2009/05/16

"Үхлийн" эвлүүлэг

Моод хоцрогдноо гэж. Нэгэн үе сайд ялаа хоёр сониноос сүнсээ зайлтал айдаг байлаа. Ялаа хуйлсан сониноос бултаж амь дүйн зугатана. Сайд муулсан хэвлэлээс жийрхэж арга зарга үүсгэнэ. Тэдний дайн эцэс төгсгөлгүй үргэлжилдэг байв. Ялаа ихэнхдээ ялагдал хүлээн хогийн сав руу жийгддэг бол сайд голдуу ялалт байгуулж бичигчийг хаа нэгтээ “жийнэ”. Одоо гэтэл аль аль нь сониноос тэгтлээ айхаа больчихжээ.

Ялааны хувьд элдэв хор, алуур цохиурнаас айдаг болоо биз бодвол. Харин сайд дарга нар сонины эрээн цаасыг нэг их тоохоо болиод интернэт, фото зураг, дүрс бичлэг мэтээс эвгүйрхдэг боллоо. Ялангуяа донжийг нь тааруулж найруулаад цагийг нь олж цацсан дүрс бичлэгийн эвлүүлэг.

Арга ч үгүй биз. Хэзээний ч юм нэг бичлэг хаанаас ч юм гэнэт гарч ирээд, хэсэг бүлэг нөхдийн гараар орж, монтаж гэх “мэс засал”-аар дамжин үл ялиг өнгө зүсээ хувиргаад зурагтын суваг болгоноор зэрэг шахам гарч эхлэнэ. Дүрх төрх, дуу хоолойг нь сонсвол яг мөн. Гэтэл хэлсэн үгийн утга санаа, зорьсон зорилго нь арай л биш. Ам алдвал барьж болдоггүй хойно нэгэнт л хэлчихсэн үг, хийчихсэн үйлдэл болохоор мянга үгүйсгэж тайлбарлаад нэмэр үгүй. Үүнийг үзээд, араас нь үгүйсгэл сонссон иргэдийн толгой эргэж сүүлдээ нүд үнэнч үү, чих худалч уу гэдгийг ялгаж салгаж чадахаа болино. Яг л “Мөнгө цагаан, Нүд улаан тэр юу вэ" гэсэн чинь Монгол Улсын Сангийн хоёр сайдын нэр байж таардаг шиг. За энэ ч яахав.

Яг ийм эвлүүлгийн операцийг энэ сонгууль харин ч нэг гайхуулж байна даа. Ер нь сонгуульд нэр дэвшиж байгаа хүний тоо цөөн тусмаа тоглолт илүү жинтэй, чанартай байдаг юм байна. Ардчилсан зарчмаар төрийн тэргүүнийг сонгодог болсноос хойш манайд ингэж хоёрхон амьтантай цирк... биш ээ хоёрхон кандидаттай өрсөлдөөн болж байсан санагдахгүй байх чинь.

Ямартаа ч, энэ удаа хоёр “Э”-ийн арын албыг хариуцаж байгаа нөхдүүд хар цагаан пиардаа зөвхөн эвлүүлэг ч бус янз бүрийн шторк, дуу клип, бүр компютерийн флаш тоглоом ашиглаж байгаа нь нэг талаар дэвшил юм даа. Жишээ нь та Элбэгдоржийг дэмждэг бол ийшээ орж түүнтэй хамт Монгол Улсаа авлига, хээл хахуулиас ангижруулж, шударга бус бүхний үндсийг буудан устга. Харин эсэргүүцдэг бол ийшээ ороод түүнийг хэдэн ч удаа алгадсан болно. Танаас нэг их ур чадвар шаардахгүй, тарваганы нүх амдаж суугаад мань хүнийг хошгироод гараад ирмэгц тасхийлгэж орхи... Бүр их үзэн яддаг нь энэ дууг даган дуулж бах таваа ханга. Үр хүүхэддээ цээжлүүл.

Харин Энхбаярыг эсэргүүцэгчдэд одоохондоо тоглох тоглоом олж чадсангүй ээ би. АН-ынхан тоглоом зохиож чадсангүй юу, эсвэл надад олдсонгүй юу. Дэмжигчдэд харин дагаж дуулах дуу, клип хангалттай бий. “Өглөө шиг эх орон”... өөр юу юу ч билээ. МАХН ер нь сонгууль болгоноор бэлэгдлийн дуу хийдэг шүү дээ. “Манай гаригийн залуус” хамгийн эхнийх нь байлуу яалаа.

