2011/02/13

Өвлийн охин

Цас орох тусам царай орно. Хүйтэнд тэгтлээ үл ажрах хөвч тайгад төрсөн үү гэлтэй. Дугуй бор царайд нь мишээл тодорч, лавсах ширхэгийг алган дээрээ тогтоон удаан ажиглаж зогсдог хүүхэд зан нь яг хэвээрээ. Өөрөө жихүүцэн алхдаг ч өвөлд татагддаг нь өөрчлөгдөх янзгүй.

Дэггүй занг нь өвлөсөн дэгдээхэй охины өмнө хариуцлага үүрэх насанд хэдийнэ хүрчихсэн хэрнээ өвөл дөхөхөд юунд ч юм хөгжинө. Цас хаялахыг мөрөөсч, цайран харагдах тэртээх уулсын тэргүүнийг үе үе ширтэнэ. Наадаж өнждөг мөсөн талбай нь дурсамж болж, найзалж өссөн цагаан тэшүүр нь таарахаа больсон ч өвөлд дуртай. Том том цасан ширхэг будрах тусам сэтгэл нь тогтож ядан, утаатай хотод биш уужим алсад тэмүүлнэ.

Цас орсны маргаашт илүүтэй дурлана. Часхийх жавар хацар хайрахыг ч үл тоон өсгийн дор чихрах чимээг сонсонгоо, өд шиг бутрах цасыг ажингаа өөөрийгөө чагнан ганцаар алхах дуртай. Хаврыг хавсаргатай гэж, зуныг аагим гэж, намрыг хайлан гэж чамладаг хэрнээ өвлийг тэсгим гэж хэзээ ч халширдаггүй.

Цан цохисон моддын мөчрөөс шувууд дэрхийн нисэх, цас мөсний хэлтэрхийнүүд цонхонд угалз татуулан хөлдөх, цасанд ойн гялтганах нарны элч муутай судлууд ... цаашлаад, тэр бүр анзаардаггүй юм бүхэн өвлөөр цаанаа нэг өнгөлөг... Өөр олон өнгө холилдолгүй өвч цагаан болохоор өвөлд дуртай ч байж болох.

Гутлаа нэвтэртэл гулгадаг балчир ахуй нь алсалж буй ч, гучтай бүсгүйн сэтгэл үе үехэн нялхарна. Өнөөдрийн дараа маргааш болохгүй юм шиг, өвөл дуусаад хавар ирэхгүй юм шиг ханзрах цасанд нэвчин уусмаар хааяахан хачин жигтэй санааширна. Толгой гашилгах юмс бишгүй л байх, тогтож, үл анзаарахыг хичээх. Тортогт харлаад цас царай алдах ч тоож түүнийг даган гонсойхыг хүсэхгүй...

Цасны үнэр.... нэг тийм, үгээр хэлшгүй, бас юутай ч үл зүйрлэм. Магад гуниг тийм үнэртэй байх. Өнө эртний гуниг шинэхэн дурлалаар сэлбэгдэж, өнгө өнгийн бодрол зүрх тойрон бүжихэд өрцөн цаанаас цасны үнэр сэнхийх шиг... нэг тийм сонин мэдрэмж төрнө.

Харин өвөл дуусахад оргилж байсан тэмүүлэл, оршиж байсан гуниг цастай хамт хайлж одно. Яг л хорьтой залуугийн дурлал шиг гэгээхэн атлаа богинохон...



10 Сэтгэгдэл:

anu said...

ёоо үнэн сакымаа даан ч өвөл дүүсахжына зун л уншиж өвлөө санан дурсхаас ккк

Баярхүү said...

Өмнөд туйлд очиж амьдар!

ЗОРИГТ8 said...

янзтай... хэлхээс цааш...

Bum said...

Гуниг цасны үнэртэй. Сонин зүйрлэл бна. Хайлах учраас тэр байх. Гучтай бүсгүйтэй холбоотой ч юм уу

Arsun said...

Аагим халуун,тэсгим хүйтэн, гоё шүү.

uka said...

Цас... гуниг... дурлал... энэ гурав нийлэхээр ямар гэгэлгэн болдог бол?

bluefire said...

taalagdlaa ;>

ZAYA said...

Цас лавсах, гоё шүү нээрээ, хэн ч байсан нэг тийм санааширдаг болов уу даа.

Idea said...

Ану: халууцахаараа уншина гээд хөргөгчиндөө хийх гээд байна уу гүй ёо?

Баярхүү: юу гэж хүн хөөгөөд байгаан

Наймдугаар Богд Зоригт: Хэлхээс цааш үргэлжлэх үү гэж үү? конец фийлмаа байх өө.

Бум: Гуниг цас шиг хайлаад алга болчдог бол гоё тээ? Даанч дараа жил нь бүр шинээр, нэвсийтэл дарна гэхээр...

Арсун: Монгол орон нь жилийн дөрвөн улиралтай, эрс тэс уур амьсгалтай... гээл цээжилдэг байсан үе санаанд орчлоо хэхэ

Ука: цагаан, улаан, шар гурав холилдоод ямар өнгө гарах бол. Би нээрээ гунигийг шар өнгөөр төсөөлөөд байдаг шд, навчны шараар...

Bluefire: Баярлалаа.

Заяа: харин тийм ээ, хэчнээн прагматик хүн байлаа ч ядаж өвлийн шинэ гутал авахынсан гэж бодох биз.

puuj said...

Bi ch bas tsas orohod durtai bailaa.Getel 2 doloo honogii omno 70 cm tsas orood tsasand ogson setgeliig mini nevsiitel dardag baina sh dee.Bolii odoo,boroogoo l