2010/12/03

Манайх гэдэг айл...

Манайх гэдэг айл хойтон жилийн өрхийн төсвөө батлах гэж золтой л муу умгар бор гэрээ тараагаад тавьчихгүй. Жилийн жилд л ингэж хэрүүл шуугиан дунд хэдэн тоо шидэлцэж, уйлах нь уйлж, дуулах нь дуулсаар бүр дасал болж дээ. Батлагдангуут анаж байгаад араас нь чулуу нүүлгэж, хэн нь илүү "гэр оронч"-оо харуулах арцалдаан ч жам ёсоороо өрнөж байна.

Ирэх жил талхандаа ямар хольц түрхэхээс эхлээд хэн юу идэж уух, өмсөж хэрэглэх, гэртээ шинээр юу авах, тэр нь яаж ашгаа өгөх, эвдэрч хэмхэрснээ хэрхэн засч тордох болон ойр хавьдаа зарим нэг зам харгуй тавих гээд айл гэрийн амин чухал асуудлыг шийддэг болохоор арга ч үгүй биз. Гэхдээ олох, зарахаа ингэж сүр дуулиантай хэлэлцдэгээрээ бол манайх хэдийнэ баяжиж хөлжөөд үүднээсээ эхлээд өнгө зүсээрээ гайхагддаг баймаар. Гэтэл боддог тооцоо нэмэгдэх тусах бодит амьдрал маань уруудаад л байх юм, хачирхалтай.

Уул нь ч манайх тэгтлээ яахаа алдчихсан, ядуу тарчиг айл биш л дээ. Хөл доор маань баргийн бодь хүний шуналыг хөдөлгөх байгалийн баялаг бий. Бас өрхийнхөө гишүүдээсээ хэдэн зуу дахин илүү толгой мал, өргөн уудам газар байгаа. Баялгаа зарж олсон мөнгөөрөө орон гэрээ өөд нь татаж, хүүхдүүдээ боловсролтой, эрүүл, бас ажилтай байлгаж, үлдсэнийг нь хуримтлуулаад, маргаашийнхаа төлөө зарцуулаад явбал ингэж олны доог тохуу болоод байхаар ч хүмүүс биш. Гэвч аавын маань хэлээд, хийгээд байгаа бүхэн нэг л биш ээ. “Олсоноо иднэ, олоогүйгээ ч иднэ” гээд дайраад байх юм. Уг нь хуримтлал үүсгэхийн тулд олдог зардагаа тэнцүүлж, болж өгвөл орлогоо ахиулж, зарлагаа хумих ёстой биз дээ.

Өрх гэрийг өөд татах бүтээн байгуулалт нэрээр байнга өчнөөн мөнгө зарлагддаг ч энэ гээд харуулчих тоймтой юм бараг үлддэггүй. Хөл хөөрцөг болж оёсон бүрээсээ дахиж цойлдох, эсвэл тендер зарлаж, бөөн урьдчилгаа төлж байж хийлгэсэн гэрийн модоо засч сэлбэх төдийхөнд л дуусчихна. Дараа жил нь дахиад л энэ ажлаа үргэлжлүүлнэ, ийм ч мөнгө, тийм ч зээл хэрэгтэй гэсээр байтал нийт орлогын нэлээд хувь нь явчихна. Зураг төсөлгүй ажилд мөнгө шийдсэн ч байх шиг.

Бас хүүхдүүдээ ажил хийж сургахын оронд аманд нь хоол халбагадаж өгөх нь илүү хүнлэг ч гэж бодно. Хэрдээ хийгээд байгаа хэдийгээ адлаад, амаа хөдөлгөж алгаа тосохоос өөрөөр гийгүүлэхгүй байгаа хэсгээ тордоод байхаар хэн алганы амт үзэн барин ажил хийхийг хүсэх вэ дээ. Энэ жил бүр олдог орлогынхоо дөрөвний нэгийг хүүхдүүддээ тарааж өгөхөөр болчихлоо. Сар бүр бидний халаас руу 21 мянган төгрөг шургуулахын тулд нэг компанитай гэрээ хийх юм даг уу даа. Тэгээд сахалтай хошуугаа дэвсэж, сайртай өвдгөө сөгдөж байгаад ч болов тэр гэрээндээ хүүхдүүддээ амласан мөнгөө тусгуулах юм гэнэ. Нөгөө компани ч үүнийг мэдэж байгаа болохоор ааваас юу ч нэхсэн тэдний дур. “Алтан нарыг аргамжаад аваад ир” гэвэл аав явахаас өөр аргагүй. “Авдран дахь алтыг чинь авааль гэргийтэй чинь хамт авъя” гэсэн ч татгалздаг арга байхгүй.

