2007/10/10

Чи ингэхэд хэн юм бэ? /агсамнал/

Чи ингэхэд хэн юм бэ?. Чимээгүйхэн бодолд минь дайрч орж ирчихээд сэтгэл санааг минь үймрүүлж орхиод хурдхан зугтаад явчихдаг хулчгар амьтан. Тэгсэн мөртлөө юм болгон чиний хэн болохыг надад сануулдаг. Хамтдаа үзэж байсан сэтгүүлийн хуудас эргүүлэх болгонд чиний дуу сонсогддог, хальширан байж гэрэл зургийн цомог нээхэд чиний царай өөдөөс ширтэнэ. Халуун кофе, нүүрний тос, бүр агшаасан будааны үнэр хүртэл заримдаа чамайг надтай ойр байгаа юм шиг санагдуулдаг.
Чи намайг эдгээх гэж эсвэл гомдоох гэж орчлонд ирсэн, жирийн хэрнээ ерийн бус, хүсэл хясал хоёрын минь хүлээсэн дээр дэнжигнэж яваа өрөвдмөөр амьтан. Хааяа би чамайг харахыг хачин ихээр хүснэ, харин заримдаа чамаас хол байгаадаа хязгааргүй баярладаг. Чиний дуу хоолой намайг галзууруулах шахдаг ч үнэндээ би үргэлж сонсохыг хүсдэггүй.
Өөрөөсөө ч илүү итгэж явсан хүндээ сэтгэлээ эвдүүлчихээд, гоморхлын олс хүзүүндээ углачихаад явж байсан, явах ч гэж дээ сажилж байх тэр үед чи гарч ирсэн. Яг тэр үед чи байгаагүй бол би гэдэг хүн очих юм сан гэж хүсдэг байсан газраа ирчихсэн хирнээ огт баярлаж хөөрөхгүй, сайн сайхныг нь мэдрэхгүй байсаар буцах байсан гэж бодохоор чамд баярламаар. Өчүүхэн жоохон юманд үе үе хөгжин баясч, амьдрал үзсэн ухаалаг нүд чинь хүүхдийнх шиг гялалзан хөөрдөгийг чинь, хариуцлагатай найдвартай албан тушаалтан хэрнээ жижигхээн юманд зүрх алдан гоморхдогийг чинь санахаар чи хайрламаар амьтан.
Өөр нүдээр харвал бусдыг уучлахад амархан гэж, өнөөдөр шаналгаж байгаа юм маргааштай харьцуулахад өчүүхэн гэж, итгэлээ хөсөр хаяж дээр нь дэвслэхээсээ өмнө их тооны хуулийг эргээд нэг хар гэж этгээд харь хэлээр чи надад шивнэсэн. Миний сэтгэл дотор юу болоод байгааг чи мэдэхгүй хэрнээ намайг өөрийнхөөрөө хайрлаж бусдаас илүү ханддаг байсан. Тэнэглэл, шандуурал, үл тоомсорлол, ёс бус аашийг минь чи тэвчдэг байсан. Харин хязгааргүй их хайрыг хальтхан зуур мэдрүүлсэн шигээ, хамаг байдгаа хамж аваад удалгүй хаа хол руу арилж одсон харь гаригийн хачин амьтан.
Чиний хүчээр би сэтгэлийн зовиураас салж, хүний газрыг өөрийн юм шиг элгэмссэн. Гэсэн атлаа би чиний үнсэлтээс өөр юуг ч мэдэхгүй, мэдрээгүй. Чи надад олон зүйлийг ойлгуулсан шигээ олон юмыг үзэн ядуулсан. Хад шиг хатуу занг минь чи хайлуулж дөнгөсөн мөртлөө, хөөрч догдолсон сэтгэлийг минь хоромхон зуур царцаасан. Ер нь чи миний амьдралд хэзээ нэгэн цагт заавал гарч ирэх ёстой байсан юм гайтай амьтан.
Амьдралд минь чиний орон зай үгүй ч сэтгэл зүрх минь үе үе надаас чамайг нэхдэг. Харин чи зөвхөн өнөөдрөөрөө л амьдардаг. Үзэл бодол, хэл соёл, өнгө төрх ялгаатай боловч чи бидэн хоёр нэгэн цагийн учигт таарах л тавилантай хүмүүс юм шиг. Бурхан чамайг над руу хэрэгтэй үед минь илгээгээд бушуухан буцаагаад холдуулсан. Чиний тухай зүгээр л бодоход нулимс минь асгардаг, харин чамтай үүрд үлдэх болвол би энэ замыг эргэлзэж тээнэгзэлгүй орхино...

6 Сэтгэгдэл:

эртний андаас said...

\эхлээд санаа алдснаа бичих нь зөв байх\тэгээ л энэ идеагийн ертөнцөд ороод ирэхээр уур амьсгал өөр болчдийшдээ зүгээр. сэтгэл санаа уймуулээд.дурсах дурсамж сайхаан идеа минь. арчмаар зарим нэгийг нь делетлээд байхад хогийн саван дотор арзайгаад сууж байдаг хорвоо доо.

Anonymous said...

Idea minii bodoloor bid zarimdaa uuriin boloogui yumiig denduu iheer husdeg shde. Tegeed hezee ch avch chadahgui bolhoor ulam iluu husel shunal uusdeg baih. Horvoo delhii uujim bas uguumur du hair huseed baival hair bish tiim zuiliig hair gej itgeh tohoildol baidag da.zuvhun minii bodol az jargal husie. smile baby everything gonna be all right.

Idea said...

Эртний анд: Блогоо ухаж байгаа дээр үеийн комментуудыг харлаа. Бас нэг жил өнгөрсөн байх. Өнөөдрийг хүртэл яагаад олж үзээгүй явснаа өөрийгөө гайхаад олсонгүй. Ямартаа ч сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа. Миний ертөнц чамайг үймрүүлж, санаа алдуулж байгаа нь сайхан санагдлаа. Дурсамж дурсамжаараа л үлдэх сайхан, өөр юу гэхэв дээ анд минь.

Үлмэдэх: Энд ийм сэтгэгдэл орсныг хараагүй удаан явсандаа хүлцэл өчье. Гэвч хэрэг хуучирдаггүй гэдэг болохоор хариу бичиж байна. Юуны өмнө, зочилсонд, бас бодлоо хуваалцсанд баярлалаа. Үнээн, хэзээ ч авч чадахгүй юмаа илүү хайрладаг гэж. Магад авчихвал тэр их хүсэл тачаал, шунал тэмүүлэл алга болох байх. Ийм хясланд амьдралын амт байдаг ч юм шиг. Юутай ч, чамд бас аз жаргал хүсье. Санасан бүхэн чинь бүтэг ээ.

Anonymous said...

bravo yamar goe boloo ve? nadad bas yag iim hun bii

Anonymous said...

tiimee, tiim neg hun bii. Haya ch uuriin erhgui sanaj husemjildeg de. Ter minii amidrald hezee negen tsagt zailshgui baih, zailshgui uchrah baisaan /sanaa aldav/

Anonymous said...

Chi harin uuruu ingehed hen ym be...