2011/11/21

Ихэрлэв...

Гарчиг хараад намайг ихэр хүү юмуу охин төрүүлсэн гэж бодсон нь гараа өргө кк. Ихэр нэг юм мэндлэх нь мэндэлсэн, даанч миний уран бүтээл биш. Блогч олон уншигчаа байсгээл бурмаар дайлдаг Бум-Эрдэнэ зохиолч "Өнөөх", "Эмэгтэй ном" гэсэн богино өгүүллэгийн хоёр ном гаргасан юм аа.

Тэгээд мундаг зохиолч 4, 5 дахь хүүхдээ эх барьж авжаахад чи юундаа хөөрцөглөсийн... гэж асуух гэж байна уу та нар. Хоёуланг нь би өдөр шөнөгүй идэж, өөд уруугүй пиавдан, даралтаа ихэсгэж, давхар харвин суун байж редакторласын.

Тэгээд хүний хийсэн бүтээснээр хүүдэгнэн онгирох зантайн хэрэг юу билээ, хоёр номынх нь нүүрний зургийг, өмнөх үгтэй нь оруулж нтр гангаръя гэж бодсын. Гэхдээ "Өнөөх" номын өмнөтгөлийг миний бие, "Эмэгтэй ном"-ын өргөл үгийг Б.Эрдэнэсолонго гэдэг эмэгтэй нэгтэй, эрэгтэй зохиолч бичсийн. Зиа тэгээд, Редакторын хувьд номын талаар хэлэх үг гэвэл
"ӨӨРСДӨӨ УНШИХГҮЙ ЮУ!!!"...

Чимхлүүр

Блог хэмээх бодит юм шиг атлаа бодрол бясалгалын хийсвэр ертөнцөд, компьютерийн цаанаас Т.Бум-Эрдэнэ гэгч зохиолчийг уншаад дөрвөн жил болжээ. Анх Бумаа нэрийг хараад эмэгтэй хүн гэж боддог байлаа.

Зөвхөн эмэгтэй хүний л, тэр дундаа нэлээд мэдрэмжтэй, аливааг элсний ширхэг мэт нарийвчлан харж, бодож эргэцүүлдэг бүсгүй хүний мэдэрч чадах тэр л торгон мэдрэмж, эмзэг турьхан атлаа эрэлхэг, ухаалаг өгүүлэмжүүдийг унших тусам энэ бодол маань батлагддагсан.

Харин
жил гаруйн өмнө нүүр тулах завшаан тохиож, “61 ах” номыг өөрөөс нь гардахдаа нөгөө дэндүү чимхлүүр мэдрэмжтэй зохиолч маань эрэгтэй хүн байсныг, бүр нас тогтож яваа тулхтайхан ах болохыг хараад гайхаж билээ. Яаж мэдрэхээрээ үг бүр нь залуухан бүсгүй өдөөр гуниг зурах шиг тунгалаг, утга санаа нь давтагдашгүй атлаа таашгүй, олон үйлдэлт оньсон тоглоом мэт нууцлаг байдаг байнаа гэж дуу алдах шахсан.

Өнөөдөр түүний дөрөв дэх ном хэвлэлтээс гарч байна. Хэвлэлтээс ч гэж, зохиолчийн нөгөө л хэтийдсэн мэдрэмжээс, төсөөллөөс, сэтгэлд нь амилж, алсарч явдаг өнгө будагнуудаас төрөн гарч байна. Эхлэл, төгсгөл нь ойлгомжтой энгийн санаануудыг эвлүүлж урласан юм шиг атлаа санаанд
оромгүй шаглаа, хажлага хамжааргагүй холбоос, зөн совинд хэзээ ч буухааргүй зүү ороолтууд... Хайчгүй эсгэж, оёдолгүй урласан дээл нэг иймэрхүү болдог ч юм болов уу.

Дурласан бүсгүйг бүдэгхэн үзэмжит аялгуу тойрон эргэлддэгийг, буйд ахуйн үдэш зөөлөн гуниг агч мод шиг үнэртдэгийг, усан бороонд уйтгар нэрэн алхахад газрын судас гүрэлздэгийг, үхлийн өмнө хүртэл хормойгоо хямгадан эрхэмсэг оршиж болдогийг, зөөлөн хатуу энэ орчлонд зөвхөн дурсамжаар цадах өдөр ирдэгийг нээрээ мэддэг ч юм шиг, үгүй ч юм шиг.

