2009/05/13

Үгэн шоглоом

Гэнэтийн нөхцөл байдлаас болоод би гэдэг хүн энэ сонгуулиас харин ч нэг хол хөндий байна даа. Үе үеийн алалцааны үүрэн дотор нь бужигнаж, үгүйдээ л үүдэн хатавчаар нь эргэлддэг баагий ингээд нүдэн балай чихэн дүлий, суваг сольж аяга ёроолдсон шигээ суух сонин ч юм шиг. Санал хураах өдөр ойртох тусам нөхдийн хор нь яаж чангарч, хорз нь хэрхэн өтгөрч байгааг харахаар өмнөөс нь хааяа хонго улайж, хоолой сэрвэгнэхийг эс тооцвол шүү дээ.

Одоо бол сунгаа яг сайхан хавтгайрч байна. Харилцан түлхэлтүүд, хариу давшилтууд хүчээ авч хэн хэнээ нуман тулгуурт шахаад, нугасыг нь таслахад бэлэн болгоод өрчихсөн, өччихсөн байгаа энэ үед халз ярилцлага зохиож шууд дамжуулбал тээ.

Тэр нь сайн, энэ нь муу гэх нь юу юм зүгээр, энэ удаагийн сонгуульд талууд нэлээд нарийн жороор өрсөлдөж байгааг харин тэмдэглүүштэй. Хорвоо дэлхий хоёрхон хүнтэй, хотол олон нь түүнийг дагаад хоёр хуваагдчихсан, голоор нь оёоргүй хавцал татаж, ёроолгүй ус урсаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхөөр, өмнөх сонгуулиудаас илүү үгэн дээр тоглож, үйлдэл дээр шоглож байгаа нь үзүүштэй л юм... гсн.

Элбэгээгийн “Ард түмнийг хошгируулах хэрэгтэй байхгүй юу” гэсэн бичлэг гарах давтамж одоо улам ойртож байх жишээтэй. Ноднингийн УИХ-ын сонгуулиар ч явуулж байсан энэ сөрөг шторкийг хийхдээ өрсөлдөгч талынхан хашгируулах гэсний “а”-г компьютерийн аргаар “о” болгож зассан гэж нэг танил маань ярьж байсан. Түүнийг ойрын эх сурвалж гэж үзэж болох ч үнэн худлыг мэдэхгүй юм, хэрвээ үнэн бол ганц үсгээр гамгүй тоглосон байгаам шүү.

Бас тэр бохь хаядаг хэсэг. Шууд бус санаагаар, шал өөр төлөөллөөр дамжуулж нийгэмд хамаатуулсан нь хүмүүст айхтар хүрэв. “Ядахад яр” гэгчээр юун бохь вэ тэр одоо, зажилсан юм бол залгиж л орхино биз, талбай дээр нулимдаг хаашаа хог вэ гэж эгдүүцэх нэгэн байхад арай эвлүүлэг биш биз хэмээн хардах нөгөө нь ч байна.

Харин тэрэн дээр мань эр тактик алдсан, би ингэж ордноос гарч ирээд, ингэж нэг хүн бохь өгөөд, тэрийг нь би ингэж зажлаад, тэгж хаяад гэж тайлагнаж байхаар зүгээр л асуултаас эвтэйхэн бултаад орхичихсон бол хүмүүст таамаг хэвээр үлдээд, тэгсгээд дараагийн сенсаацид зайгаа тавьж бүдгэрэх байлаа. Пиарчид нь ч муу ажилласан. Уул нь бол тэр дор нь өрсөлдөгч рүү нь эргүүлж “Төмөр тамганы арслан шиг төрийн ордонд залрах биш амьдралд хутгалдаж ард түмэн, газар шороондоо ойр явдгын жишээ” болгож харагдуулж болох байсан.

Харин саяхнаас хариу шторк хийсэн нь “Та нар миний амандаа хийсэн бохьтой тэмцдэг юм байж, би та нарын аминдаа завшсан авлигатай тэмцэнэ” гэсэн үгтэй. Уул нь сүүл толгой холбоод яах аргагүй илтгэгч хүний үг, даанч хүч алга. Нөгөө тал бас яаж зүгээр байхав, энэ өгүүлбэрийг “Үлээдэг бохь шиг хоосон ярианаас Үйлдлээр биелүүлдэг бүтээлч ажил...” гэсхийж ашигласан байна лээ. Санадаг л санаа.

