2009/01/27

Таван өнцөгт зорилт

Таван жилийн гавшгайч гэдэг шиг таван өнцөгт зорилт дэвшүүлж аягүй старчээг мааркчингтэй амьдарнаа. Алийн болгон асаалттай трактор шиг паржигнаж, арван зүгтээ санжигнаж явахав. Шинэчилсэн өөрчилсөн юмгүй хийсч явтал шинэ оны эхний сар улирах дөхчихөж.

Ер нь бол төлөвлөгөө зохиож амлалт авах талдаа түргэн шуурхай мөртлөө үр дүнг нь тооцож, үнэлж цэгнэх болохоороо нойрондоо дийлдэж нозоорон, нойл зааж ногоордог хүн дээ. Гэхдээ блог загвар эд нараа сольчихсон чинь бяр амтагдаад, элдэв төрлийн төлөвлөгөө хэрэгжүүлчихэж магадгүй ч юм шиг болоод байна. Тусалсан сайн санаат Санаахай дүүдээ аягүй баярласан. /Өөрөө л намайг аниа гээд байхчүлэ, үнэн худлыг тодруулж амжаагүй яваа/. Бас загвар дизайн оролдох үедээ нэг хүнийг жигтэйхэн дурслаа, шаал дэмий сахилгүйтлээс болж тангараг тасарчих юм гэж хэн мэдлээ.

За за, залхуу хүрээгүй дээрээ зорилтуудаа зоогоод зоогоод явчий.

Эмх цэгц
Шөнө хагасалж унтчихаад сэрүүлгийн дуунаар цочиж сэрэх, сэрэнгүүтээ цаг хараад хараал хэлэх, хэлэнгүүтээ босон харайж юманд тээглэж унах, унангуутаа уурлаж урдах хойдохоо өшиглөх, өшиглөнгүүтээ шагайгаа шалбалж өвдөхийн эрхэнд ярвайх, ярвайнгуутаа… гэх мэтээр явж өгдөг ялихгүй, шалихгүй, хэрэггүй, хэлэхэд ичмээр зуршилтайгаа эхэлж тэмцэнээ.

Эм уухад хүртэл эмх цэгцгүй нь харагдана. Жарын тал руу дөхөж яваа хүн байж цаг баримталж, жор мөрдөж үзээгүй. Тэр ч байтугай минутыг нь зөрүүлж уух ёстой капсултай, капсулгүй эмнүүдийг бүгдийг нь нийлүүлж нэг дор залгиад “Өвчин өвчнөө өөрсдөө олоод авчаарай” ухааны юм “захина”.

За тэгээд амжуулчдаг ч юм шиг уртаас урт ажлын жагсаалт гаргачихаад түүндээ ядраад түр амсхийхээр хэвтэнгүүтээ тэр чигтээ унтчихна. Үргэлж өмнөх ажлаа хойшлуулж, овооруулж бөөгнүүлж байгаад цаг нь тулангуут ухаан мэдрэлгүй дайрна. Хэлэн дээрээ юм тавихгүй удах, хэдэн шөнө нойргүй суух энүүхэнд. Аяыг нь даалгүй араас нь алийгаа алдаж арчаагүй царайлна.

Өдөржин өл хоосон явчихаад үдэш нь үхэх гэж байгаа юм шиг чихээд ходоод гэдсээ хямраана. Халаасандаа мөнгө төгрөг, хоолны талон мартаад хэдэн өдрийн дараа гэнэт олж хагартал “баяжина”. Хөөцөлдөх ажил ихтэй өдөр утасны цэнэг нь үргэлж унтарна. Хүн амьтантай уулзахдаа ёс юм шиг хоцорно. Ширээн дээр нь хөглөрөх цаас новшноос өөрөө цухайхгүй, хэрэг болсноо олох гэж хэдэн цагаар ухаж төнхөнө гээд яриад байвал яваад байх юм байна, нэрээ бодохоос.

