2007/10/17

Зээлдмэл сэтгэлгээ хийгээд тогтолцооны гажиг

Монголчууд капитализм, хужаа хоёрт бүр ясны дургүй, аль алин нь аминд нь орж байхад шүү. Хужаагийн тухайд дараа болъё. Хөрөнгөтний нийгмийн тухайд муу муухай, зовлон зүдгүүрийн тухай дэндүү их дөвийлгөн сурталчилж ирсэнтэй холбоотой байх.

Ямартаа ч бид өнгөрсөн 100 жилд капитализм дээгүүр хоёронтаа харайчихаад байгаа юм биш үү. Өмнөх нийгмийн үед феодализмаас капитализмын хар ангал дээгүүр дүүлэн харайгаад социализм байгуулж байна гэдэг байв. Гэхдээ орос ах нарын бусдад үлгэр дууриал болгох гэсэн энэ ер бусын туршилтын үр шимийг бид чамлахааргүй хүртсэн шүү. Өнгөрсөн зууны 80-аад оны сүүлчээр Горбачевын өөрчлөн байгуулалтын үр дүнд монголчууд буруу замаар будаа тээснээ гэнэт ухаарч, социализм, Орос хоёрыг баахан зүхээд хүн төрөлхтний хөгжлийн нийтлэг замд орно, зах зээлийн нийгэмд шилжинэ гэцгээв. Өргөн утгаар нь, гадаад хүчин зүйлийг бодолцвол бидэнд өөр зам, өөр сонголт байгаагүй.
Манай хуучин анд Куба, Вьетнам, Умард Солонгос, Хятад гээд нэг намтай, социализмтайгаа байж л байна шүү дээ гэж зарим нь хэлэх байх. Тэд биднээс их ондоо, бүс нутагтаа багагүй нэр нөлөөтэй, хамгийн гол нь биеэ даагаад амиа тээгээд явчих улс, америк маягийн ардчилалыг тулган хүлээлгэх гэж хэдэн арван жил хавчин гадуурхаад бүслэн хаагаад ч үр дүнд хүрээгүй. Монгол бол дагуул, хараат улс, хэн нэгнээс зүүгдэж чирэгдэхгүй л бол ганцаараа явна гэж байхгүй, 90 оноос байдал өөр болсон ч хараат бус гэхэд хэцүүхэн байгаа нь нууц биш. Хэн мөнгө өгнө тэр хүний хэлснээр л явж ирсэн улс. Худлаа гэж үү?
Хэдий шинэ Үндсэн хуульдаа “Төрийн зохицуулалтай зах зээлийн эдийн засагтай, хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулна“ гэж тунхагласан ч депутатууд өөрсдөө энэ ухагдахууныг эгэл хүмүүст, энгийн мань мэтэд нь ойлгогдохоор тайлбарлаж чадахгүй өнөөг хүрч байгаа гэхэд болно. Тэгээд бэлэн юм байж байхад монголын өвөрмөц онцлог энтэр гэж толгойгоо гашилгаад яахав гээд л өрнөдийн өндөр хөгжилтэй орнуудын улс төрийн тогтолцоог шууд хуулбарласан юм.
Өнгөрсөн 15 жилийн хэрэг явдлыг эргэн харахад энэ тогтолцоо монголын хөрс шороон дээр олигтой соёолохгүй байна. Нэг үгээр, нүүдэлч монголчуудад дэндүү ахадсан эд байлаа. Зах зээлийн харилцаанд шилжсэн эхний жилүүдэд манай дарга нар жам ёс гэдэг үгийг байнга хэрэглэдэг байсан юм. Зүй тогтол гэхээр марксизм үнэртээд байсан хэрэг биз. Харамсалтай нь, мөнөөх жам ёсоо сөрсөөр л ирсэн юмуу даа. Ухаандаа өнөөгийн энэ тогтолцоог бүрдүүлж хэлбэржүүлэхийн тулд бидний үлгэр дууриал авсан орнууд зарим нь 100 жил, зарим нь бүр 200-300 жил зарсан бололтой байдаг. Бид бол ёстой нөгөө “Түмний нэг” кинонд гардаг шин сраз моёр болчихсон байгаа юм.
Хэрэг явдал цаашид хэрхэн өрнөхийг харж л байя. Юутай ч дууриана гэдэг сармагчингаас бидэнд өвлөгдсөн “үнэт зүйл” болохоор яая гэхэв дээ.

2 Сэтгэгдэл:

3apaa said...

Дээр үед нэг хүнтэй цэц булаацалдаж баахан үндсэрхэг үзлийн тухай маргасан юм. Би ч яахав нялх амьтан байсан болхоор буруу зөрүү бураа биз. Тэгсэн мань хүн хоёр сая хүнд хоёр миллиард хүн зохицож амьдрах уу? хоёр миллиард хүнд хоёр сая хүн зохицож амьдрах нь зүйд нийцэж байна уу? гэж надаас асуусан юм.
Буруутгах шалтгаан олдоогүй л юмдаг. Монгол минь хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага мэт санагддаг. Бид ухаалаг, боловсролтой, ухамсартай байж гэмээнэ үндэстнээ мөхөөчилгүй авч явах мэт санагдах юм.

idea said...

Зараатай санал нэг байна. Хоёр том талхны дундах сэндвич улсад төрсний хувьд биднээс их юм шалтгаална. Зөвхөн байрлалын тухайд ч бус эдийн засгийн чадамж, үндэсний аюулгүй байдлаас эхлээл орших уу, эс орших уу гэдэг чи бид нараас хамаарах үе ирэхийг хэн байг гэхэв. Гэснээс блогны минь анхны уншигч болж, урам нэмсэн сэтгэгдлүүд оруулж байгаад талархаж байнаа.