй, ямар ч ажлыг зугаатай болгож хийвэл муухай ажил гэж үгүй аж. Хандлагаа зөв тодорхойлж, ялагдлаа ялалт болгож, сул талаа давуу тал мэтээр ашигласан нь энэ захыг хотдоо төдийгүй муждаа алдартай болгожээ. Бусад захуудын унжгар сул дорой байдал, ууртай уцаартай үйлчилгээ тэдэнд "олз" болдог аж.

Хэрэв залуухан хатагтай хүүгээ дагуулаад ирвэл “За загасчин залуу минь ямар загас баримаар байна даа” гээд л угтана. Настай хүмүүс орж ирвэл энэ загасаар ямар шөл хийж болох, ямар өвчинд сайн, яаж хэрэглэх талаар өөрсдөө “загасны” хоолойгоор ярьж зөвлөнө. Ингэхдээ том цурхайн амыг ярианы хэмнэлдээ тааруулж ангалзуулахаа мартахгүй. Ихэмсэг эрхэм эхнэрийн хамт ирвэл хоёуланг нь загас шидэх тоглоомдоо татан оролцуулж, өөрсдийн гараар барьсан загасаа сонгож авах боломж олгоно. Тэдэнд мартагдашгүй өдрийг үлдээх гэж тэд тэнхээ мэдэн ажилладаг, тэгснээрээ өөрдөө ч сэтгэл хангалуун үлддэг.

Ингэж л хүнд, бохир ажлыг тэд хөнгөн болгож, хөөр хөгжөөнтэй хийж байгаа учир ядарч сульдахыг үл анзаарна. Хүмүүс ч боловсрол нимгэн лангууны худалдагчтай харьцаж байгаа мэт хандлага үл гаргана. Ашиг орлого ч ихсэхийн хэрээр цалин нэмэгдэж удахгүй орчноо улам сайжруулахаар тэмүүлж байна.

Гэтэл би яаж байна? Паартай байшинд үд хүртэл дугжирчихаад, паалантай жорлонд баахан дүлчихээд нэг их улс орны хувь заяаг шийдэж, төрийн эргэлт хийх гэж байгаа хүн шиг сүр бадруулаад гарч одно. Хаалга зүглэх замд таарсан болгоныг хага өшиглөж, хажуу сүвэргээр хүн өнгөрч харагдвал хальт хялалзаастай.

Тэгээд л явган явна гэж үгүй, сүрийг үзүүлж хүчийг бадруулж байж унаа машин, автобус такси хөлөглөнө. Дулаан цэвэрхэн орчинд, хоолтой ундтай ажиллаж байж үе үе уурлана, нервтэнэ. Бичиг цаасхантай зууралдаж биеэ огт зовоодоггүй мөртлөө үргэлж ядарсан зүдэрснээ гайхаж, ялархаж бухимдаастай. Нэг л их хийж байгаадаа сэтгэл дундуурхаж, хийрхэж сүржигнэсэн хүн. Цаг зав алга, цалин мөнгө бага энэ тэр гэж байнга гонгиноостой. Цурхайн зах дээр цувдай заруулж баймаар хог шүү. Ядаж л Нарантуул дээр ямааны арьс элдүүлэх буюу насаар нь нарны малгай заруулаад зогсоочмоор.

Орой орж ирэхдээ бүр аймаар ууртай ааштай, уцаартай үглээстэй. Холхон шиг л байхгүй бол хоолой хэрчиж үс халзалж мэдэхээр. Аяга хоол хийх гэж арай л буулгаад тавьчихгүй, арслангийн архиралтаар хүрхэрч араатны араншин үзүүлнэ. Ойр зуур орон гэрээ эмхлэх төдийхөнд орчлонг хорвоо орвонгоороо эргэтэл, оймс бандааш орцонд хийстэл оволзоно. Өдрийн ачаалал их байсныг, өмнөх ажил утгагүй байгааг өөчилж гоочлох муу үг олж ядна.

Хийж байгаа ажилдаа ийм сэтгэл дундуур байхаар ажлын бүтээмж, амжилт энэ тэр яриад ч хэрэггүй. Ажлаа их байна, хэцүү байна, онцгүй байна, ирээдүйгүй байна гэж голж хийхээр хүн өөрөө ч дарамтанд орж, улам л сонирхолгүй болдог юм шиг.

