2012/11/15

Дуусашгүй...



(уран бүтээлчид өргөх ташуур үгс)

Дуусах болоогүй ээ, ах минь... Дундрах ч бас яагаа ч үгүй. Дур хийгээд хүсэл, дуу болоод хөг, дурлал бас шаналал буй цагт дуулим хорвоо хоосрох болоогүй, дугараа найраг ч ширгэх болоогүй.

Хүсэл дууссан газар хүн өөрөө дуусдаг, хүлээснээс эс чөлөөлбөл хүсэл ч бас алдуурна. 
Өөрийнхөөрөө л та дуул, өнгө будганд заавал зохицох гээд яах юм, үнэлэмж хийгээд доромжид өртөх гээд ч яах юм, үл ойшоогчдын араншинг өлгөх гээд ч яах юм, өргөн хорвоо үргэлж дууны үгээр дутдаг.

Хүч шавхагдана, гэхдээ нөхөгдөнө. Хүсэл шандуурна, гэхдээ захирагдана. Итгэл мөхнө, гэхдээ үхэхгүй, ир мөлийнө, гэвчиг нугарахгүй.

Өнгөт орчлонг аргадан дуулагсад олон байхад, өөрийгөө элээж бусдыг тэжээгчид арвин байхад өвгөдийн бийр таныг зүгээр нэг онилоогүй, өрөөлөөс шалтаг эрж өөрөөсөө зугтаад хайчих нь вэ...

Хүмүүний сэтгэл мөхөх аваас хүлгийн туурай цуцна, эрийн зориг элтрэх аваас бэхийн мөрөөс хатна.

Галзуу сод, бас гаж этгээдийг туурвих албагүй ч газар дэлхийн сүүлчийн хүний гал асаах цаасыг та бэлд, учирсан ерөөл болоод оногдсон үйлээ үүрч, учиг зангидах ялнаасаа үлтэрч битгий шантар.

Үзгээн түр алжаа, гэвчиг бодлоо бүү хулжаа. Өнөөдөр амьдраад үхэх юм шиг өөрийгөө өөрийнхөөрөө өрөөлөөс өрсөн зур.

3 Сэтгэгдэл:

Хvсэл said...

Сайн уу Өргөн чөлөө... Миний блогийн нэр явж байхийн,аймаар танил санагдлаа ш дээ :)

Энзо ба Эрх чөлөө said...

ойрд үзэгдээгүй эгч маань ороод гарахдаа оройд минь нэгийг бодогдуулаад гарах юм

Anonymous said...

unuudur amidraad uheh um shig uuriiguu uuruuluus ursun zur. togtoogood avya, haaya shanduurah ued sanay.