2008/05/14

Би багадаа....

Үймүүлэх дуртай бацаануудын орилоон чарлаан, үг хэл үйлчилдэггүй үсэргээн пижигнээн , үргэж зугтмаар яршигтай нүргээ доргио сонсоогүй уджээ. Байнга л томчуудын ярвайсан царай, үзэл бодол нэвт үнэртүүлсэн үгс, наанаа нэгийг ярих ч цаанаа өөрийг хийх долдой үйлдэлтэй хутгалдаж, мэдсэн ч мэдээгүй юм шиг мэлээнхолик царайлж явдаг ажил маань гэнэт нэг өдөр хүний өөрийн зулзагануудын халамжлан хүмүүжүүлэгчээр солигдох нь тэр.

Гар, хөл, ам хамрын өвчин гарч цэцэрлэг сургууль карентийлсан далимаар баахан айлын атамануудтай ахын зусланд нэг хонолоо. Аав ээж нь инээд алдаад алга болцгоож, азгүйгээрээ би амаа ангайгаад хоцров. Зургаан настайгаас 3-р ангийн арваад баагий энэ тэрүүгээр гүйлдээд эгч дунд нь эхлээд дэнхийтэл баахан тоглов. Дэнхийгээд байх ч юу байхав, хүмүүс ялгарахгүй байна гээд л шоолоод байна лээ. Нэг тийм тэжээллэг хоол идсээр байгаад наснаасаа эрт мяраалсан хүүхэд байдаг даа, тэрэн шиг бондгор цондгор, болоо ч үгүй цор цор хийдэг цорвогор хүүхэд л харагдаа биз. "Мөөмтэй пионер" гэдэг шиг ккк. Гүйдэг маатка тоглолоо, орон булаалдлаа, сүүлдээ хоёр хуваагдаад баавгайн чихдэв. Маний үеийн наадгайг мэддэг амьтан байхгүй, чухам зааж зурах гэж үгээ хэлж үсээ үгтээв.

Гүйж харайхдаа хэзээнээсээ тааруу болохоор золтой л бахардаж унаад багачуудын нүдэн дээр явчихсангүй. Өөрийгөө хөдөлгөөний дутагдалд орж байгаагаа мэдлээ, өтөлж байгаагаа ч ойлголоо, юм юм бодлоо, лонх юм хөнтөрлөө, ойгоор нэг ориллоо. Хаха худлаа худлаа, ер нь эрүүл агаарт тоглох сайхан байв. Үдээс хойш нь ур чадвараар шалихгүй хэрнээ уур уцаартай тогоочийн дүрд хальт тоглов. Турж үхэж, тарж унах гэж байсан болохоор амт султай будаатай шөлнөөсөө ахиухан поорцоор идэж аваад зүйрмэглэлээ.
Тэгсэн хүүхдүүд хоорондоо хэрэлдэж байнаа, жаал сонсов. Том жижиг, бас ах дүүгээрээ талцсан бололтой юм.

- Муу нээгддэггүй нүдэт /онигорыгоо хэлж байна/
- Чи муу тэгвэл хаагддаггүй нүдэт /бүлтгэрийгээ зөрүүлээд хэлж байна/
- Сугандаа үстэй матар
- Матрын суган дахь үс тэгвэл ....

Арай том хоёр нь барьцалдаад авчээ. Ганц удаагийн муухай хашгиралтаар гал намжаалаа.
Нөгөө талдхан нь бас хоёр нь үзэлцэж байна.

- Сэгсийгээд сэрээ шиг толгой гаргачихаад. Манай ээж чамайг компьютерийн донтой гэж байна лээ.
- Тэгвэл манай ээж танай ээжийг эрийн донтой гэж байсан за юу.
- Муу матрын арьсан дээл минь юу гээд байгаан.
- Чи муу өөрөө мэлхийн бөгсөн дээр гуйж гарсан хатиг за юу

"Больцгоо та нар. Юу яриад балайраад байгаа юм, яасан замбараагүй хогнуудав, алив орцгооё" хэмээн хэрээн гуаглалтаар бархирснаар арайхийж нэг юм асуудлыг хоёр тийш болгов.

