2009/04/24

Харилцаа спам

Мессенжэрээр ирдэг спамыг алийг тэр гэхэв дээ. Заримдаа бодож олсон хэлц, зохиосон егөө ёргио маань ямар ч авторгүй надад буцаж ирэх энүүхэнд. Хааяа огт бодож байгаагүй санаа, цаг үеэ мэдэрсэн хөөрхөн шоглол ёгтлол ч ирнэ. Бас л нэг над шиг хийх ёстойгоо хийхгүй байж хэрэггүй юмаар оролдож, өөрийгөө баясгах дуртай нэг бачка нь зохиогоод, нөгөө нь тараадаг байх гэж бодогддог шүү.

Зар, рекламны чанартай спам дотор хэрэгтэй юм ч байж л байдаг. Интернэт гээч энгийн хэрэглээ болохын хэрээр яалт ч үгүй дагаж гарч ирсэн харилцааны хялбар хэрэгсэл нь энэхүү мессенжер, харин түүний хавсралт боломж нь спам юм даа. Спам өөртөө мянга мянган боломж агуулдаг шигээ хааяа хаашаа ч зугтахын аргагүй залхаан цээрлүүлэлт дагуулдаг юм шиг ээ. Нэгэнт спамын тухай ярьсных хөндөхгүй, хөндүүрлэхгүй байхын аргагүй нэг асуудал байнаа.

Чухамдаа бичсэн юмнууд маань надад огт өөр хүмүүсээс авторгүй буцаж ирдэг тохиолдол үргэлж гарсаар байна. Хамгийн онцгүй нь “Өглөө” кинон дээр Бодоо “Ардын намын модон тамгыг хэн сийлсэн, би л сийлсэн” гэдэг шиг мессенжерээр тараад байгаа энэ үгнүүдийг чинь би зохиосон гэвэл хэн ч үнэмшихгүй. Гуйвуулсан зүйр үгс, цаг үедээ тохируулж өөрчилсөн дууны үг, маазарсан аястай мэндчилгээ, шоглосон хэлц санаа гээд миний урьд нь зохиож блогт оруулсан, оруулаагүй жижиг “бүтээлүүд” тэр дороо л ёстой гэрлийн хурдаар тархана даа. Заримдаа миний зохиосон юм мөн үү гэж эргэлзэхээр хурдан эргэж ирдэг. Эргэн тойрны хүмүүс тэрийг маань чангаар уншиж, ямар бачка нь үүнийг зохиогоо бол гээд инээлдэхэд яс хавталзах шиг болдог. Үнэндээ тэрийг өмчилж болдоггүй юм байна лээ, өөрөө шоолуулахын нэмэр.

Хэн нэгэн рүү сахилгүйтэж бичээд шидчихсэн, эсвэл бусдын бичлэг доор оруулсан комментууд спам болоод ирэнгүүт блогтоо нэхэж оруулж байсан ч удаатай. Тэгмэгц би спамаас хуулсан уу, спамууд надаас хуулсан уу бүү мэд болно. Ямартаа ч мессенжерээр тарж байгаа юмст авторын эрх энээ тэрээ гэсэн ойлголт байдаггүй, яриад ч хэрэггүй. Зарим сонин хэвлэлийн хуудаснаас ч өөрийнхөө зохиосон юмыг олж хардаг. Нэг удаа дарга маань өдөр тутмын нэг сонин барьчихсан “Idea энэ чиний зохиосон юм байна шд. Авторгүй, зөвшөөрөлгүй тавьсан байна, заргалдаач” гэчихсэн явж байсан. Хэхэ утасдахаар “Мессенжерээр яваад л байсан ш дээ” гэж хэнэггүй хариулдаг юм байна лээ. Зурагтын нэвтрүүлгүүд ч хэсэгчилж аваад уншиж байсан удаатай. Зарим сайт шууд бүтнээр нь тавьдаг. Жишээ нь энд бүр ядаж блогын url ч үгүй явж байна лээ. Энд ч бас. Миний олж харснаар хэд хэдэн сайт зүгээр л ник нэр тавьсан болоод л дараад орох линк ч үгүй тавьчихсан байсан.