Харин энд нэг бичлэг байна. Яах аргагүй Энхбаярын амнаас унасан үг. Яг энэ хэсгийг үзвэл монгол хүн болгож сэрдхийж, эх орон элгэн нутаг эцэг эхээ үнэгүй хэмээн хээв нэг хэлсэнд нь хэрдхийн цочмоор. Үнэхээр энэ бүгд үнэгүй юу?

Миний эцэг эх л лав надад юунаас ч илүү үнэтэй. Хэдэн жилийн өмнө аав минь мөнх бусыг үзэхэд хорвоо ертөнц тэр чигээрээ хөмрөх мэт санагдаж уйлах багадаж үхэх ихдэж явсан. Залуугаараа бэлэвсэрч үлдсэн ээж минь одоо надад буй цөөн үнэтэй зүйлийн нэг.

Эх орныг минь хамгаалж цагтаа мянга мянган эрс халуун амиа өргөсөн. Тэдний урссан цус, гэр бүлийнхнийх нь унагасан нулимс хэдэн төгрөгний үнэтэй бол? Ерөнхийлөгчид Ховд аймаг, цаашлаад Монгол Улс үнэгүй бол надад уугуул нутаг Хөвсгөл, унасан нутаг Шарын гол, өссөн нутаг Дархан хот минь үнэтэй. Одоо амьдарч буй утаатай, шороотой Улаанбаатар минь ч үнэтэй.

Гэхдээ, аливааг ялгах салгах хэмжээний насанд хүрсэн хүний хувьд уурсахаа түр азнаад түүний Ховдод хэлсэн үгийг бүрэн эхээр нь сонслоо. / Холбоос оруулах гэтэл нэтээс хайгаад олсонгүй/. Уул нь мань хүн яг ч бас тэгээд хэлчихээгүй юм байна. “Боловсролыг үнэгүй болгож болохгүй, үнэгүй юм юу ч биш гэж гэж ярих хүн байна. Үнэгүй олдсон хэрнээ үнэ цэнэтэй зүйл зөндөө бий. Та нарын эцэг эх үнэгүй л олдоо биз дээ. Би л лав эцэг эхдээ үнэгүй олдсон, миний эцэг эх ч надад үнэгүй олдсон. Энэ Ховд аймаг, Монгол Улс чинь Та нарт үнэгүй л олдоо биз дээ. Гэтэл өнөөдөр бидний хамгийн ихээр хайрлах, эрхэмлэх зүйл мөн гэвэл мөн. Үнэгүй боловсрол ч бас ийм байх болно”... гэх утгатай үг хэлжээ.

Нэг юмыг нөгөөтэй жишиж тайлбарлахдаа оновчгүй харьцуулалт хийснээр тэр ингээд өрсөлдөгчиддөө өгөөш хаяад өгчихлөө. Хүний хэлснээс тайрч огтолж аваад сүүл толгой хийхдээ мэргэшсэн МАХН ингэж нэг өдөр мэхт мэхэндээ гээч болов. Пиарын энэ бохир аргыг мэдэхийн дээдээр мэддэг хэрнээ ийм эгзэгтэй үед таактик алдан, хаашаа ч эргүүлж болмоор үг хэлсэн нь яалт ч үгүй Энхбаярын өөрийнх нь алдаа боллоо. Түүнээс дээрх үгийг ямар зорилгоор яаж хэлсэн нь хамаагүй. Одоо суваг болгоноор “Эх орон үнэгүй гэж үү?... арай ч дээ” гэсэн шторк яваастай, тэр хэрээр мань эрийн рейтингэд эсрэг заалт нэмээстэй. Чухамдаа дээд сургуулийг төлбөргүй болгох гэж байгаагаа эх орон, ээж аавтай зүйрлэх хэрэггүй л байж.

