2009/04/09

Багын андын захиа

Багадаа би өөрөөсөө гурав дүү “Б” гэдэг охинтой найзалдаг байлаа. Бид хоёр зуны амралтаар өдөржингөө гадаа дээс жартаа эргүүлдэг, бороотойд тэдний эмээгийнд эсвэл манайд айл гэрдэх юм уу концерт тоглодог байв. Би дам дам дара рара гээл аялна, мань хүн бүжиглэнэ. Дараа нь тэр намайг цээл хоолойгоор зарлана. “Монгол ардын дуу Могойн хээр морь. Улсын тэргүүний уран сайханч Idea, үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимтэй дуулна” гээл ккк. Зурагтаас сурсан үгнүүдээ эвлүүлээ биз бодуул, тэрнээс ардын дууг бүрээ бөмбөртэй дуулна гэж хаашаа харсан юм байдын. Сатаарах, сонирхох юм ховор байсан болоод тэрүү аягүй сценаритай, амьд тоглолт дэглэдэг байлаа шд, зрительгүй л болохоос.

Удалгүй найз маань нэгдүгээр ангид орж, ээж аав дээрээ амьдрах боллоо. Байр холдсон, бас насны зөрүүгээс болж бид хоёр тэгсгээд сүртэй дотносохоо больсон юм. Харин дөрвөн жилийн өмнө Шарын гол явах галт тэргэнд таараад шөнөжин цурав ч хийлгүй буу халж билээ.

Дарханд Турк лицей төгсөөд дараа нь эрчим хүчний инженер болсон багын анд минь Испанид сурах гэж байгаагаа тэгэхэд дуулгав. Бидний яриа багын хөгтэй дурсамж, өнөөдрийн амьдрал, холын мөрөөдөл юу эс байхав. Надаас дүү мөртлөө хамаагүй хэрсүү энэ найзтайгаа би одоо холбоотой байгаа. Гэхдээ гурван жилийн өмнө тэр надад шуудангаар захидал илгээж билээ. Техник технологийн дэвшлийн ачаар мэнд ус мэдэлцэх нь өнөө үед алга урвуулахаас амархан болсон ч захидал хүлээж аваад догдлох, яаран сандран дугтуйг задлах, сэтгэл шингээж бичсэн уртаас урт захиаг шимтэн унших зэрэгтэй яаж зүйрлэх билээ. Дотор нь бас үнэртэй усны тесторууд байсан санагдана.

Саяхан ширээгээ ухаж байгаад найзынхаа захиаг оллоо. Уншихад урамтай, эрч хүч авмаар сайхан санагдав. Дугтуйнд гоё үнэр шингэжээ. Гэнэн мөрөөдөл, дэврүүн бодол бас эх нутгаа гэсэн сэтгэлээр дүүрэн энэ захиаг ямар ч засваргүйгээр доор сийрүүллээ.

Сайн байна уу? Анд минь
Юуны өмнө өглөө бүр, үдэш болгон, хором тутамд улс оронд болж буй үйл явдлыг цаг алдалгүйгээр хүн бүрт хүргэхийг хичээдэг хэцүүхэн, хариуцлагатай, бас нэр төртэй ажил үйлсэд чинь улам их амжилт хүсье!

Чиний шуудангийн хаягийг чамаас авч захиа бичих гэж бодож явсан ч хийх бүтээх, амжуулах хэрэг олон байсан болоод тэрүү бараг жил гаран өнгөрчээ. Өшөө илүү хичээл чармайлт бас алгын чинээ цаасан дээр хэдэн үг сийрүүлэх цаг зав гаргах хэрэгтэй байсан гэдгийг ойлгож байнаа.

Цас ордоггүй үргэлж ногооноороо байдаг энэ хүний нутагт анх ирсэнээ бодвол одоо овоо шүү. Гэхдээ миний мэдлэг чадвар дутуу дулимагаас ч юм уу аль эсвэл өөртөө үргэлж шүүмжлэлтэй ханддаг зан минь ч юмуу анхандаа өдөр болгон шахуу бэрхшээлтэй тулгарч байлаа. Одоо бол арай дөхөм болсон. Испаниар ч ойр зуурын яриатай болсон. Бусад хүмүүсийг бодвол ирснээсээ хойш сарын дотор л ойр зуурын яриатай болсон болохоор адаглаад төөрөх, төөрчихвөл асуугаад замаа олохтойгоо болсон. Харин бидний цусны зан ч юм уу өчүүхэн амжилтандаа бардаад хичээнгүйлэн шамдаж байсан зүтгэл минь бага зэрэг удааширсан.

