2009/12/27

ТОП-10

Пээ... ёолк хэсч ёроолгүй сав шиг идэж ууж, ёртойм шиг дараа нь элгээ эвхрэн, ёолж ёхолсоор явтал юу юугүй шинэ он гарах нь. Арай танагтай дээрээ амжуулаад оны онцлох үйл явдлаас нэрлээтий. Олны жишгээс хоцорчуул тээ, бас л муухай шд. /ёоо толгой, толгой.../

1.Оны ТОП дизайнер
Хамгийн олон өрсөлдөгчтэй энэ номинацид дээрэнгүй дуут, дэрсэн толгойт Соёлмааг түрүүлсэн боджийнуу. Үгүй шүү, сумогийн татамигаас парламентын танхим руу шидэгтлээ “цупаридуулсан” шинэхэн амрагтаа зориулж сар шинийн хувцас урласан дуучин Баясгалан дурайтал шалгарчаад байна наана чинь. Хөвчийн баавгай шиг гоёлдоо түүртээд хөлс нь баахан бурзайсан байсан ч мань Хөхөө-шиг-заан “Манай Баясаа миний хувцасны дизайнераар ажилласын... аанхаа” хэмээн тайван өгүүлж хэвлэлийнхэнд тэвчээрийн хатаа гайхуулав.

2. Оны ТОП гутал
Буш руу шидсэн ирак сэтгүүлчийн гутал биш шүү та минь ээ, тэр чинь өнгөрсөн оны явдал. Энэ жил тэр сэтгүүлч нь өөрөө гутал шидүүлж, өөдөө хаясан чулуу өөрийнх нь толгой дээр буусан нь бүр x сонин биш, ямар манай оронд болсон биш. Ямхын чинээ хүзүүтэй ч яруу уран хоолойтой Элбэгээ ерөнхийлөгчийнхээ гутлыг хэлэх гээд байна би. Мань эр сонгуулийн үеэр халз мэтгэлцээнд орохдоо өрсөлдөгчөөсөө тохой намхан байсан атлаа тамгаа гардаад тангарагаа өргөх үеэр бараг л бараадаад ирсэн нь хэдхэн хоногт суга өссөнийх биш, Итали руу захисан дотроо өндөрлөвчтэй гутлынх нь гавьяа гэсэн. Ёслолын дээлнийхээ даавуунаас хэмнэсэн мөнгөөр өвөл зуны өсгийтэй гутал захиалсныг учир мэдэх хүмүүс өөр хоорондоо ярьж явна лээ. Ингээд “Элбэгээ дарга аа элдэв амлалт тань гутлын өсгийд чинь орчоогүй биз?” гэж асууя даа, яаж зүгээр байхав.

3. Оны ТОП сэлэлт
Улирч буй оны зун улаанбаатарчууд шавхайтай усанд шавайгаа ханатал сэлснээ мартаагүй байх гэж найдъя. Арваад хүний амь авч одсон үерийн гамшигт газрын зөвшөөрөлгүй буусан айл өрхүүдөөс гадна далан дагаж баригдсан байшин барилгууд илүүтэй нэрвэгдсэн нь дан ганц иргэдийн буруу биш, албан тушаалтнуудын авлига шүтсэн хариуцлагагүй үйлдлийн нотолгоо болов. Баар олдож, бассейн цөөдсөн гэлээ ч баастай усандаа дахиж сэлмээргүй л байна шүү, хотын дарга нар аа.

4. Оны ТОП инээмсэглэл
Энэхүү гэгээлэг сайхан номинацид Эрүүл мэндийн хоёр сайд эн тэнцүү өрсөлдөөд бүдүүн сайд нь аргагүй л зангарагаараа түрүүллээ. “ДОХ-ын 52 дахь тохиолдол илэрлээ” хэмээн торомгор нүдээрээ талимааран инээвхийлж суусан дэд сайд Цолмон, “Ерөнхий сайдын бие зөөв зүгээр, маргааш гэхэд л инээгээд ороод ирнэ цаад чинь“ гэх буюу “Сүйдтэй юм алгөө, жаахан ханиад гараа л биз, үсрээл хэдэн хүн үхнэ л биз, сүртэй шд” гэж телевиз дүүрэн инээж байсан Ламбаа сайд хоёрыг харсан хэн хүний цээж уужирч сэтгэл цэлмэсэн нь лавтай. Гахайн ханиад хил давах тэр мөчид хөдөө зугаалж, лааны гэрэлд ламбада бүжиж явсан Ламбаа сайддаа ирэх ондоо санаа нь улам саруулсаж, шанаа нь улам төвийхийн өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье ээ.