Хэзээ Монголд оюуны өмчийг өчүүхэн гэлтгүй үнэлж ханддаг цаг ирэх бол доо. Блог бичиж, бодлоо хуваалцах сайхан ч тархиа гашилгаж, цагаа гарздаж бичсэн бүхэн маань өөр сайт, сонин хэвлэл дээр огт өөр хүний нэртэй, эсвэл нэргүй хэвлэгдсэнийг үзэх, мессенжэрээр ямар ч авторгүй тарахыг харах лав сайхан биш. Блог гэдэг нийтийн өмч биш л баймаар. Түүнд чинь бас хүний оюуны бүтээл оршдог шүү дээ. Харин үүнийг хууль дүрэмд яаж заасан байдаг юм бол. Хайж сураад энэ талаар дорвитой юм олсонгүй. Зүгээр байхаар энд нэг уншчихад гэмгүй юм байна лээ. Ер нь блог бичлэгийг ашиглахдаа авторыг нь заавал дурдана, эсвэл бичигчээс зөвшөөрөл авна энээ тэрээ гэсэн юм би л олж хараагүй.

Тэгэхээр өөрөө ч хуулуулаад, өрсөж бусдаас ч хуулаад /санаа аваад/ явж байсан нь дээр юм байна. Яг л гутлаа алдсан цэрэг даргадаа энэ тухай хэлтэл “Ямар аргаар алдсан тэр аргаараа олж ав” гэдэг онигоо шиг. Сая л гэхэд нэг ийм спам ирэхээр нь ингээд хариу бичээд явуулчихлаа. Энэ удаад бол яахав, зүгээр зугаацсан юм.

Mr_ S: Цаас байна уу ганцхан шүлэг биччий
Царайлаг бүсгүй байвал ганцхан шөнө дурлачий
Өмхий утааны оронд үсийг чинь үнэрлээд унтчий
Өөрийнхөө цагаан гунигаас чамд жоохныг өгчий

Үзэг байвал өгөөч ганц шүлэг биччий
Үүдээ тайлаад өгчих үүр цайлгаад гарчий
Утасны чинь дугаар хэрэггүй маргааш гэхэд мартчий
Улаан цагаан өнгөөр дурлал гээд биччий

Idea: Цаас байхгүй ээ анд минь шүлгээ толгойдоо бич
Царайлаг нь би биш, тэгээд ч зуурдын дурлал хэрэггүй
Өмхий утааны үнэр үсэнд минь ч бас шингэчихсэн
Өрөөлийн гунигийг үүрэлцэх байтугай өөрийнхийгөө даахгүй явна

Үзэг байсан ч өгмөөргүй байна, үзүүр нь хугарчихвал яана
Үүдээ тайлж ч бас чадахгүй нь, өөдгүй санаатан байвал яана
Утасны дугаараа би хүнд өгдөггүй ээ, цээжлэхэд хэцүү болохоор
Улаан цагаанаар бичсэн дурлал амтгүй ээ, удахгүй замхардаг болохоор.

23 Сэтгэгдэл:

Чепак said...

hehe
Taarsan hariug ni ugchij dee
Harin ter author iin erh ch hetsuuhen l asuudal baih doo

dao said...

хэ хэ зохиогчийн эрхийг ярьмаар бол блогтоо оруулахгїй байх хэрэгтэй юм шигээ.

ketchup said...

ядаргаатай спамууд ирж уур хүргээд байдаг юм. гол эзэн үүсгүүр нь энд тууж явжийсан байшд. дэмий шооо.

sanakae said...

угаасаа блог дээр бичсэн юм байнгын хуулалтанд өртдийн шд.
Тэгээд би блогтоо хуулдаг хэсгийг нь хаачихсан чинь зарим нь баруунаа дардаг нь ажиллахгй хэцүү гээд буцаагаад нээсэн. Угаасаа ямарч боломжгүй яалтай ч билээ дээ.

tatah said...

za ene aldah aldahguin ym bol Zohiogch ooroos ni l shaltgaaldag boltson. Mgl-d nom met helbereer gargahgui bol oyunii omch getsuu shude :D
Gehdee harahad ooroo neeh ach holbogdol ogooguim bishu? :D

Amgaa said...