Эхэн үедээ хүний нутгийн сайхныг гайхдаг байсаан. Хажууд нь Монголоо бодоод сэтгэл минь үймрэх шиг болдог байсан. Харин өдөр ирэх тусам хүний нутагт давчдаад бид хүний бүтээсэн бэлэн юман дээр сууж эх орноо харийн хүмүүст зүгээр үлдээж буй мэт санагдах болов. Энд хэрэглэдэг зүйлс, эд юмсыг эх орондоо, ээж аавдаа яагаад эдлүүлж хэрэглүүлж болдоггүй юм бэ гэдэг асуулт намайг зовоох болсноор удаж байна. Хийж бүтээх залуу үеийнхэн чинь гадаад руу шуурч, үлдсэн хэд нь Монголдоо амьдрал хэцүү байна гэсээр хорвоогийн бор хоногийг өнгөрөөх болж. Хүний нутгийг хөгжилтэй сайхан л гэх юм, гэвч Монголыг минь, тэр дундаа унаган нутаг Шарын голыг минь яаж гүйцэхэв дээ. Халуун дулаан орон л гэх юм, хучлагатай унтахад жинддэг юм. Хүн ер нь гартаа байсан юмыг тавьж байж өөр нэг юмыг барьж авдаг, хоёр зүйлийг хэзээ ч нэгэн зэрэг нэг гартаа бүрэн атгаж чаддаггүй гэдгийг би ойлгосон. Урьд өмнө миний гарт байсан болгоноо тавьж явуулаад хүсэж мөрөөдсөн зүйлийнхээ эхлэлийг эндээс олж авна гэж энд ирсэн болохоор би заавал зорьсон зорилгодоо хүрнээ. Эх орон, эцэг эх, амраг садан, анд нөхөр ер нь байсан бүх нандин зүйлээ орхиод энд ирсэн болохоор тэдэнд буцааж өгөх бүх л хэрэгтэй зүйлийг би эндээс заавал олж авна.

Энэ бол зөвхөн эхлэл нь. Нэг юмны үзүүрээс атгаад тогтож чадахгүй дэнжигнэж байгаа ч удахгүй улам атгах болноо. Нэгэнт энэ мэргэжлийг эзэмшсэн болохоор Монголын эрчим хүчний салбарт үнэтэй биш юм гэхэд өчүүхэн ч болов хэрэгтэй юм хийж, өөрийнхөө хувь нэмрийг оруулахыг зорьж байгаа найз нь. Нэг л өдөр Idea энэ бол миний туйлын хүсэл байсан юм ш дээ гэж хэлэх байхаа. Тэр үед чи миний тухай сонин, эсвэл TV-ээр нэвтрүүлэх байх аа.
Тун удахгүй Испаний тухай үнэн бодит амьдралынх нь талаар нийтлэл бичихийг зорьж байгаа. Тэр тал дээр минь тусалж дэмжиж өгвөл их баярлах байна. Яагаад гэвэл өдий хүртэл бүх л амьдралынхаа турш сурах хүсэл эрмэлзэл минь мөнгөний асуудалтай тэмцэлдэж ирсэн. Би мэднээ, оюутан үеийг туулж өнгөрүүлсэн болохоор. Мөр зэрэгцэн явсан үеийн залуус дунд мэдлэг боловсролын хувьд гаргууд шижигнэсэн залуус байдаг хэрнээ учир эвээ олохгүйгээс юм уу гадаадад сурах боломжийг мэддэггүй өнгөрөх, аль эсвэл мөнгөний асуудлаас болоод сургуулиа төгсөнгүүт ажил хийхээр алга болдог. Ажил хийгээд тухайн салбартаа чадвартай сайн мэргэжилтэн болдог хэдий ч нөгөө юу юугүй цэцэглэх гэж байсан өнөөх сайхан ур чадвар нь амьдралын эрхээр тэлж хүрээгээ олж чадалгүйгээр алга болдог. Иймэрхүү залууст туслах ч юм уу эсвэл дэмжиж зөвлөгөө өгөх зорилгоор, мөн гадагшаа явахдаа дутуу дулимаг ойлголттой байснаас болж алдаж эндсэн хүмүүсийн жишээн дээрээс хүмүүст өчүүхэн боловч мэдээлэл өгөхийг хүсч байнаа. Ойрд гараар бараг юм бичээгүй тул жаахан эвгүй л байна. Тэгээд ч миний бичгийн хэв их мууджээ. Баахан л юм сараачлаа.

Чиний Энэтхэгт сурсан сургалт чинь сайн байж чадав уу? Хэр үр дүнтэй байв? Сэтгүүлч хүн гэдэг чинь наад захын олон юмыг мэдэж байх хэрэгтэй. Адаглаад хэлний мэдлэг. Бас олон орны хүмүүстэй харилцаа холбоо тогтоож, үзэл бодлоо хуваалцаж зөвхөн Монголоороо сэтгэхгүй байх хэрэгтэй.