Нэг үгээр хэлэхэд АН-ы пиар юм болгон дээр жоохон жулдаад байгаа юм. Миний бодлоор, өрсөлдөгчийнхөө “Number one” имиж дээр “Намбарын Вант Улс” болгож тоглож болмоор л байхын. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал, цаашлаад ихэнх хэвлэл мэдээлэл, оюутан залуусын холбоо санаачлагууд түүний заавраар хөдөлдөг гэх утгаар хийх гээд байгаа бол хаа байсан Туркмений Сафар Муратын жишээ авч суудаг. Арай л биш ээ.

Гэтэл “Хамар хүзүү хоёрын аль нь илүү чухал эрхтэн бэ” гэдэг тааврыг аваад үзье. Хамар гэвэл Энхбаярыг сонгоно, хүзүү гэвэл бас л Энхбаяр. Яагаад гэвэл Элбэгээ хүзүүгүй. 2004 оны сонгуулиар Баабар “Ном, ноолуур, тамхи гурвын алийг нь сонгох вэ” гэж нэг уулзалт дээр сонгогчдоос асууж байсан. Ном нь өөрөө, ноолуур нь Буян Жагаа, тамхи нь “Тамхи Со” компанийн захирал Дашдорж. Энэ гурав тэр үед Хан-Уулын тойрогт үзэж байсан. Харин хүмүүс ноолуурыг сонгож Жагаа өмнөх дөрвөн жилд гишүүн болсон. 2008 оны сонгуулиар Дашдорж гарч ирсэн. Ном харин дэлгүүрийн лангуу хэсч, дээдсийн улыг шагайсаар яваа. Гэхдээ хүмүүс түүнийг ихээр уншиж байгаа.

Өнөөдрийн тухайд, АН-ынхан Энхбаяр шиг их өр тэглэсэнтэй тэнцэх нэрийн хуудасгүй Элбэгээдээ хүчтэйхэн слоган ч бодож олж чадсангүй. “Шударга байцгаая” гэдэг нь шал хоосон хөндий, ерөнхий сонсогдож байгаа биз дээ. Үгүйдээ “Орос шиг бай л даа” гэдэг шиг чихэнд наалдаж байх ёстой.

Уул нь “Цахиагийн Элбэгдорж – Ардчиллын төлөө цахилах хүч, ард түмний төлөө цохилох зүрх” ч гэдэг юм уу нэг тийм дэврэнгүй, бадрангуй уриа түүний дүрх төрх болчихмоор. Одоо тэр Солонгосын хандивийн талаарх шуугианыг ч гэсэндээ “энэ бол гүтгэлэг” гэхээс илүү олигтой няцаалт өгч чадахгүй юм. МАХН-ы пиарчид харин нэлээн сайн ажиллаж байна. Хөгшин хөвөөгүй л хөдөлгөөнд оруулж чадаж байна шүү дээ өөрсдийнхөө талд. Жишээ нь өдрөөр ажил олгож хог түүлгээд, түүсэн хогийг нь худалдаж авдаг аян бол их овжин санаа шүү. Наанаа юу ч харагдахгүй хэрнээ цаанаа хэн ч хөдөлмөр эрхэлж хөлс авч болно, ажил хийхийн тулд заавал өндөр царайлаг байх албагүй, бас нийслэл хот цэвэрхэн байх ёстой гээл ай?

За сонгууль ч яахав, тоглоом шоглоомын аль нь мэдэгдэхгүй толхилцоон дунд сүүлээрээ даллаж, сүүдрээсээ бусгаж байгаад томчууд санасандаа хүрч, тоосонд нь бид булагдаад үлддэг хойно. Харин энэ үг гэдгээр хүнийг алж ч, аварч ч байгаа жишээ үргэлж сонирхол татах юм. Зөвхөн үг ч биш цэг таслал бүр ярианы пауз, өргөлт...

Хүн болгон мэднэ дээ, нөгөө Оросын Хатан хаан Мария Федоровна зарлигийн таслалыг сэмхэн засч нөхрөө цөллөгөөс аварсан тухай түүхийг. Тэр авгай “Простить нельзя, отправить в Сибирь” гэсэн тушаалын бичгийн таслалын байрыг сольж, “Простить, нельзя отправить в Сибирь” болгосныг түшмэдүүд анзааралгүй цааш явуулж ёсоор болгосон гэдэг. Харин хэлний мэргэжилтнүүд үүнийг илүү ойлгомжтой болгох үүднээс “Казнить нельзя помиловать” гэж өөрчилсөн. Энд таслалыг нельзя-гийн урд нь тавьбал цаазлана, ард нь тавьбал өршөөнө. Сонин шүү, ганц муу таслал хүнийг дүүжлүүрээс аварсан гэхээр.