Ер нь тэгээд их дээд сургуулийг үнэгүй болгоно гэсэн популист амлалтыг хүмүүс хэр хүлээж авч байгааг мэдэхгүй юм. Миний хувьд дипломтой худалдагчдын тоог цөөрөх биш харин ч нэмэгдэх юм шиг. Оюутан байхдаа хичээлээ таслаад унтчихмаар өдөртэй олон л таарч явсан. Даанч аав ээжийн минь зовж олдог хэдэн төгрөг нүдэнд харагдаад арга буюу өндийдөг байв. Зарим хичээлийн семинарын даалгаврыг хиймээргүй л санагддаг байв, гэвч өгсөн төлбөрийнхөө хариуд би юм сурч бас гайгүй кредит цуглуулах ёстой байлаа. Үгүйдээ л эцэг эхийн үглээн, загнаанаас халшрах нь дунд сургуулийн ширээнээс дөнгөж салсан төлөвшөөгүй хүүхдэд нэг төрлийн хөшүүрэг шүү дээ. Харин төлбөргүй болчихвол яах бол.

Сайн сурсныг нь төлбөрөөс чөлөөлнө, ингэснээр авлига буурна л гэж ярьж байна. Харин ч гайгүй дүн тавиулаад төлбөрөө буцааж авах гээд гэж багшийгаа, ректороо, деканаа хахуульдах бус уу. Хүн болгон үүнийг хүсэх болохоор хэн илүү уран нарийн аргатай нь санасандаа хүрнэ. Тэгснээрээ авлигын их сургуульд дөрвөн жил сурах бус уу.

Дунд сургуулийг харъя л даа. Үнэ төлбөргүй өчнөөн улсын сургууль байхад хүмүүс зарим нь яагаад хүүхдээ хувийн сургуульд өгөөд байгаа юм бэ? Бага боловч илүүг сураасай, мэдээсэй гэсэндээ л тэр. Юм бүхэн үүн шиг сонголттой байх ёстой. Үнэгүй юм үнэгүй л байдаг. Үүнийг харин үнэтэй болгох гэж чичирснийхээ горыг мань хүн өөрөө хэр амсаа бол.

Өдөр хоног ойртох тусам энэ мэт “үхлийн” эвлүүлэг улам эрчээ авна. Пиарчид одоо үүний төлөө өдөр шөнийг умартан ажиллаж байгаа. Мэдээллийн хүчирхийлэлд өртөж буй ард түмэн харин аль нь ямар учиртайг ухаж ойлгоё гэхээсээ илүү шууд утгаар нь тусгаж авах байх даа.

16 Сэтгэгдэл:

ganga said...

ик технологийн энэ эрин үед техникийн их сургууль ганцхан, баахан чанаргүй хувийн дээд сургууль байгаад хэнд хэрэгтэй юм бол, дэлхийд өрсөлдөхүйц мэргэжилтэн бэлтгэх ҮНЭТЭЙ лаборатори, бааз суурьтай сургууль бий болгоно гэсэн бол олон хүнд таалагдах байлаа.

ArToo said...

Шууд бол сум шиг л тусаж байна лээ шүү...
алтайн ярилцлагыг халит сонссон учир нь бол тун зөв зуйл яриж байн лээ... хэн нэгнийг илт дэмжээд нэгнийг нь элт мялаад байсан юмгүй 2 лангийх нь гаргасан алдаа мөрийн хөтөлбөр бүтэх бүтэхгүйг нь яг үнэнээр нь янзийн сайхан хэлж байналээ... ууг нь бол тэрийг л олон сувгаар удаа дараа гаргах хэрэгтээм шигээ...

xvv said...

Харин тийм. Нэг жоохон хүүхдүүд хуурч байгаа юм шиг л байна дөө. Хүмүүс нь ч бас тэрийг нь үзээд л итгэх нь итгээд л байх шиг байна, дээр нь баахан мөнгөний амлалт, үнэгүй болгох амлалтууд. Энэ амлалтууд биелбэл Монгол улс улам л доошоо явна даа.. яана даа. :((

Witness said...

Сайн сурвал төлбөрөөс чөлөөлнө гэвэл охид багш нарынхаа өмнө өврөө дэлгэх, банди нар багш нараа авлигадах явдал улам л ихсэх байх даа.

алтаргана said...