Англи хэл
Өдөр тутмын яриа дүрэм гэхээсээ илүү уран зохиол, утга уянгын чиглэлийн юм уншиж үгийн сангаа арвижуулахгүй бол горьгүй нь ээ. Эртээд нээх гайтай. Нэг швед баагийтэй Жаргалант хүртэл хамт явах унаанд суудал таарчихсан. Дуугүй яваад байж болохгүй ойр зуурын юм чалчмар аядаж суутал, гай нь таараад яриа яруу найраг, шүлэг зохиол руу хальчихлаа. Өнөөх чинь өрнийн уран зохиолоос гайхуулаад л, тайлбарлаад л, ишлээд л, загатнасан газраа маажуулсан юм шиг дуу нь чангараад. Дуугүй сонсож явсан надаас Монголын яруу найрагт хүний хайр сэтгэлийг нүдний харцаар дамжуулж яаж тусгадаг вэ ч гэх шиг нээх сонин юм асуув. Сандарсан хүний санаанд олигтой юм орж ирдэггүй юм байна лээ. Арлааны Эрдэнэ-Очирын хоёр мөрийг орчуулаад хэлчих санаатай ёстой үйлээ үзсэн.

“Дэндүү хар нүднээс ямар нулимс гардаг юм бэ
Дэргэдээ чамайг суулгаад уйлуулж нэг үзэхсэн”
гэж уул нь утга төгс, гоё шүлэг шүү дээ. Сайхан хар нүдтэй бүсгүйд дурлаад, санаашрахдаа нулимсыг нь хүртэл мөрөөдсөн мөртүүд. Тэгсэн өнөөх чинь ойлгодоггүй ээ.
Хамаг чадлаараа тайлбарлаад хэлэхээр өөдөөс “Ямар садист залуу вэ, хүнийг хажуудаа авчираад уйлуулах гээд зүтгэх чинь ямар хайр байдгын” гээд л. Дараа нь залуу насны тухай ярилцлаа. Тэднийд бол залуу насыг зангуугаа шидээд мартсан хөлөг онгоцтой зүйрлэх мэтээр гоё сэтгэмж байдаг л юм байх. Би яахав санаанд орсноор нь Чойномын “Залуу нас” шүлгээс ишлэх санаатай бас л элгийг нь авсан.

“Зураг шиг охидыг тэрэг шиг дайрч
Зуурдхан мандсан залуу нас минь ”
гэдгийг дохиж зангаж, үсэрч дэвхцэхийн наахнуур орчуулсан чинь өнөөхийн нүд орой дээрээ гарангуутаа. “Яанаа, зохиогч нь залуудаа бульдозарийн жолооч байсан юм уу“ гэж авсан. Чойном агаа амьд байсан бол алахгүй юу намайг. Дараа нь хэл мэдэхгүй юм байж “Би шүлэг сонирхдоггүй ээ” гээд хэлчихгүй үхсэндээ олон юм солиорвоо гээд өөрийгөө нэг хэсэгтээ зүхсэнийг эс тооцов.

Өөдрөг
Учиргүй уруу дорой амьтан биш боловч өчүүхэн юманд урвайж, өөд харахгүй унжийдагийг яалтай. Хийрхүү нэгний хэлтгий үгэнд хэнхдэгээ урагдтал гомдоно. Бодож төлөвлөж байсанд нь жижигхээн саад учирбал босч ирэхгүй болтлоо сэтгэлээр унана. Хорвоо дэлхий орвонгоороо эргэх гэж байгаа юм шиг, хоёр нүд нь харалган болчихсон юм шиг, за ер нь өнөөдөр үхэх гэж байгаа юм шиг өчүүхэн дорой аашилдагаа бодохоор л үймрээд, уймраад ирэх юм.