Арай ойр жишээ авъя. Монголын түүхэнд хараар бичигдсэн их хэлмэгдүүлэлтийн үе буюу 1938 онд сумын хэлтсийн төлөөлөгчдийн нэр дээр харьяа дээд удирдлагаас нь утсаар цахилгаан иржээ. “Хэсгийн төлөөлөгч нөхөр Юнгээ, хянагч Жамдориг та (-) хоёр сумынхаа мяндагтан лам нарыг баривчилж, аймгийн яаманд яаралтай авчир” гэснийг холбоочин дамжуулахдаа “хоёр” гэдгийн ард биш та гэдэг үгийн дараа зогсоц хийснээр нэг биш хоёр /зэргэлдээ/ суманд лам нарыг баривчилж эхэлсэн гэдэг. Өөрөөр хэлбэл холбоочин дамжуулахдаа ганцхан амьсгаа буруу авснаар баривчлагдах ёсгүй байсан олон хүн хэлмэгдсэн гэсэн.

Ганц үг гавьяа эсвэл гай тарьж болохын өөр нэгэн жишээ. Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний эхний төслийг амтай болгон л муулсан. 30 жилээр гэрээ хийх гэлээ гээд. Гэтэл Ашигт малтмалын тухай хуульд 100 сая ам.доллараас дээшхи хөрөнгө оруулалтын гэрээг 30 жилээр хийх тухай заалт бий. Үүнийг манай ухаантнууд гэрээний төсөл яригдахаас өмнө анзаараад, хуулиндаа ганц үг нэмээд “30 хүртэл жилээр” болгочихож болох байсан. Үүнд гурван жил ч орж болно. Гэтэл хуулиа үндсээр нь өөрчилнө гэж хавар намрын чуулган дамжиж хэрэлдээд өөрчилсөн ч юмгүй гэрээтэй золгосон. Одоо гор нь гарч байна шүү дээ.

Үг үнэтэй ч үнэн амьдрал дээр хүн болгон ингэж амнаас гарах хий, алхаж гишгэх мөр болгоноо хараад хянаад байх боломжгүй. Үүнийг л улстөрийн зорилгоор эвтэйхэн мушгиж, эвлүүлж гуйвуулж тархи угаах замаар санасандаа хүрч буй нь харин хэр зөв зүйтэй үйлдэл юм, мэдэхгүй ээ. Хуулийн цоорхой ч бас яг ийм зарчмаар явдаг. Утга зохиол, сонин хэвлэлийн стандартад бол үгийн хэрэглээ өөр хэрэг л дээ.

Эцэст нь, хоёр мөрөнд ганц нэгхэн үг үсэг өөр, бусад нь ижил хэрнээ төгс утга санаа гаргасан нэртэй найрагчийн нэг шүлгээс ишлэе. Гоё санагдаад байдаг юм.

... Цэцгийн толгойг тасддаггүй үртэй байхыг хүснэ би
Цэцдийн толгойг авдаггүй төртэй байхыг хүснэ би...

Ц.Хулан

22 Сэтгэгдэл:

Sunny said...

Ёстой гоё бичжээ. Зөвхөн юу хэлэх гэсэн нь биш% түүнийгээ маш сайхан бичих юмаа. Би тань шиг монгол хэлээ сурах юмсан

Чепак said...

Ашгїй нэг залхуурахаа болиод бичив її

Ингээд байвал юу гэж сар болгон загнаад байх уу улиралд л нэг болно ш дээ хэхэ

Нээрээ тэр таслал бол хэрэгтэй л таслал байна хэхэ хїний амь аварсан

arsun said...

Намайг ерөнхийлөгчид нэр дэвшихэд пиарчин хийж туслаарай. Ёстой улаан хэлтнийг урдуураа гаргаахгүй, хэхэ.
Сайн бичсэн байна гэсэн санаа л даа.

ариука said...

үгэн дээр тоглож, үйлдэл дээр шоглож байгаа нь үзүүштэй л юм.

Харин иймэрхүү юм болоод байна шүү, Өөрөө их гоё бичхиймаа,

Mirus said...

