2008/12/09

Ах

90-ээд оны эхээр шдээ, зах зээл гарч заяа тавилан өөрчлөгдөж, ганзагын наймаа цэцэглэж, гахай чирэгсэд бэлчиж эхэлсэн үе. Арваа төгсөөд л уурхайд ажилласан ах маань гэнэт нэг өдөр наймаанд явдаг баатар болов. Гэхдээ урагшаа биш хойшоо. Ажлынх нь ганц хоёр хүн орос руу явж главчаак /дугуй засахад л хэрэг болдийм шиг байна лээ/ мэтийн жижиг сажиг сэлбэг авчирч уурхайдаа шахаад чухам сарын цалингаа хэд нугалж байсийм байх. Тэрийг хараад мань эрийн шар хөдөлж, адилхан наймаанд явж, ашиг орлого хүүдийлмээр санагдаж.

Анх удаа ахыг хил гарах гэж байна гээд бид ч байдгаа барив. Гэтэл ирж очихтойгоо нийлээд арван хэд хонох ёстой ах гуай долоо ч хонохгүй хүрээд ирлээ. Сураг дуулахнээ Улаан-Үд дээр дээрэмдүүлж хамаг мөнгөө сэгсрүүлээд шувтарсан цагаан бумба болоод ум хумгүй буцсан гэнэ. Ээжийн халагласан, миний харамссаныг хэлээд юүхэв. Аргагүй шд, картын бараа авах мөнгөө хүртэл хамж шимээд явуулж байхад. Ойрхон байсан бол цохиод авмаар л байлаа. Орос чихэр найзууддаа тарааж онгирно гэж бодсон маань ч талаар өнгөрөв.

Авгай нь ч одоо алж өгч байгаа даа, хохь нь ухааны юм бодож, ахын сүүхээгүй арчаагүй талаар хошуу нэмэхээр гэрт нь ортол өнөөх чинь харин гавьяа байгуулсийм шиг дээшээ хараад хэвтчихэж. “Ахын дөө сайн уу” гээл дуу муу бол үнэн пээдгэр, чухамдаа дайнд ялаад дархан цол хүртээд ирэв үү гэж эндүүрэхээр. Авгай нь урдуур хойгуур нь хоол цай зөөж гүйгээл, хөл гарыг нь барилж бөндөгнөөл, “амьд ирсэн нь болж миний хань” гээл толгойг нь илж ч байх шиг. Нэг их улаан хэрүүл дунд орж явчих юм санасан би тэгсгээд гайхаад өнгөрөв.

Хожим бодохнээ бэр эгч тэр үед ээж бид хоёр шиг аашилж, ахыг элдвээр хэлж харааж загнасан бол анхны оролдлого нь бүтэлгүйтсэн мань хүний урам зориг нэгмөсөн унтрах байлаа. Урьд нь үзэж байгаагүй дээрэм тонуул гээчийн шоок, хамаг байдгаа тавиад туучихсан харамсал, хайрцаг хайрцаг бараа байтугай халаасандаа сэтэрхий тэвэн ч үгүй ирсэн гэрэвшил нь улам асч, өөртөө итгэх итгэл нь өндийхгүй болтол дарагдах байлаа. Магадгүй насаараа уурхайн ажилчин хэвээр үлдсэн ч байж болох.

Өнөөдөр манай ах өөрийн гэсэн бизнестэй, хэнээс ч дутахгүй амьжиргаатай нэгэн. Авгай хүүхэд, аав ээжээсээ гадна ааштай дүүгээ хааяа харж үздэг болохоор би хальт долигноостой. Одоо эрхэлж байгаа бизнес нь хорь шахам жилийн тэртээх хоёр дахь удаагийн оролдлогоос нь эхэлсэн. Өдий зэрэгтэй яваа нь харин өөрийнх нь сайнд бус эхнэрийх нь холч, уужуу занд буйг хаа ч хэлнэ. Гэр бүл хэмээх нарийн төвөгтэй харилцаа, эхнэр нөхрийн учир жанцантай ертөнцийн талаарх анхны ойлголт маань эндээс эхэлсэн байх.

“Эхнэр нөхөр хоёр бие биедээ хайртай байна гэдэг өөд өөдөөсөө харах бус хоёулаа нэг тийшээ харахыг хэлнэ” гэж нэгэн ухаантан хэлсэн санагдана. Нэгэнт тоонот гэрт толгой холбож, тостой тогоонд хошуу холбосон бол бие биеэ аль болох урамшуулж, дэмжиж, уруул давчих гээд байгаа хатуу үгээ сугандаа хавчуулж, урьд хождын алдаа оноог уландаа гишгэж, урагшаа л хамтдаа харж явах ёстой, тийм биз? Мэдээжийн л юм, гэхдээ биелүүлэхэд амаргүй гэдэг нь амьдралаас харагддаг. Царайлаг, мөнгөлөг, ажилсаг хүүхнээс илүү тэвчээртэй эмэгтэй сайхан амьдардаг шиг ээ. Эрчүүд хэмээх амархаан амьтдын аргыг олж хошгируулсхийж байгаал тэжээлгэж, тэрэгний морь шиг зүтгүүлэхийг мэдмээр, мэдэхгүйдээ хэлмээр гсн :D

Ахдаа Аж үйлдвэрийн гавьяат ажилтан болсонд нь ааш муут, арзгар нүүрт дүүгээс нь халуун баяр хүргэе. Намайг гэнэт ийм ухаантай болж, өөрт нь зориулж юм хум бичсэнийг харвал мань эр баярласандаа вальс эргэх байсан даа. Бэр эгчээ та шүү, алий хоёулаа нэг тулгачий, ах яадын байжийг.