Манай дарга нар яагаад халз ярилцлага хийдэггүй юм бол. Өнгөрсөн жилийн АНУ-гийн ерөнхийлөгчийн сонгуулиар кандидатууд хоёр гурван удаа ТВ халз ярилцлага хийсэн. Үзэгчид тэдний хариулт, биеэ авч байгаа байдал, өрсөлдөгчтэйгээ яаж харьцаж байгаагаас их дүгнэлт хийдэг юм билээ. Жишээ нь эхний ярилцлага дээр Маккэйн Обама руу огт харахгүй байсан гэсэн, гэтэл үзэгчид хэн ч байсан ярилцаж буй хүнээ харж ярих нь наад захын соёл гэж дүгнэснийг сонин дээрээс уншиж байлаа. Бас Обамагийн тайван хүлээцтэй, мэдрэмжтэй чанарыг олж харсан нь сонгуулийн дүнд бага ч болов нөлөө үзүүлсэн байх даа.

Манайхан дэндүү муухай гүтгэлэг хийж хор найруулах юм даа, уг нь мэхт мэхэндээ гэж үг байдаг юм, хэтэрхий их хор найруулаад тэр хорондоо өөрөө хорддог юм бий ш дээ. Тэр Солонгосын видео эвлүүлэг бол хэмжээнээс хэтэрчээ, хүнийг гутаах жинхэнэ коммунист арга

Anonymous said...

Энхбаярыг Эзэнбаяр, Элбэгдоржиг Хэлбэрдорж болгож байна. Энэ бас PR-уу?

Алтанхүү said...

Боловсролыг үнэгүй олгохын давуу талууд харин ч илүү гэж болож байгаа. Үндэслэлүүд:
1) Боловсрол үнэгүй олгосноор үнэгүйднэ гээд байгаа бол та нар өөрсдийн аав ээжүүд эмээ өвөө нарыг бас үнэгүй хүмүүс гэх үү. Тэд чинь үнэгүй боловсрол эзэмшээ биз дээ? :D
2) Сургалтын төлбөрийг төр даадаг болсноор хариуцлагыг нь бас үүрдэг болно гэсэн үг! Ингэснээр мөнгө л байвал дуртай нь ордог тогтолцоо, хэрэггүй олон сургууль байхгүй болно.
3) Төлбөрийг нь дааж сургаснаараа төр өөрөөр хэлбэл улс дараа нь тэдгээр залуу боловсон хүчнийг аль хэрэгтцээтэй байгаа газар луугаа тодорхой хугацаагаар дайчлах эрхтэй болно. Эрч хүчтэй тэгээд боловсролтой залуусын хүчийг бүтээн байгуулалтанд ашиглахад энэ чухал биз дээ тийм үү?
4) гэх мэтээр дурдаад байвал давуу тал их байна шүү!

xvv said...

Наадахыг чинь нэг үгээр коммунизм гээд байгаа байхаа. Сурсан сураагүй, чадсан чадаагүй, ажил хийсэн хийгээгүй, сайн хийсэн муу хийсэн ялгаагүй байна гэдэг...

Одоо ч гэсэн төрийн зээлээр сураад хөдөө орон нутагт очиж гэрээгээр ажиллаад зээлээ буцааж төлдөг тогтолцоо бий шүү дээ.

Ер нь бол тогтолцоо нь тийм ч буруу биш. Даанч хэрэгждэггүй хиймэл сайхан үлгэр л болохоос биш...

Үнэгүй болгох тусам улам чанаргүй болно. Дээр үеийн үнэгүйг одоотой харьцуулах нь утгагүй. Тэр үед чинь Орос гээд нэг сайхан угж байсан. Хийсэн хийгээгүй чадсан чадаагүй шахам тэр угжаар сүү орж ирээд угжчихдаг байсан байх гэж боддог юм. Буруу ярьж байгаа бол уучлаарай.

Witness said...

Тэртэй тэргүй томоохон компаниуд, дээд сургуулиуд өөрсдөө шилдэг оюутнуудыг тэтгэлэгт хамруулж ирсэн шүү дээ. Жишээ нь Бодь групп гэхэд л жилд 50 оюутныг ч билүү тэтгэлгээр сургадаг. Эмзэг бүлгийн болон хагас өнчин, өнчин оюутнуудын тухайд улсаас тэртэй тэргүй тодорхой хэмжээний тэтгэлэг одоо ч авдаг.

uka said...

