2011/02/01

Hi, Туулай!!!

Зээ... Морилон ирж буй молтогчин туулай, биш ээ бэртэгчин туулай... /ингэхэд илбэчин... эсвэл рекетчин туулай... ч гэсэн яадын, юун яасан илжиг/ жилийн мэндийг нийт ард түмэндээ нижгэр сэтгэлээр хүргэе ээ.

Улстөрчид тойргоо, дуучид үзэгчдээ, буузчид захиалагчдаа ард түмэн гэж томруулж байхад би яахлаараа блогоор зочлогсдоо тэгж болдоггүй ийн, угаасаа энэ үгийг тэдээс дээш масстай юманд ашиглана энтэр гсн хууль байгаа биш, тийм биз дээ? тийм шүү дээ! Боролдойг чи сана л даа, мангасыг дарсан...гээл далийгаа наассс.

Тэгээд туулай жилийн ерөнхий зурлагыг өөрөө өөртөө зориулж зурий гэж бодлоо л доо. Алийн болгон тэр ч биш, энэ ч биш хүнээсээр зуруулж байх уу хэмээн гэнэтийн ухаарлаар гэгээрсэн дээрээ туулай гэдэг амьтныхаа нийтлэг шинжээр айсуй жилийг андаад тандаад явчий.

За, туулай бол юуны өмнө дэлдэн чихтэй гэдгийг та бүхэн сайн санаж байгаа байх. Энэхүү сонор чихний өндөр үелзлийг судалснаар хүн төрөлхтөн шугаман болон тавган антень хийсэн түүхтэй. Иймээс ирж буй ондоо хол ойрын хов живийг алдахгүй, ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг удаашруулахгүй байх талаар асар анхаарууштайг илтгэж байна. Үндэс ургамал мэтхэнээр хооллодог энэ амьтнаас үлэмж суралцууштай гэдгийг ч санууштай.

Улмаар, дээр дээр дэгддэг байдлаас нь харахад аруун нэгэн он бол хөдөлгөөний дутагдалтай тэмцэх жил бөгөөд зориудын болон зохиомол хөдөлгөөнөөр зогсоо зайгүй занималдах хэрэгтэй гэсэн үгиймаа.

Бидний сэтгэлд хамгийн хоногшсон туулай бол ну пагадийгийн туулай бөгөөд ну нь чоно юм уу, пагадий нь чоно юм уу гэдэг асуудал одоог хүртэл эрдэмтэн мэргэдийн дунд маргаан дагуулсаар ирсэн. Иймээс миний бие маргааныг эцэслэх үүднээс, эдгээр нэр нь чононд ямар ч хамаагүй, харин бүхэлдээ туулайны ник нэйм, мессенжэр ай ди байх магадлалтай болохыг дэвшүүлэн тавьжийнаа.

Тэхдээ туулай бол чонотой ямар нэг сэжмээр заавал холбогдох учиртай бөгөөд чоно, туулай, идеа, чаапий дөрвөөс хаях юм байхгүй гэдэг утгаараа уялдаж болох юм аа. Дэлдгэрийн хорголыг л гэхэд дайны үед ороож татдаг байснаас энэ амьтан хүнд хэцүү цаг үед монголчуудын аминд хэрхэн орж байсныг харж болно. Орчин үед энэнээс нано технологийн тусламжтайгаар хөлс дарагч гаргаж болох талаар судалгаа хийгдэж буйг дашрамд дурдах хэрэгтэй болов уу.

Туулайн зүрх нь бусад амьтныхаас хурдан цохилдог нь уг амьтныг зориг зүрх муутай болгон харагдуулдаг. Амьтнаас зугтахдаа бут бараагддаг учир монголчууд дэрс бутны ёроолд үлдсэн цасыг туулайдас гэдэг. Энэ бүхэн нь олноо өргөгдсөн аруун нэгэн онд өндөр ойнууд давхцах бөгөөд олон хүн цугларсан газар амиа хоохойлж, айж явахад аминд өлзийтэй болохыг өгүүлж байна.

Туулайнаас ялгарах өвөрмөц үнэр нь уушгинд сайн гэгддэг, тиймээс агаарын бохирдлыг бууруулах зорилгоор өрх бүр туулай тэжээх зарлиг гаргаж өгөхийг төрийн тэргүүнд уламжлахад таатай байна.

Мэдээж аливаа жилд сөрөг тал бий. Жишээ нь шүдний эмч нар дорсгой шүдэнд дайн зарласан учир үүдэн шүдээ өмгөөлж явах нигууртай. Туулайн арьсан шубаар гангарагсдад хандаж хэлэхэд, ан амьтныг хамгаалах нийгэмлэгийнхэн энэ жил нэлээд бодитой ажиллаж, ирэх жилийн сонгуулийн шоугаа дорвитой хийнэ гэснийг дуулгахгүй бол хүн чанаргүй хэрэг болох юм. Хувийн зурхай нэг иймэрхүү, хувьсгалын зурхайг зав зай гарч, од гараг эрхшээвэл зурамз.

Миний хувьд, бар жил балаг ихтэй ч барцад багатай улирч байна. Сурч гавихгүй ч ном сонсч, ууж шалихгүй ч пиав эргүүлж, бүжиглэж чадахгүй ч диско хэсч, бүтээж ялихгүй ч цаас цоохорлож.... Хорьтой юм шиг дэгэлзэж, хол ойргүй тэнүүчилж, дурсах зүйл элбэгтэй, дуулиантайхан шиг цагаан барыг цаашлуулж буйдаа баяртай байна.

Ийгээд, ирж буй рекэтчин туулай жилдээ хотлоороо хор найруулж, бултаараа бут авч, даагандаа далавч давкарлаж, бяруундаа булдруу ургуулж, алт мөнгө авдраараа халгиулж, амжилт бүтээл өврөөрөө цалгиулж явахын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөе өө.

11 Сэтгэгдэл:

ЗОРИГТ8 said...

зэээ... мэндэээ

Amgaa said...

Сар шинэдээ сайхан шинэлээрэй

www.ulemj.com said...

Сайхан шинэлээрэй эээээ

puuj said...

Туулай жилийн зурхайд автуус унаагаар үнэгүй үлчлүүлэхэд асуудал гарахгүй машид сайн гэснийг таанууст уламжилахад таатай байнаа.Буузанд пологтож ууцанд хахалгүй бултаараа сайхан шинэлээрэй.

uka said...

Алиа зантай, адтай бүсгүйд сар шинийн мэнд хүргэе, сайхан шинэлээрэй.

Галавсай said...

Дэлхий дээгүүр дэгдээд байж дээ хэдүүлээ...

Anonymous said...

idea, сайхан шинэлээрэй.туулай жил чинийх байгээ

SODON MONGOL said...

энэ жил лууван их гүйлгээтэй байх нь дээ , сар шинэдээ сайхан шинэлээрэй та минь

Anonymous said...

Сайхан шинэлж явна уу, хонгор бүсгүй минь! Төмөр туулай жилд юу санасан есөн цагаан хүсэл болгон чинь биелж, үг үнэн, үзэг хурц, үйлс арвин яваарай.

ЦБ

Arsun said...

Сар шинийн мэнд хүргэе.

Мика /美香/ said...

Туулайны тухай овоо мэдээлэл олж авлаа. Жилд эхлэхэд мэдлэг олсных жилжингээ мэдлэгээр занималднаа.