15 Сэтгэгдэл:

Anonymous said...

Ахтай хүн сайхан юм билээ. Хүргэн ахдаа их л ивээн тэтгүүлдэг байлаа ш д.
Танай ахад баяр хүргэе. Цаашдаа ихийг хийгээрэй гэж одон өгдийм гэсэн.

Anonymous said...

хүн хүндээ ийм л дэм өгч байх хэрэгтэй гэж боддийм даа.

Anonymous said...

Ахад чинь амжилт бүтээлийн ихийг хүсье. Сайхан бичлэг болжээ

Anonymous said...

балиар аманцар дүүтэй ухаантай сайн бэр эгч хөдөлмөрч ах 2-уу гүү юу хрин

Anonymous said...

Сайхан бичлэг болжээ. сайхан хань байна.

гэтэл манай бэр эгч нар ямар гээч? тийм байж ах нартай минь сайхан амьдарч байна гэхээр агуу хайр л байх гэж би хааяа бодоод байдын. хэхэ, гэхдээ цаг хугацаа ухаалаг болгочихдог юм шиг байгаам шүү

Pearle Deppsu нь байлаа

Arsun said...

Бүсгүй хүний нарийн ухааныг бүдүүн бараг эрчүүд гүйцэхгүй байхоо.
Азтай л эр юм даа танай ах.

ganga said...

Танай ахд бас баяр хүргэе. Ёстой ухаалаг халамжтай эхнэртэй юмаа.

Ганзо said...

Таны ахад баяр хүргэе, тэр эхнэр нөхөр хоёр нэгэн зүгт хардаг байх ёстой гэх үгийг хэн гэгч ухаантан хэлсийн бол? мэдмээр санагдлаа

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Цувж уурлаж, цугтаан жарганаа гэж нэг үг байгаад байгаа юм. Сайхан бэр байна. Дүү нь ч аятайхан ойлгож.

Anonymous said...

Би л нэг иймэрхүү ах болхоор байрын хүн дээ уул нь. Ердөөсөө эхнэрээ чамайг болгоноо. Юмыг аяж мэдхүү аюулын хэрүүлч хүүхэн юм чинь тэр муу гааль мааль дээр бол лайлвайна. Харин ч нэг зад хэрэлдээд гархым байгааз дээ.

Anonymous said...

chuhamaa chuham...
iim ber , iim uhaalag hani baihad ah duu 2 ch alzahgui ee..

Anonymous said...

huue tsaana chini shildeg blog shalgaruulj bna http://ganbaa.blogspot.com/

Munkhbayar said...

2 hun uud uuduudsuu bish neg chigt l harna gedeg chine uneheer saihan ug bna shuu

Idea said...

Хөхөө: Чухмаа ах сайхан зантай байх шиг азтай өдөр гэж юү байхав. Баярлав, захиасыг дамжуулъя.

Битмийн: Харин тэхх, гарзтайн биш тэр дэм гээчээ уул нь нэгнээсээ харамлах хэрэггүй юм байгаамшд.

Үлэмж: Үнэлсэнд бас зочилсонд талархав. Ахад дамжуулнаа. Өнөөх чинь өөрийгөө гэнэт олон фентэй болчлоо гээд гальт андуурах вий хаха.

Гамп: Арай буруу дүгнээд байна хө. Сэргэлэн дүүтэй сэтгэлтэй бэр, сийхгүй ах хоёр уу гүй ву гэвэл ончтой.

Сувдансондор: /Аая чамд аймар гоё нэр өглөө шүү Пийрль/ Санал нэг байна. Цаг хугацааны шүүлтэд сийрэг толгойтой нь ухаан нэмж, чийрэг булчинтай нь бяр нэмдэг юм шиг байгаан. Ер нь гэр бүл хоорондоо л сайхан байгуул тэ.

Арсун: Харин тийн. Муу хүний заяа завагт гэж. Над шиг авгайтай байсан бол дуусчаахгүй юу хэхэ.

Ганга: Баярлалаа. Харин тиймээ

Ганзо: Баярлалаа. Харин тэр үгийг хэлсэн хүнийг санахгүй байгаамаа. Тэгэхээр би лав биш юм шиг байгаам ккк.

Бумаа: Би урьд нь цувж уурлаж, цугтаа инээнэ гэдгийг галзуурлын анхны шинж тэмдэг гэж ойлгодог байсан шд кккк. Тэгсэн амьдралын хамгийн энгийн мөрдлөг байсийм байна лээ.
Галавсай: За гааль дээр зад хэрэлддэг эхнэрээр яахнуу чи. Харин тамхины бизнес хийдгиймуу хаашаа ийн. Тэгээд ч би чамтай яасан ч суухгүй гэдгээ албан ёсоор онцлон тэмдэглэж байгаадаа таатай байна.

Амор: Харин тийн, гэхдээ ээж мээж чи тэр бэр эгч шигээ бай энэ тэр гээд зэмлэхээр уур хүрээд байхын хааяа.

Үлмэдэх: Шалгаруулалт болж байгааг мэдсээн. Саналаа өгнө гэж бодож байгаа. Бас санал авах талаар ном уншуулж засал хийлгэнэ ккк.

Idea said...

Мөнхбаяр: Харин тийм. "Зэрэгц" команд авсийм шиг жишүү хараад байвал амьдрал явахгүй гэж ойлгож байгаа.