Күй ээ, энэ хүүхдүүд бидний үеийнхээс дэндүү өөр болчихжээ. Хэлж ярьж байгаа, тоглож наадаж байгаа нь чухам л мань мэтийн айкү хүрэхгүй алмайрч, арзгар толгойгоо сэжтэл ангайлгахын. Тэр матар мэлхий гэж яасан ч үйлтэй амьтад байдгийн. Нөгөө Симпсон, Нарутогийнх нь юу нь ч сайхан юм. Хип хоп дууг аав ээжийнхээ сургаалаас илүү хүндэтгэн сонсож, хөдөлмөр гаргаж цээжлэхийг нь яана. Ямрын ямрын ямрын, яасан ийсэн Анжела ч гэнүү мэдэхгүй ээ мэдэхгүй.

- Идеа эгчээ, таавар таалцах уу?
- За тэгье, та нарын хэрүүлийг сонсож сууснаас арай дээр юм байна.
- Хамгийн муухай нэртэй хүүхэд хэн бэ? Бид нар дотроос
- Та нар чинь бүгдээрээ л гоё нэртэй шд. Муухай нэр гэж байдаггүй юм.
- Худлаа яриад л. Цэрэндалай байнашд. Далай шиг том цэр хихихихи. Бас Баасанжаргал байна. Бааж байхдаа жаргадаг айн.

Өнөөх муухай нэртүүд нь уйлж гарав. Күй та нар чинь яасан ядаргаатай амьтад вэ, яршиг би та нартай дуугарах ч үгүй ерөөсөө.
- Аниа би пицца идмээр байна
- Битгий гуц, хээр ирчээд юун пицца.
Нөгөө үлгэр жишээ, биеэ барьж тэвчээр зааж байсан эгчийн жинхэнэ зэс нь цухуйж эхлэв.
Удсан ч үгүй тар няр хийх чимээ гарч тавга аяга тачигнаад явчихлаа. Нэг нь хөл дээрээ ширмэн савны зузаан шилэн таг унагаачихжээ. Бөөн уйлаан майлан, орилоон чарлаан. Одоо яанаа эцэг эх нь намайг цохиод хөхрүүлчихсэн гэж бодно доо. Өөр нэг нь өмдөө юманд гогодчихож. Гуяыг нь гаргаад гүйлгэлтэйм биш уурлан барин умайлгахчаан болов. Хоёрдугаар ангийн бас нэг бачка 200 мянгын утас барьчихсан, болооч гүй чихэндээ айпод хийчихсэн, үгэнд орох дургүй пүд пүд яриатай. Ёртой юм шиг хэлээд байхад тоохгүй пээдэлзэж байгаад утсаа хаячихаж. Ёстой хүзүүгээ хугалж, хуруугаа цоолохын наахнуур бөгтийж тэмтчиж явж арайх гэж оллоо.

Ай даа, амьтны эрх хүүхдүүдийг маллана гэдэг амаргүй ажил байна билээ. Ясли, цэцэрлэг, бага ангийн багш нар гэж яасан тэвчээртэй, тэнхээтэй улс байдгийн. Түмний хүүхдийг бүлээн цай, бүтэн хувцастай байлгахаас гадна хүмүүжүүлж бас юм сургана. Би л багш байсан бол айлын хүүхэд алгадсан хэргээр аль хэдийнэ эмэгтэйчүүдийн хорих руу илгээгдчихсэн биз. Нэгхэн өдөр хариулах гэж нэрээ мартаад ирсэн шд. Сүүлийн үед айлууд хүүхэд цөөтэй, юм юмаар дутаахгүй элбэг хангалуун байлгадаг болсон болоод ч тэрүү ер нь их давилуун, дураараа, дуу чимээ нь ч дийлдэхгүй, духан дээр нь няслаад авсан ч багадмаар нөхдүүд олон байх юм.

... Хүнд гаруудтай хөглөж, хөгөө хөлдөө чирж өнгөрөөсөн мөчүүд намайг хүүхэд насны дурсамжинд хөтөлж аваачив. Би багадаа биеэр жижиг, бүрэгдүүхэн бор охин байлаа. Хүнтэй хамаагүй ярихаас ичдэг мөртлөө аавын ажлын хүүхдүүдийн урлагийн үзлэг болохоор “Катюша катюша” гээд под хийтэл дуулчихна. Ээжийн оёж өгсөн жижигхэн уутыг түрийвчний оронд хүзүүнээсээ зүүгээд дотор нь төмрөн мөнгөнүүд авч явна. Нэлээн том болтлоо тэгж явсиймдаг. Нэг удаа оосор нь тасарч мөнгөнүүдээ гээчихээд "Хорвоо чи юутай хатуу вэ" гэж уйлж ойр хавиар нэг онигоо болж байлаа. Одоо ярихаас ч ичмээр, гэхдээ хөөрхөн л байгаа биз дээ.

