2011/01/04

Мартагнуулахгүй байх мянган арга

/егөө нийтлэл/
Шинэ мянганы хоёр дахь аравны анхдугаар оны ажлын долоо хоног эхэллээ. Сонгодог тооллоор биш сонгуулийн утгаар нь харвал энэ чинь манайхны хувьд алдахын аргагүй алтан жил шүү дээ. Ялангуяа энхрий хайрт эрхэм улстөрчид маань тойргоо гэнэт санаж, тойглож торддог ид үе. Гурван жил гуларснаа цайруулах гэж гурил будаахан барьж гүйх хариуцлагатай мөчүүд.

Тиймээс энэ “өндөр” жилийг хэрхэн ашиглах, сонгогчдынхоо алдарсан итгэлийг сэргээж, сонгууль хүртэл анхаарлынх нь төвөөс арчигдчихгүй байх хэд гурван зөвлөмж хэлхмээр санагдлаа. Ер нь бол надтай, надгүй эхэлчихсэн байгаа л даа. Наад зах нь байгаа ганц парламентын танхимаа тайз болгож, товойж тодрохын тулд цусгүй тулж, дэглэлтгүй жүжиглэдэг хүн борооны дараах мөөг шиг олширч байна. “Айл бүхэнд бөө” үндэсний хөтөлбөр хажууд нь юу ч биш. Мань гишүүд ямар ч асуудал хэлэлцсэн аль болох чанга дуугаар “ард түмэн” гэдэг үгийг олонтаа давтаж, цээжээ дэлдэх үндсэн ганц аргатай. Хэдий чинээ “ард түмэн хохирч байна”, “муусайн хужаа гаралтай хулгайчууд” гэж орилж хашгирч, харааж загнана, төдий чинээ телевизийн дуранд өртөж, ард түмэндээ амьд мэнд яваагаа мэдрүүлэх боломж олдоно. Түүнээс биш улс оронд хэрэгтэй юм ярьж байна уу үгүй юу, бодлого шийдвэр бодит амьдралд ач тусаа өгөх үү үгүй юү гэдэг юу нь сонин байхав. Яавал дахин сонгогдох вэ гэсэн амин чухал асуудал тулчихаад байхад юун тийм дэмий юманд цагаа үрж, биеэ чилээх...

За тэгээд, “нөлөөтэй нэгэн рүү ноцох” тактик бол санаа нь хуучирсан ч саваа нь байгаа онодог л эд. Тээр жил хэрүүлч заргачаар имиж бүрдүүлэх хүсэлтэй нэг гишүүн хэнхэг егзөгөөрөө алдартай нэгэн сайд руу ноцож ноолсны хүчинд овоо нэрд гараад авсан. Дараахан нь “тагнуулч гүтгэгч хоёр”-ын тас тэврэлдэн золгож байгаа зураг хэвлэлийн хуудсуудыг хэсэгтээ чимэх шив. Тэрнээс хойш энэ аргыг “гүндалайдах” гэдэг болсон бөгөөд нэлээн хэдэн улстөрч хэрэглээд ашиг шимийг нь хүртээд байгаа. Араас нь “сангарагчаадах”, “шинэбаярдах” гэх мэт үр дүнтэй, өргөн далайцтай аргууд ч гарч ирсээр.

Эдгээрээс “шинэбаярдах” хэмээх шинэ үзэгдэл илүүтэй моодонд орж байна. “Хамаг Монголын амьдралыг хулгайлагчдын сүлжээг устгах тунхаг” гаргаж, Монгол орноо авлигач бирдүүдээс ангижруулахаар зориг шулуудсан Дорнодын халуун цуст буриад хөвүүнийг өнөөдөр гудамжны нохой ч андахгүй болсон. Хүчгүй, хүчтэй хоёр тулалдвал хүмүүс хүссэн хүсээгүй хүчгүйнх нь талд ордог. Энэ зүй тогтлыг чадмаг ашигласан манай гишүүн урьд нь хэн ч танихгүй нэгэн байсан бол МАН-ын зардлаар хэдхэн сарын дотор олны танил, од түшээ болж орхив. Амжилтад нь атаархаж хорссон эргэн тойрныхон нь одоо зөв ч бай, буруу ч бай аливаа юмны цөөнх болохыг хичээх болсон бөгөөд юм л бол “бууриа сахиж үлдэнэ” гээд цахдаад хэвтчих жишээтэй.