Учир нь аав гэр дотроо эрх мэдэлтэй болохын тулд бидэнд баруун солгойгүй мөнгө өгч, бага томгүй халамжилж хайцаална гээд амалчихсан. Том ах уул нь сүрхий эсэргүүцэж арай өөр юм ярьж байсан ч албан тушаалын бялуунд нам дарагдаад, баруун суган доогуур нь бат шургачихсан. Одоо тэд бие биедээ дургүй ч хүссэн хүсээгүй тоотой хүснэгтэд толгой холбож, тостой тогоонд хошуу холбож яваа. Тэд орж ирээгүй мөнгийг тарааж, төрөөгүй хүүхдийн хоолноос хумслах мэргэн санаагаа “Ирээдүйгээс зээлэх их аян” хэмээн нэрлэчихээд буй. Ер нь манайхны хамгийн чаддаг ажил нь элдэв чамин нэр томьёо бодож олоод оноож өгөх юм шүү дээ. Сүүлдээ нэг мундаг онол зохиочихсон ч байх шиг. “Зарлага нь орлогоосоо ямагт давж байдаг улс төрийн үзэгдлийг улсын төсөв гэнэ...” гэнэ үү.

Төсөв нь түнтийх тусам түрүүвч нь шолхойгоод байгаа болохоор манайхыг бусад айхтар айлууд өрөвдөнгүй харцаар хараад байдаг юм. Хараад зогсохгүй хааяа сэтгэл гаргаж, зөвлөгөө өгнө. Энэ удаа ч гэсэн танай гэрийн зарлага хэт данхайгаад, олох орлого чинь баталгаагүй болоод байна. Хэрээ мэдэж зарлагаа нэмэхгүй бол багана чинь нурж, бат аргамж чинь тасрах нь байна шүү гээд байхад л гүрийсээр байгаад түүхэндээ байхгүй өндөр алдагдалтай төсөв баталж орхив. Одоо он гарангуут үүнийгээ дахин тодотгох яриа ч байна. Бодвол энэ ажилдаа бас л нэг гоё нэр олж өгөх биз. “Цоорхой цойлдох их аян” ч гэдэг юм уу.

Уул нь манайх гайгүй ардчилсан айл л даа, зарим нэгэнтэй харьцуулахад. Мөнгөө цуглуулаад буцаагаад зарах эрхийг аавд өгөх үү, ахад өгөх үү, эсвэл ээж эзэмших үү гэдгийг дөрвөн жилд нэг удаа санал хурааж шийддэг. Гэтэл хэн ч бай тэр хугацаа ойртох тусам ааш зан нь хувирч, авир нь дэндээд, байтлаасаа бүр тэвдэж өвдөхдөө хэрэглэхээр хадгалдаг хуримтлал руу гар дүрдэг болов. Түүгээр амласан дутуугаа аргалж, ажил хийсэн болж харагдахын тулд үрэн таран хийгээд тавьчихна. Нэхэл дагал болоод ч нэмэргүй, албархаг хэдэн үгээр ам таглаж орхино. “Өмнөх оны мөн үетэй харьцуулахад ДНБ тэд, хэрэглээний сагсанд дахь бараа бүтээгдэхүүний жин тэдээр өсчээ” гэх буюу “бодлогын хүүг нэмсээр үр дүнгийн үзүүлэлт сайжрав, эдийн засаг өсч хөрөнгө оруулалтын хүрээ тэлэв...” гэх мэтээр өөрсдөө ч бараг ойлгодог юм уу гэмээр өвөрмөц сонин хэлээр ярилцана. Эсвэл сугалсан, халаасласнаа далдлах гэсэндээ зориуд тэгж хүүхдүүдээсээ нууж “парольддог” ч юм уу, бүү мэд.