5. Оны ТОП хэмжигч
Зиа энэ номинацид экс Ерөнхий сайд С.Баяр тодорч байгаа юм аа. Мань эр эрүүл мэндийн шалтгаанаар албаа өгөхдөө “яг энэ суудлаас тэр индэр хүртэл таван шат байдаг юм байна, буцаад алхахад таван алхам болдог юм байна, за зайгаар хэлбэл таван метр л юм дөө” хэмээн дугуй танхимын хойморийг яс тас тооцоолсноороо гайгүй сайн газар хэмжигч болохоо харууллаа. Таван жил дуншсан Оюутолгойг батлуулчихаад, таван төгөлдөршилөө дутуу үлдээгээд явсан Ерөнхий сайддаа “Биеэ сайн эмчлүүлээд буцаад ирээрэй, тэр хүртлээ Геодизи зурагзүйн газар ажиллаж байна биз” гэсэн чин сэтгэлийн зөвлөгөө өгье өө.

6. Оны ТОП драм
Асуух юу байхав, Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурах ёслолын сценариас өөр юу орхов энд. Төрийн ордондоо бөөн үзэгч оруулж суулгаад, бүх дарга нараа индэрт ирийлгэчихээд дэлхийд данстай ордоо хэдэн канадад шалихгүй нөхцлөөр өгч байхдаа мэхийн ёсолж “Баярын жавхаа” хангинуулдаг сэтгэлийн тэнхээтэй улс манайхаас өөр хаана байхав. Оюутолгойн араас Тавантолгойгоо тавьж туучихаад, Алагтолгойгоо авч үлдэх дүүрчихсэн толгойнууд Монголоор дүүрэн байна даа. Тэр цагт оюунлаг толгой үгүйлэгдэж, 100 сая ам.долларын чек хөөрцөглөн гардаж байсан сайд нар өөртөө “Гашуудлын хөгжим” захиалах вий. Өмнийн говийн үүц өгөөжийн үүдийг нээгээсэй гээд цаг хугацаанд бүгдийг даатгаж үлдээе.

7. Оны ТОП томуу
Дээр хальт дурдагдсан гахайн томуу ч биш, мэр сэр сонсогдож байгаа ямаан томуу ч биш, энэ бол банкны томуу байлаа. Хямралын сураг сонсов уу үгүй юу монголын төр иргэдийн хадгаламжинд яаран сандран баталгаа гаргасан ч хоёрын хоёр банк дуу дуугаа авалцан дампуурч орхив. Аавын хүүг алагчлах дургүй монголчууд харин “Анод”-ын дампуурлыг дор нь зарлаж дарга нарыг нь хорьчихсон мөртлөө “Зоос”-ыг болохоор тойглож төрийн мэдэлд авсан учрыг төдий л сайн ойлголгүй үлдэв. Банк дампууруулсан эзэн өнөө хэр тодорхойгүй байгаа ч магнат Мянгааг гэх яриа хэсэг тархаад намжив. Нэгэн үе залуухан бүсгүйчүүдэд ДОХ тараасан цууны эзэн болж явсан мань эр томууны гол үүсгэгч мөн эсэхийг тогтоодог газар нь тогтооно биз. Юутай ч, бар жилийн босгон дээр банкны барцад арилсан гэж найдъя.

8. Оны ТОП бөөндөлт
Уул нь энэ шалгаруулалтад геометр прогрессоор үржиж байгаа бөө удганууд түрүүлэх байсан ч ардчиллын ойгоор аадар шиг асгарсан одон медалийн сүрэнд дарагдаад юмгүй хоцров. “Орос манай хоёрт л байдаг олон янзын одонг цөөлж, төрийн шагналын нэр хүндийг тэнгэрт өргөнө” хэмээн бөөлж... бишээ амлаж байсан манай Ерөнхийлөгч одонгийн нөөц дуусч, медаль хийх материалгүй болтол шагнал бөөндлөө. Зөвхөн энэ сард л гэхэд гавьяат, алтангадас, хөдөлмөрийн хүндэт медальтан 1200-аар нэмэгдэж, 30 мянган ардчиллын одон эздийнхээ энгэрт гялалзсанаар манай улс нэг хүнд ногдох одон медалийн тоогоор дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрсэн сайхан амжилтаар шинэ оноо угтаж байна.