Гэтэл нэг эгч байнаа, Сумъяа гээд. Төрийн ордны дөрвөн давхрын ресторанд хоол поорцолдог тогооч л доо. Ажлын шаардлагаар ч гэх үү, албан шахалтаар ч юм уу би ордон руу өдөр бүр ордгийн, хааяа цалин буусан үед цайны газар нь орж тансагланаа. Хэзээд ч орсон тэр эгч үргэлж инээж, хачир таваглахдаа хүртэл бөөн баяр баясгалан угтдаг. Хөнгөн шингэн ч гэж жигтэйхэн, “За чи чинь нухсан төмсөнд нугасгүй хүүхэд билүү” гээд л, ажлаасаа ямар их баяр баясгалан авдагт нь атаархмаар. Би л бол нэг өдөр инээгээд, нөгөө өдөр нь хамаг юм хагачиж дуусах байсан биз.

Байгаагаараа баярхаж, байхгүйдээ дундуурхдаг биш тэмүүлдэг болох талаар нэг бус удаа бичлэг хийж, өөрийгөө урамшуулж зоригжуулахыг оролдож байсан ч нөгөө л зүрх алддаг минь хэвээрээ. Яамаар ч юм байгаа юм, нэг л их зорилтсог, тэрэндээ хүрч байгаа ч юмгүй, хүрэх гэж хичээж байгаа ч юмгүй. Биеэ дайчлахгүй байж өөрөөсөө олон юм нэхэж, тэрэндээ ороогдож ядардаг тэнэг зангаас минь салгаад өгчихдөг буянтанд сар шинээр алтан ембүүтэй золгох юмсан. Даанч тэр ембүү нь алга өө.

Хөдөлгөөн
Биеийн бөгөөд бичгийн, оюуны болоод орны гимнастик… за за сүүлийнх нь биш шүү. Ер нь хөдөлгөөн их дутагдаж байгаа. Чухам яаж нөхөх ёстой юм бүү мэд. Юутай ч мэдээ орсон цагаасаа өглөө босч дасгал хийх талаар мөрөөдөөд, өөрийгөө дийлж хүчрэхгүй байгаа.
Нэг хэсэг овоо фитнесс энэ тэр гэж гүйсэн, буцаад хаячихаар өмнөхөөсөө дорддог юм байна лээ. Одоо ажлын цаг сунаснаар далимдуулаад бүр хуруугаа ч хөдөлгөх дургүй болсон, шанд нь гэдэс, харвин ажлын цагтай барьцаад урамтай сайхан сунаж байгаа. Энэ сунана гэдэг үг нуруунаас бусад юманд тун тохиромжгүй эд байна шүү.

Ядаж л долоо хоногтоо нэг, за болъё хоёр долоо хоногт, бүр болъё сардаа нэг зааланд тоглоод хөлсөө гаргачъя гэхээр сагсны бөмбөгөнд онуулж, волейболын тор давуулдаггүйгээсээ болоод баахан хойш суумтгай. Солгой хүн теннис сайн тоглодог гэж шал худлаа, согтуу хүнд хүртэл хожигдоод байгаа юм чинь. Ганц гайгүй нь конькигоор гулгах байсан чинь одоо тэшүүрийн ирэн дээр тогтохоо байж, тэнцвэрээ алдаад савдаг болж, унаж босоод уйлдаг болж, усласан талбай ч олдохоо байж. Дэлгэсэн тэрлэг гэдэг шиг нэг л их газраар өнхөрсөн хүн, тэрнээсээ зовоод зүглэхээ байж байна.

Товчхондоо яадаг ч байсан ямар нэг гарц олж, хөдөлгөөнөө нэмж хөлсөө гаргадаг болох хэрэгтэй байна. Бүтэх болов уу даа энэ ч.

Цагийн менежмент
Юу нь ч сүрхий албархаг зорилтов. Менежмент гэж юу ч гэсэн үг юм. Цагийг менежерлээд юуг өөрчлөх гэж байгаа юм бүү мэд. Гэхдээ цаг зөв ашиглаж сурна гэдэг ёстой эмзэг сэдэв гэжуга.