Гучин настай бүсгүй... Хөнгөхөн шүүрс алдмаар ч юм уу. Магадгүй эмэгтэй хүний хамгийн сайхан нас байх. Жимсээр бол гүйцэд боловсорч, дарсаар бол амт үнэрийн хамгийн оргил зохицолдоо ирсэн мэт. Үүнээс хойш гоо үзэсгэлэн алхам алхмаар нүүр буруулж, хорвоо хоёр нүүрээ харуулах юм шиг сэтгэлийн мухарт сэмхэн гуниг хааяа бударна. Хорин хэдтэй хонгор үетэйгээ харьцуулахад аливааг байгаагаар нь ойлгож, хамгийн ойроос мэдэрч чадах тэр л үе. Чухамхүү гучтай бүсгүйн сэтгэлд л ханиа хайрлах хайр, хорьтой залуугийн сэтгэлийн хөөрөлд автсан догдлол хоёр зэ
рэгцэн оршиж чадна. Магад үүнийг биеэр туулж байж л ойлгох байх. Харин зохиогчийг аль насандаа гуч гарч буй “бүсгүй” байсныг гайхаж ядна.

Өнөөх... Хүн болгонд “өнөөх” бий. Дотор сэтгэлтэйгээ, дотоод хүнтэйгээ ярилцдаггүй, зөвлөдөггүй нэгэн гэж үгүй биз. Харин өнөөх нь өөрөөс тань хүчтэй бол гадаад ертөнцөд таныг яаж харагдуулах вэ... Бидний “гажиг” гэж хардаг хүмүүс харин ч дотоод сэтгэлийн хүч ихтэй, хором саатаад сонсвол хосгүй хүмүүс болж таарав уу. Сэтгэцийн юмтай хүмүүст дотоод сэтгэлийн асар том урлан оршдогийг “Зураас”-т ч бас таталжээ.

Хүний цорын ганц өмч бол бодол. Гэр бүл, хань ижил, ажил алба, эд хөрөнгө бүгд чинийх биш. Харин бодол л чиний мэдлийнх. Тиймдээ ч бид юу ч бодож болно. Аз болоход “юу ч бодож болдог орчлон” юм даа. Амьдралын эд эс бүхнийг бодол л өнгө зүстэй болгодог. Харин анзаарч хардаггүй, хэн ч тоомгүй атлаа хэт энгийн хором мөчүүд өөрөө амьдралыг утга учиртай болгодог аж. Ийм энгийн байх гэж...

Бүтээлүүд нь араанд уусаад өнгөрөх амтат чихэр гэхээсээ илүү хүлхэх тусам амт ордог хатуу хурууд шиг тослог, эргэн эргэн бодмоглоход этгээд мөлжүүртэй байдаг нь Бумаа ахыг бусдаас ял
гаж өгдөг онцлог юм уу даа.

Өөрийг өгүүлмээргүй, зүгээр л уншигч таны мэлмий, мэдрэмжид үлдээхийг хүснэм би. Хэзээнээсээ хэт сэтгэлд хүрсэн зүйлээ хэлэх, ярих эвээ олдоггүй хачин зангийн маань илрэл энэ буюу. Харин, ариутган шүүх үүрэг хүлээсэн хэрнээ өгүүллэгүүдийг засч янзлах гэхээсээ унших тусам ухаарал авч, зохиолын дүрүүдтэй хамт гунихдаа гуньж, хөгжихдөө хөхиж, мэдэрч, эмтэрч байснаа л хэлж чадна...

Редактор Idea
2011. 10. 20


Эмэгтэй хүний ертөнцөд тавтай морил
Дон Жуан гэдэг хэвшмэл нэршлийг зөвхөн шалиг завхай эрийн түүх гэсэн өрөөсгөл хандлагаар тайлбарлахыг зөвшөөрөмгүй санагддаг юм. Францын, бидний сайн мэдэх реалист утга зохиолын “Дон Жуан” Ги де Мопассан “Зөвхөн эмэгтэй хүн л чин үнэнчээр хайрлаж дурлаж чадна” гэж яагаад хэлсэн юм бол оо. Тэгэхээр юу гэсэн үг вэ, эрчүүдэд боломж байхгүй гэж үү.

