2013/02/25

“Үр харам”-аас үг харамласангүй

     
Зохиолч Т.Бум-Эрдэнийн “Үр харам” туужийн шүүмж-ярилцлагад очив. Ихэнх зохиолчид номоо гарсан даруйд нээлт хийх буюу гараад удсаны дараа уншигчдын сэтгэгдлийг сонсох гэж хүмүүсийг цуглуулдаг бол Бум ахын “Зүгээр л ярилцъя” уриатай анхны уулзалт ёстой л зүгээр сайхан тойрч сууж байгаад, цааснаа хараахан хэвлэгдээгүй ч цахим индрээр олны хүртээл болсон туужийн талаар санаа оноогоо солилцох зорилготой байлаа. 

Хэдийгээр тэр “Сэмэрч үл барагдана”, “Америкт зорчсон Жийжээ”, “61 ах”, “Эмэгтэй ном”, “Өнөөх” гэсэн таван ч ном тавхийлгээд тавьчихсан ч тэр тухайгаа нэг их яриа хөөрөө болгохыг чармайсангүй.
 
“Сүйдтэй шальтай юм биш болохоор сүртэй зарласангүй ээ. Уншсан хүмүүсээс үг сонсох л гэсэн юм. Гэхдээ будаа идэх бодолгүй, зүгээр л хүмүүс хэрхэн хүлээж авч байгааг цөөн хүнээр төлөөлүүлэн тандах хүсэлтэй” гэж зохиогч санаагаа даруухан агаад шулуухан тайлбарласан.
 
Тийм олон хүн цуглаагүй ч тэнд эрүүл мэнд, сэтгүүл зүй, төрийн алба, зан үйл судлаач, гэртээ хүүхдээ хараад сууж байгаа бүсгүй гээд бас чиг массыг төлөөлчих баймгаахан нөхөд ирсэн байв. Ижил тал нь бүгд л Бум ахыг уншдаг, блогоор нь орж гардаг, ном бүтээлээс нь мэддэг хүмүүс байв.
 
Зохиогч магтаалаас илүүтэй шүүмж нэхсэн болохоор “Үр харам” болоод өөр бусад үргэлжилсэн үгийн зохиолынх нь тухай, ер нь Бум-Эрдэнэ гэж хүний уран бүтээлийн талаар бодож санадгаа хуваалцав. 

“Үр харам” тууж бол багаасаа найзалсан  гурван бүсгүйн үерхэл нөхөрлөл, үзэл бодол, өөр өөр хувь тавиланг өгүүлсэн, ерөнхийдөө оросын “Амьдрал нулимсанд дургүй” кинотой төстэй агуулгатай. Гэхдээ хүний мөс, үйлийн үр, оршихуйн мөн чанарын талаар айхтар сүрхий хөндсөн, юм бодогдуулсан тийм л бүтээл. Блог руу нь орж уншаад, сэтгэгдлээ үлдээчих боломж дүүрэн байхад би тайлбарлаж нуршаад илүүц биз, ямар ч байсан амралтын нэгэн өдрийг номоор амьсгалж, уншсанаа ул суурьтай эргэцүүлж суух сайхан байв.
 
Зохиолыг сэтгэлийн дуудлагаар бичдэг ч бас орчноо мэдэрч, зорилтот бүлгээ судалж, уран бүтээлийн эрэл хайгуул хийж бичихийг хэд хэдэн хүн ерөөж байна лээ. Надад бол эхлэл төгсгөлийн ээдрээ нугачаанаас илүүтэй үйл явдал үзэл бодлын зангилаа тайллыг хааяа уншигчдад үлдээж байвал Бум ахын бурам улам л амттай болох шиг  санагддаг.

Ярилцлаган дундаас хашир хүн санаж сэрэх юм шүүрээ л байлгүй, ямартаа ч иймэрхүү  зохиолын хэлэлцүүлгийг уламжлал болгохоо амлана лээ.  Хэтийдсэн мэдрэмжээр зодож, нарийн ураар шаглаж бичдэг энэ зохиолчийг улам яван чангараасай гэсэн нэгэн үзүүр сэтгэлээр санаа уралдуулж, урам хайрласан энэ уулзалтаас би лав сэтгэл өндөр харилаа.
 
Номын цагаан буян мөнхөд оршиг.

3 Сэтгэгдэл:

Ganzorig said...

Уншлаа. Сайхан уулзалт болсон бололтой.

Anonymous said...

Saihan yylzalt bolson baina. Mongold baisan bol ochih baisan .Ter tugsguliig unshigchdad uldeeh gesen sanaag demjihgui shu hehe,bi estoi ter uchir ni oilgogdohgui togsdog zhiol kino ene terd bur yasnii durgui bur dotor arzganuulaad haychihdag yum.bodvol minii tsaash ni bodoj setgej chadahgui chadvar muugiih l bh kk.gants unshdag zohiolch maani tegej bichvel bi odoo yugaa unshnaa.

Anonymous said...

Za da unshihad shineleg yumgui hetsuuhen l ed baina. Yagad iim huuchinsag, logic baihgui, aguulga muutai zuil bicheed teriig ni humuus unshaad tsag, zavaa ureed baidag yum be de.