хэхэ сонгуулийн талаар жаахан ч гэсэн ойлголттой боллоо... гэснээс нээрээ тэр бохь хаядаг бол айхтар байсан шүү...

etvgen said...

Таны нийтлэл уншихад үнхээр гоё юм аа би ч залуу хүн сонгууль нтрт бол жоохон тааруу талдаа хэхэ харин тэр доор нь байгаа жишээнүүд ёстой таалагдлаа мэдүүшдээл сонирхолтой зүйл байна баярлалаа

Anonymous said...

Sain baina u? bi jiriin l neg unshigcz. Gehdee uoriin czini ene czadvar, aviyasiig uneldeg. Neg sanaa toruod baigaa uymaa.Sonirhovol mail biczeerei.tuyaw25@yahoo.com

peakfinder said...

Ugui ter adtai nohor shuu, bas orolcohgui gechhieed hun amitan shogloson shig.....
Bohio gazar hayadag bol toriin terguunii hemjeend ochij orsoldoj baij iim bolchimgui yum hiideg negd, ooriinhoo buduuleg haranhuig haruulaad, hoyort orsoldogchdoo amarhan hool bolchihoj baigaa yum daa. Zarimdaa hun iim genehen baij taarahgui nogoohteigoo huivaldaad albaar ner hundee unagaad baina uu gemeer.

otcha said...

Chinii bichsen buxniig bainga unshij baigaa bas xuleedeg shuu. Ene etses togsgolgui songuuliin show xeruulees zalxaj baina, xen xezee boditoor Mongol oron xumuusiin toloo yum xiix boloo? Suuliin ued gadnii xumuusees xurtel Mongoliin tuxai bulingartai ug bainga sonsox bolloo. Namaig muugaar yarix ni xamaagui ch Mongol ornii tuxai muugaar yarixiig tevchmeergui bna. Yagaad xen negenii xiisen buruutai uildelees bolj uls oronii ner unaj, tednii omnoos bainga busdad uuchlalt guij, nuuree ulailgaj yavax yostoi gej?

Ганзо нь said...

Тийшт тийшт үнийшт үнийшт, хэхэ.

Айдаа эгч айхтар пиарчин байна!

Amgaa said...

Идеаг пиарчинаар авсан тал нь ялах байсан байшдэ. Энийг олж хараагүй 2 намын пиарчид муу вайнаа хайн
Жишээнүүд истооо гоё байлаа.

uka said...

Миний хамгийн дургүй бас ойлгодоггүй хоёр сэдэв бол нэг нь улс төр, нөгөө нь авиазүй, үгзүй энэ тэрээ гсн хэл шинжлэл. Харин М.Саруул-Эрдэнийн "Сонирхолтой хэл шинжлэл" гэдэг номыг уншсан чинь энгийн ойлгомжтой байсан. Айдиа чи ч гэсэн "Сонирхолтой улс төр" ч гэдэг юм уу ном бичээч. Улс төрийн амьдралыг энгийн хөгжилтэй маягаар. Хүмүүс уншина даа.

Гамп said...

Хайн тэгээд чи эцийцэст алийг нь дэмжиж байгаан. энд тэнд хүн амьтаны нэр тайлж явхаар блогоо бичиж байвал барав даа. Идэх Дондоо Ербусын Авяастай хүндэээ энэ ч

Idea said...