Миний эгэл жирийн өдөр, цаашлаад сар жилийн төлөвлөгөө бүгд төлөвлөгдсөн байдаг. Ажлын өдрүүдэд яг таг ажиллана, амралтын өдөр бол ажил хичээлээс хол байж сэтгэлээ сэргээж музей үзэж далай дээр очдог. Эсвэл янз бүрийн тэмцээн, үйл явдалд оролцдог. Юмыг зуршил болгочихвол бүх юм амархан байдаг шүү дээ. Ингэхийн тулд 3-5 долоо хоног л хангалттай.

Найз нь чамаас хариу бичээрэй гэж хүсэхгүй ээ яагаад гэвэл чи маш их ажилтай байх ёстой. Тиймээс би тэгж хэлэхгүй зөвхөн ажлын өндөр амжилт хүсээд мөн гэр бүлийнх
нээ үргэлж анхаарч, өөрийнхөө эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж унаган нутгийнхаа нэрийг хичээж, алдар суутай, амжилтаар дүүрэн яваарай. Хамгийн гол нь хүнд ажил хийж өгч байна, хөлс мөнгөний төлөө ажиллаж байна гэж гэсэн сэтгэлээр хэзээ ч битгий ажилдаа хандаж байгаарай. Бусдыг чи надаар хэллүүлэлтгүй байх. Найз нь чиний ажлын нөхцлийг сайн мэдэх биш тийм учраас миний найз хэнд ч найдалгүй зөвхөн өөртөө итгэж, үргэлж тэмүүлэлтэй амьдраарай.
Гүнээ хүндэтгэсэн: багын анд Б.......-ээс чинь. 2006. Х. 16 Барселона, Испани

Открытны ард бичсэн үгс: Барселон бол Испанийн гоё хотуудын нэг юм. Баруун Европын нэг жишиг. Азийн улсуудын хажууд хөгшин европ гэдгээрээ өөр хэдий ч амьдрах нөхцөл, амьдрал нь тайван амгалангаараа их таалагддаг. Энэ гайхамшгийн хотод заавал ирж үзээрэй.

19 Сэтгэгдэл:

piglet said...

saihan zahidal bnaa. bagiin anduud ch shan shuu, :)
Zahidal uneheer goe une tsenetei bdag

35 said...

Ухааралтай гоё захиа байнөө.

Anonymous said...

бусдын захиаг уншдаггүй гэдэг. гэхдээ уншив. сайхан захиа байна. баярлалаа. кетчуп.

uka said...

"Инженэрүүд эд баялгийг бүтээж, улс төрчид усгадаг" гэдэг. Бүтээгч мэргэжилтэй, бас ирмүүн хүсэл тэмүүлэлтэй бүсгүй Монголдоо ирээд ихийг хийнэ биз. Айдиа ч пиардана гэж алж өгнө биз хэхэ. Багын найзуудад амжилт хүсье.

Anonymous said...

Bayralalaa.Saiohan zahidal baina..IDEA chamd ih aviyas baigaa sh uu

Soronzon said...

Ухаарал хайрласан, санаа сэдэл өгсөн сайхан захидал байна шүү.
"...Хоёр хүнийг, хоёр гүрнийг, хорвоо дэлхийг, урд хойт үеийг, эрин зууныг холбон ойртуулагч захидал гэдэг алтан утас бүү тасартугай" гэж Л.Түдэв гуай дуу алдсан нь аргагүй юм байна даа.

artagnan said...

ухаантай сайн охин байноо, танилцаж аяга пиав уухынсан

arsun said...

Амьд захиа байна даа.

Amgaa said...

Сайхан захиа байна

Idea said...

Пиглэт: Бүх юм дижитал боллоо ч цаасан захиа хэзээ ч үнээ алдахгүй гэж боддог шүү. Гол нь захиаг явуулсан хүн нь эртний танил байгаа нь бүр гоё ч юм шиг.
35: Санал нэг байнөө.
Кетчуп: Уншуулах гэж л тавьсан билээ. Найзыгаа дургүйцэхгүй байх гэж бодож байгаа.
Ука: Эмэгтэй хүүхэд байж эрчим хүчний инженэр болдог бас зоригтой сонголт шүү.
Үлмэдэх: Надад хүний захиаг амжилттай сайхан сийрүүлэх авьяас байна уу хэхэ. Урам өгсөнд баярлалаа.
Соронзон: Түүнээс хойш зөндөө л мэйл авсан мөртлөө энэ захиа сэтгэлд хоногшжээ. Түдэв гуай гоё хэлж, та ч цагийг нь олж ишлэж.
Артагнаан: Арай ирэх болоогүй байгаа. Тэр хүртэл энэ хавиар, над мадтай ууж л байхгүй юу.
Арсун: хэхэ их л урт наслах байх даа.
Амгаа: Тийм шүү, tnx.

fraeulein said...

