2008/12/24

Бөхийн өргөөнд өнгөрүүлсэн бүтэлгүй үдэш

(Уншигчдын хүсэлтээр /аая/ өнгөрсөн хаврын "Худалч хүү-2008" тэмцээнд сойсон бичлэгээ оруулав. Умшаагүй нэгэнд нь шинэ жилийн сюрприз болог. Дашрамд өгүүлэхэд түрүү байрын шагналаа одоо хүртэл аваагүй яваа. Зохион байгуулагчид үүнийг хараад нэгийг бодож, хоёрыг сэтгэж буй бизээ. Шинэ онд өртэй орох муухай шүү!!!)

Нээрээ өчигдөр бөх үзлээ. Бөхийн өргөөнд оролгүй бүтэн 30 жил болчиж. Таакчик, тайлбар эд нар бол тасархай болцон байна лээшд. Маний үед мангар Ганбаа мэт нь тайлбарлаж байна гээд талаар нэг тараагаад хаячдаг байлаа үзэгчдийг, “хүүе тэр хүрэн шуудагт уналаа, туслаа, зугтлаа, бариад аваарай хөөе гэм” гээд л хүнгэнэсэн хоолойгоор танхим дүүрэн орилонгуут хүмүүс тэр зүг руу нь ханараад л , тэмцээн ч биш барилдаан ч биш бантан хутгасан юм болдог байлаа шд.

Гэтэл сүүлийн үеийнх нь сүрхий болчихжээ. Бөх тайлбарлагч бүдүүн эр урт дээл хөдөрч, угалзан гутал жийчихсэн улаа бутарсан амьтан урд талын эгнээний хээтэй ширээний ард суучихсан, урдаа 0,75-ын хар Чингис тавьчихсан, үе үе тэрнээсээ үйсэн тагшаар нэг балгачихаад л, аргил хоолойгоор авч өгч байна даа.

... За Далай даян дархан аварга, олноо дуурсгагч онцгой хүчтэй, бүхнээс босоо, түмнээс төгөлдөр Бадмаанямбуу аавтай Бат-Эрдэнэ манлай аварга баруун жигүүрээс багадсан бандааштай гарч ирээд талбайн голд өрсөлдөгчөө хүлээгээд хүндрээд суухийм даа. Арал бяр нь тэгширч, ааг омогоо багтааж ядаад аргагүй л аварга хүн шиг зангарагтай юм гаргаж харагдахийн. Савсаж байгаа уурнаас нь сарнай дэлгэрмээр сайхан үнэр ханхийж, хавь ойрын охид хүүхнүүд хамраа чимхээд л, харин эрчүүд нь уужим амьсгал угзарч ирээд л уушиглаж байхын. Урд зүгийн улаан тамхинаас дутахгүй айдаа мөн нүнжигтэй эд байх шиг байна даа.

За зүүн жигүүрээс галтай арслан гахай Мөнх-Эрдэнэ дэвэн дэвсээр гарч ирэнгүүтээ дээрээс нь дараад ойчлоо. Хутгалаа, дугтарлаа, зайллаа. Аварга ард нь гарчлаа, гараа явууллаа, бариад авлаа. Ээ дээ мөн гомо юм хийж байхийм даа, ингэхээр чинь тавилцахгүй яахав дээ. Сэнжигний барьцнаас сэмээрхэн суйлсан бол ингэж хурдан тавилцаа ч уу, гүй ч үү. За дахиад барилцаад авлаа, сэрвээний тэндээс сэгсрээд л сээрэн дунгуй хийлээ, арслан ч аргагүй хүчтэй байна даа, аварга ар гэдэргээрээ тас саваад уналаа.

За залуу аваргууд өнөө жил өнгөлөг байнаа, Сумъяабазар аварга суйлах мэх хийнгээ суганыхаа үсийг зулгааж харагдахын, өөдөөс нь Өсөхөө аварга өмднийхөө цахилгаанаар оролдоод л, өөд нь доош нь болгохуйяа цаанаас нь цул хар юм хальт цухуйж харагдахийм даа. Ийм том хүн тийм бариу өмд өмсөх ч олиггүй лүд байна шүү. Зодог шуудгаа уржигдар орой зодоон хийж яваад гээчихсэн гэсэн, тэрнийг нь олсон хүн байвал авчираад өгчихөөрэй, тэртэй тэргүй таарах хүн байхгүй.

