2009/05/21

"Х" имижтэнүүд буюу “Тараг нь танайд үлдэг”

Түрүүчийн бичлэг дээр нэг сэтгэгдэлчин намайг “Чи одоо сонгуулиа болио. Бүр бөөлжис цутгаад бөгс хөндүүрлэчлээ. Цаагуур чинь хуваагдаж улстөржсөн, хуурай агсам тавилцсан сайтууд зөндөө байхад чиний блог дутцан бай даа” гэсэн. Би ч “за тэгье, истоо болъё, бусдаараа бууз хуушуур, бундангийн тамга явий” гээд цамцаа тайлаад, цагаан тугаа өргөчихсөн байгаа. Тэгсэн тэсдэггүй ээ, юу ч ярьсан сонгууль руу хальтирч орчоод. Сурсан юмыг сураар боож болдоггүй, хуссан сахлыг цавуугаар нааж болдоггүй /жоохон худлаа тууцан яг/ гэж. Тэгэхдээ нэрээ бичээгүй тэр хүнд хандаж “Чамд энэ сэтгэлдэл үнэгүй л олдоо биз дээ, надад ч гэсэн энэ блог үнэгүй л олдсон” гэж хэлъаа.

За тэр ч яахав, манай хажуу айлын эгч заримдаа үнэн хөгжилтэй юм яринаа. Бид хоёр хааяа оройн хоолны дараа салхилж яваад таардагийн. Ноднин их хурлын сонгуулийн үеэр мань эгчийнд аав нь ирж л дээ. Хотоос холгүйхэн самгантайгаа саалийн хэдэн үнээ малладаг хөгшин нэг гартаа тавын бидонтой нойтон өрөм, нөгөө гартаа бас тавын бидонтой тараг бариад ирж.

Цай хоол болоод хэсэг сууж байснаа мань эцэг “За Урангоо, танайхан хэнд саналаа өгөх гэж байна даа” гэж гэнэ. Тэгэхээр нь “Ардчиллынханд л өгнө дөө” гэчихэж. Өвгөн тэгтэл янзгүйхэн жишүү харасхийж мод толгойгоо тоншиж сууснаа “Зиа-аа Уранболдындоо /хүүгийнх нь/ очиж хононоо” гээд боссон гэжуга. “Аав та яах нь вэ, маргааш бол л доо” гэж охин нь хориглоод ч, “Би хүргээд өгье” гэж хүргэн нь учирлаад ч дийлээгүй аж. Гөжүүд өвөө нэг тавын бидонтойгоо шүүрэн авч майжигнан гарч явснаа буцаж орж ирэн “тараг нь танайд үлдэг” гэчихээд өрөмтэйгөө сольж аваад гарсан гэсэн. Маргааш нь хөрш эгч надад ярьж, бид хоёр үхтлээ инээлдсэн юм даг.

Би гэхдээ тэр өвөөгөөр аймаар бахархсан. Залуу сайхан явсан үеээ МАХН, төрийн сүлд хоёртойгоо бат холбож, тэр итгэл үнэмшлээ одоо ч хадгалсаар, өдий насалтлаа үзэл бодолдоо үнэнч явна гэдэг үнэлмээр сайхан чанар. Цаг хугацаа улирахын хэрээр бидэнд ийм чанар улам л ховордоод байгаа юм. Одоо бол намд элсэхийн утга учир нь албан тушаал ахих, амбицлах, томчуудад ойртож каръяараа өсгөх... гэх мэт байх даа. Тэрнээс улс орны төлөө зүтгэж, улаан цэнхэр батлахаа өнхөртлөө өвөртөлж явъя гэдэг нь хэд бол. За тэгээд эв нь олдвол намаа сэлгэх, фракцаа солих, хамсаатнаа хөмрөх “агуу” үйлсэд хэзээд бэлхэн, юун яасан үзэл бодлоо өрөм таргаар жигнэх... Хамгийн гол нь улстөрд ч, нийгэмд ч өөрийн гэх имиж тогтоож тэр л маскаар шат гишгүүр хийн дээшээ мацах нь алаг цэнхэр замбуулинд амьд явсны зорилго нь болоод байна.

Санаандгүй, санаатай байдлаар амилдаг энэ имиж гэх төсөөллийг хүмүүс сүүлийн үед улс төрийн зорилгоор чадамгай сайхан ашиглаж байна даа. Зарим нь имижийн эрэлд эцэс төгсгөлгүй хатна, зарим нь зүгээр л гадаад төрх, донж маяг, үг яриагаараа амархаан бүрдүүлчихнэ. Буруу ч юм биш л дээ, угтаа имиж гэдэг хүний төрөлх зан чанар, үндсэн “материал” дээр суурилагдан бий болдог бусдаас ялгарах хэв маяг. Үүнийгээ тодотгохыг хүсвэл хувцаслалт, яриа хөөрөө, үзэл санаа, үйл хөдлөлөөрөө улам баяжуулж боломжит стереотипүүдийг цуглуулах хэрэгтэй юм шиг байгаа юм.