Ахыгаа юм уншихаар сонсоод цээжилчихнэ, цагаан толгойг нь буруу харуулж барьж байгаад “Нэгэн өлөн хөх чоно” гээд л дуржигнуулж гардаг байсан гэж ээж аав ярих.
Социализмын үеийн хүүхдүүдэд дүүгээ харах гэж том ажил байдаг байсан, ихэнх нь мэдэж байгаа. Цэцэрлэг нь ховор байсан юмуу, аав ээж авч өгч амждаггүй байсан юм уу бүү мэд. Ямар ч байсан дүүтэйгээ хоёулаа цоожлогдоод л хоцроно. Зун харин зусланд гардаг байлаа. Бөөгнөрөөд тоглож байгаа хүүхдүүдийн аваарын дохио, аюулын харанга нь “Ажилчдын автобус”...
“Ажилчдын автобус” гэх хэн нэгнийх нь цовоо дуу часхийх ахуйд дээш шидсэн бөмбөг буцаж бууж ирэхээс өмнө бутарч алга болно. Аав ээж ирэх сургаар хурдхан гэртээ орж цайгаа халаагаад энэ тэрхэнээ гялс янзлан зүгээр гүйж явсан дүүгээ шүүрч авч өвөр дээрээ тавиад цомцойгоод сууж байна. Нөгөө хоёр нь ч гэнэн гар, “Ишш миний охин өдөржин дүүгээ тэврээд чилэхгүй байна уу, найзуудтайгаа тоглохгүй яагаавээ” гээд л. Аргалж байгаад 13-ын алаг бөмбөг авахуулчихвал амьд явсаны хэрэг бүтээд явчихна. Даанч тэр золиг нь амархан хагардаг байж билээ.

Бэлтгэл ангид орсон чинь солгой хүүхдүүдийг баруун болгох кампанит ажил ид өрнөж, нөр их хөдөлмөрийнх нь үр дүн надад огтхон ч нөлөөлөөгүй гэсэн. Зууралдсаар байгаад зүүн гартайгаа үлдсэн минь магадгүй миний амьдралдаа хийсэн ганц зөв алхам ч байсан юмуу, хэн мэдлээ. Бас зөрүүд ээ хар паарчик, цагаан форм өмсөнө гэж тархиараа тас савж унаад л, багийн гаж дон гийн илрэл байсан байгаам шүү. Эгчийн буцалтгүй тусламжийн хүрээнд хандивласан улаан курткийг ухаан орсон цагаасаа хойш хэчнээн ч жил өмсөв. Улаан хүрэмтэй, улаан хацартай, улаан галстуктай улаан коммунист охин явлаа шд. Ээж аав авч өгсөн л бол голж шилэх эрхгүй, эрээн даавуун палаажаар ижилдэн гоёсон хүүхэд нас минь айдас хүйдэс багатай, бодох санах юмгүй сайхан ч байж дээ.

За за миний бага нас ч яахав, хүнд гаруудтай хөөцөлдөж тоглоод хөл гар нил хөндүүр болчихсон байна лээ. Нэлээн ч нэр томьёо, үг хэллэг шинээр сурлаа. Гэснээс энэ муухай өвчин хурдан арилаасай, хэзээ нэг бид хужаагаас хамааралгүй болох юм болдоо. Салхин цэцэг, коор ч сайхан өвчин байж дээ энэний дэргэд.

25 Сэтгэгдэл:

3apaa said...

Зургаан настайгаас 3-р ангийн арваад бацаан энэ тэрүүгээр гүйлдээд эгч дунд нь эхлээд дэнхийтэл баахан тоглов. Дэнхийгээд байх ч юу байхав, хүмүүс ялгарахгүй байна гээд л шоолоод байна лээ. ЭНЭ Л ҮНЭН ҮГ БАЙНА ДАА ГЭЖ...

хөхтолбот said...

