2009/11/04

Эмзэгүүдийн эгнээ рүү алхаад марш!!!

Би эмзэг бүлгийнх биш. Хүн амын цөөхөн хувийг эзэлдэг хөрөнгө мөнгөтэй, хувьдаа хур баялагтай нийгмийн чинээлэг давхаргынх бүр ч биш. Халаасны хэмжээ, олдог орлого, амьжиргааны түвшнээрээ хүссэн хүсээгүй ялгарах болсон өнөөгийн нийгэмд манайх гэж айл хоёр идэхгүй, хоосон хонохгүй, буяны өглөг тараахгүй ч бусдаас гуйхгүй, ажлаа хийгээд амьдралаа залгуулаад явж байгаа монголын мянга мянган дундаж гэр бүлийн л нэг. Гэвч нэг л хальтирвал доошоо орж мэдэх дундаж иргэдээ дэмжихийн оронд орлогогүй, ажилгүй ядуу хүмүүсийг өөгшүүлж “урамшуулдаг” харалган бодлогын харгайгаар сүүлийн үед эмзэг бүлгийнхний тоо эрс өсөх болов, энэ бүлэгт харьяалагдахыг ч илүүд үзэх болов.

Уул уурхайгаас олсон ашгаа нийгмийн халамж руу хайр гамгүй урсгаж, нүдээ олоогүй тусламжийг эзнээ онолгүй тараасан улс орнууд хэрхэн байгалийн баялгийн “хараал” хүрч, дампуурлын замаар замнасныг бид хангалттай харж байгаа. Гэтэл манайд цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг хүртэл төрөөс дааж, хүүхдийнхээ төлөө аав ээжийнх нь сард төлөх 5000 төгрөгийг хэмнэж, амьдралд нь асар “тус” хүргэж байна. Үр дүнд нь цэцэрлэгийн ачаалал хэрээс хэтэрч, дүүргийн багачууд харьяа цэцэрлэгтээ ч орох эрхгүй болж, хивсний захад унтсан хүүхдүүд бөөрнөөсөө жиндэж, хоолондоо цадаагүй жаалууд доголон нулимстай аягаа долоож буй дүр зураг хэсэгтээ хэвлэл мэдээллээс салаагүй. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг төрөөс даасан нь хүүхдэдээ сургуулийн өмнөх боловсрол олгож чадахгүй байгаа эмзэг бүлгийхэнд зориулагдсан арга хэмжээ байв. Үнэгүйд нугасгүй тэд хүүхдээ цэцэрлэгт өгөх болсон ч тоотой хязгаартай цэцэрлэгүүдийн чадлыг хэлбэлзүүлж, даацыг хэтрүүлэх болсон. Зүй нь бүх хүүхдийн хоолны мөнгийг даах тэр мөнгөөр тусд нь цэцэрлэг байгуулдаггүй юм гэхэд цэцэрлэг бүрт тусгай халамжийн бүлэг байгуулж, тэндээ харьяаллынх нь дагуу үнэ төлбөргүйгээр эмзэг бүлэгт хамаарах өрхийн хүүхдүүдийг авах ёстой байсан. Энэ бол хавтгай халамжийн хал балагтай ганцхан жишээ.

Гал алдсан ч түлээ нүүрсээ төр засгаас нэхэж, гараа хумхин суух хэсэг бүлэг хүмүүст гэр орон, мөнгө төгрөг хүртээхийн оронд өрхийн жижиг үйлдвэрлэл, бизнес эрхэлж орлогоо дээшлүүлэх гэж чардайж байгаа, эсвэл аль нэг байгууллагад мөрөөрөө ажлаа хийн цалингаараа амьдарч яваа иргэдээ чадах хэмжээгээр дэмжих нь өглөг дагасан ядууралтай дайн зарлах хамгийн зөв бодлого баймаар. Ихээхэн хэл ам болж байж энэ жилийн төсөвт суулгасан 30 тэрбумын жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн нөхцөл л гэхэд заавал аж ахуйн нэгж, нөхөрлөл компанид нээлттэй байгаа нь бас л эргэж харах асуудал. Тааруухан амьдралтай, тарчигхан амь зууж яваа нэгэндээ туслалгүй л яахав, гэхдээ эвгүйтвэл эмзэг бүлэг рүү ухарч мэдэх дундчуудаа хэдий чинээ анхаарч үзнэ, ядуурал, ажилгүйдлээс гарах сонирхолтой, амьдралаа сайжруулах бодол эрмэлзэлтэй хүний тоо төдий чинээ нэмэгдэх л баймаар.