Зиак оршил ч юм шиг, онол ч юм шиг юмаар яахав. Хотол даяараа сонгуулиар амьсгалж, солиорлоор хооллож байгаа энэ мөчид саранд боргох саваагүй нохойн адилаар үе үеийн ерөнхийлөгчийн өөртөө бүрдүүлсэн имиджийг сонирхоё. Хэнд хэрэгтэйм гэж үү. Хэрээ Гомбо л асуугаад байсан шд.

Хээгүй П.Очирбат: Ардчилсан зарчмаар Ерөнхийлөгчөө сонгодог болсноос хойш анхны өндөр сэнтийд заларсан азтай хүн. Азтайгаар барахгүй төрийн институцийн талаар мэдлэг нимгэн байсан монголчуудад Ерөнхийлөгч нь бүх ард түмний бэлэг тэмдэг гэдгийг харуулж чадсан аргатай эр.

Ороо бусгаа нийгэм, шилжилтийн эдийн засгийн ховор тарчиг үед мань эр шиг хээгүй, гүдэсхэн Ерөнхийлөгч сонгогдсон нь улс төрийн оновчтой шийдэл гэхээсээ оюун санаа, сэтгэлзүйн тайвшрал авчирсан өвөрмөц сонголт байсан юм шиг санагддаг. Бүх зүйл төлөвлөгдсөн, үзэл суртлаар хайрцаглагдсан тэр л үед түүний хээгүй имиж олон юманд хэрэг болсон байх.

Очирбат гуайг Ерөнхийлөгч болоод удаагүй байхад гэрт нь хулгай орж л дээ. Шальтай юм алдагдаагүй ч тэрүүхэндээ цэрэг цагдаа болж багагүй сенсааци дэгджээ. Хулгайчийг дор нь илрүүлж чадаагүйдээ бантсан хурандаа “Ерөнхийлөгч өө, танайхаас хэдэн мөнгөн аяга, хөргөгчинд байсан хоёр шотланд виски алга болсон байна” гэсэнд мань хүн “Пээ хайран юм. Мэдсэн бол уучихдаг байж” гэж байсан гэсэн.

Уул нь энэ асуудал Төрийн тэргүүний халдашгүй бүрэн эрхэд халдсан гэдгээрээ үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах ёстой байсан ч Оожий Ерөнхийлөгч юман чинээ тоогоогүй, вискиндээ харамсаад өнгөрчээ. Бас нэг удаа Налайхын уурхайд зочилж хөдөлмөрчидтэй уулзалт хийх үеэрээ “За манай улсын эдийн засаг ... “ гэж ярьж явснаа “Үгүй энэ манай улаан Баяраа суужийна. Яг хэвээрээ байна шүү” гээд л индэр дээрээс аваад хаясан гэсэн. Энэ мэтээр түүний хээгүй имижийг илтгэх жишээ олон бий.

Чухамдаа энэ л имижийн ачаар уул уурхайн мэргэжилтэй түүнээс хэн ч улс төр, эдийн засгийн өндөр мэдлэг, арвин туршлага нэхээгүй. Бас төрийн тэргүүний суудлын төлөө насаараа харьяалагдсан намаа сольсон, газрын баялгаа гарын салаагаар урсгах “Алт” хөтөлбөр санаачилсан зэрэг сөрөг үйлдлээс энэ имиж нь халхалдаг. Нэгэнтээ ёолкны ширээ хараад “тансаг” хэмээн дуу алдах, төрийн ёслолын ганган дээлийн хормойд газрын тос гамгүй нялах зэргийг манай хээгүй Ерөнхийлөгчөөс өөр хэн чадаа билээ.

Хийгүй Н.Багабанди: Монголын түүхэнд хоёронтоо улиран сонгогдож найман жил Ерөнхийлөгчийн өндөр босготой, өргөн баавартай албыг хашсан, ард түмний дунд шулуун онч үгс, шударга үнэний “Крестный отец” болсон эрхэмсэг оршихуй.

Асуудалд бодитой хандаж аливааг миний чиний гэлтгүй голоор нь хэлдэг, хэлсэн болгон нь утга төгс уран цэцэн байхын зэрэгцээ сум мэт хурц, нум мэт хугарашгүй тусдагаараа өөртөө “хийгүй” имиж олж авсан.

