Таныхаа дэргэд хоёр хоног боловч өнжиж, яг л жаахан байсан шигээ оровч гаравч даган, нарийн ширийнийг хүүрнэн, хууч хөөрөн саатъя гэж хааяа бодох ч нэг л болж өгөхгүй юм. Охиноо улам сайн яваасай гэсэндээ юухан хээхнийг анзааран шүүмжилж байгаа чинь тээртэй санагдаж, “өөрөө төгс юм шиг хүн өөлөөд байх юм, явлаа...” гэж ирээд л мөн ч олон удаа толгой хаялан гарсансан. Утсаар ярихдаа хүртэл яарч төвөгшөөгөөд л “За...., тэгээд ..., нуршилгүй гол юмаа ярь” гэж ч байх шиг. Эхээс төрөөгүй эрэгнээс унасан аятай таныгаа үгүйсгээд л, би ч буруу сэхэж байна даа. Өнөөдрийн минь ахуй болж бүтээд, бусдаас илүүрхэхгүй ч дутах юмгүй яваа болохоор л ингэж омголонтож байгаа байх. Өнгөт амьдрал гэрэл шигээ алаглах энэ их хөлийн газар цаг гэдэг алтнаас үнэтэй ч ижийдээ арав таван хором зарцуулчих завгүй, амин чухал ажил гэж юу байхав дээ.
Айлын охидууд шиг ээждээ эрхэлж нялхарч өсөөгүй л дээ, би. Ээж рүүгээ ухаан зулаггүй яарч, эрх нялхамсуу үгс сав л хийвэл урсгадаг хүмүүсийг бүр гайхдаг гээч. Хамгийн сүүлд хэзээ тандаа үнсүүлснээ ч үнэндээ санахгүй байна, Цагаан сарыг эс тооцвол. Гараасаа хөтөлж өсгөсөн ганц охин чинь эрчүүдээсээ дор, ийм хахир хатуу, хуурай газрын сайр шиг хөшүүн хадмал хүн болж хүмүүжнэ гэж та бодоо ч үгүй байх. Чухам юу намайг ийм болгосныг би мэдэхгүй ээ.
Магад ганц охин гээд аавдаа илүү амь татуу явсанынх биз. Аав маань бурхан болсоор удаж, саяхан цайны ханьтай болсноос тань хойш Тандаа очих нь бүр ч цөөрч, ханхай гэртээ хань татах сэтгэлийг нь ч бодолгүй хүнийрхэн өндөлздөгөө өөрөө ч мэдрэхээ больж. Насны эцэст цайгаа хувааж уух хүнтэй болсон ч охиноороо дутаж, үгүйлэн харуулдагийг чинь уг нь би мэднээ. Хааяхан илүүчлэх хэд гурван төгрөг, ховорхон илгээдэг бэлэг сэлтхэн охиных нь сэтгэлийн галыг орлохгүй гэдгийг ч бас гадарладаг. Амьдад нь шальтай баярлуулаагүй атлаа алаг орчлонгоос яваад өгсөн хойно нь нэг их сайн охин байсан юм шиг энэлж шаналан, элгээ эвхэн харамсан уйлахаа ч бүр сайн мэдэж байна.
Гэхдээ та минь надаас хэзээ ч илүүг шаарддаггүй, өөрийгөө болгоод, өрөөлд муу хэлүүлэхгүй явж байгаад минь сэтгэл ханаж, баярлаж явдаг дэндүү уужимхан сэтгэлтэй. Ерөөс эх хүн бүр ийм байдаг байх. Амьдралын атираа нугачаа, насныхаа тоогоор олж авсан ухаарал нь тэднийг ийм өр нимгэн болгодог биз. Магад би ч бас нэгэн цагт охиноо хүлээгээд л, ир

Учиргүй өөрчлөгдөөд урд хождоосоо илүү сайн охин болно гэж би амлахгүй, угаасаа чадах ч үгүй байх. Сэтгэлийнхээ мухарт таныгаа бодож, хаа нэг цайныхаа дээжийг зүглүүлэн өргөж, их л болж Гандан зүглэж ижийдээ урт наслахын ерөөл уншуулахаас өөрөөр гийгүүлж базаахгүй биз дээ, охин чинь. Энэ бүхнийг засч залруулахгүй ч ойлгож ухаармар аядаж байгааг бодоход таны охин ч бас хорвоогийн жамаар хонгор насаа алсалж яваа бололтой.