Ай хөөрхий хүний эрх хүүхэд харахлаар миний нүд хорсоно гэж жигтэйхэн. Барьж аваад алгадчихмаар цор цор хийсэн амьтныг гошуу дэвсэн эрхлүүлэх ээж аавд нь хэлснээс хад уруу харжээ суугаад хэд сайхан хашхирчихсан нь дээр юм билээ. Ядаж цуурайг нь малдаа яваа ч юмуу хүндэрч яваа хүн сонсох биз.
Гүүэ тэгээд үр хүүхдээ тэгэж хэцүү өсгөх гэж дурласандаа ч биш, нийгэм бас их том нөлөөтэй байх шиг байгаан. Миний 18 хүрчийж гадарладаг болсон зүйлийг цэцэрлэгийн бацаанууд хоорондоо хөөрхөн хөөрөлдөж суувал яасын...арай л байгаа шүү нээрээ.

melkadies said...

ideag duuraisan belen tsetsen ugtei zolignuud ve. bogson deer guij garsan hatig bihada ayahav dee. ha ha ha ha

amor said...

одооны хүүхдүүд цамаан цалгар нь дэндчихсэн дээ..
хүний өөрийн ялгаагүй, биднээс гараагүй үг үйлдэл өрнөөд байгаам даа..
за тэгээд заяа төөргөөрөө, цаг үеэрээ болох юм байгаа биз.
бидний үейин хүмүүжил ч хэлэх ярих гайхуулах юмтай бсн шүү..

Yuki said...

пэээ удмын юм байшт энэ цэцэн цэлмэг чинь. үгийн сонголт, оноолт, тавилт этр бол тэ...

хэхэхэ, ёстой үе үеийн хүүхдүүдийн үнэн байдал даа гсн. эхлэээл ойрын хэдэн тархигүй бацкаануудаа бодож жаал уурсав, тэгснээ өөрийн багаа бодож өхөөрдөөд ч байх шиг...

arsun said...

Hehe unen setgeleesee toglowol yalgarahgui dee.

uka said...

Neeree l Yukigiin heldgeer ye ye-iin huuhduudiin unen turhiig haritsuulj huurhun gargajee. Bichdeg hun oor ymaa, suusan gazraasaa shoroo atgaad.
Ter huuhduudiin heruuliig idea joohon redaktorlasan u gui yu, gehdee ingej hereldjeej magadgui e. Manai duu bas yu yu gelee neeh sonin ym yairad bsan. Aihtar boljee.

gump said...

намайг их уудаг болхоор найзууд маань намуунаа гэж дууддаг.

Өөрийгөө хөөрхөн гэдэг олон болжээ. Бүүр хүчирхийлсэн маягаар хөөрхөн байгаа биздээ гэцэн. Хүн юу гэхийн тиймээ гэхиймуу

Segsger said...

Ha ha ha Namuunaa Huurhuntei huurhun baritsdag bna shd. Savaachihiim bna l doo. Ungursun zuuny humuujil unertuulsen huuhduudiin orgi turh uu gej...

meesh said...

Одоогийн хүүхдүүдийн нэг онигоо: Элсэн дээр 5 настай эрэгтэй эмэгтэй 2 хүүхэд тоглож байна....
Охин: Яанаа би чамд сонин юм хэлэх үү ?
Хүү: За
Охин: Манай ээж савнаас гадуур жирэмслээд үхэхээ шахсан шт...
Хүү: Тэр гайгүй манай ээж ааваас гадуур жирэслээд
алуулахаа алдсан шт...

ganga said...

Ямар хөөрхөн бичлэг вэ. Хүүхдүүдээс ажааг нь ялгаж харахад амаргүй байхоо. Аав намайг тавтай байхад хөтлөөд явж байтал нэг баян танил дайралдаад баавгайтай чихэр өгсөн чинь, би нь "мөддөө ч баавгайтай чихэр идээгүй гялайлаа" гэж түлсэн гэдэг.

Friska said...

гүйдэг маатаг гоё шүү...маатаг гэж юугсэн үгийн бол???

A.Амарсайхан said...

Бурзайсан байна ш дээ. 10*20$=200$ Гэрийн цэцэрлэгийн багш нар төсвийн цалинг ганц өдрийн дотор олдгийм байна.

peakfinder said...

Huuhduud gej orchin toirondoo baigaa tomchuuldiin toli yum daa. Odooni huuhduud geed l baih yag unendee bidnii yamar bolsoniig heleed baih shig.
Bi bagadaa zunii cagt ogloo garaad oroi haranhui bolohoor geriin baraa hardag huuhed bailaa. Odoo tegej gadaa togloj baigaa huuhed coohon haragddag bolson sanagddag.