За цаахан талд нь жижиг Сүхбат жинсэн шоорттой дэвээд л, шаваад л, дээр дээр дэвхрээд л яваа харагдахийн. Хамгийн сонин нь хадам ахыгаа амлан авч тамлан хаяхаар асарын голд араа шүдээ хавираад л, алаг нүдээ эргэлдүүлээд л аймаар харагдаж байх чинь вэ. Дам сураг дуулахнээ Дархан аварга хадамтайгаа даалуу тоглож байгаад мууцалдаж, муу сайнаараа дуудалцаж Оддын хотхоноор нэг орилоон чарлаан болсон гэнэ билээ.

Дэжимбээ нь дээрээс нь дараад, бандгар Баясаа нь багалзуурдаж байж нэг юм буулгаж авсан гэсэн. Хавь ойрынхон нь гэр бүлийн барилдаан үзэж байна хоорондоо бооцоо тавиад, таавар зохиогоод бөөн юм болсон сурагтай. Тэр уураа л энд гаргаад явна даа янз нь, далай аварга маань.

Хадам ахыгаа хав дөрвөлжин барьцнаас хутгалаа, хавирлаа, ханатай хавсраад хаячихийм даа. Гантогтох гарьд годройтоод л унах зуураа гараа зангидаж харагдахын. Нэгэн үеийн хүчтэй эрс байж нийтийн нүдэн дээр салаавч өгч авалцах нь ч онцгүй харагдаж байна шүү Хайнцсан гээд хэрүүл хийхнүү дээ энэ чинь. Эдний хэрүүл Бөхийн өргөөний давчуу дэвжээнээс халиад бүх ард түмний спартикиад болтлоо өргөжих шинжтэй байх чинь.... гээд л араажав шиг цуурч гардагийн байна. Энэ мэтээр тайлбарласан болгоныг нь бичвэл маний гар цуцаж, магнайн хөлс дуслах шинжтэй.

Үзүүр түрүүнд үлдсэн аварга арслан хоёр уран мэхийг уралдуулан хийж, хорон үгийг арцалдуулан хэлж, унаа аваагаа санан санан өширхөж, урд хождын булхайгаа дуудалцаж, цаг сунгаж барьц сонгож байж нэг юм хаяцлаа. Түмнийг түгшээж бумныг бусниулсан дуутай хууртай, дуулиантай маапаантай үзүүштэй сайхан энэ барилдаанд далай аварга Сүхбат түрүүлж, дампуу арслан Мөнх-Эрдэнэ үзүүрлэлээ.

Найраагүй бөхийг ямар бөх гэхэв, нанчилдаангүй найрыг ямар хурим гэхэв гэгчээр би гэж хүн суудалдаа балийшиглаж байгаад хажуу талд суусан халзан толгойтой хар нөхрийн хамар дундуур нь хусаад авсан. Гүй тэр уурлаж байгааг нь, намайг чинь элдэж хөөгөөд л, нармайг чинь нээнэ гэж орилоод л бөхийн өргөөнд бүх ард түмний шившиг болголоо шд. Сүүлдээ яахав, тайвшираад эр улсууд шиг сайхан танилцаж тамхилсан шигээ хэсэг суулаа. Өөрийгөө Хэрээд овгийн Хэлэмгий дайчин гээд л танилцуулж байна. Арай ч нэр нь биш байлгүй гэсэн юм бодоод л, би ч юугаа дутахав Блогспотын болдоггүй бор байнаа л гээд аваад хаялаа. Мань эр тэгсэн өөрийгөө “Өрнүүн дэлгэрэх” хоршооны босс гэж байна. Шар хөдөлж байна гэж жигтэйхэн, “Өргөн чөлөө” блогын эзэн байнаа л гэлээ.