Болох болохгүй уулзалт, блог, интернэт мэтэд насаараа дарлуулж яваан зайлуул. Өмнөх ажлаа хэрхэн амжилттай сайхан хойшлуулж, өөрөө ч өндийхөөргүй өндөр овоо босгодог талаар дээр дурдсан. Дэмийг нь мэдсээр байж үр дүнгүй юманд сатаарах болохоор дур нь духан дээр нь думбайна. Покер эргүүлж, прокат хэсч, подьезд нүхэлж… за байз өөр п-ээр эхэлдэг юм юу байна. Нэгэнт гадаадаар муулсных, гүйцээчих юмсан.

Өөрт нь хэрэгтэй, өгөөжтэй зүйлд бол өчүүхэн төдий зориглож чадахгүй үргэлж хойшоо ухрана. Анхаарал тавих ёстой хүмүүсдээ гөлмөн төмөр шиг гөлгөр хүйтэн нүүр гаргадаг мөртлөө аахар шаахар юманд амиа өгөхийн наахнуур хөлөө хугалах шахдагийг нь одоо яаж ч тайлбарламаар юм бэ дээ. Эмэгтэйшүү ухаантай юм байж гоо сайхандаа олигтой цаг гаргачихдаггүй, соёлтой хүмүүсийг ядаж хэлбэр талаас нь дууриагаад дуурь балет, зургийн үзэсгэлэн үзчихгүй. Унших ойлгох ёстой юм зөндөө л байдаг байх энүүнд, ухаарч мэдэж байгаа ч юм алга. Хүний төлөө амьдарч байгаа юм шиг нэг л тунимхай хүн, үг сөрвөл үхэж хатахаараа гайхуулна. Цагаа тулбал чадахгүй яаж новшрох бол доо.

Нэг л их мөрөөдөлдөө хүрдэг баатар энийг ч байгуулаад, тэрийг ч хийчихмээр, амьдрал дээр ажил хэрэг болгохоо байг гэхэд алхам урагшлуулж байгаа юм даанч алга даа. Хоногийн хорин дөрвөн цагийг унтаж, уурлаж, уймарч, ууж идэж өнгөрүүлдэг тухайгаа яриад яахав яршиг зүгээр, тэгээд завгүйгээ гайхдагийг онцлох бүр илүүц биз.

Гоё доо, ингээд энэ хүүхний бүх дутагдал дэлхийгээр нэг цацагдаж байгаам. Ичихгүй дараа жил хэв хэвээрээ, энийгээ копидож тавиад биелүүлчих юмсан гээд шанаагаа тулж санаа алдсан суух вий.

24 Сэтгэгдэл:

Anonymous said...

намайг бодуул бараг муу талгүй л хүн байна

Оогий said...

хэхэхэ.

Чепак said...

Manii yag emegteileg huvilbar baian sh dee Idea aa

Өнөржаргал said...

Хэхэ Өөдрөг-өөс бусад нь ч яаг л би вайна даа кк

Anonymous said...

Орны гимнаасчикан дээр хамтран ажиллавал ажил яахуу...

Unknown said...

Өөрийнхөө толгой дээрхи өвсийг харж мэдэж байна гэдэг өөрийгөө ялахын эхлэл шүү. Амжилт хүсье Адъяа минь.

ЗОРИГТ8 said...

Хамгийн чухал нь чиний хувьд эмх цэгц, цагийг удирдах гэсэн хоёр зорилт юм байна. Би өөрөө нийгмийн инженер хүн болохоор энэ 2-т л хамгийн их санаа зовдог, тэгээд хэрэгжүүлэхийг хичээдгийн. Эцэст нь хэлэхэд: "Өргөн чөлөө миний хувьд бээст блог шүү"

A.Амарсайхан said...

Хамгийн чухал нэг өнцгөө мартчихжээ. Тэр бол .....