Мэдээж үүнд нь цаас сэлт харж барьц алддаггүй, илүү дутуу хөдөлгөөн хийдэггүй чамбай байдал, сэтгэл хөдлөлөө тэр бүр ил гаргадаггүй хямсгардуу төрх нь нэмэрлэсэн байж таараа. Гельдэж янзалсан үс, гялалзсан ботинк, шугам шиг индүүдлэгтэй костюм, чамин зангиатайгаа эхээс төрчихсөн юм шиг л цэмцгэр эр.

Улс төрд ч бас яг энэ зангарагаараа явж ирсэн. Чухамдаа түүнийг Ерөнхийлөгч байх үест 1990 оноос хойшхи МАХН-ын нэр хүнд хамгийн оргил цэгдээ хүрч, олонхийн хүч төвлөрсөн үе гэж ойлгодог. Гэхдээ намынхаа нөхдийг хэлбийж хэтийдэх үед нь зүглүүлж чиглүүлэх үгсийг хатуухан хэлж, чуулганы хуралдаан дээр хүртэл түншээд авдаг л байсан.

МАХН үнэмлэхүй суудалтай он жилүүд дуусах ахуйд 2004 оны УИХ-ын сонгуулийн босгон дээр түүний хэлсэн “Шинэ сонголт хийцгээе”, “Урт шар дээлтээс болгоомжил” зэрэг битүү ёгт үг дарин дээр давс болж, хэвлэлийнхний нэрсэн хороор баяжин улам бүр удирдлагуудын зөрчилд хүргэж байв. Үндсэндээ хоёр дахь бүрэн эрхийнх нь хугацаанд өрсөлдөгч талаас шидсэн чулуу, улс төрийн адраар ниссэн бор шувуу түүний нам доторх байр суурийг ганхуулж эхэлсэн юм.

Ц.Нямдорж гишүүн нэгэнтээ түүнийг нэг хурал дээр “Хийгүй биш хиймэл хүн” хэмээн шазруун баяд зангаар тоншоод авсан удаатай. Юутай ч, энэ хүний улс төр дэх орон зай одоохондоо хумигдмал байгаа ч хийгүй Ерөнхийлөгчийг масс мартаагүй, “Титэм үг” хэмээх эцгийн сургаалаас нь залхаагүй л яваа.

Хийдэг Н.Энхбаяр: Монгол төрийн хамгийн өндөр гурван албан тушаалыг нэгэн биеэр хашсан хоншоортой эр. Үнэндээ түүнээс өөр Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн сэнтийд ээлж дараалан заларсан улстөрч байхгүй. Энэ хүний муу сайныг дэнслэх гэхээсээ имижийг нь тодорхойлох гээд үзье.

Ямар боловч мань хүн “Шашин төрийг хослон баригч”, “Number one”, “Авилгалын загалмайлсан эцэг” гэх мэт нэг нэр, хоёр хочоор баян. Гэхдээ их өр тэглэсэн, мянганы зам барьсан, үдийн цай өгсөн гээд өрсөлдөгчөө бодвол нүдэнд харагдаж, шүдэнд хазагдах зажлууртай. Энэ ч утгаараа “хийдэг” имиж бүрдүүлэхийн төлөө байдгаараа хичээж байгаа мэт санагддаг.

“Хийдэг” имиж нь гэхдээ дандаа сайн сайхан юман дээр яригдаад байдаггүй. Чадалтай залуусыг ашиглаад дараа нь шоронд хийдэг, баруун гар нь болж зүтгэж явсан журмын нөхдөө араар нь “хийдэг”, хууль шүүхийн маапаан гээд төрийн бүх институцийн булхай, сонгуулийн луйврыг өөрийн гараар хийдэг, монголын толгой баячуудын тоонд хүч түрэн орж ирж, боломжтой болгоныг өөрийнхөө авдарт хийдэг гээд саар юман дээр цохиж явах нь ч олонтаа.

Бас өөрийгөө ямар нэг сэжмээр Чингис хаантай холбох гээд чичрээд байдгаар нь хийрхүү имиж ч өгч болох юм. Олон улсын тавцанд танигдаж, танигдаад зогсохгүй хүлээн зөвшөөрөгдөн дэлхийн хэмжээний удирдагч болох нь түүний мөрөөдөл. Энэ мөрөөдөлдөө хүрэхийн тулд харин овоо юм хийж байгаа байх шүү. Зорьсон л бол зам зуурхыг эс тоон зорилгодоо хүрдэг чанар нь түүнийг энэ өндөрлөг рүү чирч гаргасан гэж хүрээлэгчид нь ярьдаг юм байна лээ.