Өнөөх чинь намайг үл хөдлөх хөрөнгөтэй гээд ойлгочихсон, худалдаа наймаа яриад л хүд хүд хөхрөөд л, үнэ тохирвол өчүүхэн муу блогыг минь мөнгө хаяж авахнээ ер нь. Дүрмийн сан, хөрөнгийн эргэлт асуухаар нь дүлэгнээд сууж байсан чинь ашгүй хүү нь бололтой хөөрхөн түнжгэр банди гүйгээд ирлээ. Тэгснээ “ааваа би нэрээ солиулмаар байна, хүүхдүүд шоолоод байна” гэлээ. Мань эр “Яасан миний хүү, манай овгийнхон чинь ойр хавьдаа гайхагдсан омголон догшин сайхан нэртэй улс шдээ. Бүргэдийн жигүүр, Шонхорын савар, Харцагын даль гээд л. Тийм биз дээ Гахайн боов оо” гэдгийм даа.

За энэ ч яахав, үг олдож үхэр холдох нь, өнөө муу Баяр хүү намайг хүлээгээд л, саарал ордондоо шанаагаа тулаад сууж байгаа. Хойно хамт сурч байсных ганц шил водка хувааж уучихаад нарны голтойд нутгаа зорих минь. Уул нь уржигдар харих байсын, интэрнээт гээч юманд нь ороод суучихсан чинь гарч чадахаа байгаад гурав хоног түгжигдэж мунгинасаар явтал удчихлаа гэм. Хүмүүс интэрнээтэд суулаа л гээд байдаг, ингэж түгжигддэг гэж хэн мэдлээ. Дараа ирэхдээ тэр саун гээчид нь сайхан суух юм шүү, өнгө зүс ордог гэхийг бодоход овоо өргөн баавартай, өндөр түшлэгтэй эд бололтой. Ямар ч гэсэн самгандаа сайрхаж, саахалтынхандаа гайхуулах юмтай л боллоо. Сар шинээр эргээд уулзалцгаая, баяртай хүүхээ.

14 Сэтгэгдэл:

Anonymous said...

eh helnii mini yaruu tansagiig medruuleh um daa chinii bichleguud

Anonymous said...

Их хурууны 5 гарын блог дээрээс уншсаан. татаж унах шахсан хэхэ

чинийх байна гэдгийг шууд бичлэгийн хэв маягаас нь таасан шд

Anonymous said...

өө

Pearle Deppsu нь байлаа дээрх

A.Амарсайхан said...

Ха ха ха

Өнөржаргал said...

Хэхэхэ тасархай бичжээ..Яаж ингэж бичдэг байнаа? Хаанаас нь ундардаг үг хэл вэ..Энийг л жинхэнэ авъяас гэдэг байх даа хэхэ..Тэр түрүү байрын шагналыг хурдан өгмөөр юмаа

Javkhlan said...

oo ter shagnal magnaliig ni og l doo. hedii heriin yum baisiin bi ogchii.

Munkhbayar said...

xa xa galzuu bichleg bna

Anonymous said...

Surhii mergen tsetsen ugtei zolig yumaa chi Orgon gudamaa

Мика /美香/ said...

Анх уншаад үхтрээ инээсийшдэ.
Яаана тэр шагнал, ард урдаас сураггүй юу?

Idea said...

Монголжин: Хэтрүүлсэн магтаалд хэтэрхий их баярлаж байнаа. Зочилсонд бас талархав.
Сувдансондор: Нэргүй бичлэгээс эзэн холбогдогчийг олдог мундаг хүүхэд шүү.
Амраа ах: Хо хо хо /түрлэг нэмэв/
Өнөржаргал: Хэлээд яахуу, гэтэл шагнал одоо хүртэл байдаггүй кккк. Зохион байгуулагчид ичээч ээ.
Жавхлан: Мээдкү, нэг хагардаг юмны сураг гараад л таг болсон. Жилийн дөрвөн улирал мээм хавдаастай. Хүмүүс намайг силикон шахуулциймуу гээл асуугаад байгаа. Горьдсон хүний зовлон горьгүй ихээ гэж. /санаа алдав/
Мөнхбаяр: харин тий. галзуу бичлэгийг согтуу бичсийн ккк.
Z: Өргөн гудам нь өөлхөн золиг шд ккк.
Мика: Алдарт шагнал ардаас ч, урдаас ч таг. Амласан хүмүүс нь амьд уу үхсэн үү бүү мэд.

Tsoomii said...

saihan bichleg unshaad, saihan bailaa, he he

Anonymous said...

Яасан мундаг бичдийм дээ нээрээ.

Anonymous said...

Eleg avah shahlaa

Энзо ба Эрх чөлөө said...

boje moi laitai laitai