ЭМЗЭГ БИШ Ч ЭРҮҮЛ БАЙМААР БАЙНА
Би эрүүл баймаар байна. Улс орныг төдийгүй дэлхий нийтийг цочроож байгаа A хvрээний H1N1 вирусийн халдвар авмааргүй байна. Хувь хүнийхээ хувьд хэрэндээ л урьдчилан сэргийлж, амны хаалт зүүж, адууны махаар хооллож, аарц чанаж ууж, дархлаа сайжруулах бэлдмэл хэрэглэж, сайн гэсэн болгоныг нь хэд нугалсан үнээр худалдан авч байна. Гэвч өвчний тархалт надаас шалтгаалахгүй нэмэгдэж, өдрөөс өдөрт халдвар авагсдын тоо өсч үржих болов. Агаар дусал, ахуйн замаар дамжиж, хүрээгээ тэлэн довтолгох энэхүү аюулт өвчнийг зогсооход аарц, чацаргана мэтхэн хүчин мөхөсдөх нь нотлогдов. Анагаах ухааны нарийн мэдлэггүй би байтугай ажлаа хийж яваа эмч, эмнэлгийн байгууллагынхан өөрсдөө халдвар авч, өвдөж эхэллээ.

Чухам ийм л үед би бусад орны иргэдийн адилаар вакцин хийлгэмээр байна. Мэргэжлийн хүмүүсийн мэдээлж буйгаар энэ өвчний аюултай давалгаа арай эхлээгүй байгаа гэсэн. Эхний үе шат нь 7-8 долоо хоног үргэлжилдэг байтал Монголд 4-5 дахь долоо хоног дээрээ хэдийнэ таван хүний амь насыг авч одсон. Ирэх сарын эхээр эхлэх илүү хүнд дэгдэлтээс нь өмнө вакцин хийлгэчих юмсан гэж хүн болгон хүсч байгаа. Гэтэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тусламжаар энэ сарын 9-нд орж ирэх байсан вакцин хойшилж, сарын сүүлээр ирэхээр болов. АНУ, Япон мэтийн баян орон үнэ цохиж, ихээр захиалсан тул үйлдвэрлэгчийн зүгээс хэсэг хугацаанд хүлээхийг хүссэн тухай учир мэдэх хүн тайлбарлаж байна. Тусламжаар орж ирэх вакцинаас гадна ЭМЯ 150 мянган тунг нэмж худалдах авахаар төлөвлөж байгаа нь энэ онд багтаан шийдэгдэх эсэх нь эргэлзээтэй аж.

Гэхдээ ирлээ ч гэсэн ДЭМБ-ын вакцин нь хүссэн болгонд олдохгүй юм билээ. Аюулт өвчний халуун цэг дээр ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад эхлээд хийх нь зүйн хэрэг. Дараа нь хил гаалийнхан, тэгээд эмзэг бүлгийнхэн тэрхүү 100 мянган тун вакцинаас хүртэнэ. Цаагуураа дарга нар хийлгэнэ ч гэсэн далд хардлага гарсаар буй. Гэвч улсын хүн амын дийлэнхийг эзэлдэг дундаж иргэд бид тэрхүү вакцинаас мөнгөөр нь ч болохноо худалдаж авч, гэр бүлээрээ хийлгэхийг хүсч байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санал болгосон вакцин нь хүрэлцээ муутай бол хоёр хөршийн үйлдвэрлэсэн, туршигдаад найдвартай нь батлагдсан вакцин хувийн хэвшлээр дамжаад ороод ирвэл сарын цалингаараа ч хамаагүй авмаар байна. Он удаан жилийн турш орос, хятадын эм тариа хэрэглэж ирсэн монголчуудад хоёр хөршийн хэрэглээнд нэвтэрсэн вакцин тэгтлээ гаж нөлөө үзүүлээд сүйд болохгүй л байх.