Хүнээс авторгүй спам ирвэл хэн зохиосийн? цааш нь дамжуулж болох юмуу? Зохиогчоос нь асуугаад өгөөч гэж байх нь байна ш дэ :D

uka said...

Хүний бичсэнээс хэсэгчилж аваад спам цацаж байгаа хүмүүс блог линктэй нь цацаж болмоор л юм уул нь. Ер нь би энэ зар рекламнаас бусдыг ямар зорилгоор спамддагийг ойлгодоггүй юм. Өөрөө зохиосон болж харагдъя гэвэл нэгэнт хүнийх юм чинь өөрт нь ямар ч ашиггүй баймаар юм. Эсвэл их гоё санагдаад хүмүүстэй хуваалцмаар байгаа бол эзэн холбогдогчтой нь тараах хэрэгтэй шд. Ялангуяа тэр бүтэн бүтнээр нь огт авторгүй өөр сайт дээр тавих бол их л бүдүүлэг хэрэг юм даа.

Мөнхбаатар said...

Нэг юм олсон шүү. Арай л хурдан юм аа :P
[Холбоос]

БОРОО said...

тэдэн хүнд дамжуулкуу бол тэгий шүү ингий шүү гэдэг спамууд л зэвүүн санагдадын. Харин хөгжилтэй бөгөөд хэрэгтэй спамууд бол ирж л байг би тоодгүйншд.
За даа тэгээд миний шүлгэн бороо блогийн шүлгүүд хүртэл эргээд наддаа спам болчихсон ирж байгаам л даа

Idea said...

Чепак: Таарсан хариултыг материал голохгүй спамдаж байна даа.
Дао: Би зохиогчийн эрх биш блогчийн эрх ярьмаар байгаамаа. Тэгэхээр блогт орсон бичлэгтэй л холбоотой асуудал байгаа биз дээ.
Кетчуп: Таныг ядраасан хүн зохиогч нь биш тараагч нь байгаа биз дээ.
Эзнээ олоорой ккк.
Санаахай: Ай-Ти мэргэжилтэй та нар ч яахав. Баруун зүүн товч мовчоо хаагаад тэрүүхэндээ тэмцээд байдаг болтой. Би мэт нь минийхээс хусч дээ гэж бодоод л өнгөрч байна.
Татах: Заавал цагаан дээр хараар бичээд цаас болгож хэвлүүлж байж баталгааждаг бол хэцүү л байна. Миний хувьд, ач холбогдол өгөх гэж үзсэн юм аа, чадал хүрэхгүй юм байна лээ.
Амгаа: Анхнаасаа дамжуулагч этгээд нь урл-тай нь шидчихэж байвал болох нь тэр. Яахав дээ, хүн болгонд л өөрийнхөө хийсэн юмыг хамгаалах хүсэл байдаг ш дээ.
Ука: Хэлээд юү гэхвээ Ука минь. Хэсэгчилж спамдах нь дүүрч гэхэд бүрэн эхээр нь өөр сайтад шал тоохгүй тавьдгийг гайхаад олохгүй юм. Хий дэмий доор нь ганц нэг сэтгэгдэл бичиж, наадхаа хаанаас копидсоноо тавьж байгаачээ гэхээс л хэтрэхгүй байна даа.
Мөнхбаатар: Харин ингэдэг байхгүй юу. "Гэрлийн хурд" гэдэг үгийн утгыг иймэрхүү юман дээр л ойлгохын. Бараг эзнээс нь хурдан байгаа биз дээ. Цаадах чинь ч гялалзуулж, чи ч хурдан барьж авч.
Бороо: Спам ирэх нь ч яахав, уншихгүй игнордчихсон ч болох асуудал. Гол нь өөрөө спам болчихсон тууж явах ямар олиг байхав. Нээрээ тэр дээр үеийн "аз жаргалын захиа" шиг спамуудыг харахаар бүр уур хүрээд байдын. Хүмүүс тэрэнд нь итгэхийг яана. Чиний шүлэг авторгүй спам болдог бол миний хэдэн маазрал бол юу ч биш юм байна дөө.