Загнаад ч болов дэргэд минь байсан ч болоосой гэж харамсахаасаа өмнө заавал тандаа зорин очиж, хөөрөлхөн сонирхуулах жижиг сажиг зүйлсийг ч орхилгүй тогтож сонсон, хөлсөө гартал гарын тань цайг ууж саатнаа. Баруун айлын хүүхэн залуу хоёр том нохой тэжээдэг, зүүн талын хөршийнд хүмүүс цуглаж сүмийн дуулал дуулдаг, хаврын салхинд туугдаж ирээд тагтанд нь хөглөрөх цаасан дотор хийморийн дарцаг байсан, энүүхэн урдах замыг сумын захиргаа саяхан засмалдсан гээд танд минь ярих сонин мунддаггүй. Ач холбогдолгүй юм ярилаа гэж ахиж би тээршаахгүй ээ, түм буман дутагдлаа ч бас түүртэж ихэрхэлгүй хэлүүлнэ.
Адайр охиноо ухаажина гэж итгэн аясхан цэнхэр, гуниг хүрэхгүй алсдаа та минь хүлээж л суугаарай.
2012.03.01
10 Сэтгэгдэл:
shn bichjee uyraad hed gurvan nulims unagad avla shu
нүдэнд харагдчихлаа, нээрээ л хонгор нас холдож байгаа юм болуу даа, ээжийгээ дутуу хайрлаж байгаагаа мэдэрдэг, бодогддог болчихсон байналэй, тэгээд мэдсээр хэрнээ ээждээ атамандсан хэвээр л байх юм. нялуун биш, чин сэтгэлийн сайхан бичлэг байна.
Сайхан бичлэг. Ижийдээ очиж баярлуулаарай.
үнэхээр гоё бичжээ. үүнийг ээж нь уншаад лав баярлаж байгаа байх
hondson l sedew bn gehdee eejdee horgodoj bish amidral buteeh gej gardag horwoo bish u. shal yadarsan yum. eej aawdaa hureed
Дэргэд нь байхаараа хүн шал худлаа юм аа Идеа, хол байхаараа ямар их санаж уйлдаг байсан бол одоо дэргэд нь ирээд жаахан үглэхээр нь уурлаж гараад, ёстой л чиний хэлээр гэрт нь очиж идэж ууж, идэж ууж буулгаж аваад аягыг нь ч угаагаад өгчихгүй гараад явчих жишээтэй.Өөдөөс нь хэрэлдээд л... тэгснээ гэмшээд л... дахиад л уурлаад л... тэгсэн хирнээ ойртож очоод үнсүүлэх ч юм уу толгойг нь нэг бариад өгч чадахгүй юм.
Дүүрнээ: баярлалаа
Ига: ахиад жаахан хугацаа өнгөрвөл хайрладаг болчих болов уу гээл горьдоол байна хэхэ
Нини: Баярлалаа. Тэгнээ, хэрэлдчихгүй бол
Заяа: Ээж уншаагүй л яваа, нэг очихоороо аваачиж өгнө дөө...
Bird: Амьдрал бүтээх гэж гараад харвасан сум шиг алга бол... гээд байгаамаа даа, өөрөө? сайн ойлгосонгүй ээ.
Болорхон: харин тхх, дэргэдэх юмныхаа үнэ цэнийг мэдэхгүй юм аа. ядаж л эвлэгхэн ярьдаг болчихвол ээжүүд маань даврахгүй л байлгүй дээ, хэхэ. гэснээс чи Монголд ирциймуу?
Hi, Adiyasuren
энийг хараад чиний сэтгэл их хөдлөх байх аа. Ялангуяа сэтгэгдлүүдийг нь...
http://sonin.mn/news/culture/662
Yamar saihan bichee vee. Amiddaa l bie bienee hairlaj yavah shig az jargal gej ugui yum daa.
Ямар мундаг бичээ вэ дотор огшоол явчлаа. Ээж дээрээ хурдхан очих юмсан.
Post a Comment