Бид ч гэсэндээ, анх амлаж байхад нь дуртай царайлж, дуу шуу болоогүй мөртлөө одоо аавынхаа алсын хараагүй, үрэлгэн тэнэгийг гайхаж сууна. Хэлсэн тооноосоо хэт бага болохоор л авахгүй гэж цааргалж байгаа болохоос биш мөнгөнд дургүй хэн байхав. Гэхдээ л, аав маань арай илүү ухаалаг байсан бол баялгаа барьцаалж хүүхэд болгондоо долоон шил архины мөнгө өгч байснаас, нийлүүлээд нэг том ажлын байр барьчихаж болох л байсан. Бид нарт амьдралд хүрэлцэх цалинтай, боломжийн ажлын байр хамгаас хэрэгтэй гэдэг өрхийн тэргүүн мэдэхийн дээдээр мэдэж л байх ёстой. Нийлж байгаад мөнгөө бөөнөөрөө авбал ав л гэнэ, тэглээ гэхэд малд зориулах хөрөнгөний хаана нь ч хүрэхгүй юм билээ. Тэгсэн хэрнээ ес эхлээ ч үгүй байхад махны хомсдол яриад л.

Манайх аа гэж... Нэг иймэрхүү сүржин засагтай, даржин төсөвтэй, америк мөрөөдөлтэй, “агаарын” ардчилалтай айл байх. Хэдий болтол ингэж маргаашаа зэсэнд даатгаж, малаа байгальд хариуцуулж, хүүхдүүдээ бэлэн мөнгөнд амтшуулж, хүний тааллаар баялгаа зарж суух бол. Тэгээд нийт зарах мөнгөнийхөө талыг баялаг бүтээдэггүй “контоорын” хүүхдүүдэд зориулаад л. Уул нь гүрийтлээ ажиллаж төлсөн татвар минь утаагүй агаараар амьсгалах эрх, бурхнаас өгсөн баялаг маань үр хүүхдийн минь чөлөөтэй гишгэх газар, аюулгүй амьдрах “вийз” болдог бол сайхан аа.

9 Сэтгэгдэл:

uka said...

мөн ч их хүлээлээ дэээ... гэж хэлээрэй гсн :)

сайхан санаа said...

сёайхаан сайхан хэлээд явчиж. .. одоо тэгээд ажилсаг хүүхдүүд нь хүртэл амаа тосох хандлагатай болоод эхэлж байна ш дээ

peakfinder said...

Яах аргагүй тийм л айл болчихоод байна даа. Яамаар ч юм, хүүхдүүд л дараа сонгуульд саналаа өгөхдөө тун хашир байхгүй бол...

Galzuudleo said...

нийгэмдээ өгөөжгүй бизнесмэн ард түмэндээ хайргүй улс төрчид... үндсээр нь солих юмсан...

Arsun said...

Ингэж болохгүй гэдгийг бүгд л мэдэж байгаа даа уул нь.

www.gegeen.com said...

hehe, aaviig davraaj l baidag. ah duu nar joohon sergelen baiyaa. dandaa darluuljaahiin

Anonymous said...

sain u? bi czamtai 2 jiliin Holland aas geed xolboo barij baisan xvn bainaa, daxiad l mial xayagiig czini oldogguiee. xolbogdooroi. tuya25@yahoo.com bayarlalaa

Anonymous said...

sain baina u? bi oortei czini Hollandaas xolboo barij baisan xvn bnaa, xayagiig czini oldogguiee, xolbogdooroi. tuyaw25@yahoo.com. bayarlalaa

avidushka said...

odoo tegeed yahiin bee, bag omsoj bgaad bygdiig ni buudaad buudaad haydiin bilyy,