Цаашлаад нам нэгтнээ ч юм уу, нутаг нэгтнээ огцруулах өргөх бичиг энэ тэр үйлдэж, ийш тийш нь илгээвэл их л шударга, зөв хүн болж харагддаг юм билээ. Гэхдээ мэдээж хэн ч биш нэгнийг бус аль болох алдар нь түгж яваа, хийсэн юмтай хэлэх үгтэй хүнийг онилдог юм шүү. Шалтаг шалтгаан нь ямар ч байж болно. “Багахан шиг хамраа сөхөөрэй, хариуцлага тооцно шүү” гэж Д.Зоригт сайдыг заналхийлээд байгаа харьяа нэгт, хацар гоо гишүүнийг харсан ч.

Заавал ингэж асуудлыг хүндрүүлэх албагүй л дээ. Арай хөнгөхөн, авсаархан аргууд бас байж л байна. Захаас нь хэлэхэд “зангиагүй уулзалт”-ын зүсийг жаахан хувиргаад нэр хүндээ өргөж болж байна. Сар шинэ дөхөж байгааг хэлэх үү, “дээлтэй уулзалт”, “хөөрөгтэй яриа” юу эс байж болохов. Эсвэл эсрэгээрээ, цамцгүй, өмдгүй уулзалт ч хийж болох юм. Сайхан хээ шаагүй, билэг танхай монгол эр л байгаа биз. Ийм хүнд чинь итгэл үзүүлэхэд болохгүй нь юу байх вэ дээ. Улс төрийн зориг гэдэг чинь хувь хүний зүрх сэтгэлээс ихээхэн хамаардаг биз дээ.

Саяхан нэг гишүүн сэтгүүлчдийг гэртээ цуглуулаад эхнэрээрээ хоол хийлгэж дайлсан сурагтай байна лээ. Телевизийн хэдэд микрофоных нь оронд шүүр бариулж гэрээ цэвэрлүүлж ч болох юм. Тэгвэл бас л хөөрхөн менежмэнт. Нэр хүндээ өсгөхийн тулд шинэлэг юм сэдэж, тэр хэрээр сэтгүүлчид, ард түмэн чинь дэмжинэ шүү дээ.

Ерөнхийлөгч маань хоёр оны заагт стакантай сүү барьж, айл болгоны хоймор залрана лээ. Та ч бас юугаараа дутах вэ, хултай айраг тэврээд суваг болгоноор зэрэг гарч болох юм. Илүү уламжлал үнэртүүлсэн, үндсэрхэг харагдана уу л гэхээс муудахгүй. Тэгээд “үүнээс цааш миний урдах тагшинд зөвхөн айраг л байна” гэж мэдэгдэл хийгээд л. Архидалтыг бууруулахын тулд юу хийвэл зохилтой, өмнөх жилүүдийн үр дүн, алдаа оноо юу байна гэж толгойгоо гашилгаснаас л хамаагүй дээр.

Удахгүй сар шинийн баяр болно. Обама талархлын баяраар цацагт хяруул өршөөж оноо авсан бол та битүүний орой ууцны хонийг суллаж, бэлчээрт нь тавин, ямар их энэрэнгүй хүн болохоо харуулж болно. Эсвэл Чилийн Ерөнхийлөгчөөс санаа авч Налайхын уурхай дээр очиж, нүүрсчдийг нүхнээс улаан гараараа татаж гаргаж болно, ор хүрэлцэхгүй байгаа төрөх тасагт очиж хувийнхаа зардлаар хандивласан орон дээрээ хүүхэд эх барьж авсан ч яадаг юм, нэр хүнд л өсч байвал.