Бум said...

Энэ охин нээрээ ярих бичих гэж алдаг охин шүү. Тэрийг амьдаар нь харсан гэдэг шиг Айдияаг яг амьдаар нь яриулвал ингэж урсгаж чадах болов уу

vitaminjuulalt said...

яаая тэр солгойг зүүн болгох хомпайнт ажилаар би гэдэг хүн аль гараа ашиглаж сурсандаа хөөрхий
хөөрхий юу байхав бичих зурах гээд хараат урсгалууд баруун гар руу шилжиж, цохих юм чулуудах өргөх зэрэг нь зүүндээ үлдсэн дээ.

ZAYA said...

Айлын хүүхдүүд бүр ч сахилгагүй юм шиг санагддаг хог ш дээ. хэ хэ ойлгож байна.

Pearle Deppsu said...

хаха

мөөмтэй пионийр

erhtsas said...

Савж унаал босч ирээл гаширахгүй уншисаарийн байгаад дуусгав,тэр жаалууд ямриймандаа тэгж аймаар муудалцдаг байнаа,би бол бараг дагаж уйлаал суухийн байна,чи ч аргагүй атаман,ам хэл нь дийлдэхгүй тулдаа л тэвчиж байж.

Хөөрхөн сэргэлэн охин нүдэнд харагдаж байна шүү,чи нээрээ багийн л айхтар сэргэлэн бас болоогүй буруу номын охин байжээ цагаан форм,хар хормогч байхдаа яахуу даа.
Баярлалаа найз минь ёстой хөөрхөн бичжээ.

xvv said...

Одоогийн нийгмийн төрх л дөө. Гардаг кино, уншдаг ном, хажуугийн айлийн зодоон гээд эд ийм болохоос ч яахав. Хүүхдийг эрхлүүлсэндээ ийм болж байгаа юм биш байхөө. Монголоос бусад хөгжсөн газар хүүхдээ няслаж хүмүүжүүлдэггүй л юм биш үү дээ? Ерөнхийдөө хүүхдээ зөв хүмүүжүүлье гэвэл гэрийнхээ номын санг сайн бэлдээрээ гэж хэний билээ блогоос уншиж байсан санагдана. Наанаа арван таван толгойтой атгаалжин хар мангасыг дарж, заримыг нь заллиж хождог гэгдэх тэр үлгэр туульсууд чинь цаагуураа хүмүүсийн толгойд асар их юм хийж өгдөг байсан юм шиг байгаамаа...

Idea said...