бум said...

Адъяа юун унжуу юм

Idea said...

Хэхэ за за тэгүүл одоо юм үзсэн хүн байнаа.

Idea said...

шиг*

Anonymous said...

Adya chi uneer saihan bichih um aa. Setgel sergeegee haychih um. Thanks. Bus amjilt. Dandaa unshigch.

алтаргана said...

за манайх шиг хууль эрх зүйн орчин муутай газар хэцүү асуудал юм шиг байгаамаа. Та нар шиг мэргэжлийн түвшинд бичдэг хүмүүсийн юм байтугай миний сараачсан юм хүний номонд явж байна гэж сонссон, нэрийг маань тавьсан байх гэж бодоод суужийна.

Хуулъя гэвэл яагаад ч хуулчихдаг болохоор хамгаалалт нтр хийгээд ч нэмэргүй. Нээрээ чиний хэлсэн үгийг нэг уншаад л сэтгэлд хоногшдог болохоор энд тэнд харахад таньдаг хүн шиг байдгийн шүү, мань АЙДИА тууж явна гэж бодоод л , хэхэ

Idea said...

Үлмэдэх: Нэрээ бичдэггүй яасан хог вэ чи, алий үнсий /далимдуулсан/

Алтаргана: Ишш мань мэтийн мэргэжлийн түвшинд бичнэ гэж юу байхав, тэгээд ч маазарч маягласан юмыг нь илүү уншдаг юм шиг ээ. Ганц хүнд ч гэсэн бичлэгийн хэв маягаараа танигдаж байна гээд бодсон чинь баярлаж үхэж, онгирч омогшмоор санагдав. Хуулцгаа, тараацгаа миний хүүхдүүд ккк /бийлэгжүү загнасан/

Чиний бичлэгээс номонд оруулж байгаа бол арай дэндэж байнаа. Мянга нэр тавьсан ч зохиогчоос зөвшөөрөл авах ёстой биз дээ. Гэхдээ Монголд бол блог урл, нэр тавьж байвал их юм даа тэ.

tatah said...

nad bol ach holbogdol ogii gej anhnaasaa bodoogui l bichcheed daraa ni araas yvaadiigam shig setgegdel torsondog,

medeej tegej batalgaajuulna gej yu bhav, "Mgl.d" gej ug ni commentdoo Tomoor bichsen uhaantaim.(Egee sain harval), busad orond bol tiim bish l de.

arsun said...

Чиний бичлэгийг таньдаг. Харин чамайг Галсансүхэд хариуг барьсан гэж огт санасангүй. Нэг нөхрийн найз нь бичжээ л гэж ойсон.

Anonymous said...

istoo saihan hariult...

nbdrj said...

Hi, Tanai bagsh chine /Srlrdn/ MGL helnii durmend hun ba hun busiin "ai" gegchiig oruulah ni zuitei gej yarij bna bilee.
Ene erind Internettei holbootoi helzuud MGL helend bui bolj baigaa sanagdana.
Ooriin chine zarim BUTEELuud tedgeeriin shaardlagiig hangaj b.gaa bololtoi. :D
Bas l sonirholtoi sedev dee...

Idea said...

Татах: За тийм ч биз, үгүй ч биз /залхуурсан/
Арсун: Энэ Галсансүхийнх юм уу?
Үлмэдэх: Харииийн тий /онгирсон/
НБдорж: харин тийм юм байлгүй дээ, мундагууд нь судалбал бас сонин л юм гарах байх тээ. Багшийн тэрийг олж үзээгүй л явна, уншинаа.

Anonymous said...

шүлэг бол тасарчэээ

Idea said...

Үлмэдэх: Хаагуураа, голоороо юу? ккк tnx