Өөр нэг шинэлэг атлаа ухаалаг арга байна аа. Хүн бүхний анхаарахаас аргагүй сэдвээр Ерөнхий сайдад асуулга тавих. “Улаанбаатар яг хэзээ утаанаас салах вэ”, “Хүн болгоныг сая төгрөгийн цалинтай болгоход юу нь болохгүй байна”, “Үгүй тэр 1,5 саяаа шинийн нэгэнд бөөнөөр нь өгчихье л дөө” гэх мэт. Ард түмнээ бодсон хурц хурц асуулга тавиад л, хариуг нь аль болох ойр ойрхон нэхэх нь ашигтай. Ингэхдээ хэвлэлийнхэн хэр олон байгааг бодолцох нь зөв шүү. Камер луу эгцэлж харж байгаад эр хонгор дуугаар “Муусайн юмнууд ард түмний баялгийг хувааж идэх гэж улайраад асуулгад ч хариу өгөх завгүй байна. Би уул нь ийм юм асуусан юм, үүнийг л эн түрүүнд шийдмээр байх юм” гэж үнэн голоосоо бухимдсан царай гаргах хэрэгтэй.

Румыны нэг сэтгүүлч парламентын ордны дээд асраас эрх баригчдын ширээ рүү үсэрсэн явдал оны өмнөхөн гарсан. Танд ч бас энэ санааг овжиноор ашиглах нь нээлттэй. Гэхдээ өөрөө тэр ширээн дээр сууж байгаа гэдгээ санаарай. Тиймээс сэтгүүлчид рүү дүүлдэг ч юм уу, монгол хөрсөн дээр нутагшуулах нэг арга бодоорой. Гутал хувцсаа тайлж шидэж онигоо болов оо, тэр чинь аль уржнангийн сенсаац шүү.

Энэ мэтээр улстөрчийн зориг гаргаж чадвал эхэлж санаачилж хийсэн эрхэм гишүүн од болох арга хэрэгсэл бишгүй л байна даг. Хамгийн гол нь, зохиож байгаа ажил чинь таныг аль болох эх оронч харагдуулах, нэрэн дээрээ ач холбогдол өгсөн л байх ёстой. Түүнээс биш агуулга нь юу байх нь чухал биш. Угаасаа хувийн тоглолт гэдэг чинь өөрийгөө тодотгох л үндсэн зорилготой болохоос үр дүн энэ тэр бол жижиг асуудал.
За ингээд, архаг болон шинэхэн улстөрчиддөө амжуулж дуусгах олон ажилд нь амжилт хүсч, арвижин нэмэгдэх ашиг орлогод нь даллага нэмж, дараа жилийн сонгуулиар дахин сонгогдохын өлзийтэй ерөөл дэвшүүлье ээ.

12 Сэтгэгдэл:

Бум said...

Ха ха чи нээрээ алнаа. Одоо цаадуул чинь чинийхээс өөр арга олох гэж зовох нь дээ.

Anonymous said...

Таны аргаар улс төрд хувийн тоглолт хйиж туршиж үздэг юм билүү. Хөгжилтэй л юм. Агуулга бол сонин биш тээ, :)

Unknown said...

Ха ха. Хөгжилтэй бас үнэн. Амжилт хүсье!

Anonymous said...

Сайн уу Э.Адъяасүрэн

http://sonin.mn/?p=108787

ENZO said...

Ингэж бичиж сурах юмсан харж баясахаас сонирхолтой байхдаа.

Javkhlan said...

haha neeree ch odoo uadahgui enenees iluu yumnuud bolno doo.

uka said...

Хонь өршөөдөг ч сайхан арга байна шүү. Аа бас наадмаар хуушуурны ямаа өршөөж коокорч болхын байна хэхэ

Anonymous said...

"Их хурлын гишүүн болохын тулд галзуу байх хэрэгтэй юмуу?" гээд онигоо байдаг даа. Онигоо байхаа больсон цаг юмдагуудаа

Gunba R. said...

saihan bichijee.

Барбагш нар нь said...

Za alaaychjee. Idea irelheg huuhen shuu chi. Bichsen ar halhyn artgaa.

Anonymous said...

He he, neeree aihtar yum bolj ehleh bhdaa udaghui, chaaduul chin ichij ulaalgui sanaa abch medeh l uls shuu gej...

saihan sanaa said...

вуууа хахаха... сайхан бичиж.. энийгээ гарын авлага болгоол 76 хувь хэвлээд тавьчуул ч хахаха