Санни: Баярлалаа. Монгол хүн болгон л монгол хэлээ сурсан шүү дээ.
Чепак: Яамай даа нэг ч гэсэн хүнд загнуулах давтамж нь холдож байвал. Тэхх тэр таслалд гавьяат цол өгөх хэрэгтэй. Шал хаа хамаагүй Бат-Эрдэнэ мэтэд өгч байхаар.
Арсун: Өгөх хүний сүжиг л мэднэ шдээ хэхэ.
Ариука: Баярлалаа. Иймэрхүү юм бүр эх захаа алдаж байнаа. Сүүлдээ гэмгүй хүмүүсийг татан оролцуулж талцаж байгаа нь аймаар. Дараа нь золиос болох вий дээ.
Мирус: Жаахан ч гэсэн ойлголт авсан бол баярлалаа. Хэрэв Элбэгээ ялагдвал тэр бохийг шүүхэд өгөх хэрэгтэй.
Эвтгэн: Баярлалаа. Гэхдээ залуу хүн гээд улс төрөөс хол явж явбал улс төр чамайг эргүүлж хоргоогоод амраахгүй л болов уу. Жишээнүүд өөр бий. Тэгж байгаад оруулна аа.
Үлмэдэх: За би өөрийн чинь ай-диг мессенжертээ нэмчихлээ.
Пийки: Сурсан юмыг сураар боож болохгүймаа хэхэ. Харин тэр бохь хаядаг тухайд мань хүний бодлогогүй, гэнэн цайлганых байх аа. Бас шууд бүдүүлэг гэчих гэхээр арай л биш.
Отча: Урам өгсөнд баярлалаа. Харин тиймээ, энэ эцэс төгсгөлгүй сонгуулийн хэрүүл тавдугаар сарын 24-нд дуусаасай л гэж хүсч байна. Хэн нэг нь луйвраар биш хүмүүсийн саналаар ялаад, нөгөө нь ялагдсанаа зөвшөөрч хэл ам хэрүүл тэмцэл хийхгүй жинхэнэ улстөрийн соёлыг харуулаасай гэж олон монгол хүн ханцуйдаа залбирч байгаа. Улс орны нэр хүндийн тухайд, бусдын өмнөөс бурууг заавал үүрэх албагүй шүү дээ. Үндэстний эрх ашиг бүгдэд л хамаатай байх.
Ганзо: Яг ч тийм биш л дээ. Зүгээр сонирхдог сэдэв гэх үү дээ.
Амгаа: Дотор нь ороод ажиллах нэг өөр, хөндлөнгөөс хошуу нэмэрлэх бас нэг өөр л дөө. Гэхдээ санаж явахад болох биз.
Ука: Санадаг л санаа. Гэхдээ ном бичнэ гэдэг чинь над мэтийн хөндий толгойтой, хөөсөн тархитай хүний барчих ажил мөн үү.
ГАМП-Гүрүүшиг Архины Муудцан Поошик минь аятайхан байгаарай. Миний хэнийг дэмжих чамд истоо хамаагүй /хэлээ гаргав/ Нэрийн гаргалгааг цаашдаа ч хийнэ. Бүр бизнес болтол нь өргөжүүлнэ гэж мэд.

Witness said...

Хөөрхөн л юм бичиж. Үнэхээр Элбэгээгийн менежерүүд жаахан муу ажиллаж байнаа. Гэхдээ сонгууль сайхан болох байх гэж найдаж байна. 5-р сарын 24 хүн бүрийн баяр болоосой.

Idea said...

Витнэс: Харин би ч бас тэгж найдаж байгаа. Маргааш өглөө нь айдасгүй сэрэх юмсан гэж. Одоо ч гэхдээ аль аль нь идэвхжиж байна даа, менежерүүд.

xvv said...

Зүгээр л үгээр наадчихымаа. Энхбаярынхан, Элбэгдоржийнхон, Айдагийнхан бол нээрээ ;)

Idea said...

Хүү: хэхэ үгээр ч үйлдлээр ч, үхсэн хойно нь сүнсээр ч, шатсан хойно нь үнсээр ч наадна... гээл балайраад байхгүй юу.

baagii said...

chi chin harin aimar PR chin bn shde.Ene taliin nomiin halit sursan nadaas hamaagvi ilvv setgej bn shvv.Uuriiguu bodson chin chamaas bvr ichchihlee

xvv said...

Нэг үг газар гээхгүй шүү. Би ер нь их атаархуу хөөн :p

Anonymous said...

хөөх.. мэргэжлийн хүн байна доо.. өөрөө.. нээрээ л элбэгээгийнх жоохон жолдоол байх шиг. дөхөөд ирэхээр хүчтэй болж байна уу..

Idea said...

Баагий: Сонирхдог юм аа, тэрнээс ном зомыг нь үзээгүй ээ. Харин өөр шиг чинь мэргэжлийн хүмүүст үзүүлэхэд ичмээр дамшиг юм аа.

Хүү: Атаархаад байвал аманд байгаа ганц үгийг ав л даа. Ганцаас газар дүүрдэгийн кк.

Үлмэдэх: Яг ч public relation мэргэжлийн биш л дээ. Гэхдээ яваандаа хальтирч орох болов уу гэж бодож байгаа. Элбэгээгийнхэн далайц муутай байнаа, уул нь чангарч л байна. Зүй нь тэр аав нь хужаа гэдгийг маш хүчтэй няцаамаар байна. Үндсэн хуульд хүний гарал үүслээр ялгаварладаггүй гэх мэт заалтаас ишлээд.