9. Оны ТОП даруу зан
Ганцхан шөний дотор 76 тэрбумтан төрснөөс харахад Монгол Улс яах аргагүй үсрэнгүй хөгжлийн гоьдрилдоо эргэлт буцалтгүй оржээ. Иргэн баяр бол улс баян гэдэг. Бусад оронд хүмүүс нь гүрийтлээ зүтгэж байж ганц нэгээрээ тэрбумтан болдог бол манайд шууд нэг дор хэдэн арваараа, цөцгийн өнгөтэй байшиндаа нэг шөнө нойргүй хуралдаад л төржийншд. Хамгийн бахархууштай нь мөнгө хүнийг эвддэг гэдэг үг шал худлаа болохыг манай түшээд жинхэнэ утгаар нь харуулав. Тэрбумтан болсны маргаашнаасаа л “Өө энэ чинь миний мэдлийн юм биш ээ, тэхх... ард түмэн та нарын л мөнгө шүү дээ” хэмээн төв хоолойгоор төлөвхөн өгүүлэх нь эрдэмтэй хүн дөлгөөн, эдтэй хүн даруу байдгийн тод жишээ болж байна.

10.Оны ТОП реалити шоу
Хорио цээр гээд үзвэр үйлчилгээ багасаж, үзэж харах юм нь цөөдсөн үү яасан, манай төрийн түшээд ард түмнээрээ даажигнаж, амьд хошин шог үзсэн шигээ оны эцэст ганц сайхан кайф авав. Уйдахаараа л сенсааци дэгдээж, сюрприз барих дуртай манай хэд “Хүүхдийн мөнгөө оноос өмнө аваарай, авахгүй бол хохь нь, дахиж өгөхгүй шүү” хэмээн гэнэтхэн зарлаж, эцэг эхчүүдийг сандаргав. Түргэн авсан хүмүүс хөхөө өвлийн хүйтэнд хөх, ягаан дэвтэр барин харьяа дүүрэг, салбар банкиндаа оочерлон, орилолдон чарлалдаж, олзлолдон тэмцэлдэж түшээддээ жинхэнэ реалити шоугаар хариу барьсан нь картын бараанд алалцаж асан тэртээх өдрүүдийг эрхгүй санагдуулав.

19 Сэтгэгдэл:

Жаагий said...

Хэ хэ гоё бичсэн байна. Топ гутал, Топ хэмжигч хоёр хамгийн сүүпэр нь.

uka said...

Энд тэнд тодруулсан оны шилдэгүүдтэй үйл явдал нь төстэй хэрнээ өлгөж авсан өнцөг, өгүүлэмж нь өвөрмөц болжээ.

Anonymous said...

ай даа, ёстой л үнэн дээ хөөрхий

сайхансанаа said...

хаха сайхан бичиж, баясгалан юу гэнэ үүү хахаха.. тэр сүүлийн хэсэг өрөвдмөөр болоол явчлаа өөрсдийгөөө

A.Амарсайхан said...

Ламбаа ахын инээдэг үнэхээр топ байсан шүү

Buural ahai Galavsai said...

Bi shamaig onii Top besheesheer devshuulev

Arsun said...

Топын топ. Хэхэ.

Od said...

Оны топ инээмсэглэл ч дургүй хүрмээр эд байсан даа

Ганзо нь said...

Инээдэм хүргэж "ханиадам халдаах" сайхан бичлэг болжээ.

Org said...

эмгэнэлийг инээдэм болгох ину, ирээдүй харанхуй болох ану
яанам?

GansukhB said...

Хөгжилтэй юм аа хэхэ,

Шинэ жилийн мэнд хүргэе, ирж буй 2010 ондоо амжилт бүтээл, аз жаргалаар дүүрэн байхыг ерөөе :)

Anonymous said...

Эрхэмсэг блогчин бүсгүй Идейд шинэ оны мэнд хүргэж, амьдралд нь аз жаргал, ажил уран бүтээлд нь өндөр амжилт хүсч, өөрийн чинь ертөнцөөр үе үехэн шагайж, хамтдаа инээж, уурлаж, гунихарч, ёжилж ёгтолж явдаг нэгэн зочноос зүрх гарган анх удаа сэтгэгдэл үлдээж байгааг минь хүлээн авна уу.
Ирж буй он чамд инээд хөөр авчирч, бодол доторх мөрөөдлийг чинь бодитой биелүүлж өгөөсэй гэж ерөөе.

erdenen said...

xexe sonirxoltoi bichxiim

sanakae said...

Шинэ жилийн мэнд хүргэе. Үзэг мүзэг үзүүртэй үг хэл нь хурц байх болтугай Адиа аниа

Anonymous said...