Idea said...

Гамп: Эрхбиш чамаасаа илүү гэдгээ мэднээ.

Оогий: хохохо

Чепак: Чи бид хоёрыг арай нэг хүн хийсийм биш бээз.

Өнөржаргал: Хамгийн том дутагдал чамд байдаггүй юм байна.

Галавсай: Санал тавих ажлын байраа мөн олов оо чи. Ганцаарчилсан гимнаасчик хийхгүй юу.

Бат: Өвс биш бухал байгаа гээч. Даанч би хялгас л олж хараад байгаа. Юутай ч баярлалаа.

Зоригт: Нийгмийн инженэрээс нээх сайхан магтаал сонсоод магнайн хөлс чийхрав. Дээрх зорилтуудын тухайд бүгд чухал мөртлөө биелэшгүй эд байгаа юм өө.

Амарсайхан: Хамгийн чухал нь тан шиг болох. гэчүүл бүр хүршгүй юм болчих байх даа.

Чепак said...

Агуу Адъяа ийн хамаатан болчих гэж хэхэхэ
Амтай Айдаа гийн садан болчих гэж хэхэхэ

Amgaa said...

Амжилт хүсье

Anonymous said...

Хөөрхөн хүүр шүү... гээл Булганыхан хүүхдээ энхрийлж дууддым байна лээ. Энэ лав муу үг биш байх, чамдаа хэлчүүл зохис тохироо хоёр лав байж л байгаа даа.

zugeer_zaluu said...

Ýðòõýí äýýð íü çàðèì íýã àëäààãàà çàñàõã¿é áîë 50 äàâñàí õîéíîî òàíü øèã áàñ èíãýýä ë áè÷ýýä ñóóæ áàéæ ÷ ìàãàäã¿é.

Sansar Choinyambuu said...

Ornii gymnastik ... suulchiih n bish shuu geheer. Teriig bol hangalttai hiideg uchraas dutagdahgui bn gej oilgogdov =]

Anonymous said...

hee yamar nadtai adilhan yum be de
Ihriin orooson min end ingeel blog ed nar gesen shig bdag yum bihs bizde
Bi gedeg hun bas l nayan ontsogtei jigteihen surhii tolovlogoo gargaad l bdag bielelee olj giij gegeerch baigaa ni l alga da
Sanaj yavbal butne gedeg dee boloh bgaa

Anonymous said...

эмх цэгцээс эхэлчихвэл дажгүй дээ..
эрэмбэлж цэгцэлсэн бичиг цаасны цаанаас инээгээд суугаа хөөрхөн Идеа болгож өгнө.
гэрийн үйлчлэгч болон нарийн бичиг, гоо сайхан массаж , 16 тоот гимнастикийн багшинцар , за доо юу ч байсан хамаагүй эмхэлдэг ажилд намайг авна уу!
өөрийнх сарын цалингаар цалинжина хэхэ...

Болорхон said...

Гоё шүү... цангаа тайлах шиг боллоо гэдэг шиг сэтгэл санаа, тархи толгойг гоё эрүүлжүүлдэгийн Айдаа. Гэснээс тэр "старчээг мааркчинг"-гүй байвал яасийн хө. Чамайг нэг тийш нь алдчих вий гсэн хямралд оржийн.

Аа нээрээ, тэр богоонд таарсан швед өөрөө мангайтал яруу найраг ойлгодоггүй, хэл мэддэггүй гар байсан байх хи хи хи

БОРОО said...

Дээр би аз жаргалын 10 нууц гэж нэг ном уншиж байсын. Тэр номон дээр жирийн амьдралд байдаг гайхамшигтай бүхнийг хүн өөрийн зорилго, дадал зуршил, хүсэл мөрөөдөлдөө ашиглаж чадвал ямар үр дүнд хүрэх талаар байж билээ. Би дагахыг оролддог л юм. Даанч юунд ч юм өөрийнхөө төрлөх араншинд дийлдчээд байдгийн.