ЭМЗЭГ БИШ Ч ЭХ ОРНЫ ХУВИАС ХҮРТМЭЭР БАЙНА
Би эх орныхоо байгалийн баялагаас хувь хүртмээр байна. Дэлхийд данстай ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж буй энэ цаг мөчид төрсөн, амны хишигтэй иргэн хүнийхээ хувьд уул уурхайн салбарын ашиг орлогоос бусдын л адил хишиг хүртэх эрхтэй гэж өөрийгөө боддог. Гэхдээ сонгуулийн амлалтад дөрөөлсөн энэ хувь, хишиг хүртээх тухай асуудал аанай л иргэдийг баян хоосноор нь ялгаварлаж, ядуугаасаа ичих биш харин ч ид хав болгох боломж бүрдүүлж өгч байна.

УИХ дахь намын бүлгүүд эх орон, эрдэнийн хувийг ямар хэлбэрээр хүртээх талаар ид ярьж байна. Бүлгийн шийдэл нь байнгын хороодоор дамжин парламентаас гарах шийдвэрийн гол хана нь болдог. Даваа гарагийн намын бүлгүүдийн хуралдаанаас Оюутолгой төслийн урьдчилгаа болох 140 гаруй тэрбум төгрөгөөс амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэд болон ахмад настнууддаа түрүүлж өгөх хувилбар яригдав. Үүнийг байнгын хорооны гишүүд нь ч дуун дээрээ дэмжихээр байна.

Мөн иргэний бүртгэлийг сайжруулах зорилгоор олгох 50 мянган төгрөгийг бүх хүнд тараавал аманд ч үгүй, хамарт ч үгүй болох учир хэмжээг нь тодорхой хувиар нэмэгдүүлэн эмзэг бүлгийн иргэддээ түгээхээр ярьж байна. “Ингээд л миний нэр байдаггүй” гэж “Анхны алхам” кинон дээр ахмад хадланч гомдоллодог шиг дундуур орлоготой дундаж иргэн би ингээд л өглөг, халамжаас хасагдах нь. Эсвэл нэн ядуугийн тоонд багтахаар хороон даргаа лоббидох ажилд ханцуй шамлаж халаасаа тэмтрэх хэрэгтэй болох нь.

Улстөрчид үнэхээр л ард түмэндээ хишиг хүртээе гэж байгаа бол цөөхөн хэдэн төгрөгөөр нүүр тахалж өгсөн нэр зүүж үлдсэнээс сонгуулийн амлалтаасаа татгалзан, үйлдвэр байгуулж ажлын байр нэмэгдүүлэх буюу нийгмийн үйлчилгээг сайжруулах бүтээн байгуулалтад ашигламаар байна. Ачааллаа даахгүй байгаа нийслэлийн төрөх эмнэлэгүүдийн нурууг хөнгөлж, удтал яригдсан дөрөвдүгээр төрөх барихад тэрхүү бэлнээр тараах гээд байгаа хөрөнгөө зарцуулж болох юм. Үгүйдээ л олон жил мөрөөдсөн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий эмчилгээ оношлогооны иж бүрэн төв байгуулбал хөгшин залуу, эмзэг, дундаж, баян гэлтгүй бүгдэд маань л ашиг тусаа өгөхсөн.