Хундага дүүрэн дарс тэнгэрт оргино
Хуучин он дарс амсахаар тонгойно
Хамгийн тансаг бүхнээ танд дэлгэхээр
Хаалга тогшин шинэ он ирлээ...

Тэрлэнэ гэж ирлэдэг, сэтгэнэ гэж сэтлэдэг дүү охиндоо ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ ЭЭ.

Ц.Б

Navi said...

Идеа-даа шинэ ондоо улам их уран бүтээлтэй байж дутагдал бүхнийг дурайтал нь хурц үгээрээ зурж хүмүүст хүргэж байхыг хүсье. Үнэндээ блогийг чинь унших дуртай ч заримдаа унших дургүй шүү. Инээдээр чимсэн эх орон минь яана даа гэсэн халаглалыг хараад инээх гэж байсан эрүү ам маань инээх ч биш, уйлах ч бишийн хооронд ярвайгаад л үлддэг шүү. Блогийг чинь уншихаараа хүн бүр өөрийн чадахаараа өөрсдийн ажлаараа нийгэмдээ тус хүргэх ёстой юм байна шүү гэсэн санааг бас давхар өгдөгт баярладаг. Би ч гэсэн харийн газраас эрдмийг өвлөх ажлаа тань шиг тултал нь хийнээ.

Шинэ онд уран бүтээлийн өндөр амжилт хүсэхээс гадна хувийн амьдралд тань аж жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Таны блогийн "идэвхтэн" уншигч

Anonymous said...

Энэ блог надад маш их таалагдлаа. Маш сайн бичдэг хүн байна. Амжилт хүсье.
www.blogmn.net/tavantsagarigusa руу минь ганц удаа ч болов "шагаагаарай". @ хаягаа өгч болох уу?
эсвэл soccertuvshee@yahoo.com bichne uu

Anonymous said...

АЙ ХӨӨРХИЙ АЙДАА БҮСГҮЙ АМЬД УУ АЛЬ ЭСВЭЛ БЛОГНООСОО БОГТЛОГДООД АЛГА БОЛСОН УУ, ХАРИУЛЧИХ ХҮН БАЙНА УУ ЭНД

Bolor said...

Сайн уу? Таны бичлэгүүд их таалагдлаа. Тиймээс Цахим.нэтээс зөвхөн танд зориулан урилга илгээж байна. Цахим.нэт сайт маань өнөө цагт дуугай байж чаддаггүй, дутагдлын хажуугаар нүдээ аньж чаддаггүй эрхэм хүндэт блогчиддоо зориулан тэдний богинохон мөртлөө нэгийг бодогдуулах, хатуухан боловч чухамхүү өнөөгийн хэдэн татаасаар бичдэг сэтгүүлчдээс хамаагүй үнэнийг эргэцүүлдэг зурвасхан бичлэгүүдэд зориулж ЗУРВАС БИЧИХ ариухан индер гаргаж байгааг хүлээн авна уу.

Та хэрвээ өөрийн блог бичлэгээ манайд оруулж байхыг хүсвэл tsahim_net@yahoo.com хаягт хандаж блогийн линкээ илгээнэ үү. Бид таны бичих зурваст энэхүү шаардлагыг тавих болно. Үүнд:

• Ямар нэгэн дутагдал, асуудал, булхай зэргийг илчлэх болохоос хэн нэгнийг үг хэлээр дайран доромжлох, худлаа гүтгэх, илт үзэн ядах өнцгөөс бичихийг зөвшөөрөхгүй.
• Бичлэгийн утга санаа нь аливаа нийгэмд, бидний амьдрал дундах проблемийг зөвөөр олж хараад, үүнд дүгнэлт хийж, гарах гарц, зөв шийдлийг санал болгосон байх нь чухал.
• Нийтийн жишгээс гадуур үзэл санаа, шашин шүтлэг, элдэв бизнесийн зар сурталчилгаа оруулахыг тас хориглоно.
• Хэрэв илт манай нийтлэлийн бодлогоос гадуур бичлэг байвал бид зохиогчид нь ямар нэгэн сануулгагүйгээр бичлэгийг хасна гэдгийг сануулж байна.
• Энэ байдал нь давтагдвал Цахим.нэт дээр зурвас бичих эрхийг нь мөн хасах болно.
• Мөн зурвас нь зөвхөн зохиогчийн өөрийнх нь бичлэг байх ёстой. Энд тэндээс хуулсан бичлэг оруулахгүй.

Хүндэтгэсэн,

Цахим Нэтийн хамт олон