Төр хамгийн муу менежер гэдэг. Хувийн хэвшлийн ажилд төр оролцоод сайжирсан жишээ хаана байна? Үнэхээр оролцох гээд байгаа бол улсын хэдэн сургуулиа төлбөргүй болгоод хамаг юмыг нь даадаг юм байгаа биз, хувийн сургуулиудыг бас хамруулна гэдэг үнэн утгагүй. Төлбөрийг даалгаад сурсан бүх залуу боловсон хүчин одоо үед мөн дуулгавартай хөдөө хөөгдөх байх даа, бас л хотод үлдэхийн тулд элдэв арга чарга авлига хайна.
Залуусыг хөдөө ажиллуулах өөр зөндөө арга байна, жишээ нь эхний хэдэн жилд жилийн цалинтай тэмцэх хэмжээний буцалтгүй тусламж өгдөг ч юм уу. Хөдөө таван жил ажиллаад үлдэх нь үлдээд үлдэхгүй нь зарлагаа хэмнээд ганц өрөө байрны мөнгөтэй болоод ирж байгаа хүн байж л байна шд. Үнэгүй уут юу ч даадаггүй шиг үнэгүй боловсрол одоо үед зүгээр цаас хэвлэх үйлдвэр болно доо.

ЗОРИГТ8 said...

УЛС тӨРИЙН ПР-ийн зорилго өрсөлдөгчөө ямар ч хамаагүй аргаар бат араанд нь хийх...
Энхбаярын ПРчид харьцангуй сайн ажиллаж байна, элбэгээгийн рейтинг буусан байан лээ шүү

Javkhlan said...

Сайн сурсныг нь төлбөрөөс чөлөөлнө, ингэснээр авлига буурна л гэж ярьж байна. Харин ч гайгүй дүн тавиулаад төлбөрөө буцааж авах гээд гэж багшийгаа, ректороо, деканаа хахуульдах бус уу. Хүн болгон үүнийг хүсэх болохоор хэн илүү уран нарийн аргатай нь санасандаа хүрнэ. Тэгснээрээ авлигын их сургуульд дөрвөн жил сурах бус уу.

buruu l bodoj baina daa. busad orond tetegleg gej baidag gehdee tetgeleg avahin tuld bagshaa avilgadaad yavaad baina gedgiig bi sonssgui yum baina. manaid ter oyutanuudaa tolborgui bolgoh geed baigaa mongooroo bagsh narinhaa tsaling nemeh. lab, technik technologoo saijruulahad zartsuulval avilga garahgui.


Дунд сургуулийг харъя л даа. Үнэ төлбөргүй өчнөөн улсын сургууль байхад хүмүүс зарим нь яагаад хүүхдээ хувийн сургуульд өгөөд байгаа юм бэ? Бага боловч илүүг сураасай, мэдээсэй гэсэндээ л тэр. Юм бүхэн үүн шиг сонголттой байх ёстой. Үнэгүй юм үнэгүй л байдаг.

unegui bolgono gedeg ni chanaraa aldagdana gedgiig chi oorin bichleg deeree ch bichsen baina. unegui yum bol unegui.

Anonymous said...

System ni zov baij chadval unegui bolgohod er ni buruudaad baih yumgui l gej bodoj baina. Tsag hugatsaanii huvid l yu yum gehees. Manaid avdag tsalintaigaa haritsuulahad bolovsrol bas ch ugui ih unetei sh de. Tegeed sain surch baigaa ouytniig uramshuuldag system muuhan. Anglid gehed surgaltiin tolbor 3000garui pound baidag jildee ene ni oiroltsoogoor baga tsalintai hunii 3 sariin tsalin harin manaid bol dundaj tolbor 6-8sariin tsalintai duine. Za tegeed baruund gaigui surdag hun bol unegui surah bolomj zondoo ihdee, harin manaid bol ene tal deer bas tovogtei. Bi sain surdag baisan nadad surgaltiin tolbor toloh gedeg uneheer asuudaltai l baidag baisan. Part time ajil hiigeed ch tolbor tolno gehed bol hamaagui hol sh de, tegeed zeelleg ed nar bas l hetsuu bsan da. Odoo harin end europd scholarship-r surch baina, manaid ch gesen iimerhuu notsol bolomjiig gargaj ogoh l heregtei. Yagaad mgl hudaldagch ih surguuli togsson baij bolohgui gej...

Anonymous said...

