2008/07/29

"The secret"

... Нууцын тухай юу мэддэгээ нууцгайхан өөртөө эргэцүүлж, нухацтай бодоод үзтэл юу ч алга, нууц гэж чухам яг юу болохыг нууц амрагаасаа нууцхан асуутал нуугаад хэлсэнгүй, нуугдмал муу санаатай хог юм даа.
Хэхэ “нууц” гэдэг үгийг долоо давтсан өгүүлбэр зохиож рекорд тогтоов. “Долоо донгиорч, нэг ойлго” гэж...


... Мөрөөдөхөд мөнгө төлдөггүйтэй адил мөрөөдлөө мөнгөгүйгээр биелүүлэх нууц бас байдаг аж. Тэрхүү нууцыг биднээс түрүүлж төрөөд, түрүүлж мэдчихсэн хүмүүс дандаа эрдэмтэн элдэвтэн, саятан суутан болсон байх юм. Халаасандаа сохор зоосгүй хэрнээ баяжиж, хаана юу хийхээ мэдэхгүй байсан хүн албан тушаалд дэвшиж, дөрвөн зүгээ алдчихсан явсан нэг нь хожмоо түүхэнд мөнхрөх нээлт хийж, үхлийн өвчнөөр өөд болж байснаа цоо эрүүлжиж... Чухам л бүхнийг чадагч бирдтэй ваар олоод авчихсан юм шиг аз, ёндоог алгандаа атгасан байх юм.

Материаллагаар ямар нэг зүйлийг бий болгохоос гадна сэтгэл нь сэгсийж сүг шиг гутарсан зарим нь сэтгэхүйн цар хүрээний гайхамшгаас хүртээд, хөл дээрээ хөдлөшгүй бат зогссон санамсартай, санамсаргүй олон тохиол байна.

Учир шалтгаан нь ерөөсөө л нэгэн нууцын нууцыг мэдэх. Тэр нь юу гэвэл ердөө төсөөлөл. Тэнэг хүн маллаж байгаа юм шиг юугаа яриад байгаа юм гэж үү. Харин тэгж бодоод л тоохгүй, тоомсорлохгүй явснаараа бид нууцын хажуугаар нуухан нүдлээд өнгөрдөг аж.

Үлгэрт гардаг шидтэн гурван л хүсэл биелүүлж өгдөг бол өнөө цагийн энэ нууцад хязгаар үгүй. Гагцхүү оюун санаагаа удирдаж, төсөөлж, нүдэндээ харж, түүндээ итгэж, басхүү талархаж, уучилж явснаараа бид тэрхүү нууцын захад хүрнэ. Үүнд Библи ч юм уу, Буддагийн сургууль, бүр Корон судар ямар ч хамаагүй. Зүгээр л энгийн юмны цаадах эгэл зүйлийг л туршаад үзэхэд илүүдэхгүй. “Хамгийн сайхан ваарыг хамгийн энгийн шавраар хийдэг” гэдэгчлэн хамгийн энгийн ойлгоцоор баялаг бүтээж, гайхамшиг цацруулж, амьдралаа аварч болно. Туршаад судлаад ач тусыг нь хүртчихсэн түм буман хүн байх юм. Түүнийг түгээх нь илүү буянтай үйлс мөн байх.

Хүн төрөлхтөн далд ухамсар, уураг тархиныхаа тайлагдаагүй чадамжийг судалснаар ангайлгамаар асар олон нээлт байгаа тухай кино зохиол бишгүй бий. Гэхдээ энд өгүүлэх нууц хэтэрхий энгийн, бүр инээд хүрмээр амархан атлаа үр дүн нь өгүүлэхийн аргагүй агуу байгаадаа нууц нь оршиж байна.

Магад та нар энэ киног хэдийнэ үзсэн байж болох. Хэзээ хойно ганц юм олчихоод би гэдэг хүн учиргүй хөөрөн хөгжиж, хөл хөөрцөг болж байж болно. Гэвч шинэ мэдээ гэдэг тархины гүнд мартагдсан хуучин мэдлэгийг хэлдэг гэдэгчлэн, басхүү сэтгэл дэхээ сэгсэрч түүнээс дуслах дусал ус хэн нэгэнд хэрэг болж магад хэмээн горьдлого тээж үүнийг орууллаа.

Нууцыг тайлахын тулд нэг хэсэг нь үхэж, нөгөө хэсэг нь хайж бэдэрсэн байхад харин бид зүгээр л сууж байгаад хүртэж байгаагаараа азтай. Гагцхүү тэрийгээ өөртөө хэр хэрэглэх, амьдралдаа ашиглаж чадахаас л бүх зүйл шалтгаална. Нууцыг хэрэглэхгүй ч ойлгосондоо, ядмаг ч гэсэн итгэл үнэмшил төрсөндөө баяртай байна. Ердөө хөл доор минь байсан тэр нууц гэгчийг хэрэглэж эхлэх анхны алхам нь талархал, басхүү өршөөл эрэх гэж гэж би бодож байна.

Надад энэ бүгдийг ойлгоход тусалж энэ киног явуулсан сайхан сэтгэлт нэгэн ахад саваагүй дүү нь гялайлаа. Бас сахилгагүй, тэнэгээсээ болж санаандгүй гомдоосон хэдэн хүнээс өршөөл хүсье. Би та нарын бодоод байгаа шиг хүн биш шүү. Зүгээр л бүх зүйл миний санаснаар нэг л болж өгөхгүй байгаад сэтгэл дундуурхаж, хэн нэгний хатгалгаар “гэмгүй” тоглосон хэрэг. Хариуд нь ирэх үйлдлийг дотроо тааварлаж, үгсэж шоолж баясах гэж байгаад өөрийн мэдэлгүй өөрийгөө буруугаар ойлгуулчихлаа. Уучлал хэзээ ч оройтохгүй болохоор хариу нь ямар байх хамаагүй ээ. Арга ядсан, амиа хоохойлсон үйлдэл ч байж мэдэх юм. Зүгээр л үл тоосон ч болно. Хэрэв үгэнд маань үнэмшиж, хэлтрүүлж байгаа бол доор анономиус нэрээр “тэнэг” гэсэн сэтгэгдэл үлдээчихээрэй. Тэрийг уучлал гэж ойлгоё…

Киног блогт оруулах гэж наян жилийн найр, түмэн жилийн түчигнээн боллоо. Хэзээнээсээ хэв загвар, мэдээллийн технологийн чиглэлийн юманд мэдлэг маруухныг хэлэх үү. 4 хувааж тусалсан Чука ахдаа баярлалаа. Бас сэтгэл гаргасан Froxy болон Mr.S нарт мөн гялайв.