Ер нь хийж л чадвал муухай ажил гэж үгүй. Гэхдээ зүгээр нэг хийхдээ биш яавал толгойгоо өвтгөхгүй өөртөө амар хялбар хэрнээ сонирхолтой хөгжилтэй болгох вэ, яавал бусдад ойлгуулж үнэлүүлэн хүнд ашиг тусыг нь хүртээх вэ гэж үргэлж эрэлхийлж явууштай. Эхлээд хийж байгаадаа дуртай болчихоод дараа нь алдар гавьяа хүртэж, Алтангадас авах тухай бодмоор. Өөрөө эхэлж сэтгэл хангалуун байж өрөөлд ач тус өгч, өсч дэвжихээ мөрөөдмөөр. Эвтэйхэн донжыг нь тааруулж чадвал эргэн тойрныхондоо ч нөлөөлж болохоор.

Ердөө л энүүхнийг хүмүүсийн толгойд хийх гэж, ажилдаа дур сонирхолтой байж хийсэн шиг хийгээсэй гэж, ажил сольж болох ч асуудлаас зугатаж чадахгүйг мэдрүүлэх гэж, амьдрал гэдэг чинь цурхай загасны зах юм гэдгийг ойлгуулах гэж АНУ-ын бизнесийн ухааны доктор Степен Люнден, "Кен Бленчард" компанийн дэдэ ерөнхийлөгч Гарри Пол, шилдэг кино найруулагч Жон Кристенсон нарын бичсэн “Загас” хэмээх номыг орчуулан хэвлүүлжээ. Орчуулагч нь хэн гээч? Блогчин Оогий.

Эрхэм дүүгийн эх хэлнээ буулгаж, Энхболдын эмхэтгэн гаргасан энэ ном надад чухам л цагаа олсон бэлэг байлаа. Одоо би хийж байгаадаа дургүй хүрэх болгонд цурхай загасны төрөлжсөн захыг санах болно. Даргадаа загнуулах, ажлаа амжуулж чадахгүй үе ирвэл загасны философийг бодох болно. Далайгүй газрын хүн загасны аж ахуй мэдэхгүй байж болох, гэвч хоосон хонохгүйн тулд хонины мах хайж захаар хэсдэг л юм чинь.Ажил маань хэцүү санагдаж, амьдрал утгагүй мэт бодогдох үе ирвэл агаарт “нисч” яваа загаснуудыг санаж, үзэг үүргэвч хоёроо дээшээ шиднэ, барьж авна. кккк

Бид бүгд л ажил хийж амьдралаа залгуулдаг. Гэхдээ үүнийг өөрийгөө болон өрөөлийг тэжээхийн тулд биш өөрөө сэтгэлээрээ баясах гэж, хөгжиж хөөрөх гэж, хорвоогийн өдрүүдийг жаргалтай өнгөрөөх гэж, ховорхон заяагаа магтан дуулах гэж хийдгийг бодоорой. Хүзүү чинь хөшөөд, хуян чинь хөөрөөд, хөмсөг чинь атираад, хөл чинь урагшилж өгөхгүй бол жижигхэн боомтын эрэг дэх хүйтэн агуулахыг санаарай, жирийн хэрнээ ерийн бус нойтон захыг дурсаарай.

Өмнөх ажлаа зүгээр л өөрөөр хийх гээд оролдоорой. Өргөж дийлэхгүй юмаа өндөрт шидэх гээд үзээрэй. Үзэн яддаг хүнээ өршөөж ойлгох гээд хичээгээрэй, өнөөдөр чи ядарлаа ч өөдрөг бодолдоо сэргэнээ. Өглөө ажилдаа яарч ирээрэй, орой гэртээ яарч хариарай. Өнгөт орчлонгийн гэрэл гэгээ өмнө чинь л дэлгээстэй байна, өөр түүнийг чи хаанаас ч эрээд олохгүй ээ.

16 Сэтгэгдэл:

Anonymous said...

heeeeh. bi l ter oogiinootoi chin uulzmaar baina daaa. yaaj holwoo barihiin
zarimdaa ch ajilaasaa zugtmaar boldogiin shuuu

Арсун said...

Ter nomiig olj awahsan. Engiin murtuu gaihaltai yum, negiig bodoj hoyoriig sanaw. Umgar muu mujaanii uruunduu haruul suheeree jonglyorddog yumuu, neeren modnii uner hanhlaad saihan shuu.

3apaa said...

Онц!

gump said...

Би ч даргынхаа толгойгоор тоглох хэрэг гарахнээ. Өөр тоголчихмоор юм байхгүй хүн.

Аливаа юмыг хөгжилтэй талаас нь харвал бүх л юм хөгжилтэй байдаг гэдэг шүү. Бас урвуугаараа ч байж болно

Жаагий said...

