2011/05/19

Зодоон

Эд эс бүрийг минь тэжээж тэтгэж байдаг эрх мэдэл, үүрэг хариуцлага бүхий чухал хоёр эрхтэн яван явсаар нэгэн биед багтаж шингэхгүй дээрээ тулах нь.

Таарч тохирохоо больсон тархи зүрх хоёрын зөрчилд энэ бие ядарч, эцэж цуцан сульдана. Зүрх зоргоороо аашилж, судасны лугшилтаас зөрж цохилно. Аль л болохгүй бүтэхгүй рүү тэмүүлж амар заяа үл үзүүлнэ. Хорих тусам булгилж ховдолоосоо хальж дэлсэнэ. Тархи түүнийг тогтоон барих гэж тамаа цайж, тамир нь барагдаад ирэхээрээ "ухамсар"-аас тусламж хүснэ. Хариуд нь зүрх зогсохоороо айлган, хэнхдэгээ цохихдоо хэм алдана.

Өрөвдөн нигүүлсэж, ойлгон хайрлах сэтгэлийг үзэн ядалт, өшөө хорсол болгочихгүйн тулд зүрх байдгаараа тэлчилнэ. Өрөөлийн өнгөрсөн үйлдэлд биш өнөөгийн хандлагад эгдүүцнэ. Тархи түүнийг тайвшруулж, "одоо болноо, орхи" гэж мянгантаа үглэвч нэмэргүй. Зүггүйтэж яваад олсон шархандаа зүрх хөндүүрхэн эмзэглэсээр. Тархи тамтагаа барж, зүрхийг зөнд нь хаях гэж үзнэ. Гэвч ганцаардаж өнчрөхдөө гарцаагүй санаа тавих буюу заримдаа зэмлэн буруушаана.

Дурын нэгнийг дургиулж, давах босго, савах хаалгагүй явсаны чинь гор хэмээн тархи хааяа хатуурхана. Уураг тархи чи тийм л ухаантай юм бол урьдчилж сануулж, унахаас аврах чинь яалаа хэмээн зүрх зөрүүлээд ам асууна. Тэгээд л зодоон эхэлнэ, тэдний тэмцэлдээнд тэсэхийн аргагүй шархиран өвдсөндөө эзэн ялархаж, чаддагаараа гоморхлын нулимс мэтгэнэ. Зангиран бөмбөрөх нулимсыг завсаргүй нэрж залхсандаа нүд бас эгдүүцэн бухимдана.

Огло харайн хэлбэлзэх зүрхний хэмнэлийг гүйцэж чадахгүй болохоор тархи шаралхаж, яах учраа олж ядан янгинан өвдөнө. Ёс суртахуун, хэм хэмжээ ярин номчирхох тархинд өширхөж зүрх зогсоо зайгүй үсчинэ. Зөрүүдхэн энэ бие зүрх тархи хоёрынхоо алийг нь дагахаа мэдэхгүй, салаа зам дээр санаашран зогсоно. Зүрхээ дагаж зөндөө тэнэг үйлдэл хийсэн одоо болъё, тархиа дагаж там шиг мэдрэмжийг дотроо ганцаар оршуулсан, одоо болно. Тархи зүрхний зодооныг таслах цаг болжээ. Чухам яаж...

Зүгээр л чөлөөл. Уучлаад уужир. Яг л орсон бороо татардаг шиг, хурсан үүл сарнидаг шиг уйт бодол, улигт шаналлыг үлдэн хөөгөөд өөрийгөө амирлангуй хайраар шагна. Өрөөлийг орон зайд нь үлдээ. Зүрхнээсээ “адреналины гуниг”-ийг авч хаяад, тархинаасаа амттай дурсамжийг нэгбүрчлэн арч. Тэгээд сэтгэлээ алгуурхан чагна. Солгой хэмнэл үл сонсогдож, сондгой зураас эс үзэгдэнэ. Зодоон дуусч байна.

Ангид. Алсад. Амар. Тэнгэрийн агуу нь бүүдийгээд цэлмэдэгт, оршихуйн агуу нь огшоод замхардагт буй...

15 Сэтгэгдэл:

Anonymous said...

Idea ih sonin setgeh yumaa ooroo?

Энзо ба Эрх чөлөө said...

Зүрх тархины зодоон зөвхөн Идиед ч биш замарсан зүрхт Энзод ч байна... Сайхан бичлэг.

uka said...

Хөмсөгнийхөө хөндлөн зураасыг тэнийлгэх цаг чинь болоо байлгүй дээ хэхэ...

Love story said...
This comment has been removed by a blog administrator.
Anonymous said...

Угаасаа энэ хоёр хэзээ ч таардаггүй юм биш үү. Зүрхний хэм тархины атирааг нэмж, тархины удирдлагад зүрх зүгээ алддаг... , гэж анагаах ухаанд заадаг юм билээ хэхэ. Зохицуулах гэж зовох тусам эзэн бие энэлдэг биш үү, зүгээр л зөнд нь орхичихвол яасын бэ хө.

erdee said...

Дээдлийнх уул би юм байгаан, логиноо мартчиж хэхэ.

Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.
Anonymous said...

durlal gej shal utgagyi zyil...neg yosnii setgeliin uvchin soliorol...burhanii nomond yamar negen amttai zyiliin yrgeljlel gem hor gashuudal nygel bdag gej.... hichneen gaihaltai bh tusmaa l setgeld hor nolootei..gaitai medremj....tegeed bas yyrd bhgyi huuramch.

ano said...

mair hetsuushd, oilgojiino, gehdee aajmaar martagdaad, hundiiruud ugdiimmaa, ter tsegt ochtol zodoon bainga yavagdana, daraa n sanahaar ene zodoon goyo ch bsn yum shig, neeh teneg ee. Hunduurluh ch zuilgui hulduu zurhtei bsnaas, haaya zodoon hiideg zuruud zurh yaj ch bodson taalagdaad bdiin.

amor said...

ugiin songolt, ugsiin helheesiig bichirchdiin.
bi durtai ..

Anonymous said...

"Адреналины гуниг" гэж Айдиа зүгээр ч нэг онцлоогүй байх гэж бодоод жаахан судаллаа. Үнэхээр өвчин бололтой, яг л бусад өвчний адил бага дээр нь дарахгүй бол архагшиж олон жил тарчилгадаг гэж алдарт сэтгэлзүйч Юрий Рюриков бичсэн байна.

Unknown said...

Айдаа чи үнэхээр задгай бас сэтгэлд юм бодуулсан юм бичих юмаа.Өөрийн гэсэн уран бүтээл байгаа (ном,шүлэг,жүжгийн зохиол ) бол толиллуулаач ч,эсвэл одоохондоо тийм юм байхгүй бол цаг чинь болсон дог шүү. Сэтгээч дээ хүүхээ..хэ хэ

Anonymous said...

Zurh tarhinii zurchliig setgelee chuluulj taslana gdg chini emchilgeenii zuw arga bna, hen ch gui heregjuulie baiz.

Idea said...

Үлмэдэх: хэхэ тийм байна уу, яадаг хог вэ... солиотойм байгааз

Энзо: замарсан чигт нь завхруулчих, засч тордох гээд яады нэг хэсэг кк

Ука: Тэр тэнийхээсээ өнгөрсөн байх өө, ухаантай хүнийх тод байдын гэж сонсоод улам үрчийх болсон сүүлийн үед.

Үлмэдэх гэсэн чинь Эрдээ байшд: Эзэн бие бас энэлж кайф авах гээд байхын бас кк, ерөөсөө байрыг нь солиод тавьчихийнсан, бундан толгойт, булдруу зүрхт нэр авсан ч яады.

Үлмэдэх: Будда ах та 2-той бүрэн санал нийлкүүл бна соорий. Ямар нэг амттай зүйлийн үргэлжлэл гашуудал нүгэл байдаг тухайд. Харин ч чихэр хүлхэж байгаад давс долоовол эргээд чихэрт тэмүүлэх эрмэлзэл төрж, зорилго үүсч, тэр хэрээр эрч хүч нэмэгдэх бус уу, гүйвлүү...

Ано: Хөндүүрлэх ч мэдрэмжгүй хөлдүү зүрхнээс заримдаа зодоон нүдээнд холбогддог замбараагүй зүрх илүү күүл гэж гоё хэлсэн, чи шүү.

Амор: Үгийн хэлхээсийг хааяа үйлдлийн түлхээс тасалдуулж үнэ цэнийг нь унагачихаад байхымөө кк. Амортоо талархаж явдаг шүү, үргэлж урам өгдөгт.

Үлмэдэх: өө тэгээд залхаж, уйдахаараа ямар мундаг ч тодорхойлолт, нэр томьёотой өвчин байсан үргээчиж дөнгөдийм байна лээ амьдрал баян болохоор, гайлвайна тэ..Юрий Рюриков нтр бол.

Алтансүх: Өөрийн гэсэн бүтээл гэвэл одоогоор хоосолсон хэдэн пиавны шил л байна хаха. хойшдоо өөр юм бодохоос. үнэлсэнд талархав.

Үлмэдэх: Дорно дахины уламжлалт арга шүү дээ, дом нь донгио царайлах, даруулга нь 100 гр..

Үе дамжсан мөрөөдөл said...

таны энэ бичлэг миний энэнтэй их дөхөөтэй юм.
ХҮМҮҮСИЙН ДУНД ГАНЦААРДСАН ШҮЛЭГ.
Эелдэг зөөлнөөр мишээсэн
Эв хавгүй инээж хөхөрсөн
Энгийн уйтгартай намбайсан
Энд ч тэнд ч уурлаж уцаарласан гээд л
Өнгийн өнгийн ийм хүмүүсийн дунд
Өөрийхөөрөө амьдрах хэцүү байсан болохоор
Өр зүрхнийхээ аясыг боймилж
Өмрөх сэтгэлийхээ утсыг атгаж
Бодол ухаанаа хаан болгож
Бурхан чанараа боол болгож
Бусдад зориулж амьдарсан
Бүдэгхэн санагдах тэр үеээс хойш
Хүмүүсийг би сайн ойлгож
Хүмүүс намайг ойлгохоо больсон нь
Хүн болж төлөвшсөнөөс болсон гэж
Хүмүүсийн биш хүний сэтгэлээр дүгнэж байгаа минь энэ.