Нэн ядуугийн зэрэглэлээс арай дөнгүүр амьдралтай гэдгээрээ эрүүл мэндээ эрсдэлд оруулж, элдэв хувь хишгээс “жийгдэх” магадлалтай яваа илүүрхэх чинээгүй, дундуурхах сэтгэлгүй дундаж иргэн би энэ бүх эрмэлзлийнхээ төлөө 1,5 саяаас татгалзахад бэлэн байна. Эс бөгөөс эмзэг бүлэгт сайн дураараа элсэхээс өөр ирээдүйтэй арга толгойд үнэндээ орж ирэхгүй нь.

18 Сэтгэгдэл:

amor said...

нээрээ барилаа өөрчилж маршдахгүй бол завсар нь хавчуулагдаад үлдэх дундажууд хөөрхий..
хийдэг хувиарладаг, батладаг баатрууд нэг л биш шүү.

Bum said...

харин ээ харин. Доод эгнээнд орчихгүй юмсан гэж хичээж явсан маань нэг л оновчгүй арга бололтой

Anonymous said...

sonind bichsen niitlelee copy paste hiisen ymuu, ih albarhag bolj.

Sponge said...

Харин тиймээ. Энэ явуулаад байгаа бодлого гаргаад байгаа хууль тогтоомж журам заавар нь хэтэрхий нэг талыг барьсан зарим нэгэн этгээдийг өөгшүүлсэн болоод байгаам даа.....

Мика /美香/ said...

Би час халамжаас нь хүртмээр л байшдэ. Чиний наад арга чинь их дажгүй юм.кк

1,5 сая-г тараана гэдэг санаа нь нэг л бишээ. улсдаа хэрэгтэй, ард түмэндээ ашигтай зүйлд зарцуулаад, бүтээн байгуулалт энэ тэрд оруулбал их зүгээр юмсан.

Arsun said...

Дэд сайдтан одоо арай сүржигнээд бай гэхгүй байгаа.

peakfinder said...

Yaduu hund zagas ogohoor zagas barih argiig n' zaaj og gedeg ug haana ch bilee baidag daa.
Ter taraah gej baigaa mongoo bolovsrol eruul mendiin baiguullagad ogmoor sanagdah yum. Bugdiig n' taraaj ogood baival bayalagaa uhsanii hereg garahgui l bolov uu.

Lora said...

Ёооё нээрээ монголд ядуу байвал амар юм биш үү. Эмзэг царайлаад л элэгээ тэврээд сууж байвал дээр ч юм шиг. Татвар гэж хурааж авчихаад ямаанд май гээд өгчихнө. За тэгээд л дампуурсан зээлийн хоршооны хохирол гээд зүгээр сууж мөнгө олох гэсэн улсад ажил хийж олсон мөнгийг маань тараачихна.

Javkhlan said...

Дээр байдаг дарга нар чинь ядуучуудаа ядуугаар нь, дундчуудаа ядууруулах бодлого барьдаг юм шиг байна лээ шд. Боловсрол муу, дээрээс нь ядуу, мөнгөгүй байвал дараагийн сонгуулиар санал авахад амар гэж боддог юм гэсэн. Хонгийн хоолгүй хүнд талх, ном бариад алийг нь авах уу гэвэл талх л гэх нь тодорхой.

sanakae said...

Харин яагаад мань хэдийгээ тоохгй байгааг нь ойлгохгүй байгаа.
Нэг хэсэг гайгй байсан одоо нээрээ л эмзэгрүү ороход ганц далий гишгихэд хангалттай болчоод байна яадгийн байгаа юм.

Anonymous said...

Chinii ene bichlegnees sanaa avaad end ingej bichjee
http://www.news.mn/news/section=home/page=index#0.2903014168567738

Soronzon said...

Сайн бичжээ. Баяр хүргэе. Өөрийн гэсэн хувилбар, санал дэвшүүлсэн чинь таалагдлаа. Харин цаад "76 ямаа" чинь чам шиг сэтгэж чадахгүй л болов уу даа, хөөрхий.