Зараа: Биеийн хэмжээгээр биш билэг оюунаар үнэлдэг нийгэм шүү өөш.
Гөөхий: "Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу" гэж үнэн үг шүү. Энрийн цээнд хүрэх, цэцэрлэгийн нас хоёрын хооронд арай хол зөрүү байгаам биш үү. Миний найз хэт удаан ойлголцтой хүүхэд байсийм байна ккк.
Мэлка: Юун би... Үгийн хорон, утгын далдыг нь гүйцэхгүй үхтлээ ичсийн шд.
Амор: Цаг цагаараа, үе үеэрээ гэж үнэн шүү. 20 жилийн дараа тэд ч иймэрхүү юм яриад сууж байх вий.
Юки: Бид нар ч үнэн хөөрхөн байсан шүү. Одоо эд нарт ярьж өгвөл шууд донгио гэх байх даа.
Арсун: Аашаараа л ялгарч байлаа хэхэ.
Ука: Би бараг редакторлаагүй ээ, ярьсан нь л энэ. Дүүгийнхээ яриаг тогтож сонсоод үзээрэй, бас л муухан хошин шог байх вий.
Гамп: Намуунаагаас л хөөрхөн гэдгээ зөн совингоороо мэдрээд байгаа.
Сэгсгэр: Ийм л хүүхдүүд байлаа. Эрхэм Сээгий та ч бас бидний хэлтэрхий бус уу.
Мээш: Хаха хөөрхөн онигоо байна. Өө тэгж хэлж өлхөн чадна эд нар.
Ганга: Хаха аавыгаа байдалд оруулсан байна шд. Чихэрний бараа хараагүйгээ зарлаад.
Фриска: Харин мэээдкүй. Гүйдэг тактик байснаа маатаг болсийм болуу хэхэ.
Амраа: Цалин авах нь битий хэл цадиггүй юмнуудаас болж өрөнд орохоо шахсаншд. Би ч энэ бизнесээр явахгүй юм байна лээ.
Пийки: Томчуудын толь гэж үнэн шүү. Гэхдээ толины тусгалыг яаж ойлгох нь хүүхэд хүүхдийн онцлог юм шиг байгаан. Цаг үеийн ялгаа үнэхээр бүх юман дээр тод мэдрэгдэж байгаа шүү. Үзэж сатаарах юм багатай болохоор бид нар өдөржин тоглодог байсан байх, одоо бол аюултай л даа.
Бум ах: Бичихдээ Бэлэн Сэнгэ /нөхдийн үнэлснээр/ мөртлөө ярихдаа ямбий араажав шиг гацаа, ээрч муурч эрүүгээ жаажийлгаад, үгээ зөөж шүлсээ үсчүүлдэг гэдгээ би эхнээсээ нуугаагүй. Гэснээс ах танаас асуух, зөвлөх юм байгаа. Аяар бичнээ, хаягийг чинь олоод.
Е.Битмийн: Тухайн үедээ баруун болсон хүүхдүүд магтуулаад, мань мэт хувьсгалын эсэргүү, гаж донтой гадаадын тагнуул болох шахаж байлаа шд. Хожим нь гараа сольсонгууд тодорхой хэмжээгээр хохирсон тухай судалгаа байдаг юм байна лээ. Чи харин ч хоёр талаараа саармаг авч үлдсэн байна шд, хос тархины үйл ажиллагаатай гэсэн үг юм байна /мэдэмхийрэв/
Заяа: Харин тийм. Намайг ёстой насанд хүрсэн хүн байна гэж тоохгүй байсаншд, уур хүрмээр. Тэгснээс хажууд нь зуудаг банхар тавьцан бол нохой байна гэж тоох байсан байх даа.
Пийрль: Сайд Болормааг Мөөмтэй пиноер гэж хочилдгийн байна лээ. Тэрийг нь зээлдцийн.
Цасаа: Мэдэхгүй харин, чухам яах ийхийн зуургүй аймаар муудалцаад чулуу шиг хатуу үгсийг цөөн хоромд цөм шидэлцэж байгаам чинь. Би ч ер нь бол жулдаж байна лээ, хэрээ шиг хахирган дууныхаа хүчээр л амьд гарсан.
Урам өгсөнд их баярлалаа.
Хүү: Харин тиймээ. Хүүхдийг эргэн тойрны элдэв нөлөөнөөс хамгаалж, сайн мууг өөрийнхөөрөө ялгадаг болоход нь ном л туслах байх. Даанч орчин үеийнхэн ном уншихаа бараг больсон байна лээ. Интернэт, гар утасны тоглоом, фм, эмпи эд нар гэхээс хуудас эргүүлж суух завч үгүй, сонирхол ч үгүй болдог байх. Маний үед уншсан номоо бие биедээ гайхуулах гэж бөөн ажил, хоорондоо сольж уншаал, цагаан солио туслаа гээл аав ээж загнаад л тэ. Ххүжийн галд ч хамаагүй уншдаг байлаа шд. хаха ам халчихсан хадуурцан явжийна, тэр нь ч юу юм ер нь бол лааны гэрэлд уншдаг байсан шүү, заримдаа.

altain uuls said...

eooe..byyr gantsaaraa ineej bgaad unshlaashd..Nad jooxon jadraad irexleeree tanaix ruu oroxoor bayasaad garaad javdag bolson..bicheed baigaarai avjaslag oxin mini..;-)

Idea said...

Алтайн уулс: Баярлалаа найз аа. Уул нь бичих юм зөндөө байх юмаа, даанч завдахгүй явсаар худлаа болгочих юм.
Хэзээ нэг хувийн зохион байгуулалтаа сайжруулж, цагаа зөв хуваарилаж, бодсон болгоноо амжуулж сурахын бол доо. Хол байна даа хол байна.

тагнай said...

Хаха элгээр гатгуулчлаа. Үйлээ үзсэн нэг өдөр.

Idea said...

Тагнай: Хн, чамд инээд, надад ханиад зүгэр. Нээрээ үйлээ үзсэн шүү. Дараагийн удаа бол арай туршлагатай байх байхаа.
Зочилсонд талархав.