Anonymous said...

Bid ikh adilkhan yumaa, bi bur unshaad baakhan ineelee, bayarlalaa, yamartai ch oird ingej saikhan ineegeegui yum b.na, bichleg chin engiin khernee khoshin mayagiin ikh goyo boljee, avyas b.na shuu, hu. Amjilt khusie!

Idea said...

Чепак: Уулзаж ураг барилдсанаа тэмдэглэхийнсэн.
Амгаа: Баярлалаа, чамд ч бас
Хөхтолбот: Хүүр болчихоор хөөрхөн муухай бас хамаарнаа.
Зүгээр залуу: Би жарын талыг дөхөж байж... гэсэн байгаа биз дээ.
Санни: хэхэ яг ч тийм биш л дээ. Ер нь бол ач холбогдлоор нь жагсаасан юм.
Үлмэдэх: Над шиг хүн нэг биш байдгыг мэдээд аягүй баярлаж байгаа. Эмх цэгцгүйчүүдийн эвсэл байгуулчуул тэ
Амор: Чамайг багшаар авчья өө, цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр хэхэ.
Болорхон: хэхэ баярлалаа. старчээг, марктээнг-тэй болоод болоод юу шалихав дээ. Тэр швед ч сонин эр байна лээ шүү.
Бороо: тэр номыг чинь би унших юмсан. Чамдаа байгаа юу?
Үлмэдэх: Баярлалаа, зочилсонд, бас үнэлсэнд. Авьяасаа ашиглаад "хэрхэн яаж эмх цэгцгүй амьдрах вэ" бестселлер бичих санаа байна. спонсордоорой.

Anonymous said...

Идэя минь эгч нь чиний блогийн амтанд ороод хэдэн шөнө ч нойргүй хоновдоо.Зориглож зориглож комээнт бичихээр шийдэв.
Эгч нь 100ын талаас хэтэрч яваа ч гэсэн энэ чиний бичсэн дээрхи шинж тэмдэгүүд одоо ч байна.Тэгэхлээр мундаг л том шийдэхгүй бол аниагийнхаа насан дээр энэ хэвээрээ л байна.Өөрийнхээ дураар амьдрахаар эрүүл байгаад байх шиг? худлаа юу?

Idea said...

Ананд: Санал сэтгэгдлээр сайн муу үг бишгүй л дуулж байлаа, гэхдээ энэ үгэнд машид баярлаж эрэмшив. Таны үеийн хүн тоож хараад тогтож уншина гэж бодож ч явсангүй.
Өөрийн дураар явахаар эрүүл амьдардагтай санал нийлж байнаа, гэхдээ бусдын төлөө зориулах жаахан ч гэсэн золиос байх ёстой юм шиг. Бүгдийг нэг дор биш гэхэд ямх ямхаар өөрчлөхийн төлөө л явж байна, ямартаа ч танд бас амжилт хүсье.

Anonymous said...

`heheh... bi ch gsen yag uurtu iim zorilgo tavidag.. yanaguya emh tsegtse deer aimar ih uurchluh heregtei bgaam, daanch tegeed chadahgui umdaa... chinii blog-g uneheer ih unshih durtai hsu!! yamr ih ineedgii min harsan ch bolosooi!!! u r the best Idea!!! keep it up!!

Anonymous said...

hi, uuriin chin blogiig sayahanaas olj unshlaa. buten udur unshlaa. Mash saikhan bichlegtei blog baina. hichneen ch ih ineev. Huurhun yumaa.
Ene bichleg deer chin zuvluhud Muhammed gesen authortai SETGE, AMJILTAND HUR gesen saaral nomiig unshaad amidraldaa murduud uzvel en dutagdluud chin bugd arilah yum baina. Ih saikhan nom shuu. Zaaval olj unshaarai AMJILT HUSYE