Алдартай зохиолч хайрын газрын зураг барьчихаад нэг насаараа малтлага хийгээд олж чадсан нь энэ. Эрчүүдэд боломж, магадлал тун бага гэдгийг бүр сүүлд шинжлэх ухаан тайлж, 7 билүү 17 секунд тутамд эр хүний бэлгийн эс ялгардаг, тиймээс эрчүүдийн хувьд хайраас илүүтэй үр төлөө үлдээх зөн давамгайлдаг тухай байгалийн учир зүй талаас нь тайлбарласан билээ.

За, ингээд гол зүйлдээ анхаарлаа хандуулъя. Зохиолч Т.Бум-Эрдэнэ эмэгтэй хүний тухай ном бичжээ. Зөвхөн бичээд зогсохгүй энэ хачин /гайхам/ ертөнц рүү өнгийж, тэндээс олж харснаа бидэнд дэлгэн үзүүлж байна. Т.Бум-Эрдэнэ “Сэмэрч үл барагдана”, “61 Ах” зэрэг өгүүллэгийн түүвэр хэвлүүлсэн нь үргэлжилсэн үгийн зохиол сонирхон уншигчдад хэдийн танил болоод амжсан. Харахад даруухан, элдэв долоон үггүй энэ эрийг ямархуу ажигч, ямар өр зөөлөн нэгэн гэдгийг өмнөх хоёр номноос нь олоод харчихаж болно. Эх орноосоо алс амьдарч байхдаа унаган ахуйгаа санан санан бичсэн түүний зохиолууд мөн түүн шиг хартай бүхнээсээ алсад суугаа олон монголчуудын сэтгэлийн цангааг тайлж байсныг мэдэх юм.

Т.Бум-Эрдэнийн өгүүллэгүүдэд хүнийг төөрөлдүүлсэн хачин жигтэй, санаанд багтамгүй үйл явдлуудын зураглал огт үгүй. Бидний мэдэх, бидний амсаж туулж яваа энэ амьдралын ухаарал, сэхээрэл, бодлогшролуудыг зүй зохистойгоор өрөн тавьсандаа ч тэр үү ахуйд ойр, сэтгэлд дотно санагдана. Түүний өгүүллэгүүдээс жинхэнэ хат суусан монгол эрийн санаашрал, гэр бүл, эх орон, хүмүүст хайртай бүтээлч хүний үгийн хэлхээсийг харж болно.

Харин өнөөдрийн хувьд тэрээр эмэгтэй хүний тайлагдашгүй ертөнц рүү өнгийж нэг харжээ. Эмэгтэй хүнийг хайрлаж чадсан хүн л хамгийн сайн ойлгоно. Бүхний өмнө ил хэрнээ хамгийн нууцлаг энэ ертөнцийн талаар бусдад ойлгуулахаар махран зүтгэнэ гэдэг нэг талаар сайн хандлага, бас ихээхэн бөх зүрхтэй хүний барьж хийх ажил юм. Учир нь эмэгтэй хүн өөрөө өөрийнхөө тухай бичээд ч хайрын /хүн судлалын/ их шинжээчид хэдэн зуун жил нухаад ч олигтой үр дүнд одоо хүртэл хараахан хүрээгүй байгаа гэдэг.


Энэ номыг уншаад дараах асуултуудыг өөртөө тавьж үзлээ.