...Улстөрчид үнэхээр л ард түмэндээ хишиг хүртээе гэж байгаа бол цөөхөн хэдэн төгрөгөөр нүүр тахалж өгсөн нэр зүүж үлдсэнээс сонгуулийн амлалтаасаа татгалзан, үйлдвэр байгуулж ажлын байр нэмэгдүүлэх буюу нийгмийн үйлчилгээг сайжруулах бүтээн байгуулалтад ашигламаар байна. Ачааллаа даахгүй байгаа нийслэлийн төрөх эмнэлэгүүдийн нурууг хөнгөлж, удтал яригдсан дөрөвдүгээр төрөх барихад тэрхүү бэлнээр тараах гээд байгаа хөрөнгөө зарцуулж болох юм. Үгүйдээ л олон жил мөрөөдсөн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий эмчилгээ оношлогооны иж бүрэн төв байгуулбал хөгшин залуу, эмзэг, дундаж, баян гэлтгүй бүгдэд маань л ашиг тусаа өгөхсөн.

итгэл said...

амьд бахцийн хийлгэх хэрэг байгаамуу ухаанб юм ярьсан байлээшт цаад ЭМС чинь, Айдаа минь бахцийн хийлгэлгүй үлдэх нь илүү аюулгүйм байна гэж би ЛАмбаа сайдын ярилцлагаас ойлгож аваадуагааштээ, тэр нь дээримй байлээ :Р Айдаа мээнн бахцийнээсээ ядаж татгалзаа :P, түгүүл амьд үлдий шүү, амьд арзайж мэнд мэлтээжээүүл эмзэгүүдийн эгнээ мэгнээ рүү алхах боломж олдийшт тиймээ Айдаа мээнн? :D

Юки said...

Хүе нээрээ, тэр бахцийны чэн хийлгэхээр 3 жилийн дараа мэдрэлд нөлөөлдөг гэлүү нэгим ярьсышүү... хахахаха, бахцийны нэлээд хувь нь дээдчүүлд ногдоно гэхээр... яаааанааа баахан мээкээ дарга нартай... өө үхий үхий

TsTsT said...

Чиний санааг бүрэн дэмжиж байнаа. Оюу молгой, Таван толгой, өөр бусад улс эх оронд хэрэгтэй обьектуудад энэ тараагаад байгаа хөрөнгөөрөө хөрөнгө оруулалт хийвэл юутай зөв болохсон билээ дээ. Саналын төлөө юу ч хамаагүй амлаад дараа нь мартаж чаддаг зангаа одоо л гаргах цаг бус уу.
Алтан бөгжтэй гараараа элгээ тэврээд зүгээр суудаг, төр засгийн өглөгт амташсан олон хүмүүсийг өөгшүүлэхээ болимоор юм даа.
Дунд давхрагынхнаа дэмжих дутам дороос дээшээ орж ирэх хүний тоо нэмэгдэх нь ойлгомжтой баймаар юм.

сайхан санаа said...

хахах.. яаг голыг нь олоод бухын нүдэнд сум зоочлооо...

төрд гарахаар нэг их энэрэнгүй нүдэнд нулимс гүйсэн хүмүүс болчхын...

манайх шиг цалин буунгуут цалгидаг шинэ ажилчин шиг сэтгэхүйтэй төр засагтай улс гэж байдаггүй байх оо..

saihansanaa said...

Бас нэг баттай эх сурвалжийн мэдээлэл гэсэн чэн..

эхний ээлжинд дарга цэрэг нөгөө л /халамжлуулаад сурцан төрийн албан хаагчиддаа/ этгээдүүддээ тарихым гэсэн ш дээ..

тэгээл дээгүүрээ хувааж иддэг ДОХ шиг л юм болохым гэнэ лээ дээ..

jagaa said...

emneleg ene ter bishee mongold odoo hamgiin heregtei baigaa zuil tsahilgaan stants shudee. yamar ch uym bairiad hereggui stants ni achaallaa diilehgui baigaa neg l medehed ub hulduh baih.