Хошгируулдаг Ц.Элбэгдорж: Монголын түүхэнд хоёр удаа Ерөнхий сайдаар томилогдож, хоёуланд нь хугацаанаасаа өмнө огцорсон сонин намтартай эр. Хоосон яригч, хошгируулагч хэмээх хочыг наснаасаа олон дуулсан тэрбээр “Хэлэх бол хийхийн тал” хэмээх өөрийн зохиосон афоризмдоо үхтэл үнэнч явахаар шийдсэн бололтой. Харвард төгссөн, Хархоринд онхолдсон гээд түүний намтар тэр чигээрээ адал явдал, аймшгийн болон утга уянгын кино ертөнц.

“Монголчууд аа, миний ард түмээн, Чингисүүд ээ” гээд л түүний яриа эхэлнэ. Урсах үг, уран зүйрлэл, содон ишлэл, сонин баримтаараа тэр сонсогчдыг төвөггүй ховсдоно. Түүнийг ярьж байхад үзүүртэй мод хөлөглөж үүлэн дээгүүр хөвж буй лугаа адил сэтгэгдэл төрнө. Харин ярьж дуусахад нь алтан загасны эмгэн шиг өнөөх муу тэвшин дээрээ сууж байдаг. Сайн илтгэдэг байх нь улстөрчийн эзэмших ёстой гол чадвар ч заримдаа хэт амьдралаас тасархай юм ярьж ард түмэнд оноо алддаг.

Түүнийг хоёр дахь удаагаа Ерөнхий сайд байх үед Монголд анх удаа авлигын хэргээр төрийн том албан тушаалтан /Гаалийн Х.Баатар/ хорих ял авсан нь Элбэгээд овоо өндөр очков авчирсан. Даанч яль шалихгүй юмаар оролдож, тогоон дотроо хоронд орж, үгээ олзлуулж, үйлдлээ баллуурдчихдаг гэмтэй. Ямар сайндаа л улс төрийн тавцанд хорин жил хорчийтлоо зүтгэчихээд нэг муу бохинд тонгоруулж байхав. Асуудлын гол нь бохиндоо биш гэдгийг арай л хожуу ойлгож байна даа мань хүн.

Дэндүү дэврүүн, бас бодлогогүй, болчимгүй ч юм шиг алхам хийдэг түүнийг ардчиллаар түрээ барьж Америкийг шүтсэн Хэлбэрдорж хэмээн баалах нь бий. Хэлбэрдэгч болгосон ч, Хэлдэг болгосон ч тэр “Х” имижнээс зайлахгүй болохоор “Хошгируулагч” нь илүү дээр юм шиг санагдаж байна. Хашгируулагч байсандаа ч буруу юу байхав. Ямар ч бай түүний ард ардчилал хэмээх алтаар орлуулашгүй үнэт зүйл оршдог. Бас авилга хэмээх аалзны шүлснээс ангижруулах болов уу гэсэн ард түмний найдлага бий.

Хараад байхнаа манай Ерөнхийлөгч нарт “Х” үсгээр эхэлсэн имиж ихэд ээлтэй бололтой. Ганц хоёр нь гажуудсан байж болох ч үнэнээс нэг их хол зөрөөгүй гэж бодож байна. Тэр нь сайн тэрийг нь дэмжье, энэ нь муу энийг нь бяц даръя гэж байснаас иймэрхүү юмаар зугаацсан шигээ суух нь биед амар, бичихэд хялбар юм.

Сонголт мэргэн байх болтугай.

PS: Би хүнүүсийг муулах бас магтах, хэн нэгнийг доош дээш хийх санаа агуулсангүй. Зүгээр имиж талаас нь харьцуулах гэж үзсэн юм. Ижил төстэй “Х” үсгийг товойлгох гэж оролдлоо. Тэгээд лагууд нь орж ирээд тэмээнээс тэмдэгтэй тэнэг хүүхэн энэ тэр гээд байв аа. Тэгээд байвал тараг ч үгүй
хоцроно гэж мэд.

14 Сэтгэгдэл:

Anonymous said...

Bi negt, juhuu!! Yanziin bichsen bn shuu, uzuurtei mod hulugluud uultei tengert niseed bsan chini harin evderhii tevshteigee suuj bdag genee, hehe. Yaj ingej setgej bnaa. Uneheer gaihaltai. Aa neeree tarag ch tegeed urumnuusuu deer dee, vitamin ihtei, baga tostoi, tegeed bieiin eserguutsel saijruulna ene ter geed hehe. Ulam olon yum bicheerei. Tsul baigaliin avjas duu mini.

artanyan said...