Блогтоо сонгууль бичихээ болио Айдаа. Тэртэй тэргүй чи сонинд бичиж л байгаа байлгүй. Хаа сайгүй л сонгууль. Чиний блог ядаж дутаг л дээ. Хувийн чинь хэрэгт оролцоогүй шүү, энэ блогоос арай өөр юм хүлээдэгийн хувьд л хэлж байна.

ариука said...

Тэр үгийг ч арай өөр байдаар хэлсэн байх гэж бодож байсан л даа,/эндээс мэдэж авлаа/ яахав дээ, өөрсдөө эхэлж үг тасалж ашигласан болхоор зөв л ашиглаж, ээж хүртэл аягүй итгэчихсэн яаж ингэж ярьж чадаж байнаа л гээд байна лээ, хэхэ, пи ар аа гэж,

Idea said...

Ямммммар урт урт сэтгэгдлүүд вэ /залхуурав/. За за товчхон товчхон хариулаа явчнаа.

Ганга: Хэлээд яахуу. Хөдөөнийхний ялгах салгах чадваргүйг далимдуулан хүүхдийг нь оруулж мөнгө саадаг баахан хувийн санхүү, хууль, хэлний сургуулиудыг цэгцэлчүүл тээ. Өөрийн байр ч үгүй, үндсэн багш ч гүй сургуулиуд төрөөс дэмжүүлж төлбөргүй боллоо гээд ямар ашиг байнаа.

Мирус: Алтайн ярилцлагыг сонсоогүй ээ үнэндээ. Даруйхан нэг олж сонсоноо. Мань эр тэхдээ голоор нь хэлдэг ч гоёоор нь хамгаалж чаддаггүй хүн дээ.

Хүү: Эх орны хишгийн үнийн дүнгээр уралдаж байх шиг байна. Ер нь тэгээд сүүлийн үеийн мөнгөн амлалттай сонгуулиуд бидэнд ямар ашиг авчрав. Инфляци ихэсгэж, оочер дугаар нэмэгдүүлж, бөөгнөрөл үүсгэж, гэр бүл салалт гааруулснаас өөр. Жишээ нь, цэцэрлэгийн хүүхдийн мөнгийг төр даадаг болсон нь үнэндээ шал илүүц. Сарын 5600 төгрөг хүүхдийнхээ хоолны мөнгөнд төлж чадахгүй эцэг эх байгаад яах юм? Үнэхээр эмзэг бүлгийнхнийг харж үзэх гэж байгаа бол тэдэнд зориулсан тусгай цэцэрлэг нээгээд тийм айлын хүүхдүүдийг л үнэгүй явуулах хэрэгтэй шд. Одоо бүгд төлбөргүй болсноор орон тоо байхгүй, нэг анги 50-иас дээш хүүхэдтэй,хүүхдийн хоолны орц багассан, хувийн цэцэрлэгүүдийн төлбөр огцом нэмэгдсэн гээд дандаа сөрөг үр дагавартай. Улсын хэмжээнд өчнөөн тэрбумыг үүнд зориулаад хүрэхгүй болохоор нь Азийн сангааас зээл авсан шд, саяхан.

Витнес: Харин тийм. Эхлээд тэтгэлэг зарлаад тэрэндээ хүүхэд сонгож авдаг бол өөр хэрэг, харин орчихсон хүүхдүүдийг сурлагаар жагсаагаад төлбөрөөс хөнгөлнө гэдэг ч... мэдэхгүй ээ.

Алтаргана: Наадах чинь ёстой бичмээр сэдэв байна шүү. Бэлдэж найруулаагүй гэнэтийн юмнаас хүний төрөлх араншин, олж авсан хүмүүжил, аливаад хандах хандлага илэрдэг гэж яг үнэн. Манайхан айгаад байгаа байх өө. Аль аль нь.

Үлмэдэх: Хүмүүсийн чихэнд наалдацтайгаар нэр ус өөрчлөх чинь пиарын нэг арга мөн шүү дээ. Нөгөө "Халтар царайт"-ын Эрвээхэй, Хараацай хоёр шиг. Зүй нь Ребяка, Хорасиа ч юм уу байсан байх. Тэгснээрээ хүмүүст илүү хүрсэн.