"Амьдарч байгаа хүн та өөрөө яруу сэтгэвэл амьдрал аяндаа яруу болно" гэдэг билүү дээ нэг ийм үг байдаг нь санаанд орлоо.

Oogii said...

"........ Ойр зуур орон гэрээ эмхлэх төдийхөнд орчлонг хорвоо орвонгоороо эргэтэл, оймс бандааш орцонд хийстэл оволзоно. Өдрийн ачаалал их байсныг, өмнөх ажил утгагүй байгааг өөчилж гоочлох муу үг олж ядна......" hehe ta ch unexeer "zagas"-s iluu saixan bichjeee

ОЮУНБОДОЛ said...

huuh yostoi heregtei nom gargasan bn shde. enenii video-g n uzej bsan yum bna. uneheer taalagdaj bsan.

goyo ch taniltsuulj bichjee..

Anonymous said...

Heleh yum alga, uneheer onts, gehdee ene bol zugeer l ehlel ni

peakfinder said...

Baga angid baihad hun ajliig goldoggui, ajil huniig goldog geed l gahaichin Densmaagiin tuhai oguulel unshij baisan sanaand orchihloo.
Idea ch mon helemgii shuu. Bi ch bas ih gomdol tavidag sh dee. Odoo bolidog ch yum uu.

Муур said...

хэхэ тэгүүл одооноос эхлээд инээгээл ажлаа хийгээд байхаас..

ZAYA said...

Оогий дүүдээ баярлав. Олж авахыг бодноо.

uka said...

Nom zom bichih yumuu orchuulbal Idea-gaar reclamduulbal ovoo guih shinjtei. hehe

Idea said...

Үлмэдэх: харин хэний манаагүй заримдаа ажлаасаа гарч зугтаад газрын гаваар орчмоор санагддаг шүү. Оогийтой уулзаж болох байх оо. Блог нь http://oogiinoo.blogspot.com
Арсун: Тэр номыг эзнээс нь өөрөөс нь авсан нь дээр байх, аягүй бол би дамлаад нугалж зарна гээд дайрчиж магадгүй. Угийн ундарч байдаг улаан шуналтай туучий юм болохоор.
Хэхэ та сүх харуулаараа жонглёрдож байж сүйд болох вий дээ. Болгоомжтой байхгүй бол.
Зараа: Дүн тавьсан явдалд баярлав.
Гамп: "Үхэл нь ирсэн хулгана муурын сахлаар наадна" гэгчээр даргынхаа толгойгоор тоглох гэж байж ажил ч үгүй, амьдрал ч үгүй болов доо анд минь. Тэгснээс наад цуурхай ам, цүдгэр гүзээ хоёроороо наадвал өөрийн юм өргүй гэгчээр арай дээр байхаа даа айн. Хөөрхийг дараа нь тэгээд хөгжилтэй талаас нь харвал ч... хэхэ.
Жаагий: Гоё үг байна шүү. Зочилсонд баярлалаа.
Оогий: Орчуулагчаас нь илүү бичээд орлогыг нь хаах гэж байна уу гүй юу. Цаад чинь өөрөө юм хум орчуулах авъяасгүй болохоор магтан баллах башир арга хэрэглэж байгаа нь тэр.
Оюунбодол: Баярлалаа. Ном энэ тэр гаргавал хэлээрэй оое /оодров/
Үлмэдэх: Тиймээ энэ бол зүгээр л эхлэл. Үргэлжлэл ямар байх нь өөрдөөс маань шалтгаалах байх.
Пийки: Нээрээ уран зохиолын хичээл дээр тийм өгүүллэг уншдаг тээ. Тэрнээс хойш нөгөө ангийн Дэнсмаа гэж охиныг гахайчин Дэнсмаа гээд мөн их үйлийг нь үздэг байж билээ. Тэр хөөрхөн зохиол шүү.
Муур: Тэгээрэй найз минь, инээгээд л гүйгээд байвал аяндаа бүх юм болж бүтэх байх.
Заяа: Оогийд нь өөрт нь байгаа байхаа, та комментоор асуугаарай.
Ука: Тэгээрэй хөгшөөн, тэгээл ашгаа хуваагаал. Аая аймаар номны пиарчин болсон.

Билгээ said...

Энэ номыг уншиж үзсэн. Эхэндээ тийм ч шимтэн уншаагүй ч нэг мэдэхэд дотор нь орцон байлээ.

Hash-Erdene said...

minii medeh hamgiin sain blog...

Anonymous said...

Hey, Manai Seattle-iin maani Public market-iig bichsen bna sh dee. Hoorhon gazar bdag yum. Ter zaluus ni ch dogi. Idea ch bas dogi shuu...