Пөөх энэ яасан тэмээнээс тэмдэгтэй тэнэг тэвчээртэй, тэнхээтэй, тэнэмэл, торлёбуус шиг хүүхэн бээ

Оогий said...

Dawgui bichsen baina shuu. Bagabandi, Ohicrbat 2-iinx iluu taalagdlaa.

ариука said...

хэхэ, Очирбат гуай яадаг байсан гэнэ үү,

Одоо харин аль үеээрээ байгааг харах сонгууль болох байх гэж бодож байгаа,

уншихад сайхан байлаа,

нээрээ Багабанди гуай шинэ сонголт гэж хэлжийсан шүү,

үнэгүй олдсон сэтгэгдэл минь гэж, хэхэ,

Гамп said...

Блог бичээчийг бас Хэнхэг, Хэлэмгий, Хөөрүү гэдийн. Харин намайг Хөөрхөн, Хүнлэг, Хөгжилтэй гэдийн

Fox said...

argagui l setguulch hun shig bichsen baina. bichih aviyasiig burhan chamaas haramlaagui boltoi

Anonymous said...

Er ni goliig ni olood bichjee. Hun bur sain muu taltai. Eronhiilogch hunii muu tal ni uls orond hohirol bagatai, sain tal ni ogooj ihtei baival sain san.

peakfinder said...

Neeree yaj ch hicheegeed hoshuu nemerlehgui bol boldoggui uye baidag daa gesen. Bichseniig chin' unshaad ooroo bichsen yum shig neg ih dodigor bolood yavchihavaa. Ter ovoo ih hoorhon yumaa.

Anonymous said...

Yagaad l uuriiguu temeenees teneg enee teree gedeg ym be dee, unshuurtai saihan bichdeg baij. Haraad bhad ulsturiin talaar chamgui medlegtei, medremjtei busgui ym. Urgeljluuleh l heregtei. Zaaval busad shig baih albagui.

Anand

Idea said...

Үлмэдэх: Юуны өмнө үнэлж, урам өгсөнд их баярлав. Тарагны талаар санал нэг байнаа, гэхдээ л нойтон өрөм талхан дээр түрхэж идэх ч... хэхэ.

Артагнаян: Энэ өөрөө яасан ямаанаас ялгарахуйц, ямбатай, яршигтай, ямбий атуус шиг залуу вэ.

Оогий: Баярлалаа. Харин тэр хоёрын имиж бол бүр загвар болоод хүлээн зөвшөөрөгдчихсөн шүү.

Ариука: хэхэ чи ч хүний блогт сэтгэгдэл бичих хувьтай төрсөн хүн байна шүү.

Гамп: За истоо мэдэхгүйм байнаа, би чамайг Хэрүүлч, Хөгийн, Хөлдүү гэдгээр чинь л мэдэхийн.

Фокс: Баярлалаа. Гэхдээ биелүүлэх, бүтээх гэх мэт илүү чухлыг нь харамласан юм шиг байна лээ.

Үлмэдэх: Уул нь сэтгүүлзүйн үндсэн зарчим нь баланс барих л даа, даанч манайд хэтийдээд байдаг болохоос биш. Ерөнхийлөгчийн зан чанарын талаарх дүгнэлттэй санал нийлж байнаа.

Пийки: хэхэ харин тэхх, тэр өвөөг бодохоор инээд хүрээд, бас хайрлам санагддаг юм. Додигор болоод гарсанд чинь баярлав.

Ананд: Бусдад таалагдах албагүй ч бусадтай адилгүй байх албатай үе бас байдаг юм байна лээ. Баярлалаа.

AntiDotE said...

үзүүртэй мод хөлөглөж үүлэн дээгүүр хөвж буй лугаа адил сэтгэгдэл төрнөө гэвэл ихээхэн л эвгүй мэдрэмж төрөх мэт санагдлаа. за байз магадгүй зарим нэгэн extreme зүйл сонирхогчдод таатай ч байж магадгүй юм диймээ.

nbdrj said...

Zeeeee.....
Heegui Torhtei
Hiigui Titemtei
Hiideg Mehtei
Helzuuldeg Helbertei
nohod yum bizee.
Chi bas donj, jayagiig ni zov zohiruuljee, haha

B.Tumennast said...

Enhbayariin hiideg gedeg ni yag onojee. C.Bayar anh garch irj bhdaa bid helehgui hiine gej bsan. Tegeed helehguigeer ajil ch hiisen bh hulgai ch hiisen bh magadlaltai gej

Anonymous said...

huzuugui hulhi hujaagaas bolgoomjil