2012/03/27

Реклам уу, сүрдүүлэг үү?



Open World-ийнхэн миний найзууд л даа, гэхдээ рекламных нь санаа таалагдахгүй байна, уучлаарай. Хүний хийснийг хоосон үгүйсгэх амархан, бүтээлчээр шүүмжлэх хэцүү. Шууд миалахын оронд яагаад таалагдахгүй байгаа шалтгаанаа хэлье.

1. Хүмүүсийн сонирхлыг татахын тулд цаг үеийн мэдрэмжийг ашигласан байж болно. Гэвч энэ нь эдний үйл ажиллагааг сурталчлах биш тэр аймаар үймээн самууныг санагалзсан, нэхэн дуурссан диннотациар бууж байна. Өвчин зовлон, үхэл хагацал, цус нулимс дагуулсан үйл явдлаар шоудах хэрэггүй.

2. Слоган үгс нь оюутан солилцоогоор АНУ явуулж өгье гэхээсээ "7 сарын 1-нд дахиад үймээн самуун болно. Тиймээс Америк руу зугатаалгая" гэж уриалж байгаа мэт болжээ. Үймээн самуун давтагдахыг баттай мэдэж байгаа учир зохион байгуулагчдын нэг юм бишүү гэсэн хардлагад орох вий, найзуудаа.

3. 2008 оны 7-р сарын 1 бол нийгмийн чанартай үйл ажиллагааны рекламд ашиглаад байхаар бахархалтай, хүмүүсийн сэтгэлзүйг удирдаж, сонирхлыг өдөөх үйл явдал мөн үү. Магадгүй харуул хамгаалалтын шинэ үйлчилгээ нэвтрүүлж байгаа бол урьдчилж сэргийлж байгаа байдлаар ашиглаж болно. Харин "Open World" хөтөлбөрөө хэлтэйнхээ хүчээр үндэсний бахархал төрүүлсэн, омогшуулсан үйл явдлаар товойлгох байж дээ. "Монгол хүн олимпоос алт авч, чансаа өндөр шатарчдыг өмнөө сөхрүүлж чадаж байхад та юугаараа дутах юм. Амралтаараа АНУ-д ажилла, хэл сур, мөнгө хий. Оюутан гэхээрээ л орлогогүй залхуу шоучин гэж ойлгогдсоор явах уу" гэсэн санааг илэрхийлэх маягаар... 70 мянгатай нь холбосон ч яадгийн.

4. Оюутнууд бол залуучууд. Залуу хүмүүст нөхцлийг нь бүрдүүлээд, жаахан дэмжээд өгчихвөл юуг ч хийнэ. Ямар ч юмны тэргүүн шугаманд явах сонирхолтой тэр эрмэлзлийг нь хөгжөөх хэрэгтэй болохоос амиа хоохойлж дүрвэ, бид туслъя гэсэн байдлаар хамаатуулж болохгүй. Солилцоогоор явах мөнгийг энд үлдэх эцэг эх нь гаргана шүү дээ. Аливаа сурталчилгаа нийгмийн сэтгэлзүйд ямар замаар хүрэх вэ, айлгаж, сүрдүүлж, муулуулж, хардуулсан ч хамаагүй ярианы сэдэв болж л байвал болоо гэж бодож байгаа бол хар PR-иар хол явахгүй болов уу.

6 Сэтгэгдэл:

sanakae said...

жагсаалтын 2-ртай санал нэгээр ойлгож байгаа. Хотын захиргаа ч тэр ийм реклам эх орныхоо зүрхэнд гаргаад байж байдаг тэнэг улсууд гэж бодсон.

Арай л доромжилсон сурталчилгаа болчихсон. Хэлэх үг олдохгүй байгаа. Бид бүр сэтгэлгээний хувьд доройтож байгаа нь шууд эндээс илэрч байна гэж ойлгосон.

Nini said...

Мххххг ёстой бүх зүйлийг толгой дохиод зөвшөөрч байна. Яг өчигдөр наадхийг чэн ярьж байлаа

peakfinder said...

Арай хэтэрхий...

Javkhlan said...

хмм реклам гэж ойлгоход хэцүү л юм байна.

Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.
Jackie Magsar said...

tenegvvd