- Яагаад эрэгтэй хүн хүүхэд төрүүлдэггүй юм бэ. Үүнд нэмэлт бяцхан тайлбар:
- Яагаад хүнээс хүн төрдөг цорын ганц тохиолдол нь зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай /мэдээж эрчүүдийн оролцоог энд үгүйсгэхгүй/ байна вэ.
- Яагаад энэ хүн “Сэмэрч үл барагдана” гэж бичээд байна вэ. Эх хүн сэмэрнэ гэж яадаг юм. Яагаад сэмрээд дуусчихдаггүй юм бол.
- 100 доллар хийгээд шүүдрийн дусал хоёрын аль нь үнэтэй вэ. Аль аль нь эхийн ачийг бүрэн хариулж чадах уу.
- Эмэгтэй хүний зүрхийг шилжүүлэн суулгасан ч хайрыг бас зүрх шиг шилжүүлэн суулгаж болох уу.
- Яагаад үргэлж зүрх, дээр нь нэмэх сэтгэл гэсэн холбоо үгс хайртай бас эмэгтэй хүнтэй хоршиж сонсогддог юм бэ.
- Яагаад 40 настай хижээл эмэгтэй нөхрөө хууран байж болзоонд явахдаа “Victoria secret”-ийн дотуур хувцас өмсдөг вэ.
- Ер нь яагаад эхнэрүүд нөхрөө хуурдаг вэ.
- Хууралтын дараа хүүхнүүд яаж гэртээ орж ирдэг вэ.
- Эсвэл нөхөр нь хуурсны дараах эмэгтэй ямар байдаг вэ.
- Яагаад эмэгтэй хүн эр нөхрөө ээжээсээ илүү хайрладаг юм бэ.
- Яагаад хуурч мэхлэгдсэн эмэгтэй нөхөртөө зориулан “Чи миний гэрэлт амьдралд хүрэхийн тулд авирсан гаслант шатны хамгийн сүүлчийн гишгүүр байх болно” гэж хэлдэг юм бэ.
- Яагаад энэ бүхнийг эрэгтэй хүн бичиж байна аа.

Энэ үй олон “яагаад”-ын хариулт мөдхөн таны шимтэн унших гэж буй “Эмэгтэй ном”-нд бий. Бүсгүйчүүд, ерөөсөө нийт уншигчид түүнд ямар дүн тавих бол гэдэг ч бас л нэг асуултын тэмдэг. Эмэгтэй хүний ертөнцийг өөрийн нүдээр олж харж, тэднийг сонсож, ажиглаж, тэднийг илэрхийлэхийг оролдсон хичээл зүтгэлийг бүсгүйчүүд л ганцхан үнэлж чадах биз. Тиймээс зохиолч Т.Бум-Эрдэнийн зориглон зурагласан эмэгтэй хүний ертөнцөд тавтай морил.


Б.Эрдэнэсолонго

2011.11.01

12 Сэтгэгдэл:

Оогий said...

2-uuland ni bayar xurgiye. unshinaaa

free-liver said...

Omnoh ug ni goy bolson blee. 30 nastai emegtei geel

Ганзо said...

Бум ах бичиж та шүүхээр бяд уншихаас яахав

Энзо ба Эрх чөлөө said...

suuliin 3 sard Idea egchiin bichleg iherlesen bas hehe

puuj said...

Teesen,eh barij avsan hoyuland ni bayar hurgey ya.Mongoliin noms mash olon boloh boltugai gej

Anonymous said...

энэ одоо юу гээч формал бичлэг вэ. дутуу юм уу хаашаа юм

Anonymous said...

Manai Mongol zohiolchidiin bichleg n 90-eed onii nairuulgiin hyamralaasaa garaagui yavaa sanagddag het nurshaa. Utga ilerhiilliin mash bolhi stiltei. Bum ah gej nogoo amerikt baisan huniig helj baih shig baina tuunii nomiig tsuhas heden huudas guilgesen bas 90-eed on hanhalj baisan.

Odoonii 25 zaluusaas songood sain demjeed nomiin nairuulga hiilgevel harin tsag uyeteigee taarsan nairuulgatai unshchihmaar nom bichij magadgui.

Ter duulian tariad baigaa Chonon Suld ch gesen oligtoi nom sanagdaagui yahav hyatadad duulian bolhoor n manaih dagaj hoorch baigaa yumuu sanagdsan.

нана said...

дээрх ано-д

чиний хэлж байгаа үнэний ортой байхыг үгүСГЭХГҮй. ГЭХДЭЭ юу ч хийдэггүй хүн л юмыг шүүмжилдэг. ямарваа нэг юм хийж үзсэн хүн тухайн зүйлд ямар их хүч хөдөлмөр, хөлс сэтгэл зүтгэл шингэснийг мэддэг болохоор хэзээ ч өөлж шүүмжлээд байдаггүй, авууштай сайн сайхан талаас нь хардаг юм билээ, үүнийг би олон бүтээлч хүмүүсээс, ялангуяа бизнесменүүдээс харж байсан, түүнчлэн сайн сайхан яваа бүтээлч, зөв олон хүнээс харж байсан. товчхон, цоо шинэ хэлбэр залууст хэрэгтэй байгаа байж магадгүй, үүн дээр санал зөрөхгүй. Гэхдээ яагаад бүх хүнээс, эсвэл Бум ахаас заавал тйим байхыг шаардах ёстой гэж? хүн бүхэн өөрийнхөөрөө л дуулж, өөрийн хөг аяаа нэмж яваа хорвоо шүү дээ.

