2013/03/27

Тархиндаа чиптэй, тагнайдаа мэдрэгчтэй...


 Тэнэж төөрч яваад нэг хичээлд ороод суучихав. Англи хэлний ярианы клуб бололтой юм, ангиар дүүрэн хүмүүс амаа урчих шахан хашгиралдана. 

Урдаа барьдаг модон ганц мохоо монгол хэлтэй хүн би яахав ойлгох биш хамгийн хойно жаал ангайж суув. Ойлгоё ч гэсэн текник технологийн тал дээр оюуны бяд дутаастайн улмаас үе үе худлаа толгой дохин хөмсөг зангидахаас хэтрэхгүй. Самбар дээр “Human beings will install microchips in their brain- in 2050”.. гээд биччихэж.  Зарим нь дэмжээд, хагас нь эсэргүүцээд байгаа болтой, дуу дуугаа авалцан мэтгэлцэнэ. 

Тэгээд монголоороо бодлоо л доо, үнэхээр хүний тархинд ялтас суулгаад л хамаг мэдээллийг нь харчихдаг болчихвол амар ч юмуу. Архидуулж тас үсэргэнгүүтээ, эсвэл дургүй хүргэсэн баагийг цохиж унагангуутаа нэг кноп дараал чипийг нь гаргаад хуулаад авчина. Хамаг бодол санаа, өнгөрсөн туулсан амьдрал нь архивт бичигдэнэ. Форматлачихаад буцаагаад хийчихсэн ч яадгын ер нь хэхэ. Хятадуудаас Тайванийн төрийн албанд буцалтгүй тусламжаар олгосон компьютэрүүд бүгд нууц чиптэй байсан шиг.
 
Гэхдээ юу гэж ийм амар юм байхав, хүн гэдэг байгалиасаа амь, амьдралаа хамгаалах дархлаатай төрдөг юм болохоор кноп нь санаан зоргоор дарагдахгүй. Угаасаа хамаагүй газар ч байрлахгүй, зөвхөнд тагнайн дундах иржгэрүүдийн аль нэг нугалаанд байх юм.
 
Дээр үеийн үлгэрийн кинонуудад муу талын баатрын амь аюулхайд нь биш гадны биетэд, тухайлбал цайз дотор хайрцаг, хайрцган дотор нугас, нугасны гэдсэнд өндөг, тэгээд тэр өндгөнд нь байдаг шиг. Хүн өөрөө чипээ нүдний цөцгий мэт хямгадах ба гадны халдлагаас хамгаалахын тулд амаа хамаагүй ангайхгүй. Зөвхөн тухайн хүн өөрөө л хэлнийхээ үзүүрээр тэрхүү иржгэр хэсгийг имэрсэн цагт мэдрэгч ажиллаж, тархины чип хадгалдаг хэсэг онгойх байдлаар кодлогдсон байна. Ядарсан үед тархиа амраах ч юм уу эсвэл хэрэгцээгүй мэдээллийг устгахын тулд мэдрэгчээ ажиллуулна. 
 
Авлигатай тэмцэх, тагнуулынхан гээд нууц албаны нөхдүүдийн амьдрал жаахан ярвигтай болж ирнэ. Ухаандаа ууж идэж ч болохгүй, унтахдаа хүртэл төв рүүгээ мэдэгдэнэ. Тэд нарын чип тагнайн мэдрэгчнээс гадна 16 оронтой кодтой, тэрийгээ өөрсдөө мэдэхгүй, эрүүдэн шүүлтээр нууц алдчиж магадгүй учир заавал төвтэйгөө холбогдож дуу хоолойны долгионоо уншуулж байж кодоо авч хэлээ тагнаандаа таниулна. 
 
Хүмүүс хадгалах файлаа өөрөө сонгох учир сэтгэл өвтгөсөн онцгүй дурсамжийг хогийн сав руу ядах юм руу шидэж орхино. Тэгэхээр зүрх шархална гэдэг ойлголт байхгүй бөгөөд эмзэглэл, гуниг, гомдол, хямрал, өшрөл, бухимдал гэх мэт үгс үгсийн сангаас бүрмөсөн арчигдана. Хүний тархи үргэлж эерэг мэдээллээр цэнэглэгдэж, стресс дарамтгүй ирээдүйн хүн төрөлхтөн үхэхийг мэдэхгүй мөнхөд амьдарна. Үгийн үнэ цэнэ, үнсэлтээс авах олон янзын таашаал, төрөл бүрийн сэтгэлийн хөдөлгөөн, бүр хар дарсан зүүд ч байхгүй болно гээд боддоо. Бодол, дурсамж, төсөөлөл бүгд захиалгын дагуу өрнөж, хүмүүс зөвхөн амаа ангайхгүйн төлөө, хэлээ хамаагүй хөдөлгөхгүйн төлөө, тагнаандаа санамсаргүй хүрчихгүйн төлөө, амь амьдрал болсон ялтсаа алдчихгүйн төлөө амьсгалах болно.
 
Ёоо шал утгагүй юм. Би лав ийм загварчлагдсан ертөнцөд нэг өдөр ч тэсэхгүй. Барьж болдоггүй үгсийг санаан зоргоор урсгаж, хорьж болдоггүй нулимсыг өөрийн дураар унагаж, арчмаар байгаа ч чадахгүй дурсамжид ээрэгдэж, арилгамаар байгаа ч дийлдэхгүй хүсэлд захирагдаж ядан, зүрх тархиа жолоодож биш зоргоор тавих сул дорой амьдрал илүү сонирхолтой. Дурсамж  удах тусам үнэ ордогийг, дурлал бүтэхгүй тусам гашуун байдгийг, адал явдал гэнэтийн тусмаа амттай байдгийг  алгын чинээ ялтас яаж орлох юм бэ?
 
Гэнэт ярилцлага удирдагч багшийн чанга дуу намайг цочоов.

-    Idea, do you have any opinion?
-    Mmmmmm… NO IDEA.

    

2 Сэтгэгдэл:

Оргил said...

хэхэ гэхдээ зарим дурсамжийг арчаад хаячихмаар үе байна өайна.. багадаа гэмт хэргийн золиос болдог ч юмуу нтр.. хэхэ

Ganzorig said...

Хаана явжаагаад ямар юманд суучихваа?