Sonin tohioldol baih yum gej. Bagiin and chini sayhnii mini shinehen tanil bolj taaravaa. Erchim huchnii injener B gedeg busgui, barcelona-d surdag. Sayahan germand ireed yavahad ni taniltssan bilee. Hoshin yariatai hogjiltei busgui bainalee. Sonin tohiol baina gej...

Muugii said...

За сайхан захиа болжээ.
Инженерүүд эх орныг хөгжүүлдэг гэдэгт санал нийлж байна шүү.
Магад ийм олон олон залуус эх оронд маань байвал бид удахгүй С зэрэглэлийнхээсээ гарч А зэрэглэлийн иргэн болох ч юм уу.
Сэтгэл хөдөлгөсөн сайхан захиа байнаа

nbdrj said...

Dees,jartaa...dam dam dara rara ra...
ereen chamin heetei ayaga shaazangiin hagarhai...urt,bogino modiig zoruulj hadsan modon Traktor, mashin... shilbuuren Mori g.m huuhed nasnii dursamj sanagdaj bna shuu!
Zahianii hivid odoo yeiin gadagshaa garch, orj yavaa zorilgotoi ider nasnii zaluuchuudiin bodol sanaag buren ilerhiiljee!
Haagdmal Soz-iin uyeiin ulaan buch, ijilhen forumtai 10 jil, kartiin baraatai ..90 eed on, odoo...
Ene buhniig niiluulj bazaad ooriinhoo uyenhnii amidral, ornoloor neg saihan niitlel, zaashilval jujig ch yumuu, kino zohiolch yumuu neg tiimerhu yum bicheech ho.

Idea said...

Fraeulein: Нээрээ ямар сонин тохиолдол вэ? Иймэрхүү тохиолдол энд гарахаар бид нар "Монгол нээрээ жижигхэн юм аа" гэдэг дээ. Испани Германд байдаг хоёр хүн танилцаад, нэг нь миний найз, нөгөө нь миний блогыг уншина гэхээр чинь "Дэлхий ямар жижигхэн юм бэ" гэлтэйм биш хэхэ. Юутай ч найзтайгаа уулзсан юм шиг л боллоо. Баярлалаа.

Мөөгий: Явсан залуус маань бүгд эргэж ирээд эх орны хөгжилд хувь нэмэр оруулж байвал бидэнд хөгжлийн бас л нэг дөт алхам болох байх. Гэхдээ ихэнх нь удаан байхаар буцаж ирэх сонирхолгүй болдог, ирсэн ч чамлалттай санагдаад буцаад явахыг тэмүүлдэг юм шиг ээ. Хувь хүний сонголтыг яах ч аргагүй юм даа.

Nbdrj: Ёстой бидний бага нас шүү дээ. Чадалтайсан бол өөрийн чинь хэлснээр кино ч юм уу жүжиг бичмээр л байна. Даанч би утга зохиол заалгаагүй, дан сэтгүүлзүйгээр явсан. Гэхдээ авьяастай бол заалгасан заалгаагүй бичдэг л юм шиг байна лээ, би тэр нь биш бололтой. Ядаж өгүүлэг бичих гэж оролдож нээрээ болох л юм. Санаа өгсөнд баярлалаа.

Javkhlan said...

odoo ingej zaha bichih hun hovordson baihaa. ingeed bicheed hund yavuulval "za yun nyaluun yum be" geh baihdaa.

XCuluun said...

сайхан захиа байнаа найзын холбоогоо тасалж болохгүй шүү

Amgaa said...

Саак блогчин сардаа нэг бичлэг гэдэг зарчим баримталахаар шийдсэн үү?

Idea said...

Жавхлан: Харин тиймээ, энэ ч гурван жилийн өмнөх захиа л даа. Гэхдээ гараар бичээд шуудангаар илгээсэн захиа хүлээж авбал хүн баярлана уу гэхээс нэг их онцгүй сэтгэгдэл төрөхгүй л болов уу.
ХЧулуун: Баярлалаа, ойлголоо.
Амгаа: гүй ээ гүй. "Дундаж блогчин дур нь хүрэхээр нэг бичлэг" дүрмийг мөрдөж байгаа хэхэ.

Harmogu said...

Сайхан захидал байна даа.. Би ингэж захиа авахыг одоо ч мөрөөддөг л юм. Задлаад л... догдлоод л гоё байхдаа кк. Нээрээ захиа бичмээр санагдчихлаа..