Anonymous said...

Ano-ii harui:
Manai shine uyiin zohiolchid ajillaj baigaag uguisgehgui gehdee tednii bichleg het ih orchindoo uussan Sots niigmees Kapt niigemd shiljih toorson budilsan niigmiinhee manand het hutgaldsan shinjitei OYUNII EREL HAIGUUL HIIGEEGUI buteelentseruud baidag. Tiimees bi ihenhiig n ba zarim ner duridsan humuusiig shuumjilsen.

90-eed on ba shiljiltiin manandaa het udaan tooroldhiig shine zaluu uye tevchihgui hurdtai uragshilj baigaa. 2010 onii setgelgeeg shingeesen buteel garah yostoi bolhoos manantai buteel garah n sonin bus.

70-80-aad onii romanuud ch gesen untaa niigemee dagasan buteeluud baidag ooroor helbel 90-eed onii nairuulgiin hyamral boloh nuhtsul n 70-aad onoos ehtei. Ene balchigaas bugd garch 21-r zuunaar setgedeg unshigchid bas 21-r zuunaar shaardlag tavidag baih heregtei.

Hundetgen yoslov.

Anonymous said...

Ano nemelt harui:

Ta nom zuin asuudliig biznesiin handlagtai hutgah n bas zohimjgui sanagdlaa. Uchir n setgelgeenii hodolmor n mongo ashig oloh hodolmoroos tes oor yurtunts baidagiig oilgoh yostoi. 1400-aad ond bichigdsen Nuuts Tovchoog onoodor heden say humuus unshij ur dung n uzej baihad 500 jiliin omno Dorjoos Batad hudaldsan 100 aduunii naimaag onoodor hen ch toohgui hend ch sonin bus martagdana neg iimerhuu tes oor yurtunts geh yumuu daa.

Idea said...

Оогий: Баярлалаа. Тэгээрэй.

Free-liver: Хэхэ номноосоо гоё болчиж тэ...гээл тэгвэл Бум ахад 2-ула алуулах байхдаа.

Ганзо: Гүй одоо тэгэхээс яахуу.

Энзо, эрх чөлөө хоёр: Хэхэ, Энзогийн сэтгэгдлүүд ойр ойрхон ихэрлэх болтугай.

Пүүж: Баярлалаа. Тээсэн нь эрэгтэй хүн болохоор үр суулгуулсан гэх нь зөв байх.

Үлмэдэх: Харин тиймээ, ёстой соорий. Бүтэн сар блог руугаа нэвтэрч чаддаггүй... пасс-аа сольж байж нэг юм боллоо. Уг нь гичнэээээн олон бичлэг хийхжээсэн гээч... ккк

Нэрээ нууж нэдрэлцсэн Анон-уудад: "Чонон сүлд" надад бас таалагдаагүй. Гэхдээ юм бүхэн хүн бүрт ижил таалагдах албагүй. Би хувьдаа, Бум ахыг харин ч найруулга, мэдрэмж сайтай зохиолч гэж бодож, үнэлж явдаг. Тиймдээ ч саналыг нь хүлээж авч, чадан ядан үг үсгийн алдаа мадагийг харсан ухаантай. Сэдвийн хувьд, нээх мундаг сэтгэлгээний юм бичих гэж оромдож байснаас үндсэн мэдрэмжээрээ, байгаа материалаараа баймгай загнасан нь дээр гэж боддог. За тэгээд, дээр хэлсэнчлэн хүний хөдөлмөрийг яаж ийгээд үгүйсгэх, өөлөх амархан, өөрөө бичээд, мөс хагалж, жишиг тогтоох хэцүү байх.

Ямартаа ч зочилж, бодлоо хуваалцсанд талархав.

uka said...

За тийм байлгүй дээ, хөл толгой нь дутуу ч юм шиг сонин санагдаад байсын, гүйцээгээд орчуулчихсан чинь утга төгс болж. Өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой гоё номууд болсон байна лээ. Бум-Эрдэнэ гуайд баяр хүргэе. Айдаад ч бас.