Алтанхүү: Төр нийгмийн хамгааллын хэт их ачааллыг үүрч байна. Эзэндээ хүрч байгаа, үр ашгаа өгч байгаа юм ховор л байна. Дээр нь нэмээд боловсролын хариуцлага үүрнэ гэдэг утгагүй л санагдаад байгаа юм даа. Тэгснээс мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг сургалтаа л сайн дэмжиж өгч, чанаржуулмаар юм шиг. Бидний өвөө эмээгийн үеийн одоогийн зах зээлийн нийгэмтэй харьцуулаад сууж байх хэр зөв юм болдоо. За мэдэхгүй, дээрх бол зөвхөн миний л бодол.

Хүү: Өө тэр төрийн сангийн зээллэг чинь сүүлдээ сонгуулийн шоу болж хувираад Төрийн санд байсан бүх диплом нэг шийдвэрээр эзэндээ очсон. Гэтэл дараа нь ажил хийж дипломоо чөлөөлж авахаас төвөгшөөгөөд шууд төлөөд сурсанууд нь цөм хохирсон доо. Үнэгүй боловсрол бол яг л ийм болно гэсэн үг.

Витнес: Тийншд. Үнэхээр чадалтай бол тэтгэлэг авах, урилгаар сурах, нэг компанитай гэрээ байгуулаад тэдний зардлаар сураад төгсөөд ажиллах гэх мэт боломж зөндөө л байна шүү дээ. Хавтгайруулж үнэгүй болгохоос илүү үр дүнтэй арга.

Ука: Санал нийлж байна. Арай өөр байдлаар зохион байгуулж, өрсөлдөөн бий болгох олон л арга зам байна. Манай ерөнхийлөгч яахаараа хамгийн бүдүүлэг, хамгийн хавтгайруулсан, үр ашиг муутайг нь сонгоод байгаа юм бүү мэд. Бодвол масст таалагдах үндсэн зорилго нь илүү жин дараад байгаа юм байлгүй дээ. Түүнээс биш энэ байтугайг л мэддэг хүн шиг санагддаг.

Зоригт-8: Харин тийм шүү. Сүүлийн үеийн сонгуулийн үр дүн нэр дэвшигчийн кампани гэхээсээ сурталчилгааны багийн ажлаас шалтгаалдаг болоод байгаа. Дээрээс нь бас луйврын комбинаци. Тэгэхээр санал өгөх утгагүй ч юм шиг.
Энэ хоёрын рейтинг өссөн буурсаныг урьдчилж тодорхойлох нь их л хэцүү байна даа.

Жавхлан: Хууль, хяналт, хэрэгжилтийн тогтолцоо сайн хөгжсөн бусад оронтой Монголыг харьцуулах болоогүй л болов уу. Өнөөдөр хороо хориноосоо эхлээд бүх юм авлига, танил талын сүлжээгээр явж байна шд. Бидний цөөхөний сул тал ч байж болохын. Ном журмаараа явбал цаг хугацаа, бас гар цайлгах хэмжээний мөнгөөс илүү шаталт хүлээх болдог болохоор тэр. Гэхдээ би дээд сургуулиуд тэтгэлэг зарлаад, тэрэндээ оюутан шалгаруулж авахыг ерөөсөө үгүйсгээгүй.

Үлмэдэх: Шинэ тулгар байтугай өмнө нь эхэлчихээд одоо ч тогтолцоо нь буруу яваа зүйл олон байна. Сайн сурдаг оюутныг урамшуулах нь яах аргагүй зөв. Гэхдээ дүнгээр биш бүтээлээр өрсөлдүүлбэл илүү байх гэж боддог юм. Дүн бол дүн шүү дээ. Хавтгайруулж үнэгүй болгохыг дэмжихгүй байгаа нь зөвхөн миний бодол шүү, хүн болгон адил бодох албагүй.

Үлмэдэх: Уул нь зүгээр л пиарын техник бичье гэж бодсон юмаа, сүүлрүүгээ нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр рүү орчихсон болохоос биш. Хүсэлтийг хүлээн авлаа. Дахиж бичихгүйг бодноо.

Ариука: Харин тиймээ, хүмүүсийн сэтгэлзүй эмзэг байдаг сэдэв дээр тоглож байгаа хэрэг л дээ. "Мэхт мэхэндээ" гэж.

Цаг гаргаж санал, сэтгэлдлээ харамгүй хуваалцсан та нарт баярлалаа. Уул нь товч хариулчий гэж бодсон чинь бас л сунаачиж шүү ккк.